Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Х.Б*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б*******д холбогдох эрүүгийн 2515002400171 дугаартай, 304/2025/0177/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Х*******ийн Б*******, Булган аймгийн ******* суманд 1969 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 56 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ........... газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.Б******* нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Жиргэрүү” төрлийн “Дэрэвгэр-жиргэрүү” гэх ургамлын 36 килограмм 320 грамм үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, бусдад худалдан борлуулах зорилгоор түүж, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэрийн гадна уг тээврийн хэрэгсэлд хадгалж, байгаль экологид 4,100,528 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу 5 дахин өсгөж үнэлгээг тооцоход 20,502,640 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

   1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Б******* нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 36 килограмм 320 грамм нойтон үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, бусдад худалдан борлуулах зорилгоор түүж, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Toyota.Prius-XW20” маркийн  тээврийн хэрэгслээр тээвэрлэн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах гэрийнхээ гадна тус тээврийн хэрэгсэлд хадгалан байгаль экологид 4,100,528 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 20,502,640 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс  тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Булган аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/724 дугаартай “...солбилцол нь Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарч байна. Уг байршил нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцалгүй...” гэх агуулгатай албан бичиг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

-Хэргийн газар 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15, 16-21 дэх тал/,

-“Дэрэвгэр-жиргэрүү” ургамлын үндсэнд 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн: “...Х.Б*******д 5 шуудайтай ургамлын үндсийг өөрөөр нь харуулж асгаж ургамлын үндэс байсан шуудайнаас гаргаж шороог нь цэвэрлэж цэвэр жинг нь гаргаж шуудай тус бүрийг жинлэж, 5 шуудайд байх ургамлын үндсийг тус бүрд жигнэж баталгааны хуудсыг зургаар бэхжүүлэн авав. Нийт жин 36 килограмм 320 грамм болж байна...” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 22-26, 27-42 дахь тал/,

-“Дэрэвгэр-жиргэрүү” ургамлын үндэс түүхэд ашигласан багажид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 43-45-46,47 дахь тал/,

-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 67-68, 69-71 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч Г.Х*******гийн: “...Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс хууль бусаар түүж, бэлтгэсэн нь тогтоогдвол байгаль-экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилнэ. Тухайн ховор ургамлын жагсаалтад орсон ургамал учраас Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Дэрэвгэр-Жиргэрүү ургамлын үндсийг түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл олгох шийдвэр огт байхгүй, хориотой ургамал юм. Тухайн Дэрэвгэр-Жиргэрүү ургамлын үндэс нь ховор ургамлын жагсаалтад багтсан учраас Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл олгодоггүй. Энэ ургамлыг түүж бэлтгэсэн тохиолдолд малын бэлчээрт хор хөнөөлтэй байдаг. Дэрэвгэр-Жиргэрүү ургамлын үндсийг их хэмжээгээр түүж бэлтгэснээр цөлжилт үүсдэг, ургамлын чийгшлийн тэнцвэрийг хадгалдаг ургамал юм. ...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

-Гэрч Б.Бгийн: “...Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус иргэн Х.Б******* нь ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс хууль бусаар түүж бэлтгэсэн нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэж байна. Улсын хэмжээнд тухайн “Дэрэвгэр-Жиргэрүү” ургамлын үндсийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 тоот тушаалаар түр хугацаагаар буюу 5 жилээр хориглосон байсан боловч 2023 онд түр хугацаагаар хориглох 5 жилийн хугацаа нь дуусаж дахин 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын тушаалаар 5 жилийн хугацаанд дахин хориглосон журам нь одоогоор үйлчилж байгаа. Энэ ургамлын үндсийг түүх нь хориотой хууль бус учраас ******* сумаас улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, салбарын сайдын тушаал, Монгол Улсын хуулийг давсан зөвшөөрөл олгож болохгүй учраас зөвшөөрөл огт өгөөгүй...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

-Гэрч С.Нын: “...Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн албан ёсны нэршил нь Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн18 дугаартай сумдын багийн хилийн зааг, эргэлтийн цэгийн нэршил, солбицолыг батлах тухай тогтоолын 61 дүгээр хавсралтаар Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийг “” гэсэн нэршилтэйгээр баталсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

-Гэрч Л.Аийн: “...Би Эрдэнэт яваад биеэ үзүүлж харуулж яваад ирэхэд Х.Б******* тухайн ургамлыг түүсэн гэснийг мэдсэн. Түүгээд “миний биеийн эмчилгээнд зарцуулах мөнгө олох гэж түүсэн” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

-“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 9001971 дугаартай “...Х.Б*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол улсад орж ирсэн Prius 20 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 7,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 84-87 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/5055 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн ургамлын нийт дээж нь Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turz.) Schischk.)-ийн үндэс байна.

2.Шинжлэгдэж буй ургамлын үндэс нь нойтон байна.

3.Энэ зүйл нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д хамаарна.

4.Дээрх зүйлийн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3,057,332 төгрөг байна.

5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу ургамалд учирсан хохирлыг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ноогдуулна.

6.Шинжилгээнд ирүүлсэн дээжээс байгалийн болон таримал ургамал болохыг тодорхойлох боломжгүй байна.

7.MNS 6746:2019 Saposhnikovia divaricata (Turcz.) Schischk. -Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүх, хатаах, савлах, хадгалах, тээвэрлэх техникийн ерөнхий шаардлага стандартын дагуу хадгална. Стандартын дагуу хадгалаагүйгээс хадгалах явцад жин, хэмжээнд өөрчлөлт орох боломжтой гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 94-97, 98-105 дахь тал/,

-Шинжээч Т.Шгийн: “...Тухайн ургамал нь жин болон массаа алдах боломжтой. Байгаль дээрээс түүсэн нойтон ургамал нь MNS6746:2019 гэсэн стандартын дагуу бэлтгээгүй учраас жингээ алдах боломжтой. Хугацааг хэлэх боломжгүй. Мөрдөгчийн тогтоолоор 36 кг 320 грамм ургамлын үндэс гэх зүйл нь 2025 оны 07 дугаар 23-ны байдлаар шинжилгээнд ирүүлсэн дээж 27 кг 550 грамм болсон байна. Тус бэлтгэсэн үндэс нь 56-65 хувийн чийгшилтэй болохыг нь MNS2470:1978 стандартын дагуу тооцоолсон. Энэ нь ургамлыг нойтон болохыг илтгэж байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

-Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Зын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр  гаргасан “...дэрэвгэр жиргэрүү 36 кг 320 грамм нойтон ургамлын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 4,100,528 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн тооцоход 20,502,640 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх Экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай акт / хавтаст хэргийн 119 дэх тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б*******: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...”гэв  зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Х.Б******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч М.Даваасүрэнгийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Х.Б******* нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутгаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricata/ гэх ховор ургамлын 36 килограмм 320 грамм нойтон үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, бусдад худалдан борлуулах зорилгоор түүж, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Toyota.Prius-XW20” маркийн  тээврийн хэрэгслээр тээвэрлэн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах гэрийнхээ хашаанд хадгалж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд 4,100,528 төгрөгийн шууд хохирол, үүнийг 5 дахин өсгөж үнэлгээг тооцоход 20,502,640 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байна. Уг хохирлыг тооцохдоо шүүгдэгчийн анх түүж, хадгалсан, тээвэрлэсэн гэх ургамлын үндсийг бодит жин буюу 36 кг 320 граммаас бодож тогтоосон байгаль орчны байцаагчийн актаар тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Х.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн хадгалсан тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүх хуралдаан эхлэхэд хэргийн онолд гэм буруугийн асуудлаар маргаагүй гэсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахыг зөвшөөрч байна.

Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ учруулсан хохирол хор уршгийн асуудлыг шийдвэрлэдэг тул анхаарч үзээсэй гэж дараах зүйлсийг тайлбарлах нь зүйтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаар иргэний нэхэмжлэгч Булган аймгийн ******* сумын төлөөлөгч Г.Х******* мэдүүлэхдээ шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Шинжээчийн гаргасан дүгнэлтээр 27 килограмм 180 грамм нойтон үндэсний үнэ 3,057,332 төгрөг, 5 дахин нэмэгдүүлж 15,286,660 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. Мөн хохирлын хэмжээг тогтоохдоо шүүгдэгч Х.Б*******ийн ар гэрийн амьдрал, хувийн байдал харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний эдийн засгийн нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү...” гэв.

Байгалын ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тодорхойлсон бөгөөд “Ховор ургамал”-ын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.

   Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-ын 350-д “Дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricate/ нь орсон байна.

Иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглосон байхад шүүгдэгч Х.Б******* нь 36 килограмм 320 грамм дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг бусдад худалдах зорилготойгоор түүж, тээвэрлэн, хадгалсан болох нь нотлох баримтуудаар тогтоогджээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогч тогтоосон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.Б*******ийн ховор ургамлын жагсаалтад орсон “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндсийг ашиг олох зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр түүж, тээвэрлэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Б*******ийг мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор  ховор ургамлыг түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж мөн хуулийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч Х.Б*******ийн “дэрвэгэр жиргэрүү” ургамлын үндэсийг бусдад худалдах зорилготойгоор түүж, тээвэрлэн, хадгалсан үйлдлийн улмаас  байгаль экологид учруулсан хохирол болох ховор ургамлын хэмжээг түүний гэмт үйлдэл таслан зогсоогдсон цаг хугацаа буюу 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үзлэг, жигнэлт хийн тогтоосон хэмжээ болох 36 килограмм 320 граммаар тооцох нь зүйтэй байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0325/5055 дугаартай дүгнэлтээр: “...шинжилгээнд ирүүлсэн ургамлын нийт дээж нь Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turz.) Schischk.) ургамлын нойтон үндэс болох нь тогтоогдсон бөгөөд Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д хамаарахыг тогтоожээ.

Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2022 оны А/603 дугаартай тушаалын хавсралтын 381-т “Дэрэвгэр жиргэрүү” (Saposhnikovia divaricata Schischk)-ийн нойтон жинг 112,900 төгрөгөөр тогтоосон байх тул 36 килограмм 320 грамм ургамлын 1 килограммыг 112,900 төгрөгөөр тооцоход байгаль экологид шууд урчуулсан хохирлын хэмжээ 4,100,528 төгрөг болж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 20,502,640 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно”, 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэн гэм хорын хэмжээг багасгах талаар зохицуулсан.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох  баримтаар шүүгдэгч Х.Б*******ийн ургамлын аймагт учруулсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч нь санаатай гэмт хэргийн улмаас гэм хор учруулсан болох нь тогтоогдсон учир гэм хорын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хохирлын хэмжээг багасгах” тухай саналыг хүлээн авах боломжгүй болно.

Шүүгдэгч Х.Б******* нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3,100,000 төгрөгийг нөхөн төлсөн талаарх баримтыг ирүүлсэн байх тул үлдэх 17,402,640  төгрөгийг түүнээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал:

-Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг оногдуулсан ялын бүсийг Булган аймгийн ******* сумаар нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна. Мөн байгаль экологид учирсан 17,402,640 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн ******* ******* улсын дугаартай  “Тоёота Приус-20” маркийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх, эд мөрийн баримтаар хураан авсан, шүүхэд шилжүүлэх үед 14 килограмм 295 грамм бүхий жинтэй байсан “Дэрэвгэр-жиргэрүү” гэх ургамлын үндэс болон гар хийцийн төмөр багаж нэг ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Х.Б*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасныг хэрэглэх боломжтой байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тухайд 56 настай, эрүүл мэндийн байдал муу, ар гэрийн хувьд охин нь оюутан, эхнэр нь элэгний цирроз өвчний улмаас байнга эмчилгээнд байдаг. Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал өөрийн эхнэрээ эмчилгээнд авч явах боломжгүй болох тул шүүх харгалзан үзнэ үү.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шалгуур нөхцөл байдлыг бүрэн дүүрэн хангаж байгаа тул эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр тэнсэх эрүүгийн хариуцлага оногдуулах саналтай байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж заасан байх ба мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн этгээдийн өмчлөлд байвал түүнийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан тул машины үнийг байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохиролд суутган тооцуулах нь хуульд нийцнэ...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 112 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 114 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 115 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 116 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гарган өгсөн Булган аймгийн ******* сумын  4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 161 дэх тал/, Булган аймгийн ******* Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хавтаст хэргийн 162 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн  шүүгдэгч Х.Б*******ийн хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Б*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүгдэгч Х.Б******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэв.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл  болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж  дүгнэв.

2.3. Бусад асуудал

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг болно.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник,  хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн учир тус тээврийн хэрэгслийг “хохирол төлөхөд тооцох” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Х.Б*******ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай  “Toyota.Prius-XW20” маркийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, түүний гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох шүүх хэрэг хүлээн авах үеийн жингээр 14 килограмм 295 грамм дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр багаж 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч Х.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Х*******ийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Б*******доршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Б*******д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 17,402,640 /арван долоон сая дөрвөн зуун хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч Х.Б*******ээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  ******* ******* улсын дугаатай “Toyota.Prius-XW20” маркийн 7,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 07 дүгээр сарын 19-ний өдрийн 1377 дугаартай тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүхэд хэрэг хүлээн авах үеийн жингээр  14 килограмм 295 грамм дэрэвгэр, жиргэрүү ургамлын үндэс, 1 ширхэг төмөр багаж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус үүрэг болгосугай.

8.Шүүгдэгч Х.Б******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ