| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00486/И |
| Дугаар | 152/ШШ2023/00119 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2023/00119
| 2023 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 152/ШШ2023/00119 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22 тоотод байрлах 4011902 регистрийн дугаартай, Х ХХК-ийн,
Хариуцагч: У аймгийн З-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Увс аймгийн Засаг дарга /захиалагч/ нь Х ХХК /нийлүүлэгч/-тай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БСШУСЯ/202003592/3 дугаартай Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гэж заасан. Гэрээнд заасны дагуу манай компани 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авагч болох Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн нягтлан бодогч С.О, нярав Г.А нарт гэрээнд заасан тоног төхөөрөмжийг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн болно. Захиалагч тал гэрээнд заасан төлбөр болох 6,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Х ХХК нь гүйцэтгэсэн тендерийн ажлаа хийж гүйцэтгээд хүлээж авах ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд ямар нэгэн доголдол, асуудал гаргаагүй. Тухайн үед холбогдох баритуудыг бүрдүүлж хариуцагч талд өгснийг гэрч болон хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн албан тоотоор нотлогдож байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул захиалагч тал буюу Увс аймгийн Засаг даргаас 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н хариу тайлбартаа: Х ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдох Увс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ болох Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн гэрээнд заасан 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус компанийн аймгийн Засаг даргатай байгуулсан БСШУСЯ/202003592/3 дугаартай гэрээний 3.1-д зааснаар Хүрэлбуян ХХК нь тухайн оны 12 дугаар сарын сүүлээр төрийн сангийн гүйлгээ хаагдаагүй байхад тендерийн үнэ олгохыг хүссэн материалаа Засаг даргын тамгын газарт ирүүлэх ёстой. Увс аймгийн Засаг даргын тамгын газар тухайн материалыг нь хүлээн авч Сангийн яамд хүргүүлснээр гэрээний үнийн дүн болох 6,000,000 төгрөгийг шилжүүлэх юм. Гэтэл Х ХХК нь дээрх хугацаанд Увс аймгийн Засаг даргын тамгын газарт ямар ч материал ирүүлээгүй нь гэрээнд заасан хугацаагаа зөрчсөн тул санхүүжилт олгогдох боломжгүй болсон. Сангийн яамнаас аймгийн ЗДТГ-т гэрээний үнийн дүнг шилжүүлэхдээ Х ХХК-ийн хүсэлт, холбогдох материалыг үндэслэн шилжүүлдэг болохоос гэрээний нэг тал болох аймгийн Засаг даргын санаачилгаар гэрээний үнийн дүнг шилжүүлдэггүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас Х ХХК-аас ирүүлсэн материалыг Сангийн яаманд хүргүүлсэн боловч ажлын хөлсийг шийдвэрлэж өгөөгүй. Сангийн яам тухайн ажлыг хөлсийг шийдвэрлэж өгөөгүй тул Увс аймгийн Засаг дарга хариуцагч биш, хариуцагч нь Сангийн яам юм гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 141 дүгээр Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль болон бусад сургуулиудад тавилга худалдан авах төсөл арга хэмжээний багц 3 буюу /4 дүгээр сургуулийн тоног төхөөрөмж/-ийг нийлүүлэх тендерийн гэрээ, Х ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр, 02 дугаар хүсэлт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 15, 16 дугаар албан бичиг, Х ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн баримт, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр М.М-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж байгаа тус Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Увс аймгийн Засаг дарга /захиалагч/ нь Х ХХК /нийлүүлэгч/-тай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БСШУСЯ/202003592/3 дугаартай Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гэж заасан. Гэрээнд заасны дагуу манай компани 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авагч болох Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн нягтлан бодогч С.О, нярав Г.А нарт гэрээнд заасан тоног төхөөрөмжийг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн болно. Захиалагч тал гэрээнд заасан төлбөр болох 6,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Х ХХК нь гүйцэтгэсэн тендерийн ажлаа хийж гүйцэтгээд хүлээж авах ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд ямар нэгэн доголдол, асуудал гаргаагүй. Тухайн үед холбогдох баритуудыг бүрдүүлж хариуцагч талд өгснийг гэрч болон хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн албан тоотоор нотлогдож байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул захиалагч тал буюу Увс аймгийн Засаг даргаас 6,000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Тус компанийн аймгийн Засаг даргатай байгуулсан БСШУСЯ/202003592/3 дугаартай гэрээний 3.1-д зааснаар Х ХХК нь тухайн оны 12 дугаар сарын сүүлээр төрийн сангийн гүйлгээ хаагдаагүй байхад тендерийн үнэ олгохыг хүссэн материалаа Засаг даргын тамгын газарт ирүүлэх ёстой. Увс аймгийн Засаг даргын тамгын газар тухайн материалыг нь хүлээн авч Сангийн яамд хүргүүлснээр гэрээний үнийн дүн болох 6,000,000 төгрөгийг шилжүүлэх юм. Гэтэл Х ХХК нь дээрх хугацаанд Увс аймгийн Засаг даргын тамгын газарт ямар ч материал ирүүлээгүй нь гэрээнд заасан хугацаагаа зөрчсөн тул санхүүжилт олгогдох боломжгүй болсон. Сангийн яамнаас аймгийн ЗДТГ-т гэрээний үнийн дүнг шилжүүлэхдээ Х ХХК-н хүсэлт, холбогдох материалыг үндэслэн шилжүүлдэг болохоос гэрээний нэг тал болох аймгийн Засаг даргын санаачnlгаар гэрээний үнийн дүнг шилжүүлдэггүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас Х ХХК-аас ирүүлсэн материалыг Сангийн яаманд хүргүүлсэн боловч ажлын хөлсийг шийдвэрлэж өгөөгүй. Сангийн яам тухайн ажлыг хөлсийг шийдвэрлээгүй тул Увс аймгийн Засаг дарга хариуцагч биш, хариуцагч нь Сангийн яам юм гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Х ХХК, Увс аймгийн Засаг дарга нар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ТГ/480/22/01 дугаартай БСШУСЯ/202003592/3 дугаартай Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч Х ХХК нь Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг 6,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Х ХХК нь гэрээнд заасан ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл талууудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчид ажлын хөлс, ажлын үр дүнгийн хувьд маргаагүй, хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК нь 2020 оны эцсээр буюу төрийн сангийн гүйлгээ хаагдаагүй байхад тендерийн үнэ олгохыг хүссэн материалаа Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй учраас ажлын хөлс 6,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг ирүүлсэн боловч шүүх хуралдаанд Манай талаас Х ХХК-аас ирүүлсэн материалыг Сангийн яаманд хүргүүлсэн боловч ажлын хөлсийг шийдвэрлэж өгөөгүй. Сангийн яам тухайн ажлыг хөлсийг шийдвэрлээгүй тул Увс аймгийн Засаг дарга хариуцагч биш, хариуцагч нь Сангийн яам юм гэж маргаж байна.
Дээрх маргаж байгаа үйл баримтын талаар гэрч М.М Увс аймгийн Засаг дарга болон Х ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль болон бусад сургуулиудад тавилга худалдан авах төсөл арга хэмжээний багц 3 буюу /4 дүгээр сургуулийн тоног төхөөрөмж/-ийг нийлүүлэх тендерийн бичиг баримтыг Х.Б гэж хүн надад өгсөн. Хөрөнгө оруулалт, санхүүжилт хүссэн материалыг тухайн төсвийн жилд багтаан ирүүлэх ёстой байдаг. Х ХХК нь материалаа тухайн төсвийн жилдээ багтаан өгч байсан. 2020 оны 12 дугаар сард өгсөн санагдаж байна. Өдрийг нь тодорхой санахгүй байна. Санхүүжилт хүссэн албан бичигт хугацаа нь тодорхой байгаа байх. Х ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилт хүссэн материалыг бүрэн эсэхийг хянаад Сангийн яам руу явуулдаг тул тухайн үед нь бүрэн бус байвал дутуу материалыг нэмж бүрдүүлж авдаг. Материалыг хүлээн авсан л бол бүрэн гэсэн үг. Х ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилт нь сангийн яамнаас шилжиж ирдэг. Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь Х ХХК-ийн санхүүжилт хүссэн материалыг хянаж баталгаажуулаад албан бичгийн хамт Сангийн яам руу явуулсан хэдий ч санхүүжилт ирээгүй. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын тухайн төсвийн жилд Сангийн яам руу явуулсан материалаас 23 материалын санхүүжилт олгогдоогүй. Тухайн төсвийн жилд санхүүжилт авч чадаагүй бол тухайн жилийн үлдэгдэл төсөв нь татагддаг. Иймд үлдсэн санхүүжилт хүссэн материалуудыг дараа оны төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн боловч дээрх 23 материалаас Х ХХК-аас бусад санхүүжилт 2022 онд олгогдсон. Харин Х ХХК-д санхүүжилт олгох эх үүсвэр байхгүй тул олгогдоогүй юм. Х ХХК-ийн санхүүжилт хүссэн баримтуудыг бичиг хэргийн ажилтнаар дамжуулан эх хувиар явуулсан гэж мэдүүлсэн байна.
Түүнчлэн Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1919 дүгээр Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газарт хандаж гаргаж байсан албан бичигт 2020 оны Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын эрх шилжүүлсэн, 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль болон бусад сургуулиудад тавилга худалдан авах ажлын багц 4 дүгээр сургуулийн тоног төхөөрөмж-ийг нийлүүлэх ажлын Х ХХК хийж гүйцэтгэхээр тендерт шалгаран гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэсэн байна. Иймд улсын комиссын актыг үндэслэн санхүүжилт 6,000,000 төгрөгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын /100150015300/ дансанд шилжүүлж өгнө үү. Холбогдох баримт болох уг ажлын улсын комиссын акт, эрх шилжүүлсэн тушаал, үнэлгээний хороо байгуулсан захирамж, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, гэрээ, фото зураг, албан бичиг, нэхэмжлэх зэргийг хянан баталгаажуулж хүргүүлж байна гэж тусгасан байх ба тухайн албан бичгээр Х ХХК нь ажлын хөлстэй холбогдох материалыг хариуцагч талд хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
Гэрч М.М-ын шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1919 дүгээр албан бичгээр нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Х ХХК нь 2020 оны эцсээр буюу төрийн сангийн гүйлгээ хаагдаагүй байхад тендерийн үнэ олгохыг хүссэн материалаа Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй учраас ажлын хөлс 6,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Х ХХК нь Увс аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.9-д Барааг захиалагчийн томилсон ажлыг хэсэг шалгаж, хүлээн авсны дараа санхүүжилтийг 30 хоногийн дотор олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч Х ХХК нь ажлын хөлсийг захиалагч Увс аймгийн Засаг даргаас шаардах эрхтэй. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Манай талаас Х ХХК-аас ирүүлсэн материалыг Сангийн яаманд хүргүүлсэн боловч ажлын хөлсийг шийдвэрлэж өгөөгүй. Сангийн яам тухайн ажлыг хөлсийг шийдвэрлээгүй тул Увс аймгийн Засаг дарга хариуцагч биш, хариуцагч нь Сангийн яам юм гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргаас ажлын хөлс 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод, хариуцагч Увс аймгийн Засаг даргаас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргаас ажлын хөлс 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод, хариуцагч Увс аймгийн Засаг даргаас 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ