Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 152/ШШ2023/00103

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 152/ШШ2023/00103

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар ОЮ69050719, Т овогт М-ийн Б-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн дугаар 1511008049, регистрийн дугаар 2001713, Х ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөх эрхийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг зогсоолгож, Хийц Увс ХХК-ийг өөрийн өмчлөлийн барилгын дээврийг хуучин байсан шиг хоёр тал руугаа усны хаялттай болгож өөрчлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У,

Хариуцагч Ө.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан өмчлөх эрхийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг зогсоолгож, Х ХХК-ийг өөрийн өмчлөлийн барилгын дээврийг хуучин байсан шиг хоёр тал руугаа усны хаялттай болгож өөрчлөхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие анх 2000 онд Улаангом сумын 3 дугаар багт байрлах Итгэлт барааны захын урд байрлалтай газрыг барилгын хамтаар худалдан аваад үйл ажиллагаа явуулж байгаад 2009-2010 оны хооронд өргөтгөл хийж махны үйлдвэр барьж тус үл хөдлөх хөрөнгүүд дээрээ тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Би 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаангом сумын 3 дугаар баг, Барилгын биржийн урд талд байрлах 364 м.кв талбайтай махны үйлдвэр, комбинатын зориулалттай 000101025 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2010 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаангом сумын 3 дугаар баг, Барилгын биржийн урд талд байрлах 49 м.кв, 2 давхар цайны газар, Конторын зориулалттай барилгыг 000101022 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, мөн 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаангом сумын 3 дугаар баг, Барилгын биржийн урд талд 180 м.кв талбай бүхий хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний зориулалттай 000101058 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус авч эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуулийн дагуу өмчлөх эрхтэй этгээд болно. Миний дээрх нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдтэй хил залгаа Х ХХК-ийн барилга байдаг бөгөөд тухайн барилгын дээвэр нь анх ашиглалтад орсон цагаасаа өдийг хүртэл дээврийн усны хаялт нь хоёр хажуу руугаа унахаар хийгдсэн байсан. Гэтэл Х ХХК-ийн захирал Ө.Б өөрийн барилгын дээврийг засварлахдаа дөрвөн тал руугаа усны хаялттай болгож өөрчилж одоогоор засварын ажил нь хийгдээд явж байна. Тус барилгын дээврийг дөрвөн талруугаа усны хаялттай болгож хийснээр тухайн барилгатай залгаа байдаг миний өмчлөлийн дээрх нэр бүхий гурван үл хөдлөх хөрөнгө усанд идэгдэх, үндсэн барилга болох тоосгоор баригдсан барилга маань усанд идэгдэж нурах эрсдэлт нөхцөл үүсээд байна. Анх нэхэмжлэл гаргаж байх үед хариуцагч талын дээврийн засварын ажил бүрэн дуусаагүй байсан тул өмчлөх эрхийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг зогсоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээврийн засварын ажил аль хэдийн дуусан. Хариуцагчийн миний өмчлөх эрхэнд хохирол учруулаад байгаа хууль бус үйлдлийг зогсоож, зөрчлийг арилгахгүй бол цаашид миний өмчлөлийн эд хөрөнгөнд байнга хохирол учирч, бидний хоорондох энэ үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой маргаан дуусахгүй байх болно. Би өөрийн зардлаар одоогоор өөрт учирсан хохирол болох барилгын суурь болон усанд идэгдэж ангайсан үл хөдлөх эд хөрөнгийн ханаа засвар хийлгэж янзлуулсан ч байнга хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн дээврийн ус миний барилга дээр унаж байгаа тохиолдолд хэсэг хугацааны дараа одоо үүсээд байгаа нөхцөл байдлууд дахин давтагдаж, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд усанд идэгдэж, барилгын суурь нь суулт өгснөөс болж барилгууд маань нурах ч эрсдэлт нөхцөл үүсээд байгаа учраас хариуцагчийн миний өмчлөх эрхийг зөрчөөд байгаа үйлдлийг зогсоолгож, зөрчлийг арилгуулах шаардлагатай байна. Иймд хариуцагчийн миний өмчлөх эрхийг зөрчиж байгаа үйлдлийг зогсоолгож, Х ХХК-ийг өөрийн өмчлөлийн барилгын дээврийг хуучин байсан шиг нь хоёр талруугаа усны хаялттай болгож өөрчлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ө.Б болон хариуцагчийн өмгөөлөгч О.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн 8516000209 дугаар бүхий 29954/2.9954 м.кв аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1511008049 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-1520005326 дугаартай 312 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-1520005328 дугаартай 3872 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-1520003738 дугаартай 64, 54, 196, 56, 36, 35 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус авч эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуулийн дагуу өмчлөх эрхтэй этгээд болно. Миний бие өөрийн эзэмшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дээврийг засварласан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа. Мөн Барилгын тухай хуульд 46 дугаар зүйлийн 46.1.8-д Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр бороо, цас, мөс, хог, шороо, тоосонцор болон бусад эд зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэж заасан. Ийм учраас дөрвөлжин дээврийн даац хэтрэх эрсдэлээс хамгаалж гурвалжин болгож засаж дээр нь бороо цас тогтохооргүй болгосон. Хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Х ХХК-ийн барилга 1987 онд баригдсан нэхэмжлэгчийн барилга 2010-2011 онд баригдсан. Сүүлд барилга барихдаа хүний барилгад ойртуулж барьчихаад одоо манай байшин руу ус орж байна, өмчлөх эрх маань зөрчигдөж байна гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч барилгаа барихдаа хэт ойрхон барьсан учраас галын аюулгүйн байдал болон барилга хоорондын норм журмыг зөрчсөн гэх холбогдох эрх бүхий албан тушаалтны дүгнэлт гарсан байгаа. Х ХХК барилгынхаа дээврийн хэлбэрийг өөрчлөөд М.Б-ийн барилгад хохирол учруулсан гэх шинжээч дүгнэлт болон ямар нэгэн эрх бүхий байгууллагын акт гараагүй. Ямар баримтыг үндэслэж Х ХХК-ийг нэхэмжлэгчийн барилгад хохирол учруулсан гээд байгаа юм бэ, нэхэмжлэгч сүүлд хүний барилгатай өөрийнхөө барилгыг нааж барьчихаад бусдын барилгыг дээврээ өөрчил гээд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Анх барилга барихдаа барилга хоорондын зайг тогтоосон норм журмыг баримтлаад барьж болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 1. Нэхэмжлэгч М.Б-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан өмчлөх эрхийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг зогсоолгож, Х ХХК-ийг өөрийн өмчлөлийн барилгын дээврийг хуучин байсан шиг хоёр тал руугаа усны хаялттай болгож өөрчлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие анх 2000 онд Улаангом сумын 3 дугаар багт байрлах Итгэлт барааны захын урд байрлалтай газрыг барилгын хамтаар худалдан аваад үйл ажиллагаа явуулж байгаад 2009-2010 оны хооронд өргөтгөл хийж махны үйлдвэр барьж тус үл хөдлөх хөрөнгүүд дээрээ тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Миний дээрх нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдтэй хил залгаа Х ХХК-ийн барилга байдаг бөгөөд тухайн барилгын дээвэр нь анх ашиглалтад орсон цагаасаа өдийг хүртэл дээврийн усны хаялт нь хоёр хажуу руугаа унахаар хийгдсэн байсан. Гэтэл Х ХХК-ийн захирал Ө.Б өөрийн барилгын дээврийг засварлахдаа дөрвөн тал руугаа усны хаялттай болгож өөрчилсний улмаас миний өмчлөлийн дээрх нэр бүхий гурван үл хөдлөх хөрөнгө усанд идэгдэх, үндсэн барилга болох тоосгоор баригдсан барилга маань усанд идэгдэж нурах эрсдэлт нөхцөл үүсээд байна. Би өөрийн зардлаар одоогоор өөрт учирсан хохирол болох барилгын суурь болон усанд идэгдэж ангайсан үл хөдлөх эд хөрөнгийн ханаа засвар хийлгэж янзлуулсан ч байнга хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн дээврийн ус миний барилга дээр унаж байгаа тохиолдолд хэсэг хугацааны дараа одоо үүсээд байгаа нөхцөл байдлууд дахин давтагдаж, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд усанд идэгдэж, барилгын суурь нь суулт өгснөөс болж барилгууд маань нурах ч эрсдэлт нөхцөл үүсээд байгаа учраас хариуцагчийн миний өмчлөх эрхийг зөрчөөд байгаа үйлдлийг зогсоолгож, зөрчлийг арилгуулах шаардлагатай байна. Иймд хариуцагчийн миний өмчлөх эрхийг зөрчиж байгаа үйлдлийг зогсоолгож, Х ХХК-ийг өөрийн өмчлөлийн барилгын дээврийг хуучин байсан шиг нь хоёр талруугаа усны хаялттай болгож өөрчлөхийг даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч Х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд :

3.1. Би өөрийн эзэмшлийн 8516000209 дугаар бүхий 29954/2.9954 м.кв аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1511008049 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-1520005326 дугаартай 312 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-1520005328 дугаартай 3872 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-1520003738 дугаартай 64, 54, 196, 56, 36, 35 м.кв үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус авч эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуулийн дагуу өмчлөх эрхтэй этгээд болно. Миний бие өөрийн эзэмшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дээврийг засварласан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлж байгаа. Мөн Барилгын тухай хуульд 46 дугаар зүйлийн 46.1.8-д Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр бороо, цас, мөс, хог, шороо, тоосонцор болон бусад эд зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэж заасан. Ийм учраас дөрвөлжин дээврийн даац хэтрэх эрсдэлээс хамгаалж гурвалжин болгож засаж дээр нь бороо цас тогтохооргүй болгосон. Хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Х ХХК-ийн барилга 1987 онд баригдсан нэхэмжлэгчийн барилга 2010-2011 онд баригдсан. Сүүлд барилга барихдаа хүний барилгад ойртуулж барьчихаад одоо манай байшин руу ус орж байна, өмчлөх эрх маань зөрчигдөж байна гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч барилгаа барихдаа хэт ойрхон барьсан учраас галын аюулгүйн байдал болон барилга хоорондын норм журмыг зөрчсөн гэх холбогдох эрх бүхий албан тушаалтны дүгнэлт гарсан байгаа. Х ХХК барилгынхаа дээврийн хэлбэрийг өөрчлөөд М.Б-ийн барилгад хохирол учруулсан гэх шинжээч дүгнэлт болон ямар нэгэн эрх бүхий байгууллагын акт гараагүй. Ямар баримтыг үндэслэж Х ХХК-ийг нэхэмжлэгчийн барилгад хохирол учруулсан гээд байгаа юм бэ, нэхэмжлэгч сүүлд хүний барилгатай өөрийнхөө барилгыг нааж барьчихаад бусдын барилгыг дээврээ өөрчил гээд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Анх барилга барихдаа барилга хоорондын зайг тогтоосон норм журмыг баримтлаад барьж болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Хэрэгт авагдсан Улаангом сумын 3 дугаар баг, Барилгын биржийн урд талд байрлах 364 м.кв талбайтай махны үйлдвэр, комбинатын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улаангом сумын 3 дугаар баг, Барилгын биржийн урд талд байрлах 49 м.кв, 2 давхар цайны газар, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улаангом сумын 3 дугаар баг, Барилгын биржийн урд талд байрлах 180 м.кв талбай бүхий хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний зориулалттай 000101058 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд нь М.Б, Ч.Т нарын өмчлөлийн болох нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 Дээрх нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдтэй хил залгаа Х ХХК-ийн барилгын дээвэр нь анх ашиглалтад орсон цагаас хойш дээврийн усны хаялт нь хоёр хажуу руугаа унахаар хийгдсэн байсан ба нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2020 оны 9 дүгээр сард хариуцагч Х ХХК нь барилгынхаа дээврийг засварлахдаа дөрвөн тал руугаа усны хаялттай болгож өөрчилсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар маргахгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж маргажээ.

 Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж тус тус заасан.

 Х ХХК нь барилгынхаа дээврийг засварлахдаа усны хаялт нь хоёр хажуу руугаа унахаар хийгдсэн байсныг дөрвөн тал руугаа усны хаялттай болгож өөрчилснөөр тухайн барилгын дээврийн ус М.Б, Ч.Т нарын өмчлөлийн 364 м.кв талбайтай махны үйлдвэр, комбинатын зориулалттай барилга руу орсны улмаас барилгын суурь суулт өгч цөмөрч хонхойсон, Хийц Увс ХХК-ийн барилга болон М.Б, Ч.Т нарын өмчлөлийн 180 м.кв талбай бүхий хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбосон хүзүүвч барилгын хооронд зай гарсан байдалтай байсан болох нь тус газарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгиийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургаар тогтоогдож байна.

 Дээрх үйл баримтаас үзвэл М.Б, Ч.Т нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн насжилт, эдэлгээнд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 Хариуцагч Барилгын тухай хуульд 46 дугаар зүйлийн 46.1.8-д Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч нь барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр бороо, цас, мөс, хог, шороо, тоосонцор болон бусад эд зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй боловч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар бусдын хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр үүргээ биелүүлэх учиртай.

 Х ХХК нь М.Б, Ч.Т нарт холбогдуулан 364 м.кв талбайтай махны үйлдвэр комбинатын, мөн 108 м.кв, 24*9 м.кв талбайтай хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний зориулалттай сендвичэн барилгуудыг татан буулгуулах тухай Манай Х ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрладаг. Х ХХК-ийн барилгын материалын үйлдвэрийн барилга 1987 онд баригдсан. Иргэн М.Б-ийн махны хөргөгч камер, бэлтгэлийн өрөө, мах боловсруулах үйлдвэрийн комбинатын байгууламж, цайны газар, конторыг 2012-2014 онуудад барьсан. Махны хөргөгч камерын сендвичэн барилгын дээврийн усны урсгал нь манай барилгын хана руу чиглэсэнээр ханын шавардлага унасан, ус нэвчсэн, ус зайлуулах хоолой, суваг гаргаагүй учир үндсэн барилгын суурь суусан, хана цуурсан зэрэг нь манай үйлдвэрийн барилгын насжилтад маш муугаар нөлөөлж байна. Үүнээс гадна галын аюулгүйн үед дээвэр рүү гардаг шатыг эвдэж барилга барьсан, уг сендвичэн барилга зураг төсөв болон улсын комисс хүлээн авсан акт байхгүй зэрэг нь холбогдох норм стандарт, дүрэм, журмыг зөрчиж байна. Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт гарч барилгын норм дүрэм болон байшин хоорондын зай, галын тэсвэрлэлт болон галын аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа тул М.Б болон эхнэр Ч.Т-ийн түр сендвичэн барилгыг татан буулгуулж өгнө үү гэх агуулгатай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 431 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Талууд дээрх шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд хариуцагчийн Нэхэмжлэгч барилгаа барихдаа хэт ойрхон барьсан учраас галын аюулгүйн байдал болон барилга хоорондын норм журмыг зөрчсөн гэх холбогдох эрх бүхий албан тушаалтны дүгнэлт гарсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирол шаардаагүй, харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг хариуцагчаас шаардсан тул хариуцагчийн Х ХХК барилгынхаа дээврийн хэлбэрийг өөрчлөөд М.Б-ийн барилгад хохирол учруулсан гэх шинжээч дүгнэлт болон ямар нэгэн эрх бүхий байгууллагын акт гараагүй. Ямар баримтыг үндэслэж Х ХХК-ийг нэхэмжлэгчийн барилгад хохирол учруулсан гээд байгаа юм бэ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 Ийнхүү Х ХХК нь барилгынхаа дээврийг засварлахдаа усны хаялт нь хоёр хажуу руугаа унахаар хийгдсэн байсныг дөрвөн тал руугаа усны хаялттай болгож өөрчилснөөр тухайн барилгын дээврийн ус М.Б, Ч.Т нарын өмчлөлийн 364 м.кв талбайтай махны үйлдвэр, комбинатын зориулалттай барилга руу орсны улмаас барилгын суурь суулт өгч цөмөрч хонхойсон, Х ХХК-ийн барилга болон М.Б, Ч.Т нарын өмчлөлийн 180 м.кв талбай бүхий хөргөгч камер, бэлтгэлийн өрөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбосон хүзүүвч барилгын хооронд зай гарсан болох нь дээр дүгнэснээр тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.

 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, мөн зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээх гэж, 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигч хариуцагчаас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмчлөх эрхийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг зогсоож, өөрийн өмчлөлийн барилгын дээврийг хуучин байсан шиг хоёр тал руугаа усны хаялттай болгож өөрчлөхийг хариуцагч Х ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд 106.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмчлөх эрхийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг зогсоож, өөрийн өмчлөлийн барилгын дээврийг хуучин байсан шиг хоёр тал руугаа усны хаялттай болгож өөрчлөхийг хариуцагч Х ХХК-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ