Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,  

Хохирогч Б.Батчимэг,

Гэрч Б.Батцэцэг,

Шүүгдэгч Б.Уламбаяр, түүний өмгөөлөгч С.Одончимэг /ҮД: 0862/, Д.Нямдорж /ҮД: 0328 / нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 12011, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар халзан хонь овгийн Бямбадоржийн Уламбаярт холбогдох эрүүгийн 201725020465 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Жигүүрт хөлөг” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, охины хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 97в байрны 83 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Шар халзан хонь овгийн Бямбадоржийн Уламбаяр /РД: ЧБ87071172/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Уламбаяр нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд” плазагийн хойно шинээр баригдсан байрны 11 тоотод эхнэр Б.Батчимэгийг зодож танхайрсан,

            2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 97в байрны 83 тоотод хохирогч Б.Батчимэгтэй "хүүхдээ авна, өгөхгүй" гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

            2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны гадна хохирогч Б.Батчимэгийг өөрийн 98-68 УНР улсын дугаартай автомашинд суулгаж "муу гичий минь хаагуур яваад байдаг юм хүүхэдтэйгээ уулзаж болохгүй байна уу" гэж хэрүүл маргаан үүсгэж хоолойноос нь багалзуурдан боож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Б.Батчимэгийг байнга зодсон, догшин авирласан, тарчлаасан,

 

Мөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зүүн талын автомашины зогсоол дээр хохирогч Э.Отгонтамирыг салсан эхнэр Б.Батчимэгтэй хардаж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Уламбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Цэргийн баярын өдөр  байсан учраас би найзуудтайгаа уулзаад гадуур гарсан. Тэгэхэд Батчимэг бас найзуудтайгаа гарч явсан байсан. Тэгээд би Батчимэг рүү залгаад орцны үүдэнд уулзсан. Батчимэг нилээн согтсон байсан. Бид хоёр уулзаад маргалдсан. Тэгэхэд Батчимэг орцны үүдэн дээрээс согтуу гараад явах гэхээр нь куртикны малгайнаас татахад гутал нь халтирч нүүрээрээ газар унасан. Батчимэг уйлаад орилж байхад хоёр залуу ирээд надтай маргалдаж цагдаа нар ирсэн. 2016 оны 7 дугаар сарын 9-ний орой 10 цаг өнгөрч байхад манай хаалгыг нэг хүн тогшсон. Очоод хаалга онгойлгоход хүн байхгүй байсан. Тэгэхэд цаана Батчимэг, Батцэцэг эгч, хүргэн ах нар лифтний тэнд нуугаад намайг буцаагаад хаалга хаах гэхэд эгч, хүргэн ах хоёр нь манайх руу хүчээр орох гэж оролдсон. Би Батчимэгт өөрийгөө гар хүрсэн гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл Батчимэг, Батцэцэг, хүргэн ах гурав манайх руу хүчээр дайрсан. Цагдаагийн газарт очоод энэ гурвыг бүлэглэн гэдгээр намайг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээр шалгасан. Тэгээд намайг гомдолтой гэсэн бол эдгээр хүмүүс хүндрэх гээд байхаар нь би өргөдлөө буцаан авсан. 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Скайтел дээр ажилтай явж байсан. Намайг хөдлөх гэж байхад өөрөө ирээд “мобиком орох гэж байна хүргээд өгчих, миний машиныг хүн хаагаад тавьсан байна” гэж хэлсэн. Тэгээд машин дотор охиныхоо талаараа ярьж байгаад маргалдаад Батчимэг уурандаа явж байгаа машинаас хаалгыг онгойлгох гэж оролдсон. Тэгээд би Батчимэгийн куртикнээс нь татсан. Тэрнээс биш Батчимэгийг хоолойг боогоогүй…” гэв.

Хохирогч Б.Батчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 3 дугаар сарын 18-ны орой 11 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн урд талын байрны гадаа үүдэнд тааралдаад бид хоёр хоорондоо муудалцаад миний куртикны малгайнаас татаад нүүрээр унагасан. Бид хоёрын гол асуудал бол намайг байнгын харддаг байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн газраас намайг зодсон гэдэг нь нотлогдсон. Тэгээд танил талаараа яриулаад захиргааны арга хэмжээ авахуулсан. 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр яагаад Хан-Уул дүүргийн гэрт нь очсон бэ гэвэл өдөр 12 цагийн үед утсаар “чамаас гарсан зулбасгийг чинь ална” гэж хэлсэн. Тэр нь бас Иргэний шүүхийн хуралдаанаар нотлогдсон. Би Хан-Уул дүүргийн цагдаагийн газар хандахад хүүхэд чинь аав дээрээ байгаа учраас би нарт ямар ч аргагүй гэж хэлсэн. Тийм учраас би өөрөө эгчийгээ авч очсон. Эгч маань найз залуугаа хамт авч очсон. Бид нар очоод угаасаа хаалгаа онгойлгож өгөхгүйг би мэддэг учраас хаалга тогшоод буцаад гараад явж байхад хаалгаа онгойлгоод хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Би хаалгыг хаалгахгүй байх арга хэмжээ авахад намайг нилээн хэд цохисон. Тэр  үед бас шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан нь тогтоогдсон. 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр өглөө надтай охиныхоо талаар яръя гэж хэлсэн. Тэгээд намайг машиндаа суулгаад Баянгол дүүргийн тэндэх машины зогсоолд зогссон. Тэгээд миний биед ил гэмтэл гаргахгүйгээр байнга тарчлаан зовоодог байсан. Намайг охинтойгоо уулзах гэж очиход дандаа бэлгийн харьцаанд ор гэж шаарддаг. Мөн Skytel компанид ажиллаж байгаа, энэ ажлаасаа гарах гэж байгаа. Яагаад гэвэл манай компанийн урд хойд хаалга дээр хүн явуулдаг. Байнгын үүдний харуулаас танай хамаатны чинь хүн уулзая гэж байна гэж хэлдэг. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

Гэрч Б.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хохирогч миний дүү, шүүгдэгч өмнө нь  Батчимэгийн нөхөр байсан. Уламбаярыг 2011 оноос оюутан байхаас хойш таньж мэддэг болсон. Гэр бүл болохоос өмнөх байдлыг нээх сайн мэдэхгүй. Гэр бүл болсноос хойш хэрүүл, маргаан болсон талаар хэлдэг байсан. 2014 онд утсаар нүүр амыг нь аймаар зодсон байсан. Тэр үед гэр бүлээ бод гэж хэлдэг байсан. 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 16 цагийн үед Батчимэг над руу утсаар уйлаад ярьсан. Нөхөр бид хоёр хамт ажилладаг учраас Батчимэгийг аваад хамт очсон. Хаалгыг нь тогшоод бид хоёр хаалганаас хол зогссон. Хаалга онгойлгоход бид хоёр очоод хүүхдийг нь өг гэж хэлж маргалдсан. Манай нөхөр Уламбаярыг хаагаад зогсож байхад Батчимэг зөрж орох гэхэд Уламбаяр хана мөргөтөл цохисон. Нилээд хэдэн удаа цохисон. Эвлэрээгүй, зүгээр дарамтын байдлаар гомдлоо авсан…” гэв.

 

Эрүүгийн 201725020465 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Уламбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр би ажлаар “Скай” компани дээр очоод Батдэлгэр гэх найзтайгаа уулзаад гарч яваад Батчимэгтэй тааралдсан. Би машиндаа зогсоол дээр сууж байхад өөрөө харчихаад “юу байна” гээд “би мобиком орох гээд дөхүүлээд өгөөч” гэсэн. Батчимэг бид хоёр замдаа муудалцсан. Хүүхдээ хайхардаггүй уулздаггүй гээд машин явж байхад хаалга онгойлгоод буух гээд байхаар нь зогсоол руу орж зогсоход машины дотроос хөлөөрөө шууд өшиглөсөн. Тэгээд би куртикных нь цээжин хэсгээс нь татсан чинь хүзүүн хэсэгт нь куртикных нь цахилгаанд хүзүүн нь үрэгдсэн юм шиг байгаан. Тэгээд жоохон маргалдаад “заза болъё” гээд Батчимэг өөрөө буугаад явчихсан. 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлээ цуцалсан. Би өөрийг нь “охинтойгоо уулз” гэж хэлдэг. Бид хоёр 2015 оны өвөл гадуур явж байгаад гэртээ ирээд орцны үүдэнд уулзсан. Тэгэхэд Батчимэг өөрөө согтуу байсан. Батчимэг буцаад согтуу гараад явах гэхээр нь би куртикных нь малгайнаас нь татчихсан юм. Тэгсэн чинь цаасан дээр хальтираад газар унахдаа нүүрээрээ плитан дээр унаад нүүр нь зулгарчихсан. Тэрнээс өөр зодож цохисон асуудал байхгүй. 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр уулзах гэж очсон. Тэгэхэд нэг залуутай машинтайгаа гараад явж байхаар нь араас нь дагасан. Тэгсэн чинь нөгөө залуутайгаа Улаанбаатар банкны хажууд очсон. Тэгээд машиндаа үнсэлцээд байхаар нь би тэр залууг нь хоёр алгадчихсан юм. Отгонтамир гэх залуугаас нь болж бид хоёр салсан юм. Батчимэг үр хүүхэдтэй хүн. Би өөрөө буцаад нийлье гэсэн бодолтой байдаг …” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 29-30, 38-39, 48, 79-80/

               Хохирогч Б.Батчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах ажлаасаа цайны цагаараа 13:00 цагийн үед гарсан чинь ажлын үүдэнд миний салсан нөхөр Уламбаяр 98-68 улсын дугаартай Бенз маркийн машинтайгаа гадаа байж байсан. Тэгээд “хүүхдийнхээ талаар ярилцъя” гээд намайг машиндаа суулгаад Сүхбаатар дүүргийн 1 хороо 5 байрны гадаа очиж зогсоод “чи муу гичий минь чи хаана хэнтэйгээ юугаа хийгээд байна гэртээ ирээд хүүхэдтэйгээ уулзаж болохгүй байна уу” гээд намайг хардаад хоёр гараараа хоолой боогоод “ална, хядна” гээд дайраад багалзуурдаад машинаас буух гэсэн чинь буулгахгүй, улам хүчтэй хоолой боогоод би эсэргүүцээд хаалгыг нь онгойлгоод буух гэсэн чинь хөл гар руу гараараа хүчтэй цохиод сандлаасаа босоод дээрээс дарах гэж байсан чинь урд машинтай эгч ирээд зөрж чадахгүй бууж ирэх гэж байхыг хараад намайг арай зөөлөн барьсан үед нь би гарыг нь тавиулаад хаалгаар нь зугатаасан. Тэгээд шууд цагдаагийн газарт очсон. Би машин дотор нь орилоод уйлж байхыг тэр машинтай эгч хараад буух гэж байсан чинь Уламбаяр харчихаад намайг барьж байх нь арай зөөлрөөд л би гарч зугтаасан. Тэрнээс биш намайг тавихгүй байсан...Би өмнө нь Уламбаярт зодуулдаг байсан. Намайг зодсоны дараа гэрээс гаргахгүй утас булааж аваад унтраагаад эвдлээд хаячихдаг, хоёр, гурав хоног гаргахгүй хорьчихдог байсан. Тэгээд 2016 оны 5 сард шүүхээр орж гэр бүлээ цуцалсан. 2014 онд салах гэсэн чинь шүүхийн гадаа ирээд намайг машинруугаа үсдэж чирээд суулгаад шүүх хүлээгээд ирэхгүй болохоор нь шүүх хэрэгсэхгүй болгож байсан. 2015 онд намайг зодоод миний хамрыг гэмтээж Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хандаж байсан. Тухайн үед би өөрөө шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэр бүл хүчирхийллийн төвд л ханддаг байсан. Тэгээд захиргааны арга хэмжээ аваад салж байсан. 2015 оноос тусдаа амьдардаг болоод өөртэй нь уулзахгүй болохоор цүнх авч зугатаадаг байсан...Уламбаяр бид хоёр 2006 онд танилцсан. 2011 оны 3 сард хамт амьдарсан...2015 оны 11 сард намайг хардаад багалзуурдаад амруу салаавчаа чихээд салтайруу гараа оруулаад базаад “энэ рүү чинь юу орсон” гээд базаад байдаг байсан...Тэр өдрөөс хойш охин гэртээ үлдсэн охинтой минь уулзуулахгүй байгаа. 2012-2014 онуудад Гэр бүл хүчирхийллийн үндэсний төвийн 107 дугаарын утсанд залгаж 5-6 удаа хандаж байсан. 2015 оны 02 дугаар сард Уламбаяр нь орцны үүдэнд надтай муудалцаад миний куртикны малгайнаас татаад нүүрээр газар шалан дээр унагаагаад дух хамар хавдсан. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл бичээд Уламбаярт захиргааны арга хэмжээ авахуулсан. 2016 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Уламбаярт холбогдуулж байнгын дарамталж заналхийлдэг тухай өргөдөл бичиж хорооны цагдаа, нийгмийн ажилтнаар нь эрсдэлийн үнэлгээ хийлгүүлсэн. 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нь Уламбаяр над руу залгаад “чамаас гарсан зулбасгыг ална” гэж заналхийлээд цаана нь миний охин орилоод байсан. Орой нь 23 цагийн үед Хан-Уул дүүргийн Дөл хотхоны 97-9-83 тоотод би охиноо авах гээд эгч Батцэцэг болон эгчийн найз залуу Баянтогтох нарын хамт очиход Уламбаяр миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиод манай эгч Батцэцэг өөрийгөө хамгаалах гээд Уламбаярын нүүрэн тус газар нь маажаад би 102 дуудсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичээд шүүх эмнэлэгт үзүүлсэн...Уламбаяр намайг байнга зоддог байсан. Миний өмссөн хувцасыг урдаг байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 21-22, 46/

 

Хохирогч Э.Отгонтамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18-19 цагийн үед АУШИС дээр байж байхад манай ангийн охин Батчимэг надруу залгаад “би шүүх эмнэлэг дээр байна Батбаатар өмгөөлөгч ажил дээрээ байгаа болов уу” гэж асуухаар нь би “одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Ажил дээрээ байж магадгүй очоод үзээ” гэж хэлэхэд “чи хаана байгаа юм бэ хоёулаа хамт очих уу” гэхээр нь би “ойрхон байна тэгье хамт очьё” гээд Шүүх эмнэлгийн ард уулзаад Батчимэгийн машинд суугаад Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-р байрны зүүн талын автомашины зогсоол дээр зогсоод байж байтал гэв гэнэт жолоочийн хаалгыг Батчимэгийн салсан нөхөр Уламбаяр онгойлгоод Батчимэгийг хувцаснаас нь зуурч аваад “чи энд юу хийж яваан” гээд орилж чарлаж байснаа намайг харснаа “чи муу нохойн гөлөг юу хийж яваан ална чамайг” гээд жолоочийн хаалгаар биеэ оруулж ирээд миний толгой хэсэг рүү нэлээн хэд цохьчихоод жолоочийн эсрэг талын хаалгаар намайг зодох гээд ирэхээр нь би машинаас буугаад зугтсан чинь араас “нохойн гөлөг минь намайг яахыг хараарай чамайг ална тална” гээд араас хөөгөөд байхаар нь зугтаж салсан.." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 72 дугаар хуудас/

 

Гэрч Б.Батчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Отгонмягмар луу өнөөдөр намайг Уламбаяр багалзуурдсан ахаас чинь зөвлөгөө авах гэсэн юм хүрч ирээд хамт ах руу чинь явъя гэж хэлсэн. Отгонмягмарыг ирэхээр нь миний машинд суугаад Чингэлтэй дүүргийн НДЕГ-ын хажууд байрлах автомашины зогсоол дээр байж байхад салсан нөхөр Уламбаяр миний талын хаалгыг гэнэт онгойлгоод “та 2 ингээд баригдав уу” гэж хэлээд миний урдуур жолоочийн хаалгаар биеэ оруулаад Отгонтамирын толгой руу нилээн олон удаа хүчтэй нүүр, толгой хэсэгт нь цохиод байсан. Тухайн өдөр Отгонтамир өөр хүнд цохиулж зодуулаагүй, надтай уулзахдаа зүгээр байсан. Уламбаярт зодуулсны маргааш нь Отгонтамиртай ах Батбаатарын ажил дээр нь очиж уулзахад зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрсөн, зүүн талын хөмсөг хавдсан байсан...” /1 хх-ийн 73/

 

Гэрч Н.Бямбажаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Батчимэг бид хоёр багын найзууд юм. Батчимэг нь 2006 онд Мандах дээд сургуулийн оюутан байх үедээ Уламбаяртай танилцаад үерхэж эхэлсэн. Үерхэж байх хугацаанд Батчимэг, Уламбаяр 2 муудалцдаг байсан. Ер нь бол Уламбаяр Батчимэгт танилцаад удаагүй байхдаа л гар хүрч байсан ба Батчимэгийн цүнхийг авч зугтдаг байсан талаар Батчимэг надад хэлж байсан. Ингэж явж байгаад 2011 онд Батчимэг охинтой болоод Уламбаяртай хуримаа хийгээд хамтран амьдардаг болоод Уламбаяр нь Батчимэгийг зоддог болсон ба Батчимэгтэй уулзахад биеийн хэсэгт нь хөх няц болсон байдал харагддаг байсан. Батчимэг надад хэлэхдээ Уламбаяр их хартай, өөрийн гэр бүлийг нь доромжилж ядуугаар нь дууддаг бас аавыг нь тахир дутуугаар нь дууддаг байсан талаар хэлж байсан. Ер нь Батчимэгтэй хамт байхад Уламбаяр нь залгаад хараалын үг хэлж дарамталдаг байсан...Уламбаяр нь 2008 оноос эхлээд л дарамталж зоддог, Уламбаяр нь одоог хүртэл Батчимэгийг мөрдөж мөшгөж бас утсаар залгаж доромжилж дарамталдаг, Уламбаяр нь Батчимэгийн машины хаалгыг гэмтээсэн гэж сонссон..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Чулуунцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2008 онд Уламбаяртай танилцаад 2011 онд хуримаа хийгээд хамтран амьдардаг болсон. Батчимэгийн нүүр ам болон биеийн хэсэгт хөх няц болсон харагддаг байсан. Надад тэр болгон хэлээд байдаггүй. Уламбаяр нь Батчимэгийг зодож цохихоор нь Батчимэг гэртээ хүрээд ирдэг байсан. Уламбаяр нь их хартай байнга л Батчимэгийг мөрдөж мөшгиж явдаг, ажил дээр нь хүртэл очоод тосоод зогсож байдаг. Батчимэгийн машины хаалгыг хүртэл эвдэлж гэмтээж байсан. Удирдлагын академид Батчимэгийг ажиллаж байх үед хүртэл ажлын хүмүүстэй нь хардаж сэрддэг, элдэв үгээр доромжилж байсан. Уламбаяр нь Батчимэгийг машиндаа суулгаад хотоос зайдуу газар аваачаад хоолой амыг нь боож айлган сүрдүүлж байсан талаар надад хэлсэн. Батчимэгийн цүнхийг хүртэл булааж авч байсныг мэднэ. Шүүх хурлаар охин Цэлмүүнийг Батчимэгт өгөх шийдвэр гарсан байхад Уламбаяр нь тэр болгон охиныг уулзуулдаггүй...Уламбаяр нь Батчимэгийг архи уусан үедээ зодож дарамталдаг, эрүүл байхдаа байнга л Батчимэгийг өөр эрчүүдтэй хардаж араас нь мөрдөж, мөшгиж явдаг, бас Батчимэгийн гар утас руу өдөр шөнөгүй залгадаг, надруу хүртэл 99102520, 94092520 дугаараас залгаад байдаг...Надруу залгаж Батчимэгийг асуудаг, “танай охин янхандаж явж байгаа та нар мэдэх үү” гэж л хэлээд байдаг..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 115 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Батчимэг нь 2012 онд Уламбаяртай хуримаа хийж гэр бүл болж байсан. Би тухайн үед Канад улс руу сургуульд яваад тэнд байх хугацаанд буюу 2013 онд Батчимэг надтай интернэтээр холбогдоод Уламбаяртай таарамж муутай байгаа талаар хэлсэн. Тодруулбал Уламбаяр нь элдэв янзын хүүхнүүдтэй зууралдаж өвчин авч тамлаад байгаа гэж хэлсэн. Тухайн үед Батчимэгийг тэвч л гэж хэлсэн. Тэгтэл 14-15 хоногийн дараагаар фейсбүүк месенжерээр Батчимэгийн нүүр амыг нь хүн харахын аргагүй болтол зодсон байдалтай зургыг надруу илгээсэн. Тэгээд би Батчимэгт Уламбаяраас салсан нь дээр гэж хэлсэн. Уламбаяр нь Батчимэгийг зодчихоод бүх гар утсыг нь авч нуугаад хөх няц болсоныг нь эдгэртэл гэртээ цоожлоод яваад өгдөг байсан. Үүнээс болоод Удирдлагын академаас гарч байсан. 2016 оны 7 сарын 09-ний өдөр Батчимэг надруу залгаад “Уламбаяр охиныг минь алах гээд байна та хамт яваад охиныг аваад өгөөч” гэхээр нь би өөрийн нөхөр Баянтогтохыг дагуулаад Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах байранд очоод Уламбаярын гэрт нь очиход хаалгаа нээгээд нилээн согтуу байсан, цаана нь охин нь уйлаад л тэгээд Батчимэг дотогшоо орох гэтэл Уламбаяр нь шууд Батчимэгийн толгой руу гараараа нэг удаа цохиод Батчимэг доошоо унахаар нь миний уур хүрээд Уламбаяр руу дайрах гэтэл Баянтогтох намайг болиулахад Уламбаяр нь Баянтогтохын нүүрэн тус газар 2-3 удаа цохиж хамарнаас нь цус гаргасан. Тэгээд Уламбаярын аав ээж ирээд аав нь согтуу Баянтогтохын хамар руу гараараа цохиж мурийлгасан. Бид нар тухайн үед 102 дуудаад хэлтэс рүү явцгаасан. Уламбаяр нь “хүүхдийг чинь ална шүү” гэж байнга утасны цаанаас дарамталдаг...Уламбаяр нь Батчимэгийг байнга л гар утсаар дарамталж уулзахаараа зоддог. Уламбаяр нь Батчимэгтэй уулзахаараа Батчимэгийн бэлэг эрхтэн рүү элдэв янзын юм чихиж дарамталдаг гэж надад хэлсэн. Ер нь төрсөн охиноор нь далимдуулж би энэ зулбасгыг чинь аллаа шүү гэж л утасны цаанаас дарамталдаг байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 116 дугаар хуудас/,

 

                Гэрч Д.Бямбаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Батчимэг нь 2009-2015 он хүртэл манай Удирдлагын академид нягтлан бодогчоор ажилладаг байсан гэдгээр нь мэднэ. Батчимэгийг Удирдлагын академид ажиллаж байх хугацаанд нөхөр Уламбаяр нь ирж Батчимэгийг “янхан, гичий” мэт хараалын үгээр хэлж доромжилж бас өөрийн машин руу үсдэж чирж оруулаад хардаж сэрддэг байсан. Уламбаяр нь манай академийн ажилчидтай хүртэл харддаг, фейсбүүк хуудсаар хүртэл миний тавьсан Батчимэгтэй хамт авахуулсан зурагны доод сэтгэгдэл хэсэгт Батчимэгийг үр хүүхдээ хаяад эр дагаад явсан гэсэн утгатай юм бичсэн байсан. Уламбаяр нь Батчимэгийг охинтой нь уулзуулдаггүй, уулзах болгонд нь янхан гичийгээр дуудаж, хэрэв хүүхэдтэйгээ уулзвал надтай бэлгийн харилцаанд ор гэж шаарддаг гэж сонссон...Уламбаяр нь Батчимэгийг гэртээ авчираад зоддог. Батчимэг нь биендээ хөх няц болсон байдалтай ажил дээрээ ирдэг байсан. Ер нь бол байнга л зоддог..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 150 дугаар хуудас/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2468 дугаартай дүгнэлт: “…

 

   1.  Б.Батчимэгийн биед хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

                3. ШЭГЗТ-н 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

                4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг…” гэжээ /1 хх-ийн 25 дугаар хуудас/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2500 дугаартай дүгнэлт: “…

 

   1.  Э.Отгонтамирын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

                3. ШЭГЗТ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа…” гэжээ /1 хх-ийн 75 дугаар хуудас/,

 

              Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол:

              “…Хохирогч Б.Батчимэг, яллагдагч Б.Уламбаяр нарын ярианы бичлэг бүхий цэнхэр өнгийн сидиг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ. /1 хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

              Шүүгдэгч Б.Уламбаярт холбогдох 201626031015 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолын хуулбар:

              “…Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 97в байрны 83 тоотод Б.Уламбаяр түүний салсан эхнэр Б.Батчимэг нар нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний хувийн таарамжгүй харьцаа буюу хүүхдээ авна өгөхгүй гэсний улмаас хоорондоо маргалдаж, Б.Уламбаяр нь Б.Батчимэгийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл, Б.Батцэцэг нь Б.Уламбаярын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Яллагдагч Б.Уламбаяр, Б.Батцэцэг нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хоорондоо сайн дураараа эвлэрсэн талаар хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай…” гэжээ /1 хх-ийн 124-125 дугаар хуудас/,

 

              Нийслэлийн цагдаагийн газрын албан тоотод: “…Тус хэлтсийн түр хамгаалах байранд иргэн Б.Батчимэг нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн биеэр ирж “…охин У.Тэлмүүнтэй хүссэн үедээ уулзахыг шүүхээс зөвшөөрсөн боловч салсан нөхөр Б.Уламбаяр уулзуулдаггүй, охиныг минь зоддог, намайг утсаар ална гэж заналхийлдэг, Иймд охин У.Тэлмүүнийг өөрийн нэр дээр авмаар байна. Мөн танай байгууллагын “107” утсанд 2014 оны өвөл, 2015 оны хавар хандаж зөвлөгөө авч байсан. Иргэн Б.Батчимэг нь 107 тусгай дугаарын утсанд 2014-2017 онуудад 99078193, 91110704 дугаарын утаснаас хандаж байгаагүй нь бүртгэл судалгаагаар тогтоогдож байна…” гэжээ /1 хх-ийн 163 дугаар хуудас, /

 

                Б.Уламбаярт захиргааны зөрчил авагдсан материал /1 хх-ийн 32-34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 50/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 52/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-ийн 53/, ажлын газрын тодорхойлолт /1 хх-ийн 54/, хувийн байдал тогтоосон баримт /1 хх-ийн 56-58/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 68-69/, гэрлэлтийн лавлагаа /1 хх-ийн 112/, хохирогч Б.Батчимэгийн гар утасны дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 151-153/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /1 хх-ийн 169-172/, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст захиргааны арга хэмжээ авахуулсан болохыг тодорхойлсон албан тоот /1 хх-ийн 175/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 178/,  гэрэл зураг /2 хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                Прокуророос Ц.Уламбаярт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 12011 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргээс “...2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плазагийн хойно шинээр баригдсан байрны 11 тоотод эхнэр Б.Батчимэгийг зодож танхайрсан,

            2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 97в байрны 83 тоотод хохирогч Б.Батчимэгтэй "хүүхдээ авна, өгөхгүй" гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,... тарчлаасан...” гэсэн үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            Учир нь Ц.Уламбаярын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн нутагт болсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул гэмт хэрэгт тооцогдохгүй, түүний үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар захиргааны арга хэмжээ /1 хх 175/ тооцжээ.

 

            Шүүгдэгч Ц.Уламбаярын 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутагт болсон гэмт үйлдлийг 2016 оны 9 сарын 05-ны өдрийн №875 дугаартай прокурорын тогтоолоор “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 97в байрны 83 тоотод Б.Уламбаяр түүний салсан эхнэр Б.Батчимэг нар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харьцаа буюу “хүүхдээ авна, өгөхгүй” гэсний улмаас хоорондоо маргалдаж Б.Уламбаяр нь Б.Батчимэгийн нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл...учруулсан гэм хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа яявуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна...”  гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн 201626031015 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Энэхүү прокурорын тогтоолоор тус үйлдэлд шүүгдэгч Б.Уламбаярыг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон тус шийдвэр хүчин төгөлдөр байхад дахин эрүүгийн хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуульд заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөнийг анхаарах нь зүйтэй.

            2002 оны Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар “Эрүүгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэгдэнэ.” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус тусгажээ.

 

            Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 7 дах хэсэгт дахь хэсэг, Хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенцийн 7 дугаар протоколд заасны дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Double jeoparty” буюу “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” зарчмыг Монгол Улсын 2002, 2015 оны Эрүүгийн хуульд  тодорхой зохицуулжээ.       

 

            Нөгөөтэйгүүр 2002 оны Эрүүгийн хуульд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн зохицуулалт орсон байх тул 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх гэмт үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй гэж үзнэ.

 

            Прокурорын яллах дүгнэлтэнд “шүүгдэгч Б.Уламбаярыг хохирогч Б.Батчимэгийг тарчлаасан” гэх боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчид бие махбодийн эсвэл сэтгэцийн зүдгүүр зовлонд учруулсан зэргийн аль нь болох, хүч хэрэглэсэн ямар үйлдлүүд хийсэн болохыг нарийвчилан тусгаагүй тул шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүссэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэснийг тэмдэглэв.

           

            Шүүгдэгч Б.Уламбаяр нь:

           

            - 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны гадна хохирогч /гэрлэлтээ цуцлуулсан эхнэр/ Б.Батчимэгийг өөрийн эзэмшлийн “Мерседес Бенз” маркын 98-68 УНР улсын дугаартай автомашинд суулгаж "муу гичий минь хаагуур яваад байдаг юм хүүхэдтэйгээ уулзаж болохгүй байна уу" гэж хэрүүл маргаан үүсгэж хоолойноос нь багалзуурдан боож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан хохирогч Б.Батчимэгийг зодож догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Батчимэгийн “...”чи муу гичий минь чи хаана хэнтэйгээ юугаа хийгээд байна гэртээ ирээд хүүхэдтэйгээ уулзаж болохгүй байна уу” гээд намайг хардаад хоёр гараараа хоолой боогоод “ална, хядна” гээд дайраад багалзуурдаад машинаас буух гэсэн чинь буулгахгүй, улам хүчтэй хоолой боогоод би эсэргүүцээд хаалгыг нь онгойлгоод буух гэсэн чинь хөл гар руу гараараа хүчтэй цохьсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бямбажаргалын “...Ер нь Батчимэгтэй хамт байхад Уламбаяр нь залгаад хараалын үг хэлж дарамталдаг байсан...Уламбаяр нь 2008 оноос эхлээд л дарамталж зоддог, Уламбаяр нь одоог хүртэл Батчимэгийг мөрдөж мөшгиж бас утсаар залгаж доромжилж дарамталдаг...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батцэцэгийн “...Уламбаяр нь Батчимэгийг байнга л гар утсаар дарамталж уулзахаараа зоддог. Ер нь төрсөн охиноор нь далимдуулж “би энэ зулбасгыг чинь аллаа шүү” гэж л утасны цаанаас дарамталдаг байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бямбаагийн “...Батчимэгийг Удирдлагын академид ажиллаж байх хугацаанд нөхөр Уламбаяр нь ирж Батчимэгийг “янхан, гичий” мэт хараалын үгээр хэлж доромжилж бас өөрийн машин руу үсдэж чирж оруулаад хардаж сэрддэг байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Чулуунцэцэгийн “...Батчимэгийн нүүр ам болон биеийн хэсэгт хөх няц болсон харагддаг байсан. Уламбаяр нь Батчимэгийг зодож цохихоор нь Батчимэг гэртээ хүрээд ирдэг байсан. Уламбаяр нь их хартай байнга л Батчимэгийг мөрдөж мөшгиж явдаг, ажил дээр нь хүртэл очоод тосоод зогсож байдаг. Надруу залгаж Батчимэгийг асуудаг, “танай охин янхандаж явж байгаа та нар мэдэх үү” гэж л хэлээд байдаг...” гэсэн мэдүүлэг, ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2468 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, Нийслэлийн цагдаагийн газрын албан тоот зэрэг нотлох баримтуудаар,     

- 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зүүн талын автомашины зогсоол дээр хохирогч Э.Отгонтамирыг /гэрлэлтээ цуцлуулсан эхнэр/ Б.Батчимэгтэй хардаж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Уламбаярын “...нэг залуутай машинтайгаа гараад явж байхаар нь араас нь дагасан. Тэгсэн чинь нөгөө залуутайгаа Улаанбаатар банкны хажууд очсон. Тэгээд машиндаа үнсэлцээд байхаар нь би тэр залууг нь хоёр алгадчихсан юм...” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Отгонмягмарын “...гэв гэнэт жолоочийн хаалгыг Батчимэгийн салсан нөхөр Уламбаяр онгойлгоод Батчимэгийг хувцаснаас нь зуурч аваад “чи энд юу хийж яваан” гээд орилж чарлаж байснаа намайг харснаа “чи муу нохойн гөлөг юу хийж яваан ална чамайг” гээд жолоочийн хаалгаар биеэ оруулж ирээд миний толгой хэсэг рүү нэлээн хэд цохьсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батчимэгийн “..салсан нөхөр Уламбаяр миний талын хаалгыг гэнэт онгойлгоод “та 2 ингээд баригдав уу” гэж хэлээд миний урдуур жолоочийн хаалгаар биеэ оруулаад Отгонтамирын толгой руу нилээн олон удаа хүчтэй нүүр, толгой хэсэгт нь цохиод байсан. Тухайн өдөр Отгонтамир өөр хүнд цохиулж зодуулаагүй, надтай уулзахдаа зүгээр байсан. Уламбаярт зодуулсны маргааш нь Отгонтамиртай ах Батбаатарын ажил дээр нь очиж уулзахад зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрсөн, зүүн талын хөмсөг хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг, ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2500 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдов.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Б.Батчимэг хамаарах болохыг тэмдэглэв.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Уламбаярын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 12011, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял нь шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хөнгөрүүлэн зохицуулсан тул 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

            Шүүх шүүгдэгч Б.Уламбаярыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож догшин авирласан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

            Шүүгдэгч Б.Уламбаяр нь хохирогч Б.Батчимэгтэй урьдын гэр бүлийн харилцаатай байсан ба дундаас төрүүлсэн хүүхдээр шалтаглан уулзаж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хоорондоо хамааралгүй харилцаатай байхад шалтгаангүйгээр хардаж, хэл амаар доромжилон хэрүүл маргаан үүсгэж, улмаар ичгүүр сонжуургүй авир гаргаж түүнийг зодож аливаа зүйлийг хийхийг тулган шаардах, өөрийн эрхшээлд оруулах зорилгоор тус гэмт хэргийг үйлджээ. 

           

Шүүгдэгч Б.Уламбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “гэрч Бямбажаргал, Чулуунцэцэг, Батцэцэг, Бямбаа нарын мэдүүлэг, гар утасны бичлэгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол, цагдаагийн байгууллагын албан тоот, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, фото зураг, мессэжүүд зэрэг нь ач холбогдолгүй, хуульд заасан журмыг хангаагүй тул шийдвэрийн үндэслэл болохгүйг анхаарч өгнө үү” гэсэн дүгнэлт, саналыг гаргажээ.

 

Шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг үйлдэх тухайн агшинд хөндлөнгийн шууд харсан гэрч байхгүй боловч хохирогчоос гэмт хэргийн талаар тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад хандаж, мэдүүлгийнхээ эх сурвалжыг удаа дараа тогтвортой мэдүүлсэн, тэдний таарамжгүй харилцааг ойр дотны хүмүүс нь тодорхой мэдүүлж хохирогчийн мэдүүлгийг гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон цагдаагийн байгууллагын албан тоотууд, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Харин хэрэгт авагдсан гар утасны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, фото зураг, мессэжүүдэд чухам хэний дуу хоолой, хэнээс бичсэн мессэж болохыг мөрдөн байцаалтаар бүрэн магадлаагүй тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.     

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Уламбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Батчимэг нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнд төлөх төлбөргүй болохыг харин хохирогч Э.Отгонтамираас хэрэгт авагдсан нэхэмжилсэн баримтын дагуу шүүгдэгч Б.Уламбаяраас 225.200 төгрөгийг гаргуулж Э.Отгонтамирт олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                       

                                                                                                                   ТОГТООХ нь:    

1. Прокуророос шүүгдэгч Б.Уламбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд” плазагийн хойно шинээр баригдсан байрны 11 тоотод эхнэр Б.Батчимэгийг зодож танхайрсан, тарчлаасан үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар, 

            2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 97в байрны 83 тоотод хохирогч Б.Батчимэгтэй "хүүхдээ авна, өгөхгүй" гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4, 34.19 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шар халзан хонь овогт Бямбадоржийн Уламбаярыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

                Шар халзан хонь овогт Бямбадоржийн Уламбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             3. Шүүгдэгч Б.Уламбаярт холбогдуулан прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Уламбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Уламбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч Б.Уламбаяраас хохирогч Б.Батчимэгт төлөх төлбөргүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 225.200 төгрөгийг гаргуулж Сонгино-Хайрхан дүүргийн 18 дугаар хороо 1-р хороолол 14-р байрны 50 тоотод оршин суух хохирогч Олзвой овогт Эрдэнэбатын Отгонтамирт /УК94040474/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Уламбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Уламбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН