Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/726

 

 

 

 

     2021           8               5                                         2021/ДШМ/726

 

О.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Н.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор О.Бд холбогдох 2106000790366 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

______________ овгийн О.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ВЖ000000000/;

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11, 12 дугаар саруудад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “О.Б” гэх фэйсбүүк цахим хаяг буюу мэдээллийн технологи ашиглаж, фэйсбүүк хэрэглэгч нарын дундаас ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Их Дулам овгийн Одгэрэлийн О.Быг “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 500 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Бд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.270.300 төгрөгийг хувьд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж улсын орлогод шилжүүлж, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэсэн. О.Б нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын эхэн хүртэл Улаанбаатар хотод байхдаа өөрийн таньдаг найз нөхөдтэйгээ фэйсбүүкээр холбогдож тоглосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй гэж үзэх ба тухайн зүйл, хэсгийн бүрэлдэхүүнийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхээс үндэслэх хэсэгтээ “хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой” гэж үзсэн. Тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд болон хохирол байхгүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/663 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэргийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд миний бие томилолтоор оролцсон. Хэргийн материалтай шүүх хуралдааны өмнө танилцсан. Улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд танилцуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн Цагдаагийн албанаас ирүүлсэн албан бичиг, шүүгдэгчийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. ...” гэж хуульчилсан. Шүүгдэгч О.Б нь мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк ашиглан өөрийн цахим хуудсаар шууд дамжуулж өөрийн дансыг байршуулсан цаасыг барьж хүмүүсийг мөрийтэй тоглоом тоглуулсан. Хүмүүсийн тоглохдоо оруулсан мөнгөнөөс ашиг олсон нь хангалттай нотлогдож тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “О.Б” гэх фэйсбүүк цахим хаяг буюу мэдээллийн технологи ашиглаж, фэйсбүүк хэрэглэгч нарын дундаас ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл, гэрэл зураг /хх 4, 8/, О.Бын Хаан банкны 5226070259 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 22-35/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36-52/,

шүүгдэгч О.Бын “2020 оны 11 дүгээр сарын сүүлээр 2020 оны 12 дугаар сарын эхэн хүртэл өөрийн О.Б фэйсбүүк хаягаар техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан. ...Нэг тоглолтонд 6 хүн тоглож, 1 хүн хожиж мөнгө авдаг. ...” /хх 61/ гэсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Быг “мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Бын ашиг олох зорилгоор “О.Б” гэсэн фэйсбүүк цахим хаяг буюу мэдээллийн технологи ашиглаж, фэйсбүүк хэрэглэгч нарын дунд покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал “...О.Бд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хууль тогтоогчоос 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэсэн гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөрийтэй тоглоомыг ашиг олох зорилгоор олон нийтийн газарт, эсхүл мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг гэж тодорхойлсон бөгөөд  “О.Б” гэсэн фэйсбүүк цахим хаягаар бусдын фэйсбүүк цахим хаягтай холбогдсон байдлыг мэдээллийн технологи ашигласан гэж үзнэ.

Түүнчлэн, покер нэртэй хөзөр ашиглан тоглодог тоглоомын хувьд, хэн хожих нь тодорхой биш, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог шинжээрээ болон уг тоглоомыг тоглож буй оролцогч нар бэлэн мөнгөөр бооцоо тавьж, хожсон хүндээ бооцооны мөнгөө шилжүүлэн өгдөгөөрөө мөрийтэй тоглоомд хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 1.270.300 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухайн хуулийн 9 дүгээр зүйл/Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл/-ийн 9.2 дахь хэсэгт “...Мөрийтэй тоглоом зохион байгуулах/Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл/...”  гэмт хэргийг бүхэлд нь хамааруулсан байх тул шүүгдэгч О.Бд холбогдох хэргийг болон түүнд оногдуулсан ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хууль хамруулах боломжгүй болно.

Иймд шүүгдэгч О.Бын дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/663 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Буянзулын өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР