Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/725

 

 

 

 

     2021           8               5                                         2021/ДШМ/725

 

Э.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Б.Гантөмөр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/303 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2105004000260 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

______________________ Э.Б, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Хайлааст 0 дугаар гудамжны 00а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Орчлон хороолол, 00 дүгээр байрны 000 тоотод түр оршин суудаг гэх, /РД:УШ00000000/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Аын I Phone 12 Рго Мах загварын 2 ширхэг гар утсыг “...хямдхан худалдаж аваад мөнгө нэмж зарах тул утсыг чинь үзүүлчихээд өгье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч авсны улмаас 8.428.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: _____________ овгийн Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 2.850.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “хххххххххххххххх” ХХК /захирал Н.Б/-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.А гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 1 дүгээр сард үйлдсэн 2 удаагийн үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч Даваахүү дээр эрүүгийн 211100850534, 2111000890539 дугаартай хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

...Гэм буруугаа гэмшин ойлгож байгаа тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол болон хор уршиг, хувийн байдлыг анхааран үзэж, ял эдлэж байгаа хэргийг шалгагдаж байгаа хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэж, шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуулийн заалтыг хэрэглэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “9 хуудас материал авч ирсэн. 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 420 дугаартай яллах дүгнэлт байгаа. Яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь 4 хуудастай байна. Бусад 5 хуудас материал нь Баянгол дүүргийн эрүүгийн хэрэгт нь холбоотой иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлж хэлцэл хийсэн тухай баримт байна. Үүнийг хавтас хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэнэ. Шүүгдэгч Э.Бын тухайд Баянгол дүүргийн үйлдэл нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн. Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжсэн байгаа хэргийн тухайд 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр, 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хоёр үйлдэл байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг агуулсан үргэлжилсэн үйлдэл байна. Хэргийг нь нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Бт ял оногдуулах нь түүний эрх зүйн байдал болон хууль ёсны зарчимд нийцэж байна. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэгдэх ёстой. Иймд шүүгдэгч Э.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эдгээр 2 үйлдэл нь хоёулаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан үйлдлүүд байгаа. Гэвч Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх гэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Өршөөлийн тухай хуульд хамрагдчихсан. Чингэлтэй дүүргийн үйлдлийг Өршөөлийн хуульд хамрагдаагүй нь шүүгдэгч Э.Бын өөрийнх хайхрамжгүй үйлдэл байдаг.” гэв.

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байгаа учраас түүнийг гэм буруутайд тооцож 8 сарын хугацаатай хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...надад өөр хийсэн үйлдэл байхгүй. ...” гэж өөрөө мэдүүлсэн байдаг. Чингэлтэй дүүрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг тусад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Быг “залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Гэвч Э.Б нь дээрх үйлдэлд шийтгүүлэхээс өмнө буюу 2021 оны 1 дүгээр сарын 5, 31-ний өдрүүдэд тус тус иргэн Б.Мөнхцэцэг, А.Ариунтэмүүжин нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдад нийт 8.248.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, улмаар түүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаарх баримт/яллах дүгнэлт/-ыг түүний өмгөөлөгч Б.Гантөмөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх агуулгыг баримтлах нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгатай уялддаг.

Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох үйлдэл, эс үйлдэхүйг түүний шинж чанар, дотоод бүтэц, төгсгөлөөс нь хамаарч нэг удаагийн үйлдэл, удааширсан үйлдэл, үргэлжилсэн үйлдэл, нэгдмэл үйлдэл, давтан үйлдэл гэж ангилдаг.

Давтан гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэдэг нь гэмт этгээд тодорхой нэг үйлдэл, эс үйлдэхүйг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн бөгөөд давтан үйлдсэн тохилдолд тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэрэг байхаар хуульчилжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу Э.Быг давтан үйлдлээр үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байна.

Шүүгдэгч Э.Бын 2021 оны 1 дүгээр сарын 5, 31,  2 дугаар сарын 28-ны өдрүүдэд үйлдсэн залилах гэмт хэргийн үйлдүүдлийг нэгтгэн зүйлчилж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэх нь түүний эрх зүйн байдалд ашигтайгаар нөлөөлөхөөр байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийн шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болоогүй, түүнд холбогдох хэргүүд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд шилжсэн байгаа, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь зүйлчлэлийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байгаа зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс анхааран үзсэнийг дурдаж байна.

 

Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолоос үзэхэд, шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяалал өөр байгаа боловч анхан шатны шүүхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн зохих зохицуулалтын хүрээнд харьяаллын асуудлыг болон мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн зохих зохицуулалтын хүрээнд хэргүүдийг нэгтгэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/303 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Э.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР