Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 257

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Алтанцэцэг

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

хохирогч Ч.Энхсайхан

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /¹ 0187/

шүүгдэгч Б.Сэргэлэнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход  овогт Батцагааны Сэргэлэнцолмонд холбогдох 201725030389 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн , 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Онход  овогт Батцагааны Сэргэлэнцолмон /РД: РЛ95122016/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Сэргэлэнцолмон нь 2002 оны Эрүүгийн хуулин тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Сэргэлэнцолмон нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "17" гэх нэртэй баарны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ч.Энхсайханы нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь дээд эрүүний үүдэн 11 дүгээр шүдний хугарал, 21-р шүдний сулрал бүхий хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­     Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Энхсайхан мэдүүлэхдээ:  Тухайн өдөр ажилаа тараад шөнийн 1 цаг 30 минутын үед ажлаасаа гарсан. Тэгтэл манай баарны үүдэнд Сэргэлэнцолмон найз нартайгаа нэг залууг зодож байсан. Би ямар нэгэн хэрэг гарчих вий гээд сэрэмжлэх үүднээс очиж салгасан чинь эргээд намайг нийлж зодсон ийм л зүйл болсон. Гомдол санал бол хувь хүн дээр нь байхгүй харин гоо сайханы хувьд шүдээ янзлуулах зардалаа авчихвал өөр зүйлгүй гэв.

Хохирогч Ч.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 12-ны орой "17" нэртэй эааранд хамгаалагчаар ажиллаж байгаад шөнө 02 цагийн үед гэр лүүгээ харихаар оаарнаас гарахад манай баарны хашаан дотор үл таних залуучууд нэг залуутай маргалдан зодолдож байхаар би салгахаар очиод нэг залууг нь холдуулахад миний нүүр лүү цохьсон бөгөөд миний үүдэн 2 шүд хугарсан. Тэгээд баарны гадаа зодуулж байхад дагдаагийн эргүүлийн албан хаагчид ирээд 4 залууг нь цагдаагийн хэлтэс рүү авч очсон. Би тэр залуучуудыг анх удаа харж байна урд нь харж байгаагүй хүмүүс байсан.... надад /чирсан хохиролыг барагдуулчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг/ хх-ийн 20-22х/

Сэжигтэн М.Бямбадоржийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...2017 оны 02 дугаар сарын 12-ны эдөр өөрийн найзууд болох Оюун-Эрдэнэ, Учралтбаяр, Сэргэлэнцолмон нартай уулзаад бааранд орж архи, пиво авч ууцгаасан. Амартүвшин бол сүүлд нь зодоон болж байх үед ирсэн. Би тухайн үед их согтуу байсан учир юунаас болж маргалдсаныг санахгүй байна...,би тэр хохирогч залуутай заамдалцан зууралдсанаас өөр түүнийг зодож цохиогүй. Баарны камерын бичлэгээр манай найз Сэргэлэнцолмон тэр залуугийн нүүр лүү цохьж сайгаа харагдсан ба бусад зодож цохиогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 76, 88х/

Сэжигтэн А.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...тэр өдөр манай найзууд Сэргэлэнцолмон, Бямбадорж, Оюун-Эрдэнэ, Учралтбаяр нар бааранд байна гээд нар руу утсаар ярихаар шөнө ойролцоогоор 1-2 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр ирэхэд манай найз Бямбадорж нэг залуутай зууралдчихсан зогсож байсан.Тэгэхээр Оюун-Эрдэнээс юу болсон юм бэ гэж асуухад Бямбадоржийг баарны гадаа залуучууд зодсон тэгээд нэг залуутай маргаан хийж байхад баарны хамгаалагч залуу гарч ирсэн ба нэг мэдэхэд Бямбадорж түүнтэй зууралдаад авсан байсан гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг салгаж болиулахаар очиход тэр хохирогч залуу Бямбадоржийг зуурчихаад тавихгүй баар луу оруулахаар чирээд байхаар нь манай найзыг тавьчих гэхэд тавихгүй чирээд байсан тэгэхээр нь би болиоч, наадахаа тавиач гээд гараараа нуруу руу нь цохьсон, нэг удаа гуя руу өшиглөсөн. Боль гээд байхад болохгүй болохоор нь цохьчихсон юмаа түүнээс надад тэр залууг зодож гэмтээе гэсэн санах бодол байгаагүй, би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 86х/

Гэрч Б.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр өдөр би ажлаа тараад бааранд орсон, баарнаас тамхи татахаар гарахад баарны шатан дээр үл таних 2 залуу 1 залууд агсам тавиад заамдаж авахаар тэр залуугийн найзуудад нь очиж танай найз хүнтэй маргалдаад байна гэж хэлсэн..., намайг таксинд сууж байхад нөгөө залуучууд хүрч ирснээ намайг таксинаас чирч буулгаад зодсон. намайг зодож байхад баарны хамгаалагч залуу ирээд болиулах үед баарны хамгаалагч залууг буланд шахаад зогсож байсан Тэр залуучууд анх найзыг нь зодсон залуучуудтай намайг хамт явж байгаа гэж бодож андуурч зодсон байх, маргааш нь 1 дүгээр эмнэлэгт очоод хамраа янзлуулчихсан би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол байхгүй, миний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү " гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуудас /

Яллагдагч Б.Сэргэлэнцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр өдөр найзуудын хамт бааранд орж архи, пиво уусан... хэсэг хугацааны дараа Бямбадорж, Оюун-Эрдэнэ хоёр тамхи татахаар баарнаас гарч, 30 орчим минутын дараа Оюун-Эрдэнэ Бямбадоржийг баарны гадаа хүмүүс зодож байна гэхээр нь баарнаас Учралтбаяр, Оюун-Эрдэнэ нарын хамт гарсан, ...тэгээд би бор савхитай залууг манай найзыг зодсон залууг манай найзыг зодсон залуу юм байх гэж бодоод Бямбадорж руу дагуулж ирэхэд Бямбадорж тэр залууг барьж аваад цохисон. Тэр үед хаанаас гарч ирснийг хараагүй нэг өдөр залуу ирэхээр нь манай найзыг зодсон залуучуудын нэг юм байх гэж бодоод түүнийг барьж аваад нүүр рүү нь гараараа 2 удаа цохиход манай найзууд салгаж болиулсан. Би тухайн үед манай найзыг зодсон залуу юм байх гэж бодоод түүнийг цохисон..., эмчилгээний зардалд 3.400.000 төгрөг төлсөн байгаа. Энхсайханы биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90х/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №2714 тоот дүгнэлтэд: "Ч.Энхсайхан-н биед дээд эрүүний үүдэн 11-р шүдний хугарал, 21 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө...” гэх дүгнэлт /хх-ийн 30х/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Сэргэлэнцолмонгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгүүдэд хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Б.Сэргэлэнцолмонг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Сэргэлэнцолмонд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 45х//, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Харин хохирогч Ч.Энхсайханд гэм хорын хохиролд нийт 3.400.000 төгрөг төлсөн. Шүдээ нөхөн хийлгэх зэрэг бусад гэм хорын хохиролын талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Онход  овогт Батцагааны Сэргэлэнцолмонг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сэргэлэнцолмонд 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сэргэлэнцолмонгийн цагдан хоригдсон нийт 47 хоногийг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн, нийт ялаас 367 цагийг ялыг эдэлсэнд тооцож, түүний эдлэх ялыг 224 /хоёр зуун хорин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ