Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2023/00070

 

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2023/00070

Увс аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 10 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЭ82102619, Б ургийн овогт Д-ын Б-ийн

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 1411 тоотод оршин суух, регистрийн дугаар АЮ93071201, М- ургийн овогт Н-ийн Ж-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, алданги 400,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б,

Хариуцагч Н.,

Гэрч Ц.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, алданги 400,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие Н.Ж 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай бичгээр зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн юм. Н.Ж-д оны 8, 9, 10 дугаар сарын хүүгээ өгсөн бөгөөд зээлийн хугацааг сунгасан боловч 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 1 дүгээр сарын хүү 600,000 төгрөг төлөөгүй. Уг зээлийг Н.Ж 2022 оны 12 дугаар сард эхнэр Ц.С-д төлсөн гэж байна. Би Н.Ж-д эхнэр бид хоёр гэр бүлийн маргаантай шүүхийн эвлэрүүлэн зуучлалд байгаа, зээлийг эхнэрт төлж болохгүй гэж анхааруулсаар байтал өгсөн байсан. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Иймд Н.Ж-аас үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, алданги 400,000 төгрөг нэхэмжилж байна. Алдангийг 0,5 хувиар тооцохоор гэрээнд тусгасан. Алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байгаа тул алдангид 400,000 төгрөг гаргуулахаар багасгаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Н.Ж- хариу тайлбартаа: Миний бие Д.Бат-Эрдэнээс 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдсэн нь үнэн. Алдангийг 0,5 хувиар тохирсон. Би авсан мөнгөө хүүгийн хамт нийт 2,500,000 төгрөгийг Д.Бат-Эрдэнийн эхнэр Ц.Сарантуяад төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Н.Ж-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, алданги 400,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие Н.Ж 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай бичгээр зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн юм. Н.Ж 2022 оны 8, 9, 10 дугаар сарын хүүгээ өгсөн бөгөөд 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 1 дүгээр сарын хүү 600,000 төгрөг төлөөгүй. Н.Ж 2022 оны 12 дугаар сард эхнэр Ц.С-д төлсөн гэж байна. Би Н.Ж-д эхнэр бид хоёр гэр бүлийн маргаантай байгаа, зээлийг эхнэрт төлж болохгүй гэж анхааруулсаар байтал өгсөн байсан. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Иймд Н.Ж-с үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, алданги 400,000 төгрөг нэхэмжилж байна. Алдангийг 0,5 хувиар тооцохоор гэрээнд тусгасан. Алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байгаа тул алдангид 400,000 төгрөг гаргуулахаар багасгаж байна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

3.1. Миний бие Д.Б-с 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдсэн нь үнэн. Алдангийг 0,5 хувиар тохирсон. Би авсан мөнгөө хүүгийн хамт нийт 2,500,000 төгрөгийг Д.Б-ийн эхнэр Ц.С-д төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч Ц.С- зээлдүүлэгч Д.Б-тэй 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн хүүг сар бүрийн 05-нд төлж үндсэн зээлийг хугацааны эцэст төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

 

 

Дээрх үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талууд үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн үнийн дүнгийн хувьд маргаагүй, харин зээлийг хариуцагчийн эхнэр Ц.С-д төлсөн гэх үйл баримтын талаар маргасан байна.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүрэг нийт 2,500,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчийн эхнэр Ц.С-ийн Хаан банкин дахь 58................ дугаарын данс руу шилжүүлсэн гэх үйл баримтыг нотлохоор тухайн банкны орлогын мэдүүлгийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ба шүүх хуралдаанд Ц.С-г гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Би төрийн албанд ажилладаг тул хүмүүст мөнгө зээлдүүлэх боломжгүй тул нөхөр Д.Б-р дамжуулан Н.Ж-д зээлдүүлсэн. Н.Ж-д зээлдүүлсэн 2,000,000 төгрөг миний мөнгө. Ийм учраас тухайн 2,500,000 төгрөгийг би авсан гэж мэдүүлжээ.

 

Дээрх баримтуудаар хариуцагч Н.Ж зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,500,000 төгрөгийг Д.Б-ийн эхнэр Ц.С-д өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.Б Би Н.Ж-д эхнэр бид хоёр гэр бүлийн маргаантай байгаа, зээлийг эхнэрт төлж болохгүй гэж анхааруулсаар байтал зээлийг эхнэрт төлсөн байсан гэх тайлбарласан, хариуцагч Н.Ж энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хариуцагч Н.Ж-аг үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч Д.Б-д хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд болох Ц.С-д хүлээлгэн өгсөн байх тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Д.Б үндсэн зээл, зээлийн хүү 2,600,000 төгрөг төлөхийг хариуцагч Н.Ж-с шаардах эрхтэй.

 Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хэдэн хувийн хүүтэй зээлдүүлэхээр тэмдэглээгүй байх боловч зээлийн хүүг 10 хувь гэж тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй тул хүүг 10 хувиар тооцож хариуцагчаас гаргуулсан болно. Мөн зээлийн гэрээнд алданги 0,... гэж таслалын арын тооны бичиг арилсан байх боловч талууд алдангийг 0,5 хувиар тохиролцсон талаар маргаагүй.

Алдангийн тухайд гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх ба тухайн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, мөн зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж, мөн зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцэж байх тул хариуцагч Н.Ж нь гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Б-д алданги 400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Н.Ж-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, алданги 400,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ж-аас 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Н.Ж-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, алданги 400,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ж-с 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

, د Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ