Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар  2021/ДШМ/716

 

 

 

 

 

 

   2021            8              3                                          2021/ДШМ/716                             

 

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат /томилолтоор/,

шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/343 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2102 00000 0010 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Бын Г, ..... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ............................ төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................. дүүргийн .... дүгээр хороо, .................. дугаар гудамж, .... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 344 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар 4 сар 22 хоногийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а дүгээр байрны Б1 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 4,804 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Торгон овогт Болдбаатарын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 2,6491 грамм, цэвэр жин нь 2,2466 грамм, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагт ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаасан хайрцагтай үеийн жин нь 5,8180 грамм, цэвэр жин нь 2,5574 грамм өвс мэт зүйлийг зохих журмын дагуу устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүхээс хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Энэ өвс гэх зүйлийг хууль бус хүний биед хортой зүйл гэдгийг нь мэдээгүй анх удаа сонирхож хэрэглэсэн юм. Дахин ийм зүйлийг хэрэглэвэл хориотой, нийгэмд аюултай үйлдэл гэдгийг маш их ойлгож, өөрийн энэ хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний бие аав Болдбаатар, ээж Туяа нарын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамжны 12 тоотод амьдардаг. Би зураач мэргэжилтэй. Өөрийн зурсан зургаараа өөрийн болон улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргах хүсэл зорилготой хүн билээ. Миний аав 52 настай, элэгний цериоз өвчтэй, эм тарианы хамааралтай эмнэлгийн хяналтад байдаг, ээж минь эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг. Амьдралын түвшин доогуур айл өрх билээ. Би өөрийн ухаангүй үйлдлээс болж нийгэмд аюултай үйлдэл хийсэндээ гэмшиж, ахин ийм зүйл хэрэглэхгүйгээр үеийн залуус, дүү нартаа ийм төрлийн зүйл хэрэглэх нь хуульд хориотой нийгэмд аюултай үйлдэл гэдгийг хэлж захиж явах болно. Эрхэм шүүгч та бүхэн миний ар гэр, аавын минь биеийн байдал, хар тамхи гэх энэ гэмт хэргээр анх удаа шүүхээр шийтгэгдэж байгаа байдлыг минь хуулийн хэмжээнд дүгнэж, бага хугацаагаар тэнсэн харгалзаж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж миний эрх зүйн байдлыг сэргээж өгнө үү.” гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос “шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт бэлтгэсэн гэх үйлдлийг шүүх дүгнээгүй байна. Үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү” гэсэн байгааг хүлээн зөвшөөрч байна. Учир нь, бэлтгэсэн гэсэн асуудал нь хавтас хэрэгт авагдсан баримтуудад болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэгт байдаггүй. Үүнийг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас заавал хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Өршөөл үзүүлэх тухай хуульд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж болохоор заасан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх давж заалдах гомдолд тайлбар байхгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт өршөөлд хамрагдаад дахин санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хүнд хамаарахгүй гэсэн байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 11а дүгээр байрны Б1 давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай нийт 4,804 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7, 8-10/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн шалгах тест ашигласан тухай “Тестийн савны 2 талын нийт 10 ширхэг баганы ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас илэрч Тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх 6/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагт хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 2,6491 грамм, цэвэр жин нь 2,2466 грамм, “2” гэсэн хаягтай цаасан хайрцагт ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаасан хайрцагтай үеийн жин нь 5,8180 грамм, цэвэр жин нь 2,5574 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Б.Г СЭ91112137 2020-12-15” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-29 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1231 дугаартай “...1. Б.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...болсон хэргээс болж сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. ...мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх 31-32/,

шүүгдэгч Б.Гийн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 11 а байрны Б1 давхарт байрлах Урлан дээр очиж найз Түвшинөөс уран зургийн материал авахаар болсон. Урлан ортол баахан хүмүүс байсан. Би уг бодисыг хэн нэгнээс аваагүй, хэн нэгэнд өгөөгүй. Би өвсийг авахдаа согтуу явж байгаад танихгүй хүнээс авч байсан. Баригдахаасаа 1-2 хоногийн өмнө хэрэглэчихсэн байсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх 64-65/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хэдийгээр анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г нь тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар “бэлтгэсэн” гэх шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрхи шинжийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” заасныг зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар өөрөө болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан ба тэрээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 344 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан байх тул түүнд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Иймд прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/343 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Торгон овогт Болдбаатарын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ                                      

 

                                    ШҮҮГЧ                                                     М.АЛДАР

 

 

                                    ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ