Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 129/ШШ2022/00726

 

 

 

 

 

 

 

 

                          

 

                                 129/ШШ2022/00726

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр багт байрлах “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 4 дүгээр багт байрлах “Ауу” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ус татах ажлыг эхлүүлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байх АууХХК-ийн эс үйлдлийг зогсоож 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг УХХК-д олгохыг АууХХК-д даалгах тухай

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч УХХК-н захирал Б.Б, хариуцагч АууХХК-н захирал С.Б, хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч УХХК “ ус татах ажлыг эхлүүлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байх АууХХК-ийн эс үйлдлийг зогсоож 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг УХХК-д олгохыг АууХХК-д даалгах” тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1 Нэхэмжлэгч УХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус компани нь АууХХК-ны 2019.06.25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу гадна шугамын зургаа зуруулж, экспедицээр оруулж магадлан хийлгэн баталгаажуулсны дагуу 2020 онд барилгаа барьж дуусгасан. Гэтэл АууХХК ус татах ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй, ус татах шугамынхаа нүхийг ухсан байхад Д. Огэх хүний худаг тул ус дамжуулах шугам татуулахгүй гэж шалтаг шалтгаан хэлж булуулан ажилд 2 ч удаа саад учруулсаар 3 жилийн хугацааг өнгөрөөсөн. Энэ хугацаанд манай компани зөөврийн үнэтэй ус хэрэглэж, усны шүүлтүүр, машины сэлбэг, бензин тос, ажилтны цалингаараа хохирч одоогийн байдлаар 36.000.000 төгрөг / гучин зургаан сая /-ний алдагдал, хохирол хүлээгээд байна. Хот, суурины Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хуулийн 19.1-д зааснаар цэвэр ус дамжуулах шугам сүлжээ нь төрийн болон орон нутгийн өмчид байна, мөн тус хуулийн 19.2-т зааснаар барилга байгууламж.шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн хүрээнд хэрэгжүүлэх болно гэсэн заалтуудын дагуу АууХХК нь өөрийнхөө өгсөн техникийн нөхцөлийн дагуу усаар хангах нь АууХХК-ны үүрэг билээ. Манай компани нь танай шүүхэд хандахын өмнө хянан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлж албан бичгүүдээр хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Иймд манай компанийн ус татах ажлыг эхлүүлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байх АууХХК-ны эс үйлдлийг зогсоож 2019-06-25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг УХХК-д олгож өгөхийг АууХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

1.2. Хариуцагч АууХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Архангай аймгийн аймгийн Эрдэнэбулган сумын УХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/9 тоот нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно” гэж заасны дагуу манай компани нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №230, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №152 тоот албан бичгүүдээр, техникийн нөхцөлийг "Улам баяжихуй” компанид тус тус 2 удаа олгосон. 2019.06.25-ны өдөр өгсөн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу холбох бол иргэн В.Башиглалтын зааг тохиролцох, зөвшилцөл өөрсдөө ажлаа хийж гүйцэтгэх ёстой болохоос манай компани хуулийн дагуу техникийн нөхцөлийг олгочихсон. Эрдэнэбулган сумын 47-р байрны гадна шугам сүлжээ нь иргэн В.Бгийн өөрийн хөрөнгөөр хийсэн шугам сүлжээ тул өмчлөгч нь иргэн В.Б болно. Эрдэнэбулган сумын 47-р байрны гадна шугам сүлжээ нь Орон сууцны тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.6 дэх заалтын дагуу орон нутгийн өмчид одоогоор шилжээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

1.3. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2019 оноос эхлэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Дэмид жанжины 1-102 тоотод Фүйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэхийн тулд холбогдох бүр байгууллагуудаас техникийн нөхцөлийг авах үйл ажиллагааг 2019 оны 04 дүгээр сараас эхлэн явуулж байгаад 5 сард УХХК-д хүсэлтээ өгөөд 06 дугаар сарын 25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөл гарсан. Энэ техник нөхцөлийн дагуу бид Мон-Арч компаниар Улаанбаатар хотод зургаа зуруулаад барилга барих зөвшөөрөл авсан. Барилгын ажил эхлээд бүх зүйл журмын дагуу явагдаж байх дуусаад хамгийн сүүлд 230 дугаартай техникийн нөхцөлийн дагуу олгосон худаг дээрээс усаа авах гэж 2 удаа оролдоход Икомпанийн захирал н.Огэдэг хүн ирээд миний ухсан байсан худгийг буцаагаад бөглөсөн. Мөн өмнө нь манай нөхөр Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг авч ирээд усны шугамаа тавиулах гэж байсан ч мөн Огэдэг хүн ирээд болиулсан байсан. Түүнээс хойш Укомпанид би дөрвөн удаа хүсэлт өгсөн. Энэ хугацаанд Укомпанийн захирал 3 удаа солигдсон. Намайг хүсэлт өгөхөд н.Ггэдэг хүн байсан. Дараа нь Бгэдэг хүн болсон байсан. Сүүлд одоо Баатархуяг гээд энэ хүн байгаа. Гдаргын үед ажил эхлүүлэхэд Огэдэг хүн дахиад ажлыг зогсоосон. Бдаргын үед мөн ажлаа эхлүүлэхэд мөн л Огэдэг хүн ажлыг дахин зогсоосон. Би тухайн үед тэр хүнтэй ямар нэг асуудал үүсгээгүй. Холбогдох бүх байгууллагууд руу өргөдөл хүсэлт явуулж байсан. Холбогдох бүх байгууллагад өргөдөл хүсэлт өгч байсан ч энэ асуудал шийдэгдэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Фүйлчилгээний газар нь байгуулагдсанаар Эрдэнэбулган сумын 28 хүнийг өнөөдөр ажлын байраар хангаж ажиллаж, жилд улсын төсөвт 100.000.000 төгрөгийг татварыг төлж байгаа.  Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа байгууллагад эд бүтэц гэдэг зүйл маш чухал. Тэгтэл өнөөдөр манай байгууллагад шууд  холбогдсон цэвэр усны шугам байхгүй. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар цэвэр ус дамжуулах шугам сүлжээ нь төрийн болон орон нутгийн өмчид байна. Мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т  барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно гээд заасан. Тэгтэл энэ компанийн өгсөн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг 230 тоотод энэ хуулиа зөрчөөд иргэн Б гэдэг хүнд давуу эрх олгоод Б гэдэг хүнтэй намайг зөвшилц гээд биччихсэн. Би техникийн нөхцөлөө энэ байгууллагаас авч байгаа. Ийм учраас энэ байгууллага Б гэдэг хүнтэй зөвшилцөх ёстой гэж би харж байгаа. Огэдэг хүн манай ажил үйлчилгээг зогсоохоор Удараагийн техник нөхцөлөө манайд өгдөг. Дараа нь манайд нэгдсэн эмнэлгийн шугамаас татах техникийн нөхцөл өгдөг. Тэгтэл Ошугам нь өөрөө нэгдсэн эмнэлгийн шугамаас татсан байгаад байдаг. Чанарын ялгаа огт байхгүй. Заавал нэгдсэн эмнэлгийн шугамаас хоёр удаа шугам татах ёстой юм уу, энэ нь намайг санхүүгийн хохиролд дахин дахин оруулж байгаа үйлдэл. Би нэгдсэн эмнэлгээс шугам татахад бараг 20 гаруй сая төгрөг гарах гээд байдаг. Би өөрт байдаг бүх хөрөнгөө шавхаад Фүйлчилгээний газрыг байгуулж, 28  хүнийг ажилтай болгож байгаа үйлдвэрлэгч хүн. Түүнээс хэн нэгэн хүн шиг бусдын мөнгөөр барилга бариад өөрсдөд нь буцаагаад зараад ашиг олж байгаа хүнтэй адилхан хүн биш. Бид нар амьдралынхаа 20 жилийг банканд барьцаанд тавьж байгаад 28 хүнийг ажилтай орлоготой болгосон баялаг бүтээгч хүн. Орон нутаг ч мөн жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжээд дэд бүтэц хариуцагч байгаа хүмүүс маань ажилдаа жаахан анхаарч ажиллах хэрэгтэй байна. Мөн би иргэн Б гэдэг хүнтэй зөвшилцөөд асуулаа шийдэх байсан бол Укомпаниас би техникийн нөхцөл авах шаардлага байхгүй. Би Укомпанитай энэ зун л гэхэд 6  удаа очиж уулзахад надад Идэржаваа компанийн Огэдэг хүнтэй тохиролцчихооч ээ гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл Укомпани дунд нь зуучлагч болчихсон. Би төрөөс төрийн үйлчилгээг л авах гэж байгаа. Төр үйлчилгээгээ өгч чадахгүй бол төрийн өмчит компани гэж байгаад яах юм. Энэ олон газар доорх шугамууд бүгд барилга барьж байгаа хүмүүсийн эзэмшилд очих юм бол Укомпани гэж байгаад яах юм. Бид өнөөдөр дулаанаа ганцхан хүнд өгөөд өнөөдөр базуулаад амьдарч байгаа. Би өнөөдөр маш их гомдолтой байна. Энэ гурван жилийн хугацаанд ажилчид минь асар их бухимдалтай байгаа. Бид өвлийн хүйтэнд портер машинаар усаа зөөдөг. Тэр портер нь эвдрэхээр миний ажилчид бөөнөөрөө гарч ирээд түрээд гүйдэг. Би үүнийг баталгаажуулах гэж сая шүүхэд дүрс бичлэгийг хуулбарласан флашийг гаргаж өгсөн. Би яагаад өнөөдөр цэвэр усаа төрийн өмчит компаниасаа усаа авч болохгүй байгаа вэ. Би өнөөдөр зөөврийн усаа цэвэршүүлэхийн тулд маш их цэвэршүүлэх хоолойнууд худалдаж авсан. Өнөөдөр би өндөр зээлээ төлөхийн тулд тухайн үйлчилгээний газрыг ажуулахаас өөр сонголт байхгүй. Тухайн газрыг ажиллуулах гэхээр төр төмөр нүүрээ харуулаад байгааг ойлгохгүй байна. Энэ бол доод шатны хүмүүсийн биш дээд шатны хүмүүсийн хийж байгаа ажил гэж харж байна. Удахгүй манай аймгийн газар доорх шугам маш олон эзэнтэй болох юм байна гэж харж байна.  Над шиг ийм хохирогч нар олон гарч ирэх байх. Би удахгүй над шиг хохирсон хүмүүстэй хамт нээлттэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг хийе гэж бодож байгаа. Би өөрөө Эрдэнэбулган сумын хурлын төлөөлөгч хүн, би иргэдийнхээ төлөө явах ёстой. Би өөртэйгөө адилхан хүмүүст тусалмаар байна. Өнөөдөр би шүүх хуралд ямар  ч байсан ороод үзье хууль нь ямар байдаг юм байна харъя гэж бодоод өмгөөлөгч авахгүйгээр өөрөө орж ирсэн.  

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гээд хуульдаа бүүр заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл газар доорх шугам нь төрийн өмч байна гээд заагаад өгчихсөн байгаа. Мөн хуулийн 19.2-т Энэ хуулийн 19.1-д заасан барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно гэж заасан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч сая тайлбартаа манай байгууллага тусгай зөвшөөрөлтэй байгууллага гэж хэлсэн. 230 дугаар нөхцөлд бичигдсэн иргэн Б гэдэг хүн надтай нэг ч удаа ирж уулзаагүй. Би та бүхний нөхцөлд олгосон худгаас авах гэхээр Икомпанийн захирал Огэдэг хүн намайг ирж дарамталсан. Би тэр хүнийг мэдэхгүй. Тэр хүнтэй та нар харьцаад байгаа. Тэр хүн намайг ирж дарамтлаад байгаа. Би техникийнхээ нөхцөлийн дагуу шугамаа татах гэсэн боловч намайг татуулахгүй байсан. Би арга ядаад танай байгууллагаас өөр техникийн нөхцөл өгөх боломж байгаа эсэхийг асуусан. Танайх нэгдсэн эмнэлэгтэй очоод уулз гэж хэлсэн. Би нэгдсэн эмнэлэгтэй очиж уулзсан. Нэгдсэн эмнэлэг надад зөв тайлбарлаж өгсөн. Идэржаваа компани манайхаас шугам татсан байхад танайх Идэрживаагаас авахад асуудалгүй. Ундаргын өгсөн техник нөхцөл зөв байна. Танайх илүү зардал гаргаж яах гээд байгаа юм бэ гэж надад хэлсэн. Манайх Идэрживаагаас татвал 20 метр. Нэгдсэн эмнэлгээс татвал бараг 200 метр газар шугам татна. Өөрөөр хэлбэл надаас маш их мөнгө гарах гээд байгаа байхгүй юу. Би санхүүгийн хувьд нэгт хэмнэмээр байна. Хоёрдугаарт нэгэнт хийгдсэн ажлыг дахин давхцуулж хийх ямар хэрэгтэй юм. Дараагийн удаа улс бүтээн байгуулалт хийх гэхээр хоёр шугамыг зайлуулна. Нааш цааш нь зөөнө гэх мэт зөндөө ажил болно. Мөн танайх мэргэжлийн байгууллын үйлчилгээ өгдөг тарифтай газар. Танайд хүсэлт тавиад үйлчилгээ авах нь миний эрх. Та нар зөвхөн ус хангах гэж байгаа юм биш. Эвдрэл гэмтэл ус түгээх үйлчилгээ гээд бүх зүйлийг та нар хариуцаж ажиллаж ёстой. Энэ талаар хуульд чинь заасан байгаа.  Эрх нь олгогдсон мэргэжлийн байгууллага байхгүй юу танайх. 2 техникийн нөхцөлийн хүсэлт өгч авсан гэж байна. Би хүсэлт өгөөгүй. Худлаа ярьж байна. Би Укомпани дээр яах вэ? шугамаа татах гэсэн Огэдэг хүн намайг дарамтлаад байна  гээд очсон. Тэгсэн чинь урдаас нэгдсэн эмнэлгээс  авчих аа л гэж хэлсэн. Түүнээс би хүсэлт барьж очоогүй. Надад энэ компанид Гдаргын үед өгсөн хүсэлтүүд байгаа, мөн Бдаргын үед өгч байсан хүсэлтүүд байгаа. Мөн Баатархуяг даргын үед өгч байсан хүсэлтүүд байгаа. Би жилд доод тал нь 2-3 хүсэлт өгч байсан. Би энэ барилгыг барихад 3 дэд бүтцээс техникийн нөхцөл авсан. Дулаан, Эрчим, Цэвэр ус. Энэ гурав дээр би техникийн нөхцөл авсан. Эрчим хүч надтай онцгой объект учир танай татсан шугам дээр манайх салбарлаж явахад ямар ч асуудалгүй байх ёстой гэсэн гэрээ байгуулсан. Би ч хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр манай шугам дээрээс дараагийн бүтээн байгуулалт руу шууд татаж байгаа. Энэ бол зөв, энэ бол хөгжил. Гэтэл Укомпани техникийн нөхцөлөө аваад шугамаа татсан хүмүүстээ танай өмч шүү гэж хэлээд өгөөд байдаг юм шиг байна. Энэ олон эзэн байх юм бол Укомпани байх шаардлагагүй. Төр тэр олон эзэдтэй нь харьцаад үүрэг хариуцлагыг нь өгөөд явах боломжтой байх. Төр тэр олон хүнтэй харьцахгүй гэсэндээ орон нутагт төрийн өмчид ганцхан компанийг байгуулсан байхгүй юу. Укомпани эцсийг цэг хүртэл хэрэглэгчдэд усыг нийлүүлэх үүрэгтэй.

Би шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь гол нь усны асуудлаа шийдүүлэх гэж гаргасан. Хуулийн дагуу асуудлаа шийдээд газар доорх шугамаа төр авах ёстой боловч аваагүй гэдэг зүйлийг хэлээд байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжээд нэг сэтгэлээр алсын хараатай үйл ажиллагаа явуулж байгаарай гэж хэлмээр. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд би мөн хандана. Би усаа авахыг хүсэж байна. Би мөнгө гуйгаагүй. Эрх мэдэл албан тушаал гуйгаагүй. Би усаа л авмаар байна. Иргэн Бтайгаа та бүхэн учраа ол гэж хэлмээр байна. Ажлаа хийгээд өгөөч гэж хэлмээр байна. Иргэн Бгийн ашиглалтын заагийг тогтоогоод иргэн Бтай уулзуулаад өгчих гэв.

 

1.4. Хариуцагч  байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Укомпанийн 2022 оны 10  дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тайлбарыг хүргүүлсэн байгаа. Манай байгууллагын зүгээс Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно гэж заасны дагуу манай компани нь нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №230 дугаар техникийн нөхцөл, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №152 тоот албан бичгүүдээр техникийн нөхцөлийг Укомпанид тус тус 2 удаа олгож байсан. Манай 2019 оны 06 дугаар сарын 25-ны үеэр өгсөн 230 дугаар техникийн нөхцөлийн дагуу холбох бол Укомпани нь  иргэн Бтай ашиглалтын зааг тохиролцон, зөвшилцөж өөрсдөө ажлаа хийж гүйцэтгэж ёстой. Манай компани бол нэхэмжлэгч талд техникийн нөхцөлийг нь олгосон байгаа. Эрдэнэбулган суман 47 дугаар байрны гадна шугам сүлжээ нь иргэн Бгийн өөрийн хөрөнгөөр хийсэн шугам сүлжээ тул өмчлөгч нь иргэн Б болно. Эрдэнэбулган сумын 47 дугаар байрны гадна шугам сүлжээ нь Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-т заасны дагуу орон нутгийн өмчид одоогоор шилжээгүй байгаад байгаа. Орон нутгийн өмчид шилжээгүй байгаа болохоор нэхэмжлэгч талын хэлээд байгаа Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19.1-т заасан төрийн өмч байна гэсэн заалтад хамаарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл манай байгууллагыг үйлчилгээгээ өгөхгүй байна гэж нэхэмжлэгч тал хэлээд байгаа,  энэ тухайд манайх төрийн өмчид байгаа шугам сүлжээнээс татахад бүх талаас нь туслаад боломжит нөхцөлөөр нь хангаад өгөх боломжтой. Энэ нөхцөлийн тухайд хувь хүний өмч тул манай байгууллага оролцох боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манайх эцсийн хэрэглэгчид хүртэл ус түгээх үүрэгтэй байгууллага гэдэг нь үнэн. Манайх хуулийн хүрээнд өөрсдийн эрх хэмжээнийхээ дагуу техникийн нөхцөлөө олгосон. Ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийн хааж боосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч байгууллага нь өөрсдөө бусад хэрэглэгч байгууллагуудтайгаа тохиролцоод шугамаа татах боломжтой.

Манай байгууллага нэхэмжлэгч байгууллагыг усаар хангаж байгаа. Техник нөхцөлийн дагуу нэхэмжлэгч байгууллага нь иргэн Бтай зөвшилцөх ёстой. Тухайн иргэн Бгийн өмчид байгаа шугамыг төр өөрийнхөө өмчид шилжүүлэн авсан тохиолдолд манайх техник хэрэгслээр хангаад явах боломжтой. Манайх ямар нэг байгууллагыг хооронд нь зуучлах ажил хийгээгүй байгаа. Шугамаа татсан тохиолдолд манайх усаар хангах боломжтой. Манайх 2 ч удаа техник хэрэгсэл гаргаж өгсөн. Манайх усны хэрэглээ, ашиглалтын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй гэв.

 

1.5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Укомпани нь нэхэмжлэлийн шаардлага болоод хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах учраа олохгүй байгаа юм уу даа гэж харж байна. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаараа Ауукомпани нь  хангагчийн үүрэг гүйцэтгэнэ. Цэвэр бохир усыг татан зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Тусгай зөвшөөрлийн техникийн нөхцөл олгодог байгууллага. Хуульд зааснаар АууХХК нь техникийн нөхцөлөө олгосон. Техникийн нөхцөлөө олгосон байхад техникийн нөхцөлийн дагуу хийх зөвшөөрөл олгохгүй байна гэж хариуцагчаар  татаад байгаа нь үндэслэлгүй.  Укомпани нь 3 хүсэлт ирүүлсэн байсан. Эхний хүсэлт нь барилгаа барихын тулд техникийн нөхцөлөө авахын тулд усаа холбоё гэсэн хүсэлтийг тавьсан. Укомпани 1.5м зайтай учир боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Дараагийн хүсэлт нь 47 дугаар байр болон нэгдсэн эмнэлгээс холбоё гэсэн 2 хүсэлтээ ирүүлсэн. Укомпани тухайн хоёр хүсэлтэд нь хоёуланд нь техникийн нөхцөл олгосон. Одоо нэхэмжлэгч байгууллага тухайн техникийн нөхцөл олгогдсон хоёр байгууллагуудтай ашиглалтынхаа заагийг тохиролцох ёстой. Икомпани, нэгдсэн эмнэлэг өөрсдийнхөө татсан шугамаас холбуулах үүрэгтэй. Тухайн хоёр нөхцөлийн аль нөхцөлөөр нь холбохоо нэхэмжлэгч байгууллага өөрсдөө шийдэх ёстой. Холбосон шугамыг Укомпани усаар хангаж өгөх ёстой. Укомпани хуульд зааснаараа техникийн нөхцөлийг нь олгосон. Нэгэнт Укомпанийн өмчлөлд ирээгүй, төрийн өмчид ороогүй байгаа учраас тухайн шугамыг хариуцаад очоод холбоод байх боломжгүй. Нэхэмжлэгч тал маань хуульд заасан нөхцөлөө сайн ойлгохгүй л байх шиг байна. Зөвшөөрлүүдийг нь олгоод, хэрхэн яаж холбохыг нь хэлээд өгсөн байхад Ундаргыг хангахгүй байна гээд хариуцагчаар шүүхэд татаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин хуулиа биелүүлэхгүй байна, ашиглалтын зааг дээрээс холбуулах үүргээ Икомпани биелүүлэхгүй байна гэж үзээд үүнийгээ биелүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа Икомпанид холбогдуулан гаргах ёстой байсан. Үүнийгээ мөн сайн ойлгоосой гэж хүсэж байна. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна гэж заасан байдаг. Үүгээр Идэрживааг тухайн 230-р нөхцөлд шугамын өмчлөгч шүү гээд заагаад өгсөн байдаг. Нэхэмжлэгч тал 230 дугаар техникийн нөхцөлөөрөө хийх юм уу, эсхүл 152 дугаар техникийн нөхцөлөөрөө хийх юм уу гэдгээ өөрсдөө шийдэх ёстой. Заавал Ихийх гэхээр Инь хийлгэхгүй байвал Ихуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гээд нэхэмжлэл гаргаж болно. Мөн 152 дугаар техникийн нөхцөлөөрөө ч хийж болно. Аль аль нөхцөлөөрөө хийх боломжтой байхад манайх хохироод байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн зүйл заалтаа сайн ойлгохгүй яваад байгаа юм болов уу гэсэн бодлыг төрүүлж байна. Нэгдсэн эмнэлэг, 47 дугаар байр хоёрын хувьд хоорондын зай нь өөр байгаа. Мэдээж ойрхон газраасаа холбох нь нэхэмжлэгч байгууллагад ашигтай байгаа байх. Магадгүй төрд шилжээд, төр өөрийн өмчлөлдөө авчихсан байсан бол төрдөө шаардлага тавиад холбуулах боломжтой. Төрд шилжээгүй хүний хувийн хөрөнгийг төр хамаагүй ашиглуулаад байж болохгүй. Мөн нэхэмжлэгч тал маань хэрхэн яаж Икомпанитай ярилцаж үзсэн бэ гэдэг асуудал мөн чухал. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаас харахад амаараа ярилцаад зөвшилцөлд хүрээгүй юм болов уу гэсэн зүйл харагдаж байна. Укомпанийн буруутай үйл ажиллагаа байна гэж харагдахгүй байгаа. Техникийн зөвшөөрлөө олгосон байхад зөвшөөрөл олгож өг гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй нэхэмжлэлийн шаардлага байгаа учраас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна.

Укомпани нь техникийн нөхцөл олгохгүй, усаар хангахгүй гээд татгалзаад байгаа асуудал биш. Техникийн нөхцөлийг нь олгосон уу олгосон. Сүүлийн үед хувийн барилгууд баригдаад, тухайн дэд бүтцийн асуудлуудаа өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа учраас төр шууд авах боломжгүй. Харин тухайн аж ахуй нэгжүүд нь тухайн өөрсдийн эзэмшлийн шугамаасаа холбуулах үүрэгтэй. Энэ маргаан бол шугам холбох асуудлын маргаан түүнээс УХХК-тай энэ маргааныг хийгээд байх шаардлага байхгүй. Тухайн шугам нь төрийн өмчид шилжээд төрийн өмч байсан бол шугам татах асуудыг шийдвэрлээд өгөхөд  асуудалгүй. Харин одоогоор тухайн Икомпани нь цэвэр ус татах шугам сүлжээний хоолойгоо төрийн өмчид шилжүүлээгүй байгаа. Нэхэмжлэгч тал нь өөрөө ИХХК-д очоод тохиролцоонд хүрээнд шугамаа татах ёстой. Укомпани хийх ёстой юмаа хийчихсэн байхад танайх үүргээ гүйцэтгэ гээд Ундаргыг загнаад байж болохгүй. Харин тухайн шугам хоолойг төрийн өмчид бүртгүүлсэн эсэх талаар төрийн өмчийн холбогдох газраа тавих ёстой. Төрийн өмчийг хариуцдаг дээд шатны албан тушаалтан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандах ёстой. Өөрсдийнхөө төлөө  явах ёстой. Энэ байгууллагын өмнөөс УХХК явж холбож өгөх ёстой биш. Хуульд заасан өөрсдийнхөө эрх үүргийг ойлгохгүй байж юм болгонд төрийг буруутгаад байдаг энэ хандлага харагдаж байна. нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан үндэслэлийг хангасан байх ёстой.

Тухайн шугамыг Игэдэг компани өөрсдийн хөрөнгөөр хийсэн учраас тухайн компанийн эзэмшлийн зүйл зайлшгүй мөн байгаад байдаг. Нэхэмжлэгч тал нь төрийн өмчид шилжээгүй гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрчихлөө. УХХК-ийн өмчид шилжчихсэн, Укомпанид бүртгэлтэй байхад холбуулахгүй байгаа бол нэг өөр хэрэг. Энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа бол харин хуульд нийцнэ. Сая нэхэмжлэгчийн өгсөн тайлбар, асуулт хариулт, нотлох баримт шинжлэн судалж байгааг нь харахад шугам сүлжээ нь төрийн өмчид байх ёстой. Укомпани Идээр очоод холбо гээд хэлэх ёстой гэсэн зүйлийг яриад байна. Хуульд Укомпани ямар үүрэгтэйг тодорхой заагаад өгсөн байгаа. Укомпани нь шинээр барилга байгууламж барьж байгаа газарт  техникийн нөхцөлийг шугам сүлжээ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгох л үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу олгочихсон. Ямар ч эс үйлдэхүй гаргаагүй. Төр тухайн шугамыг өөрийн өмчдөө аваагүй бол яагаад авахгүй байгаа юм бэ гээд төрөө шахах ёстой. Укомпани төр биш. Тухайн шугамыг авах ёстой, ажил үүргийг нь гүйцэтгүүлэх ёстой газар бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ундаргаас болоод хохироод байгаа юм шиг зүйлийг яриад байж болохгүй. Укомпани чинь төрөөс бий болсон компани. Укомпанийн захирал чинь төрөөс ирсэн чиглэлийн дагуу үйл ажиллагааг явуулах л ёстой хүн болохоос тухайн шугамыг төрийн өмчид авах эсэх талаар мэддэг хүн биш. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч  гэж байна. Төлөөлөгч нь энэ маргааны тухайд Иргэдийн хурлыг жинхэнэ иргэдийн эрх ашиг хөндөгдөөд байна гээд хэлээд шахаж явах ёстой хүн.  Нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэл муутай гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

1. УХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Архангай аймгийн АууХХК-н 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 230 дугаартай “техникийн нөхцөл олгох тухай” албан бичгийн гэрэл зураг

3. УХХК-с Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргаж байсан 2022 оны 08 сарын 12-ны өдрийн 1/6 дугаартай албан бичгийн хуулбар

4. УХХК-с АууХХК-д гаргаж байсан 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 1/07, 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 1/20, 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 1/4дугаартай албан бичгүүдийн хуулбар

5. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 341 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах  тухай” захирамжийн хуулбар

6. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэсэн системийн огноотой 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 29682609 дугаартай Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, гүйлгээний утганд: Архангай УХХК задгай ус үнэ 73 тн төлбөрийн баримт  

7. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэсэн системийн огноотой 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 30423175 дугаартай Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, гүйлгээний утга: УХХК 7, 8, 9 сар F усны төлбөрийн баримт

8. 4 ширхэг дүрс бичлэг

 

3. Хариуцагч талаас нотлох баримтаар дараахь баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Архангай аймгийн АууХХК-н 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 230, 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 152 дугаартай “техникийн нөхцөл олгох тухай” албан бичгүүдийн хуулбар

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч УХХК хариуцагч АууХХК-д холбогдуулан Ус татах ажлыг эхлүүлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байх АууХХК-ийн эс үйлдлийг зогсоож 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг УХХК-д олгохыг АууХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар цэвэр ус дамжуулах шугам сүлжээ нь төрийн болон орон нутгийн өмчид байна. Мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т  барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно гээд заасан. Тэгтэл энэ компанийн өгсөн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг 230 тоотод энэ хуулиа зөрчөөд иргэн Б гэдэг хүнд давуу эрх олгоод Б гэдэг хүнтэй намайг зөвшилц гээд биччихсэн. Би техникийн нөхцөлөө энэ байгууллагаас авч байгаа. Ийм учраас энэ байгууллага Б гэдэг хүнтэй зөвшилцөх ёстой гэж би харж байгаа. АууХХК нь өөрийнхөө өгсөн техникийн нөхцөлийн дагуу усаар хангах нь АууХХК-ны үүрэг. Иймд манай компанийн ус татах ажлыг эхлүүлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байх АууХХК-ны эс үйлдлийг зогсоож 2019-06-25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг УХХК-д олгож өгөхийг АууХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийг доорх үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

....Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно” гэж заасны дагуу манай компани нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №230, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №152 тоот албан бичгүүдээр, техникийн нөхцөлийг "Улам баяжихуй” компанид тус тус 2 удаа олгосон. 2019.06.25-ны өдөр өгсөн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу холбох бол иргэн В.Башиглалтын зааг тохиролцох, зөвшилцөл өөрсдөө ажлаа хийж гүйцэтгэх ёстой болохоос манай компани хуулийн дагуу техникийн нөхцөлийг олгочихсон. Эрдэнэбулган сумын 47-р байрны гадна шугам сүлжээ нь иргэн В.Бгийн өөрийн хөрөнгөөр хийсэн шугам сүлжээ тул өмчлөгч нь иргэн В.Б болно. Эрдэнэбулган сумын 47-р байрны гадна шугам сүлжээ нь Орон сууцны тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.6 дэх заалтын дагуу орон нутгийн өмчид одоогоор шилжээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан дүрс бичлэг болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар “нэхэмжлэгч УХХК нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд баригдсан үйлдвэр үйлчилгээний 2 давхар барилгын гадна усан хангамж, ариутгах татуургын шугамын ажилд техникийн нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгох хүсэлт АууХХК-д гаргаж хариуцагч байгууллага 2019 оны 06 сарын 25-ны өдөр 230 дугаартай техникийн нөхцөл олгохдоо 47 дугаар байрны гадна дулааны худгаас шугам угсрах, хувь хүн өөрийн хөрөнгөөр хийсэн шугам тул ашиглалтын зааг тохиролцохыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч УХХК шугамын ажил эхлүүлсэн боловч 47 дугаар байрны шугамыг өөрийн хөрөнгөөр хийсэн гэх өөр байгууллага, иргэн холболт хийхийг зөвшөөрөхгүй шугамын ажлыг зогсоосон, АууХХК-с дахин 2020 оны 06 сарын 16-ны өдөр 152 дугаартай техникийн нөхцөл олгохдоо Нэгдсэн эмнэлгийн хашаан доторхи дулааны худгаас хаалт тавин огтлол хийж авах, Нэгдсэн эмнэлгийн ашиглалтын шугам тул ашиглалтын зааг тохиролцохыг мэдэгдсэн”, нэхэмжлэгч УХХК хариуцагчийн олгосон 2020 оны 06 сарын 16-ны өдөр 152 дугаартай техникийн нөхцөлийн дагуу холболт хийхийг зөвшөөрөхгүй, 2019 оны 06 сарын 25-ны өдөр 230 дугаартай техникийн нөхцөлийн дагуу 47 дугаар байрны гадна дулааны худгаас шугам угсрах хүсэлтэй, одоо АууХХК-с цэвэр ус зөөврөөр авч ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

            Хариуцагч АууХХК-н тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй боловч хариуцагч нь Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан хангагч буюу цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болохыг нэхэмжлэгч хариуцагч талууд маргаагүй.

 

Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т “Хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно. Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно”  гэж  тус тус заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд техникийн нөхцөлд ямар шаардлага тусгах, олгох, хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заахыг хуульчилсан.

 

Орон сууцны тухай 141 дүгээр зүйлийн  141.6-д “Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв зэрэгт оруулсан хувийн хөрөнгө оруулалтын бодит хэмжээг үндэслэн хөрөнгө оруулагч гэрээ байгуулан орон нутгийн өмчид шилжүүлж болно” гэж заасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч асуултад хариулахдаа 47 дугаар байрны гадна дулааны худгийн шугам сүлжээ нь орон нутгийн өмчид шилжээгүй болохыг Барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар дурдсан, уг шугам сүлжээг орон нутгийн өмчид шилжүүлсэн, бүртгэн авсан  талаар баримт хэрэгт авагдаагүй тул маргаж буй холболт хийх хүсэлтэй 47 дугаар байрны гадна шугамыг Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан орон нутгийн өмчийн шугам сүлжээ гэж үзэх үндэслэлгүй.

 

            Хариуцагч АууХХК нь Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11, 14 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж шугам холбох боломжтой худгуудыг зааж  2019 оны 06 сарын 25-ны өдөр 230 дугаартай техникийн нөхцөл, 2020 оны 06 сарын 16-ны өдөр 152 дугаартай техникийн нөхцөл тус тус нэхэмжлэгч байгууллагад олгосон, Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасанчлан 47 дугаар байрны гаднах дулааны худгийн шугам орон нутгийн өмчид бүртгэгдээгүй байгаа тул “Ус татах ажлыг эхлүүлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байх АууХХК-ийн эс үйлдлийг зогсоож 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг УХХК-д олгохыг АууХХК-д даалгах тухай шугамаас холболт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            5. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч байгууллагын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

 

6. Нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг баримтлан

- Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн УХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн АууХХК-н 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 230 дугаартай “техникийн нөхцөл олгох тухай” албан бичгийн гэрэл зураг,  УХХК-с Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргаж байсан 2022 оны 08 сарын 12-ны өдрийн 1/6 дугаартай албан бичгийн хуулбар,  УХХК-с АууХХК-д гаргаж байсан 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 1/07, 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 1/20, 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 1/4дугаартай албан бичгүүдийн хуулбар, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 16-ны өдрийн 341 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах  тухай” захирамжийн хуулбар,

-хариуцагч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн Архангай аймгийн АууХХК-н 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 230, 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 152 дугаартай “техникийн нөхцөл олгох тухай” албан бичгийн хуулбарууд

нь хэргийн оролцогч нар өөрсдийн байгууллагын тамгыг дарж хуулбар үнэн тэмдэглэгээ хийсэн, нотариатаар гэрчлүүлээгүй, эх хувь биш тул

-нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэсэн системийн огноотой 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 29682609 дугаартай Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт,  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэсэн системийн огноотой 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 30423175 дугаартай Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтууд нь гүйлгээний баримтыг баталгаажуулж салбар тооцооны төвөөс тэмдэглэл хийгээгүй тул эх хувь гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч УХХК-н хариуцагч АууХХК-д холбогдуулан гаргасан “Ус татах ажлыг эхлүүлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байх АууХХК-ийн эс үйлдлийг зогсоож 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 230 тоот техникийн нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг УХХК-д олгохыг АууХХК-д даалгах тухай шугамаас холболт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч  нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН