Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 152/ШШ2023/00151

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Т овогт Б-ын О-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: У ТӨХК-д холбогдох,

   Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд оролцогчид:

    Нэхэмжлэгч: Б.О,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.О нь Увс аймгийн У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    1.1. Миний бие 2016 онд Ховд Их сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагаар төгсөж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Д ОНӨААТҮГ-т борлуулалтын ажилтнаар ажилд орсон. Ажилд орсон жилээсээ хамт олонтойгоо сайхан ажиллаж байсан, цалингаа ч тогтмол авдаг. Анх энэ ажилд ороход 26,922,760 төгрөгийн авлагатай аваад 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 9,049,941 төгрөгийн авлага бууруулж 17,872,819 төгрөгийн авлагатай хүлээлгэж өгсөн. Орлого төвлөрүүлэлттэй ажилласан 4 жил 9 сарын хугацаанд 2 удаа босго оноондоо хүрч чадаагүй 90 хувиас дээш 11 удаа, 100 хувиас дээш 27 удаа гэсэн үнэлгээтэй ажил мэргэжлээрээ тасралтгүй сайн ажилладаг ажилчдын нэг байсан. Гэтэл нэг өдөр захирлын зөвлөлийн хурал болсон. Тэр хурал дээр өр авлага барагдуулах талаар ярилцаж, 5 байцаагчийн 1 сард бичдэг бичилт болох 87,000,000 төгрөг дээр ахиад нэмж нийтдээ 50,00,000 төгрөг оруулж чадах уу гэсэн амлалт хүн хүнээс асууж авсан. Тэгэхэд би үнэн бодит байдлаа л хэлсэн Чадахгүй ээ гээд, яагаад гэвэл энэ үүсээд байгаа өр төлбөр 1 сарын хугацаанд төлөгдөж барагддаг өр бишээ бичилтгүй үе болох зуны 3 сарын үер багасах байхаа гэж өөрийн үзэл бодлоо хэлсэн. Тэгсэн Тийм бол ажлаа өг, тушаалыг нь гарга гэж Хүний нөөц, Захиргаа Удирдлагын Албаны дарга, Гүйцэтгэх захирал нар хэлсэн. Тэгээд маргааш ажил дээр ирэхэд намайг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд намайг урд эрхэлж байсан У ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Намайг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд миний бие байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахад комисс байгуулагдаагүй гэж хэлсэн. Дараа нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаангом сумын хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахад байгуулагдаагүй гэж хэлсэн. Энэ талаар албан бичгээр хариу авах гэхэд Засаг дарга гадуур албан ажилтай гэсэн хариу өгсөн. Ингээд шүүхэд нэхэмжлэлээ өгчхөөд Улаангом сумаас тус бичгийг авахаар удаа дараа хандсан боловч авч чадаагүй. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тул дахин албан бичиг авахаар очиход 2022 оны 12 дугаар сарын албан бичиг өгөх боломжгүй гэсэн. Иймд арга мухардаж шинээр байгуулагдсан маргаан таслах комисст хандаж хариу авсан болно. Мөн аймгаас шүүхэд ханд гэсэн хариу өгсөн юм Иймд Увс аймгийн У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан борлуулалтын ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

    2. Хариуцагч Увс аймгийн У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Балжинням овогтой Отгонтуяа нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаангомын дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирлын Б/01 тушаалаар борлуулалтын байцаагчийн ажилд анх орсон албан хаагч юм. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Б.О-г ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Дараах нотлох бичиг баримтуудыг шүүхэд тайлбар болгон хүргүүлж байна. Үүнд

     1. Борлуулалтын ажилтны ажлын байрны тодорхойлолтоос авч үзэхэд:

  а. Станцын удирдлагатай байгуулсан гэрээний үүргийн дагуу станцын ажиллагааг хэвийн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд борлуулалт, санхүүгийн холбогдолтой ажлыг тасралтгүй зохион байгуулах,

    б. Тус станцтай байгуулсан тусгай гэрээгээр дулаан авч байгаа айл, өрх, иргэнээс авах cap бүрийн хураамжийг авч, станцын тасралтгүй ажиллах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн ажиллах,

  в. Станцтай гэрээ байгуулан дулаан авч байгаа айл өрхөөс авах хураамжийн төлбөрийн бичилт хийх, төлбөрийг cap бүрийн 25-ны өдрөөс дараа сарын 30-ны дотор байгууллагын данс болон кассаар бүрэн оруулах,

    г. Орлого төвлөрүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулах,

   д. Холбогдох дансны хуулгануудаа татан авч авлага, өглөгөө хянах, cap бүрийн эцэст өглөг авлагын тооцоо нийлэх,

  е. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох журам. дүрэм. заавар зааварчилгааг үйл ажиллагаандаа сахин биелүүлж мөрдлөг болгон ажиллах гэсэн ажил үүргүүдийг хариуцан ажиллах ёстой албан хаагч юм. Дээрх борлуулалтын ажилтны ажлын байрны тодорхойлолт болон Монгол улсын Эрчим хүчний сайдын 2022 оны 02 дугаар сарын 18-ны А/693 дугаартай, 2022 оны 5 дугаар сарын 18-ны А-1/947 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын В/4034 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны В/4533 дугаартай албан бичгүүдэд өр, авлага барагдуулах, орлого төвлөрүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах үүрэг даалгавар ирсний хүрээнд борлуулалтын ажилтан нарт 1, 2 сарын аян зохион байгуулан ажиллах авлага бууруулах арга хэмжээ, хариуцлагын хүрээнд У ТӨХК-ийн захирлын дараах тушаалууд гарсан байгаа юм. Үүнд:

   -2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлын А/19 дугаартай авлага барагдуулах ажлын хэсгийн тушаал /хавсралттай/

    -2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлын А/21 дугаартай авлага барагдуулах ажлын хэсгийн тушаал /хавсралттай/

   -2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирлын А/39 дугаартай авлага барагдуулах ажлын хэсгийн тушаал /хавсралттай/

    -2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын А/46 дугаартай авлага барагдуулах ажлын хэсгийн тушаал /хавсралттай/

   2. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/36 дугаартай тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан дулааны станцад мөрдөгдөж байгаа Монгол улсын хууль, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх үүрэгтэй, 8.6 Бүх шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, зааварчилгааг цаг тухайд нь биелүүлж гүйцэтгэлийг тайлагнах үүрэгтэй, 11.3.2 дахь заалт зэргийг тус тус зөрчсөн тул Б.О-д нийт ажилчдад зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны гүйцэтгэх захирлын Б/96 дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 11.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр 1 сарын хугацаатай цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл Б.О-д тус тус оногдуулсан байна.

    3. 2022 оны У ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хэсгээс... Гүйцэтгэх захирал Б.А: Энэ ондоо айл өрхүүдийг хуваарилахгүй яваад 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэнцүү хуваана. 158 сая төгрөгийн өрнөөс ядаж 58 сая төгрөгийг он дуустал оруулаад ирцгээ. Энэ саналыг хүлээж авч цаашид ажиллах байцаагч байна уу?

   Борлуулалтын ажилтан Б.Сувд-Эрдэнэ Ажиллаад үзнэ, Борлуулалтын ажилтан Ц.Б Зүтгээд үзнэ, Борлуулалтын ажилтан О.Н Хичээгээд үзнэ, Борлуулалтын ажилтан Б.О Чадахгүй, Борлуулалтын ажилтан Б.Б Хичээгээд үзье, гүйцэтгэх захирал Б.А Хичээж ажиллана гэсэн 4 байцаагч байна. Ажиллаж чадахгүй гэсэн Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажил хүлээлцүүлээрэй. 2022 оны 12 дугаар сарын 07-ны гүйцэтгэх захирлын Б/114 дугаартай тушаалаар Б.О-г байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа сахилгын зөрчил гаргаж, орлого төвлөрүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллаагүй, төлөвлөгөөт өр авлагыг барагдуулаагүй, удаа дараа сахилгын шийтгэл оногдуулж байсан тул үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Сахилын зөрчлийг давтан гаргасан болох нь нотлох баримтуудаар тогтоогддог.

    4. Дээрх нотлох бичиг баримтуудаас үндэслэн үзэхэд Борлуулалтын ажилтан Б.О-ийн Увс аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот гүйцэтгэх захирлын шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

    3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн У ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 24 тоот албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/297 тоот албан бичиг, Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 тоот хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн борлуулалтын орлого төвлөрүүлэх тухай хариуцлагын гэрээ, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 329 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     4. Хариуцагчаас У ОНАААТҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тоот Ажилд томилох тухай тушаал, У ОНАААТҮГ-ын захирлын 2018 оны 07 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 тоот Ажилд томилох тухай тушаал, борлуулалтын ажилтны ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 тоот хөдөлмөрийн гэрээ, Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/19 тоот Авлага барагдуулах ажлын хэсэг томилох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/21 тоот Авлага барагдуулах ажлын хэсэг томилох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/39 тоот Авлага барагдуулах ажлын хэсэг томилох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/46 тоот Авлага барагдуулах ажлын хэсэг томилох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/36 тоот Б.Б, О.Н, Ц.Б, Д.Э, Б.О нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн В/96 тоот С.Д, Б.Б, О.Н, Ц.Б, Э.А, Б.О нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, У ТӨХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс, У ТӨХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс, борлуулалтын байцаагч Б.О-ийн хариуцаж байсан айл өрхүүдийн сарын бичилт, төлөлт, төлбөрийн үлдэгдлүүд гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр У ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч Увс аймгийн У ТӨХК-нд холбогдох Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б.114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.О-г Увс аймгийн У ТӨХК-нд холбогдох Увс аймгийн У ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    Миний бие 2016 онд Ховд Их сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагаар төгсөж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Д ОНӨААТҮГ-т борлуулалтын ажилтнаар ажилд орсон. Ажилд орсон жилээсээ хамт олонтойгоо сайхан ажиллаж байсан, цалингаа ч тогтмол авдаг. Анх энэ ажилд ороход 26,922,760 төгрөгийн авлагатай аваад 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 9,049,941 төгрөгийн авлага бууруулж 17,872,819 төгрөгийн авлагатай хүлээлгэж өгсөн. Орлого төвлөрүүлэлттэй ажилласан 4 жил 9 сарын хугацаанд 2 удаа босго оноондоо хүрч чадаагүй 90 хувиас дээш 11 удаа, 100 хувиас дээш 27 удаа гэсэн үнэлгээтэй ажил мэргэжлээрээ тасралтгүй сайн ажилладаг ажилчдын нэг байсан. Гэтэл нэг өдөр захирлын зөвлөлийн хурал болсон. Тэр хурал дээр өр авлага барагдуулах талаар ярилцаж, 5 байцаагчийн 1 сард бичдэг бичилт болох 87,000,000 төгрөг дээр ахиад нэмж нийтдээ 50,00,000 төгрөг оруулж чадах уу гэсэн амлалт хүн хүнээс асууж авсан. Тэгэхэд би үнэн бодит байдлаа л хэлсэн Чадахгүй ээ гээд, яагаад гэвэл энэ үүсээд байгаа өр төлбөр 1 сарын хугацаанд төлөгдөж барагддаг өр бишээ бичилтгүй үе болох зуны 3 сарын үер багасах байхаа гэж өөрийн үзэл бодлоо хэлсэн. Тэгсэн Тийм бол ажлаа өг, тушаалыг нь гарга гэж Хүний нөөц, Захиргаа Удирдлагын Албаны дарга, Гүйцэтгэх захирал нар хэлсэн. Тэгээд маргааш ажил дээр ирэхэд намайг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Би ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Увс аймгийн У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан борлуулалтын ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

    3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

   Б овогтой О нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр У ОНӨААТҮГ-ын захирлын Б/01 тушаалаар борлуулалтын байцаагчийн ажилд анх орсон албан хаагч юм. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Б.О-г ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Б.О нь ажлын байрны тодорхойлолтын дагуу станцын удирдлагатай байгуулсан гэрээний үүргийн дагуу станцын ажиллагааг хэвийн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд борлуулалт, санхүүгийн холбогдолтой ажлыг тасралтгүй зохион байгуулах, тус станцтай байгуулсан тусгай гэрээгээр дулаан авч байгаа айл, өрх, иргэнээс авах cap бүрийн хураамжийг авч, станцын тасралтгүй ажиллах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн ажиллах, станцтай гэрээ байгуулан дулаан авч байгаа айл өрхөөс авах хураамжийн төлбөрийн бичилт хийх, төлбөрийг cap бүрийн 25-ны өдрөөс дараа сарын 30-ны дотор байгууллагын данс болон кассаар бүрэн оруулах, орлого төвлөрүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулах, холбогдох дансны хуулгануудаа татан авч авлага, өглөгөө хянах, cap бүрийн эцэст өглөг авлагын тооцоо нийлэх, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох журам. дүрэм. заавар зааварчилгааг үйл ажиллагаандаа сахин биелүүлж мөрдлөг болгон ажиллах гэсэн ажил үүргүүдийг хариуцан ажиллах ёстой албан хаагч юм. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/36 дугаартай тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан дулааны станцад мөрдөгдөж байгаа Монгол улсын хууль, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэх үүрэгтэй, 8.6 Бүх шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, зааварчилгааг цаг тухайд нь биелүүлж гүйцэтгэлийг тайлагнах үүрэгтэй, 11.3.2 дахь заалт зэргийг тус тус зөрчсөн тул Б.О-д нийт ажилчдад зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны гүйцэтгэх захирлын Б/96 дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 11.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр 1 сарын хугацаатай цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл Б.О-д тус тус оногдуулсан байна. 2022 оны У ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хэсгээс... Гүйцэтгэх захирал Б.А: Энэ ондоо айл өрхүүдийг хуваарилахгүй яваад 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэнцүү хуваана. 158 сая төгрөгийн өрнөөс ядаж 58 сая төгрөгийг он дуустал оруулаад ирцгээ. Энэ саналыг хүлээж авч цаашид ажиллах байцаагч байна уу?, борлуулалтын ажилтан Б.С Ажиллаад үзнэ, Борлуулалтын ажилтан Ц.Б Зүтгээд үзнэ, Борлуулалтын ажилтан О.Н Хичээгээд үзнэ, Борлуулалтын ажилтан Б.О Чадахгүй, Борлуулалтын ажилтан Б.Б Хичээгээд үзье, гүйцэтгэх захирал Б.А Хичээж ажиллана гэсэн 4 байцаагч байна. Ажиллаж чадахгүй гэсэн Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажил хүлээлцүүлээрэй. 2022 оны 12 дугаар сарын 07-ны гүйцэтгэх захирлын Б/114 дугаартай тушаалаар Б.О-г байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа сахилгын зөрчил гаргаж, орлого төвлөрүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллаагүй, төлөвлөгөөт өр авлагыг барагдуулаагүй, удаа дараа сахилгын шийтгэл оногдуулж байсан тул үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Сахилын зөрчлийг давтан гаргасан болох нь нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд Б.О-ийн Увс аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот гүйцэтгэх захирлын шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...гэжээ.

    4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   4.1. Увс аймгийн У ТӨХК-нд холбогдох Увс аймгийн У ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, У ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.11.3, 8.11, 11.3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн борлуулалтын ажилтан Б.О-г байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа сахилгын зөрчил гаргаж, орлого төвлөрүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллаагүй, төлөвлөгөөт өр авлагыг барагдуулаагүй тул 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    4.2. Хөдөлмөрийн дотоод журмын 5.11.3-д Жилд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, 8.11-д Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ, 11.3.5-д Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах-аар тус тус заажээ.

   4.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж бичсэн ба хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн талаар тусгаагүй, заагаагүй байна.

   4.4. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6-т тус тус нэрлэн заасан.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг баримтлах ёстой ба тухайн үндэслэлийг баримтлаагүй ажил олгогчийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

    5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба нэхэмжлэгч Б.О нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

   5.1. Увс аймгийн У ТӨХК-нд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй болох нь Увс аймгийн У ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 24 тоот У ТӨХК-нд одоогоор хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй байгаа болно гэх албан бичгээр тогтоогдож байна.

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 329 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан ба дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Увс аймагт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан боловч Увс аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/297 тоот ...Таны маргааныг шийдэх боломжгүй учир шүүхэд хандана уу гэсэн албан бичгээр тогтоогдсон хэргийг шийдвэрлэсэн болно.

    6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.О-г Увс аймгийн У ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

    7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн У ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Увс аймгийн У ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/114 тоот Б.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.О-г Увс аймгийн У ТӨХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн У ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР