Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/510

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/0047/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

улсын яллагч Г.У ,

шүүгдэгч Ч.Ш  нар оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000821 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Ч.-н Ш,, (РД:********), 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймаг, **** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот *** дүүрэг, **** хороо, *** хэсгийн ** дугаар гудамж **  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.Ш, нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн **** сумын ** баг Цагаан нуур **-** тоотод иргэн Д.Б,ын их 5 ханатай иж бүрэн монгол гэрийг түрээслэн түр оршин сууж байх үедээ буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж, завших гэмт хэрэг үйлдэж 3,500,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт.

 

Шүүгдэгч Ч.Ш, нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Цагаан нуур **-** тоотод иргэн Д.Б,ын их 5 ханатай монгол гэрийг түрээслэн түр оршин сууж байх үедээ иргэн Б.С,д 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдад 3,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

Д.Б,ын Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “...Д.Б,ыг хохирогчоор тогтоох” тухай тогтоол (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

Хохирогч Д.Б,ын өгсөн: “...Миний бие өөрийн эзэмшлийн их таван ханатай иж бүрэн монгол гэрийг сарын 100,000 төгрөгөөр хүнд түрээслүүлэх гээд фэйсбүүк дээр зар тавихад 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр фэйсбүүкээр “ijilnym Tugsjargal” гэх хаягтай хүн надтай холбогдоод гэр түрээслэхээр болсон, ингээд маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тухайн фэйсбүүк хаягтай хүний нөхөр нь Ш, гэх хүн манай хашаанд ирээд гэрийг ачаад аваад явсан. Ингэхдээ нэг сарын төлбөр болох 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дараа сарын түрээсээ авах гээд тухайн хүмүүстэй холбогдоход өгнө гэж хэлээд өгөхгүй байсан тул гэр барьсан хашаа руу очиж үзэхэд гэр байхгүй байсан. Үүний дараа тухайн хүмүүс нь гэр чинь байгаа, удахгүй өгнө гэж хэлээд одоог хүртэл гэр өгөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна, ...би өөрийн гэрээ Ш,гаас гэр худалдан авсан С, гэх хүнээс бүрэн бүтэн хүлээн авсан, одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дэх тал),

 

2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “...иргэний нэхэмжлэгчээр Б.Соёл-Эрдэнийг тогтоох тухай” тогтоол (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

Иргэний нэхэмжлэгч Б.С-ийн өгсөн: “... Би Дархан-Уул аймагт барилгын ажил эрхэлж байгаа юм. Өөрийн ажилчдаа байрлуулахын тулд гэр фэйсбүүк зар харж байгаад гэр зарна гэсэн зарын дагуу 90****** гэсэн дугаараар залгахад нэг эрэгтэй хүн их таван ханатай гэр зарна гэж хэлсэн. Тэгээд тухайн гэрийг үзэж харж байгаад 1,500,000 төгрөгт авчихмаар байна гэж хэлэхэд ав, ав гэсэн. Ингээд тухайн гэрийг Дархан захын хойноос ачиж авсан. Тэр хүний нэрийг мэдэхгүй. Би гэр худалдан авахдаа эхнэртээ хэлээд мөнгө шилжүүлсэн юм. Тэр хүн мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм гэж хэлж байсан. Тэр гэр нь зуух яндангүй, шалгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

Гэрч С.А-ийн өгсөн: “...Ч.Ш, нь манай хүү Г-ын найз гэдгээр нь мэднэ. Тэрээр 2024 оны 08 дугаар сарын сүүлээс 2024 оны 09 дүгээр сарын эхэн хүртэл хашаанд маань гэр бүлийн хамт түр амьдарч байсан. Тэрээр Дарханд суурьшин амьдрах гэж байгаа гэж хэлж байсан. Хүнээс гэр түрээслэн амьдарч байна гэж хэлж байсан. Ч.Ш, нь 2024 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хот явахаар болчихлоо гээд хүмүүстэй хамт хамт ирээд гэрээ ачаад явсан. Ямар хүмүүстэй хамт байсныг мэдэхгүй байна. Хүний амьдралд ороод яах вэ гээд бодсон. Ч.Ш,гийн эхнэр нь бөөрний өвчтэй гэж хэлж байсан. Миний бодож байгаагаар манай хашаанд 10 гаран хоног болсон гэж бодож байна. Манай хашаанд амьдрахад ямар нэгэн төлбөр гэж би аваагүй тус болох гэж байлгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

Гэрч И.Т-ын өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны үед биеийн байдал хүнд байсан тул гар утас ч ашиглахгүй байсан. Энэ талаар манай нөхөр Ч.Ш, мэдэж байгаа байх ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Бид хоёр эхнэр, нөхөр. Дундаасаа 2 хүүхэдтэй. Тэрээр амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, архи уугаад байдаггүй, миний бие муу байгаа болохоор Ч.Ш, ганцаараа ажил хийж эм, тарианы мөнгө олж хүүхдүүдээ асарч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

Ч.Ш,гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би энэ оны 07 сард Дархан-Уул аймагт амьдрах зорилготой гэр бүлээрээ очсон. Дархан-Уул аймгийн зар дээрээс Д.Б, гэх хүн гэр түрээсэлнэ гэхээр нь тухайн хүнтэй холбогдоод 5 ханатай монгол гэр түрээсэлж найз Г-н ээж А гэх хүний хашаанд буусан. Сарын 100,000 төгрөгөөр түрээсэлсэн. Ингээд тухайн гэрийг түрээслээд сар гаран болоод байж байтал манай эхнэрийн бие нь муудаад мөнгөний хэрэгцээ гарахаар нь Дархан-Уул аймгийн зар дээр гэр авна гэсэн байхаар тухайн хүнтэй холбогдоод 1,500,000 төгрөгөөр зарсан. Тухайн гэр Дархан-Уул аймагт байгаа байх яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “...их 5 ханатай иж бүрэн монгол гэр 3,500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

Хаан банк ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5045/24/1094 дугаартай албан бичиг, И.Т-ын эзэмшлийн 50***** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 63, 65-67 дахь тал) зэрэг нотлох баримт болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүгдэгч Ч.Ш,г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгө завшсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Шүүгдэгч Ч.Ш, нь хохирогч Д.Б,ын итгэмжлэн хариуцуулсан их 5 ханатай монгол гэрийг Б.С,д 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг завших гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Ч.Ш,гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

1.5.Хохирол, хор уршиг:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

510 дугаар зүйлийн 510.1-д “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус заасан.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б,ад 3,500,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь монгол гэрийг хохирогч Д.Б,ад биет байдлаар хүрээлгэн өгсөн байна.

 

Шүүгдэгч Ч.Ш, нь хохирлыг арилгах зорилгоор ажлын 5 өдрийн завсарлага авсан боловч тэрээр барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч Ч.Ш,гаас 1,500,000 төгрөгөөр гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.С,д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

2.1 Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: Шүүгдэгч Ч.Ш,д ял, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийг шүүхийн шатанд ирснээс хойш 9 сарын хугацаанд оргон зайлсан. Хохирол төлбөрийг иргэний нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй. Мөн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Ч.Ш,гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч: Эхнэр маань 3 нялх хүүхэдтэй учраас ажил хийх боломжгүй. Надад хохирол төлбөр төлөх боломж олгохыг хүсэж байна. Би 14 хоногийн дотор ажил хийгээд төлөх боломжтой гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ч.Ш,д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ш,д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Ш,гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ш.Х-ын төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 53-60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, ам бүл 4 зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Ш,д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, хохирол нөхөн төлөөгүй зэрэг байдал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, шүүхээс оргон зайлж байсан гэх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Ч.Ш,д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж зааснаар Ч.Ш,д оногдуулсан 10 (арав) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ч.Ш,гийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

2.3.Бусад асуудлын талаар

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Ч.-н Ш,г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ш,д 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ш,д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ш,гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ш,гаас 1,500,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** хороо, * блок ** тоотод оршин суух Б-ын С, (РД:М-------, утас:******)-д олгосугай.

 

6.Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ш,д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТ-АМГАЛАН