Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/181

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б*******өд холбогдох эрүүгийн 2515001670150 дугаартай 304/2025/0178/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт С*******гийн Б*******, Булган аймгийн .................суманд 1971 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн ...................... оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистрийн дугаар *******, урьд

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял,

 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Б******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ............................. байрлах тээврийн хэрэгсэл хадгалах зориулалт бүхий грашийн гадна хохирогч Н.Ч*******ийг өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг уг грашид байрлуулах гэж байхад нь “яасан их грашид хийдэг хулгайчууд вэ” гэж хэлэн газраас чулуу авч шидэн жолооч талын урд хаалгыг онож хонхойлгож хууль бусаар гэмтээсэн,

Мөн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн .................байрлах иргэн Ш.Нын гэрийн хашааны гадна талд байрлуулсан байсан хохирогч Н.Ч*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэл рүү газраас чулуу авч шидэн ард талын салхины шилийг хагалж хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Б******* нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ............................. байрлах иргэн Ш.Нын гэрийн хашааны гадна хохирогч Н.Ч*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Toyota.Prius-XW” маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэн, ард талын салхины шилийг хагалан 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б*******ийн  2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр /яллах дүгнэлтэд 2024 он гэж бичигдсэн/  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ....................................тээврийн хэрэгсэл хадгалах зориулалт бүхий гражийн гадна хохирогч Н.Ч*******ийг өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Toyota.Prius-XW” маркийн тээврийн хэрэгслийг гражид байрлуулах гэж байхад нь чулуу шидэн жолооч талын урд хаалгыг хонхойлгож хууль бусаар гэмтээсний улмаас 250,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэлээ.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд:

-Хохирогч Н.Ч*******ийн: “...Манай нөхөр Б*******ийн төрсөн ах Б******* гэх хүн байдаг. Уг хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга манай гэр бүл рүү бүүр ялангуяа над руу чиглэсэн хорлон сүйтгэх янз бүрийн зан араншин гаргаж үг хэлээр доромжлох үйлдлүүд хийдэг. 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр миний эзэмшлийн “Toyota prius 41” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг чулуугаар цохиж хонхойлгосон.

Мөн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр миний эзэмшлийн Toyota prius 41 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг чулуугаар цохиж хагалсан энэ үйлдлүүд нь надад хохирол учруулж байна. Би С.Б*******ийг албадан эмчилгээнд явуулмаар байна. Тэгж байж хэсэг хугацаанд бид нараас хол байж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй засрах байх гэж бодож байна. Ах дүү хамаатан учир би Б*******өөс мөнгө гаргуулж машинаа засварлуулна гэж байхгүй. Б******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Манай хадам ээж Нтой хамт байдаг учир орлогын эх үүсвэргүй юм. Уг нь эрүүл саруул үедээ хэвийн харилцаатай элдэв муу зан гаргаад байдаггүй архи уучихаараа өөрийгөө авч явах чадваргүй болчихдог байх. Б******* ах архинаас гаргах албадан эмчилгээнд явуулчихвал сэтгэц болон өөрийнх нь биед л сайн байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б******* надад учирсан 650,000 төгрөгийг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 86-87 дахь тал/,

-Гэрч С.Б*******ийн: “...2025 оны 04 дүгээр сарын 20-ны орой ажлаасаа тараад эхнэр Ч*******ийн хамт эхнэрийн “Toyota Prius 41” маркийн тээврийн хэрэгслийг гражид хийх гээд байж байтал Б******* ах чулуу барьж гүйж ирснээ “Яасан их гражид хийдэг хулгайчууд вэ” гэж хэлээд машины хаалга руу шидчихээд зугтаад яваад өгсөн. 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Булган аймаг Булган сум 1 дүгээр ээж Нын гэрийн гадна байж байтал Б******* ах согтуу агсам тавиад байсан. Тухайн үед эхнэр Ч******* бид хоёр хашаан дотор малд өвс тэжээл тавиад байж байтал машины арын шилийг чулуу шидэж хагалчхаад зугтаад яваад өгсөн. Б******* нь манай хамгийн том ах. Бид нар эхээс тавуулаа. ...Жолооч талын хаалга хонхойсон, тэрийг засварлаагүй байгаа. Арын шилийг хагалсныг нь хотоос 450,000 төгрөгөөр худалдан авч засварласан байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

-Гэрч Ш.Нын: “...Тухайн өдрийн орой манай хүү Б*******, бэр Ч******* нар үнээ сааж үхэрт өвс тавьж өгөхөөр манайд ирсэн. Том хүү Б******* архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдалтай цугтаа ирсэн гэж байсан. Б******* тухайн үед гэртээ орж ирээгүй. Би тэр үед гэртээ байж байсан. Тэгээд Б*******, Ч******* нар гадуур ажлаа хийчхээд гэрт орж ирээд явахдаа “Б******* ах сая машины арын шил хагалчихсан” гэж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би гэрт байсан болохоор Б*******ийг машины шил хагалж байхыг нь хараагүй. Манай үхрүүд хашаан дотор байсан. Адуу бол хааяа орж ирдэг тухайн өдөр бол орж ирээгүй. Заримдаа Б*******, Б*******ийн гэрийн гадуур агсам согтуу тавьж явсан гэж сонсогддог. Би өөрөө нас дээр болохоор гэрээсээ гардаггүй юм...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

-“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар 14-ний өдрийн ОРХ-912247 дугаартай “...тоёота приус 41 хойд салхины шил 1 ширхэг солих 400,000 төгрөг, хаалга /баруун урд, засвар/ 1 ширхэг 250,000 төгрөг нийт 650,000 төгрөг...” гэсэн үнэлгээ / хавтаст хэргийн 23-26 дахь тал/,

-Яллагдагч С.Б*******ийн: “...тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймаг Булган сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч*******ийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг чулуугаар цохиж хонхойлгосон мөн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Булган аймаг Булган сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч*******ийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг чулуугаар цохиж хагалсан... Би Ч*******т хохирлын мөнгө болох 650,000 төгрөгийг өгч барагдуулсан, мөн миний хувьд хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй...” гэв.

                                          зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Б******* нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй байна. Шүүгдэгч С.Б******* нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болон 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус тус хохирогч Н.Ч*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, Тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэл рүү газраас чулуу авч шидэн уг тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалга болон ард талын салхины шилийг нь гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулснаар гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч С.Б*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Н.Ч*******ийн ******* ******* улсын дугаартай, “Toyota.Prius-XW” маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн үйлдэл, мөн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Н.Ч*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Toyota.Prius-XW”  маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн үйлдэл нь нэг объетэд халдсан хэдий ч харилцан өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, тусдаа сэдэлт /эхнийх нь граж барихад туслаагүй гэх, удаах нь сүү сааль авах болохоороо ирдэг, малын баас цэвэрлэдэггүй гэх шалтгаанаар/, эхлэл төгсгөлтэй, бие даасан үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийн улмаас учруулсан хохирлын хэмжээг харгалзан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-д нийцнэ.

“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн  2025 оны 05 дугаар 14-ны өдрийн ОРХ-912247 дугаартай дүгнэлтээр “...тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн  хойд салхины шил 1 ширхэг /солих/ 400,000 төгрөг, хаалга /баруун урд, засвар/ 1 ширхэг 250,000 төгрөг болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч С.Б*******ийн бусдын эд хөрөнгө буюу хохирогч Н.Ч*******ийн  “Toyota.Prius-XW”  маркийн  тээврийн хэрэгсэл рүү 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр чулуу шидэн ард талын салхины шилийг хагалж хууль бусаар гэмтээсний улмаас 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б*******ийн  2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Н.Ч*******ийн эзэмшлийн “Toyota.Prius-XW”  маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэн жолооч талын урд хаалгыг хонхойлгож хууль бусаар гэмтээсэн үйлдлийн улмаас 250,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх” зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн прокурорын үйлдсэн Эрүүгийн хэрэг үүсгэж ялладагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 72-75 дахь тал/, яллах дүгнэлт /хавтаст хэргийн 99-102 дахь тал/-д С.Б*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  “хохирогч Н.Ч*******ийн эзэмшлийн “Toyota.Prius-XW”  маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидсэн” үйлдлийг “2024 он” гэж ташаа бичсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүх тус үйлдлийг “2025 он” гэж зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч С.Б*******ийн бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсэн үйлдлийн улмаас 400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Ч******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, С.Б******* надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Б*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

-Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялын бүсийг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Эхнэр болох гэж байгаа найз маань хөдөө байдаг. Сая аав нь нас барсан тул хөдөө явах ажилтай байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 35 дахь тал/, мал тооллогын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 36-38 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 42-47 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 48-50 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 51-57 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Б*******ийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч С.Б*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч С.Б*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүгдэгч  С.Б******* нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж “торгох ял” шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн тогтсон орлоготой эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй зэрэг байдлыг харгалзан түүнд өөрийн нь санал болгож буй “торгох” ял оногдуулах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзлээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг шүүгдэгч С.Б*******ийн оршин суух газар болох Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгчид сануулав.

Шүүгдэгч нь  гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, санхүүгийн чадавх  болон хуульд заасан бусад шалтгаанаар шүүхээс тогтоосон газарт ял эдлэх боломжгүй болсон тохиолдолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, өөрчлөх тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

2.3.Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б*******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Н.Ч*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Toyota.Prius-XW”  маркийн тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэн жолооч талын урд хаалгыг хонхойлгож хууль бусаар гэмтээсэн” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан  гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б******* овогт С*******гийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******өд 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч С.Б*******ийг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг  хүлээлгэсүгэй.

5.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б*******өд сануулсугай.

6.Шүүгдэгч С.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ