| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2022/00756/И |
| Дугаар | 129/ШШ2022/00743 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 129/ШШ2022/00743
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, ХААДСААны байранд байрлах ХААДСААны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багт оршин суух Боржигон овгийн Ц.О/РД:********/ -д холбогдох
3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энар оролцов, хариуцагч Ц.Оөөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт талуудаас гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч Ц.О холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн Ц.Онь 5,000,000 / таван сая / төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл тавин хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 9 сарын 26-ны өдрийн 1732 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 8 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг Өгийнуур сумын иргэн ЦЦ.Огаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Оминий бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь тухайн үед бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч байгаа талыг нь төр хариуцна гэж ойлгуулж өгсөн. Гэтэл энэ олон жилийн дараа надаас төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тракторын үнэ төрөөс төлөгдсөн гэж ойлгож явсан. Иймд Ц.Оминий бие хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат иргэн Ц.О нь бага оврын тракторыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2012 онд урьдчилгаа 2.500.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад 500.000 төгрөгийг тус бүр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, иргэний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөөгүй учраас хөдөө аж ахуйг дэмжих сан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуульд заасны дагуу алданги тооцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг хэтрүүлж, 2022 онд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шаардах эрхээ алдсан үедээ нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс:
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоол
- ХААДСААны 000224543 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаал
- 2012 оны 9 сарын 26-ны өдөр байгуулсан 1732 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”
- 2012 оны 09 дугаар сарын 26-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Ц.Ц.Огаас тракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Ц.Ц.Огаас 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
- Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн Ц.Онь 5,000,000 / таван сая / төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл тавин хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 9 сарын 26-ны өдрийн 1732 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 8 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг Өгийнуур сумын иргэн ЦЦ.Огаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд: Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Оминий бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь тухайн үед бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч байгаа талыг нь төр хариуцна гэж ойлгуулж өгсөн. Гэтэл энэ олон жилийн дараа надаас төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тракторын үнэ төрөөс төлөгдсөн гэж ойлгож явсан. Иймд Ц.Оминий бие хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаал, 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулсан 26/19 дугаартай “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”, 2012 оны 09 дугаар сарын 06-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Ц.Ц.Огаас тракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр байна.
Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ.
Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч Ц.Ц.Огаас гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, ХААДСААнд уг үүргийг шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”, 73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч Ц.Ц.Огаас 2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Ц.Ц.Огаас гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон зогссон байдлыг нотлох баримт ирүүлээгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг авлага 2020 оны 01 сард Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжсэнээс хойш 2020 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд нэхэмжлэгч тал хуулийн дагуу гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид тэгш эрх эдлэх бөгөөд төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн аль нь ч нэг нь нөгөөгөөсөө давуу эрх эдлэхгүй. Нэхэмжлэгч төрийн байгууллага гэрээний үүргийг хуулийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан биш.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2012 оны 9 сарын 26-ны өдөр байгуулсан 1732 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 сарын 31-нд эхэлж 2020 оны 12 сарын 31-ний дууссан, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т заасныг баримтлан Ц.Ц.Огаас 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ц.Огаас 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллагын энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН