Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 70

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00438/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн 597 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

"Дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд гуравдагч этгээд П.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т-аас:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай шийдвэр гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Д- овогтой Т-аас 97.901.595 төгрөг гаргуулан Капитрон банканд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон, 1 дүгээр байрны 47 тоот хаягт байрлах, 78м.кв талбай бүхий орон сууц, мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 56 тоот байрлах 39м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа хууль зөрчиж явуулсан учир тус өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуунаас:

Д.Т- нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нарт оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэхдээ зохих журмыг баримтлаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж гомдол гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон дуудлага худалдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлаагүй, дуудлага худалдааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч дараах баримт бичгийг хүргүүлэх буюу тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.1-ээс 69.25 хүртэл заасан баримт бичгүүдийг хүргүүлэх ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчид хүргүүлсэн тухай баримт байхгүй. Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөг, төлбөр авагч нарт хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Гэтэл 14 хоногтоо багтаж танилцуулаагүй. Талуудын гомдол гаргах эрхийг зөрчсөн. Иймээс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон дуудлага худалдаа 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгээс:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Т-аас 97.901.595 төгрөг гаргуулж Капитрон банканд олгохоор, төлбөр төлөгч нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 18070374 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Т-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009773 дугаарт бүртгэлтэй төлбөр төлөгч Д.Т- болон П.З-, Ч.Т- нарын хамтран өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байрны 56 тоот дахь 39.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019309 дугаарт бүртгэлтэй төлбөр төлөгч Д.Т- нэг иргэний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг, Хүслийн хотхон 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 47 тоот дахь 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн. Төлбөр төлөгч Д.Т- нь хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1309 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009773 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар сарын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байрны 56 тоот дахь 39.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 52,000,000 төгрөгийн 70 хувь буюу 36,400,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019309 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Хүслийн хотхон 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 47 тоотод байрлах 78.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 105.300.000 төгрөгийн 70 хувь буюу 73.710.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож Анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177.4-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар сарын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байрны 56 тоот дахь 39.0 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009773 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 52.000.000 төгрөгийн 50 хувь буюу 26.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 30.000.000 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Хүслийн хотхон 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 47 тоотод байрлах 78.0 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003019309 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 105.300.000 төгрөгийн 50 хувь болох 52.650.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 55.650.000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчид дараах баримт бичгийг хүргүүлнэ, тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.1-ээс 69.2.5-т заасан нэрлэсэн баримтууд нь дуудлага худалдааг явуулах тухай шийдвэрийн агуулгад хамаарагдах бөгөөд талуудад мэдэгдэх хуулийн зохицуулалт биш юм. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-т заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно, 66.1-т дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна гэж зааснаар тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны А/38 тоот тушаалаар дуудлага худалдааны комиссын дарга бөгөөд эрхлэн хөтлөгчөөр тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т Дуудлага худалдаагаар борлогдсон эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна., 71.13-т Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй гэж заасан нь төлбөр төлөгчид төлбөр төлөх боломжит 14 хоногийн хугацаа олгон, төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэх 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 03/02 тоот тогтоолыг талуудад утсаар мэдэгдэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталгаат хүргүүлж ажилласан. Тус газраас зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч Д.Т- нь одоог хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлж барагдуулаагүй, удаа дараа шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд П.З-гаас:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Д.Т-ын төлбөрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа П.З- миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 1 хороолол, 25 байр, 56 тоотод байрлах 45 мкв талбай бүхий орон сууцыг барьцаа хөрөнгө хэмээн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хоёрдахь дуудлага худалдаагаар худалдан борлуулжээ. П.З- миний зүгээс тус орон сууцыг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус орон сууцыг дотоод зохион байгуулалтыг хэвийн нөхцөлөөс өөрчлөн, сайжруулан янзлахдаа мкв-д тооцдоггүй байсан харанхуй өрөө, коридор зэрэг талбайг нэгтгэн нийлүүлж янзалсаар мкв-ын өөрчлөлт даруй 5-аар нэмэгдэж 39 мкв байсан бол одоогоор 45 болсон байна. Гэтэл үнэлгээ хийсэн үнэлгээ хийсэн үнэлгээчин нь хэмжиж үзээгүй байж гэрчилгээний хэмжээгээр мкв тогтоосон нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй үнэлгээ гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн 597 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Т-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 14 дүгээр хороолол, Хүслийн хотхон 1 байр, 47 тоот болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 хороолол, 25 байр, 56 тоот орон сууцны хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай, гуравдагч этгээд П.З-гийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 хороолол, 25 байр, 56 тоот 45 мкв талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1972 дугаар шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд 21904204929291 нэхэмжлэхийн дугаараар тушаасан 70.200 төгрөг, гуравдагч этгээд П.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Т- давж заалдсан гомдолдоо:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байхад анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иймд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзнэ...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг бичих нь процесс ажиллагаа юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх тухай захирамж гаргасан нь шийдвэр гүйцэтгэлийн эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоосон ажиллагааг хууль ёсны гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явуулсан эсэхийг тогтоохын тулд эд хөрөнгө битүүмжилэх, хураан авах, үнэлгээ тогтоосон ажиллагааг хуулийн дагуу явагдсан эсэхэд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Т- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  тухайлбал  барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2 дахь удаа дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 69 дүгээр зүйлийн  69.2, болон дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногт оролцогч нарт танилцуулах ажиллагааг хуульд заасан хугацаанаас хоцруулан хийж хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн агуулга бүхий гомдол гаргаж дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг  шүүхээс хүсчээ.

            Мөн гуравдагч этгээд буюу барьцааны хөрөнгийн өмчлөгч  П.З-  нь төлбөр төлөгч Д.Т-ын төлбөрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум,  13 дугаар баг, 1-р хороолол, 25 дугаар байрны 56 тоот 45 м.кв  талбай бүхий орон сууцыг  2019 оны 3 дугаар  сарын 14-ний өдөр дуудлага худалдаагаар худалдан борлуулжээ. Миний зүгээс тус орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг орон сууцны м.кв нь засвар хийснээр ихсэж эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад үнэлгээг зөвхөн гэрчилгээний хэмжээгээр тогтоосон нь хуульд заасан журмын дагуу үнэлгээ хийгдээгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.

            Анхан шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан тул нэхэмжлэлд дурдсан гомдлууд үндэслэлгүй гэж дүгнэжээ.

            Монгол улсын Үндсэн хуульд Монгол улсын иргэн өмчтэй байх эрхтэй, өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан.

            Иргэн Д.Т-ын болон П.З-гийн өмчлөлийн зүйлийг худалдан борлуулж бусдын өр төлбөрт тооцож өгөх асуудал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудас /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1/, гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр явагдсан болохыг  талууд маргаагүй байна.

Харин дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 болон 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсгийг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсанаас гадна давж заалдах гомдолд “...иймээс анхан шатны шүүх нь 2 дахь албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явуулсан эсэхийг тогтоохын тулд эд хөрөнгө битүүмжилсэн, хураан авах, үнэлгээ тогтоосон ажиллагааг хуулийн дагуу явагдсан эсэхэд хууль зүйн  хувьд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “... хуулийн дагуу явагдсан ...” гэх бүрхэг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага болон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсаныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзээд дараах дүгнэлтийг хийж байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа  хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх,  хүний эрх , хүний эрх  чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй шуурхай байх зарчмыг баримтлах ёстой.

            Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг хуульд зааснаас бусдаар хязгаарлах, зөрчих  мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох процессын эрхийг хөндөх боломжгүй юм.

Хоёр дахь дуудлага худалдаа явуулахдаа өмчлөгч нарын оролцоог хангаагүй буюу мэдэгдээгүй гэсэн гомдол нь хэргийн 55-76 талд авагдсан хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг өмчлөгч тус бүрийн нэр дээр явуулсан, гардуулан өгсөн, шуудан хүргэгчийн дэвтэр болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар няцаагдаж байна.

Иймд дуудлага худалдаа явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өмчлөгчийн оролцоог хангах тухай хуулийн  70 дугаар зүйлийн 70.2 болон гуравдагч этгээдийн оролцоог хангах тухай 70.2.2 дахь заалтуудын шаардлагыг хангасан байна.

Харин дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.1-69.2.5-д заасан баримт бичгийг хүргүүлэх тухай хуулийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэгч зөрчсөн эсэх асуудлын тухайд энэ нь  нэгдүгээрт хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй,  хоёрдугаарт дээрх ажиллагааг дутуу хийснээс дуудлага худалдаа хуулийн дагуу явагдаагүй эрх зүйн ямар нэгэн сөрөг үр дагавар үүсэж энэ нь өмчлөгчийн өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн хуульд заасан эрх ашгийг хөндөөгүй байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.13-т зааснаар зохион байгуулсан дуудлага худалдааны ялагчийг болон албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019 оны 03  дугаар сарын 29-ний өдрийн 03/01 тоот тогтоолыг Д.Т-т  баталгаат шуудангаар 2019 оны 4  дүгээр сарын 03-ны өдөр , өмчлөгч П.З-д 2019 оны 04 дүгэр  сарын 12-ны өдөр тус тус мэдэгдсэн нь баримтаар нотлогджээ.

            Дээрх ажиллагааг хийхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлж ажилласан тухай баримтаа хариуцагч тал шүүхэд ирүүлснийг нотлох баримтаар үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээд П.З-гийн тухайд өөрийн өмчлөлийн зүйл нь барьцааны гэрээгээр барьцааны зүйл болж бусдад хямдхан худалдагдсаныг эс зөвшөөрч эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд  төлбөр төлөгч болон төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж нэрлээд “төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх  баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ “ гэж тодорхойлжээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн барьцаалагдсан хөрөнгийн үнийг талууд өмчлөгч тохиролцоогүй тохиолдолд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх хуулийн заалтын дагуу Д.Т-ын болон П.З- нарын өмчлөлийн орон сууцны  үнэлгээ тогтоолгосон бөгөөд уг үнэлгээний талаар зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд шүүхэд гомдол гаргахаар хуульд заажээ.

            Төлбөр төлөгч Д.Т- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж уг гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байна.

            Хэдий тийм авч бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн өөрийн  эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргах эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар нээлттэй байна.

П.З- нь эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлэн мэтгэлцэж чадаагүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна  гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 26-ны өдрийн 597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Т-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                            ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ        

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ