Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2023/00135

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2023/00135

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 24 дүгээр байрны 705 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ72082501, Ш ургийн овогт Ч-ын Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Улаангом сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар Цалин,нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хавсралтын Ч.Б-ын ур чадварын нэмэгдлийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ч.Б-ын ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцохыг хариуцагчид даалгах,2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн үнэлгээний урамшуулал 532,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн үнэлгээний урамшуулал 532,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Миний бие 1993-2010 онуудад Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багшаар, 2010 оны 9 дүгээр сараас Увс-Эрдэм ахлах сургуулийн сургалтын менежерээр, үргэлжлүүлэн 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл захирлаар, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Увс-Эрдэм ахлах сургуулийн захирлын албан тушаалд, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тус сургуулийн сургалтын менежерээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 22-нд болсон Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажлын байран дээр явагдсан сонгон шалгаруулалтад орж, 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагт Улаангом сумын захирлуудын дундын чат дээр Улаангом сумын 2,3,4,6-р сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулах тухай Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаартай захирамж гарсныг байршуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил хүлээлцсэн. Улаангом сумын Засаг дарга Ц.Г Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулах захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг 59.1 Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэх заалтыг зөрчиж, сэлгэн томилгоо хийсэн тул 2022 оны 12 дугаар сарын 16-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс нэг хоногийн өмнө Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.М 2022 оны 12 дугаар сарын 15-ны дотор гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ гаргаж тайлангаа ирүүлнэ үү гэж Улаангом сумын захирлуудын дундын чат дээр зар тавьсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 15-нд гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаа хүлээлгэн өгсөн. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 23 минутад Улаангом сумын боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.М 95119142 дугаарын утсаар над руу залгаж, захирлуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ гарсан. Гэхдээ танд сахилгын шийтгэлийн захирамж гарсан тул урамшуулал олгогдохгүй гэж мэдэгдсэн. Яагаад надад сахилын шийтгэл ногдуулсан юм гэж асуухад 9 дүгээр сард дотуур байранд сурагчдыг хугацаанд нь аваагүй тул гэж хэлсэн. Тухайн өдрөөс 5 өдрийн дараа Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг Ч.Б миний биед 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15 цагт 6 дугаар сургуулийн бичиг хэргийн ажилтан Ц.О Сургуулийн цахим хаягаар ийм бичиг ирсэн байна гэж хуулбар хувийг оруулж ирж танилцуулснаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн захирамжийн хуулбарыг бичгээр авсан. Энэ сахилгын шиитгэлийг хууль бус, хувийн сэдэлттэй гэж үзэж байна. Учир нь 2022 оны 12 дугаар сарын 16-нд минии бие нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг ямар нэг сэжмээр сонсоод миний эрхэд ийнхүү халдаж байна. Хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д Ажилтанг сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэсэн зүйл заалтыг зөрчсөн. Тус А/390 дугаартай захирамжийн үндэслэлд 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Б дотуур байрны сурагчдыг хугацаандаа оруулаагүй, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг зөрчсөн, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл тооцож буй явдал нь хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй байна. Нэгдүгээрт: Тус сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах тухай зүйл заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт Улаангом сумын Засаг дарга Ц-ийн Г нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 -д заасан ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх зүйл заалтыг зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдөр үндэслэлгүйгээр миний хөдөлмөрлөх эрхэд халдаж сахилгын шийтгэл оногдуулж буй нь хууль бус үйлдэл юм. Гуравдугаарт Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөриин гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Тэгвэл миний бие тухайн эрх зүйн хэм хэмжээний аль зүйл заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй. 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Улаангом сумын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажил олгогч Ц.Г нь ажилтан миний биетэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт баталж ажиллуулаагүй Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48 1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, Хөдөлмөрийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасан Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй гэх зүйл заалтыг зөрчсөн байна. Ч.Б миний бие нь төрийн үйлчилгээний албан хаагч мөн. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах ёстой. Ажил олгогч Ц.Г энэ үүргээ биелүүлээгүй. Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаар захирамжид Засгийн газрын 2019 оны 33-р тогтоолын хавсралтын 4 дүгээр 4.2.2-ыг үндэслэсэн нь эрх зүйн зөрчилтэй. Учир нь ЗГ-ын 2019 оны 33 дугаар Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална, 2019 оны 33 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.3-д Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд 2022оны 9 дүгээр сарын 10-нд дотуур байранд сурагчдыг хүлээн авсныг ёс зүйн зөрчил гэж үзсэн бол Ёс зүйн зөвлөл"-өөр хэлэлцүүлж ёс зүйн зөрчил мөн үү? Үгүй юу гэдгийг тогтоож, тогтоол гарч тухайн эрх бүхий ёс зүйн зөвлөл нь холбогдох хариуцлагаа тооцох ёстой байсан байх. Хугацаандаа сурагчдыг авахгүй байна гэх нэг ч өргөдөл гомдол 2 дугаар цогцолбор сургууль дээр ирээгүй. Хэрэв Улаангом сумын Засаг даргад хандсан өргөдөл гомдол байсан бол надад яагаад танилцуулаагүй юм бэ? Эсвэл тус сургууль руу явуулж болох л байсан. Улангом сумын 2 дугаар цогцолбор сургууль нь хичээлийн нэг заалтай ба 2022-2023 оны хичээлийн жилд 69 бүлэгт нэг заал хүрэлцэхгүй байгаа тул 7-р цэцэрлэгийн заалыг үргэлжлүүлэн ашиглуулах асуудал дээр дэмжлэг үзүүлж өгнө үү гэж 9 дүгээр сарын 13-нд Улаангом сумын Засаг даргын өрөөнд Ч.Б миний бие нь биеийн тамирын багш Ш.Б-ын хамт очиход минь заалны тухай асуудлыг ярилцсан. Тухайн ярилцлагын эцэст нь Ц.Г та яагаад дотуур байранд оройтуулж хүүхэд авсан юм бэ? гэж асуухад нь миний бие нь дараах 3 гол тайлбарыг хэлсэн. Энэ тухайгаа 2022 оны 9 дүгээр сарын 14-нд 139 тоот албан бичгээр тайлбар хүргүүлсэн байдаг. Дотуур байранд орох харьяа Завхан сумын сурагчдыг бүртгэж.ковид, шээс, шимэгч хорхой зэрэг үзлэг оношилгоонд оруулсан. Тус сургууль дээр тендерээр хоолны материал нийлүүлэх гэрээтэй Х ХХК, 2022 оны 8 дугаар сарын 19-нд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж гэрээний үнээр нийлүүлэх боломжгүй болсныг мэдэгдэж байна гэх албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-д дайн дэгдсэний улмаас хилээр гарах бараанд хориг тавьж, хязгаарлалт хийсэн нь барааны үнийг 2 дахин нэмэгдүүлж, тээвэр шатахууны үнэ өсөж зардал нэмэгдсэн тул гэрээний үнээр нийлүүлэх боломжгүй гэх мэдэгдлүүдийг удаа дараа ирүүлсэн. Мөн 2 дугаар цогцолбор сургууль дээр ногоо нийлүүлж байсан Б ХХК-нь ногооны үнэ, ажиллах хүчний, тээврийн зардал нэмэгдсэн гэж мэдэгдсэн тул захирлын дэргэдэх зөвлөл, Үдийн хоол хөтөлбөр хариуцсан эрх бүхий хүмүүсийн хүрээнд хуралдаж, протокол үйлдэж 2022 оны 9 дүгээр сарын 02-ны 113 тоот бичгээр зөвшилцөлд хүрэх тухай хүсэлт хүргүүлсэн. Улаангом сумын 2 дугаар цогцолбор сургууль нь бага ангийн Үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэх тогоочийн орон тоо, цалинг шийдээгүйгээс дотуур байрны 110 сурагчдын хоол хийж байсан 2 тогооч, 3 туслах нийт 5 хүн дээр үйлчилгээний ажилчдаас 2 хүн нэмж ажиллах хүчийг өргөтгөөд бага ангийн 1106 хүүхдийн хоолыг эхлүүлсэн. Энэ нь харин ч хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангаж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан үйл ажиллагаа юм. Харьяа тойргийн сурагчдыг дотуур байранд хүлээн авах бүхий л бэлтгэл ажил хангаж дуусгаад 2022 оны 9 дүгээр сарын 10-нд хүлээн авч байрлуулсан энэ хугацаанд тухайн сурагчдын дунд ямар нэг гэмт хэрэг зөрчил гараагүй. Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаар захирамж нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4.1, 17 дугаар зүйлийн 17.1 -д үндэслэсэн нь мөн үндэслэлгүй. Надад хүүхдийн эрх зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан зүйл байхгүй. Дотуур байранд сурагчдыг үзлэг оношилгоонд оруулснаар тухайн сурагчдын өөрийнх нь болон бусдын эрүүл аюулгүй байдлыг, дотуур байрны сурагчдын өдөр, оройн хоолоор хангах нөхцөлийг бүрдүүлж, 2020 оны 9 дүгээр сард эхлэх ёстой байсан үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилтийг дотоодын нөөц хүн хүчийг ашиглаж амжилттай эхлүүлж, сайн ажилласан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэж заажээ. Гэтэл гаргаж байгаа шийдвэрээрээ бусдын хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргаж Монгол улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжийг зөрчиж, сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрлөх эрхэд минь ноцтой халдаж байна. Улаангом сумын Засаг дарга Ц-ийн Г нь ажлын байрны дарамт /сахилгын шийтгэл ногдуулахаар дарга нар удаа дараа шаардсан, сэлгэн ажиллуулах тухай анх дуулгаж байхдаа эсэргүүцсэн хүнд сахилгын шийтгэл ногдуулан, сэлгэн ажиллуулах захирамж хууль бус захирамж гаргаж, сонсгох ажиллагаа хийхгүйгээр, өөрт нь мэдэгдэхгүй сахилгын шийтгэл ногдуулсан, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хүргүүлсэн атал үнэлгээ хийгээгүй, дүн танилцуулаагүй, үнэлгээтэй танилцах тухай албан бичгийг хүргүүлэхэд хариу ирүүлээгүй үйлдлийг удаа дараа гаргаж Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн бдугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 7.1.3, тус тус зөрчиж эдийн засаг, эрүүл мэндийн хохирол учруулж байна. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөөний тайлангийн үнэлгээний, урамшуулалт цалин болох үндсэн цалингийн 45% болох 532,128 төгрөг гаргуулж өгнө үү.Мөн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 01 сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжийн надад холбогдох ур чадварын нэмэгдлийн хувь тогтоосон хэсгийг хүчингүй болгож, ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцохыг даалгаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга хариу тайлбартаа: Улаангом Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн үнэлгээний урамшууллаа үндсэн цалингийн 45%-иар тооцуулж гаргуулах тухай Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гарган хүргүүлж байна. Ч-ын Б нь Улаангом сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот захирамжаар Цогцолбор 2 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаангом сумын харьяа 5 сургууль, 13 цэцэрлэгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээн авсан. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаангом сумын Засаг даргын зөвлөл хуралдаж сургууль, цэцэрлэгүүдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж үнэлгээг өгсний дагуу 2022 оны урамшууллыг олгосон. (Үнэлгээ хийсэн баримтыг хавсаргав). Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг зөрчиж сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй. (Сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан зүйлгүй болно) Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4. дэх хэсэгт зааснаар Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тушаалыг үндэслэн Улаангом сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/332 тоот захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолтыг жишиг болгон баталсан. Албан тушаалын тодорхойлолтын дөрөвдүгээр зорилтын хүрээнд /Суралцагчид дотуур байранд амьдрах орчин нөхцөлийг тогтмол сайжруулах, хяналт тавих/ гэсэн заалт тодорхой орж өгсөн байна. /Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоол/ Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмын дагуу:

2.1. Төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид төлөвлөгөө гэх) боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ. Засгийн газрын 2020 оны 100 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын дагуу 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 2-р сургуулийн захирал нь төсвийн шууд захирагч учраас Ч.Б-той гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.4. дэх заалтад Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна. 48.5. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байдаг. Улаангом сумын засаг дарга миний ямар нэгэн байдлаар хувийн сэдлээр Ч.Б-д сахилгын арга хэмжээ аваагүй бөгөөд хууль тогтоомжид нийцүүлэн, төрийн алба хаагч нь гарсан хууль дүрмийг чанд мөрдөж ажиллах, тэр тусмаа хүүхдийн эрх ашгийг хөндөхгүйгээр боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь зүйтэй гэдэг үүднээс сахилгын арга хэмжээ-авч, гажилласан.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12. Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалтын дагуу, Улаангом сумын засаг дарга миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 19-нд сургуулиудын 2022 оны гүйцэтгэлийн тайлангийн үнэлгээг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэсэн. Засаг даргын зөвлөлийн 6 гишүүний өгсөн оноо болон нийт гарсан үнэлгээ дээр үндэслэн урамшууллыг шийдвэрлэсэн. (Үнэлгээний хуудсыг хавсаргав) Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний алба хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэр гаргасан. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.11 дэх заалтад Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гарган гэсэн заалтын дагуу улирлын урамшууллыг олгосон болно гэжээ.

 2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Улаангом сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж,үлдэх 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн үнэлгээний урамшуулал 532,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:

2.1 2022 оны 12 дугаар сарын 16-нд миний бие нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаартай сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дараа сахилгын шийтгэл ногдуулсан тул Хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д Ажилтанг сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэсэн зүйл заалтыг зөрчсөн.

2.2 Тус сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах тухай зүйл заалтыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй.

2.3 Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 -д заасан ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх зүйл заалтыг зөрчсөн.

2.4 Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөриин гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Тэгвэл миний бие тухайн эрх зүйн хэм хэмжээний аль зүйл заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй. Өнөөдрийг хүртэл ажил олгогч Ц.Г нь ажилтан миний биетэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт баталж ажиллуулаагүй.

2.5 Засгийн газрын 2019 оны 33-р тогтоолын хавсралтын 4 дүгээр 4.2.2-ыг үндэслэсэн нь эрх зүйн зөрчилтэй. Учир нь ЗГ-ын 2019 оны 33 дугаар тогтоолд Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална, 2019 оны 33 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.3-д Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд 2022оны 9 дүгээр сарын 10-нд дотуур байранд сурагчдыг хүлээн авсныг ёс зүйн зөрчил гэж үзсэн бол Ёс зүйн зөвлөл"-өөр хэлэлцүүлж ёс зүйн зөрчил мөн үү? Үгүй юу гэдгийг тогтоож, тогтоол гарч тухайн эрх бүхий ёс зүйн зөвлөл нь холбогдох хариуцлагаа тооцох ёстой байсан

2.6 Ур чадварын нэмэгдэл 25 хувиар олгогдож байсныг 2023 оны 01 сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар хассан тул холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой гэжээ.

3. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан зүйл байхгүй.Сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан зүйлгүй болно,

3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4. дэх хэсэгт зааснаар Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчөөгүй.Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан,

3.3 Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тушаалыг үндэслэн Улаангом сумын засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/332 тоот захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолтыг жишиг болгон баталсан. Албан тушаалын тодорхойлолтын дөрөвдүгээр зорилтын хүрээнд Суралцагчид дотуур байранд амьдрах орчин нөхцөлийг тогтмол сайжруулах, хяналт тавих гэсэн заалт тодорхой орж өгсөн,

3.4 Улаангом сумын засаг дарга миний зүгээс ямар нэгэн байдлаар хувийн сэдлээр Ч.Б-д сахилгын арга хэмжээ аваагүй бөгөөд хууль тогтоомжид нийцүүлэн, төрийн алба хаагч нь гарсан хууль дүрмийг чанд мөрдөж ажиллах, тэр тусмаа хүүхдийн эрх ашгийг хөндөхгүйгээр боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь зүйтэй гэдэг үүднээс сахилгын арга хэмжээ авч, ажилласан,

3.5 Улаангом сумын засаг дарга миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 19-нд сургуулиудын 2022 оны гүйцэтгэлийн тайлангийн үнэлгээг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэсэн. Засаг даргын зөвлөлийн 6 гишүүний өгсөн оноо болон нийт гарсан үнэлгээ дээр үндэслэн урамшууллыг шийдвэрлэсэн.Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний алба хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэр гаргасан. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.11 дэх заалтад Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гарган гэсэн заалтын дагуу улирлын урамшууллыг олгосон болно гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 сарын 20-ны өдрийн Б/36 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтын 4.2.2,Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4.1, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ч.Б нь 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа дотуур байрны хүүхдүүдийг хугаанд нь оруулаагүй,хүүхдийн эрүүл,аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг зөрчсөн ба удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй гэж үзэн сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Улаангом сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар Цалин,нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хавсралтаар Ч.Б-д ур чадварын нэмэгдэл олгохгүйгээр шийдвэрлэгдсэн байна.

 5.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандахаар зохицуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Б Ерөнхий боловсролын 6-р сургуулийн хөдөлмөрийн маргөөн таслах комисст хандсан ба өргөдлийн агуулга нь Ерөнхий боловсролын 2-р сургуульд ажиллаж байх үед гарсан асуудал учир шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн, Ерөнхий боловсролын 2-р сургуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тухай хариу өгчээ.Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн,хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс маргааныг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах үндсэн зарчмын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

6.Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 сарын 20-ны өдрийн Б/36 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/36 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Б-ыг 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа дотуур байрны хүүхдүүдийг хугацаанд нь оруулаагүй,хүүхдийн эрүүл,аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг зөрчсөн ба удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй гэх зөрчлийг гаргасан гэж үзжээ.

Нэхэмжлэгч Ч.Б нь Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан байх ба Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн А/390 дугаар захирамжаар Ч.Б Ерөнхий боловсролын 6-р сургуулийн захирлаар сэлгэн томилогдон ажиллажээ.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.2 дэх хэсэгт .Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:

123.2.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;

123.2.2.нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;

123.2.3.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

123.2.4.албан тушаал бууруулах;

123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэжээ.Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ, 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зохицуулсан байна.

8.Хариуцагч Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 сарын 20-ны өдрийн Б/36 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжид Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтын 4.2.2,Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4.1, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь 2016 онд хүчингүй болж 2016 оноос шинэчлэн найруулагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.Гэтэл захирамжид Хүүхдийн эрхийн тухай хуулийг баримтлахдаа нэрийг буруу бичжээ.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д ...орон нутагт хүүхдийн төлөө зөвлөлийг сумын Засаг дарга тэргүүлэх-ээр, 16.4.1-д хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заасан, 17 дугаар зүйлийн 17.1.5-д бүх шатны Засаг дарга хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдэд зориулсан барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, зориулалтын дагуу ашиглуулах арга хэмжээ авах эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталсан ба дүрмийн 4.2 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэнэ: 4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох; 4.2.2. сануулах гэжээ.

Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжид шийтгэлийн төрлийг сануулах сахилгын шийтгэл гэж тодорхойлсон боловч хууль зүйн үндэслэлдээ ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай Засгийн газрын тогтоол баримталсан нь ойлгомжгүй, хоёр өөр төрлийн хариуцлагыг нэгтгэж хэрэглэсэн нь буруу болсон байна.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа баримталсан нь буруу байна.Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлах шаардлагатай бөгөөд Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжид Сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сануулах сахилгын шийтгэл нь нээлттэй, хаалттай сануулах гэсэн 2 төрлийн байхаар зохицуулсантай нийцээгүй байна.

 

Хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар хууль,хэм хэмжээнд заасан зөрчил гаргасныг захирамжид тодорхойгүй ба хариу тайлбартаа Улаангом сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн А/332 дугаар захирамжаар баталсан сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын дөрөвдүгээр зорилтын хүрээний -суралцагчид дотуур байранд амьдрах орчин нөхцлийг тогтмол сайжруулах,хяналт тавих чиг үүргийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс сумын Засаг даргатай 9 сард уулзахад яагаад дотуур байрны хүүхдүүдийг хугацаанд нь аваагүй талаар асуусан тул тайлбарыг бичгээр хүргүүлсэн гэж тайлбар гаргасан ба хэрэгт 2-р сургуулийн захирал Ч.Баттогтохын гарын үсэг бүхий 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 139 дугаар албан бичиг авагдсан байна. Улаангом сумын Засаг даргад хаягласан уг албан бичигт сургуулийн дотуур байранд хүүхдүүдийг 2022 оны 9 сарын 10-ны өдөр хүлээн авсан болон ямар шалтгааны улмаас хугацаа хоцорч хүүхдүүдийг байранд авсан талаар тайлбарласан байна.

Гэтэл хариуцагчаас дотуур байранд хүүхдүүдийг хугацаанд оруулаагүй гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэн сахилгын шийтгэлийг 2022 оны 12 сарын 20-ны өдөр ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн сахилгын шийтгэл ногдуулах болсон тухай урьдчилан мэдэгдэж, сахилгын зөрчлийн талаарх тайлбарыг аваагүй байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах тухай зүйл заалтыг зөрчсөн, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэх зүйл заалтыг зөрчсөн, ямар эрх зүйн хэм хэмжээний аль зүйл заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй, өнөөдрийг хүртэл ажил олгогч Ц.Г нь ажилтан миний биетэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Засгийн газрын 2019 оны 33-р тогтоолын хавсралтын 4 дүгээр 4.2.2-ыг үндэслэсэн нь эрх зүйн зөрчилтэй гэсэн тайлбарууд үндэслэлтэй гэж дүгнэн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн хариуцагчийн хуульд заасны дагуу сахилгын арга хэмжээг авсан гэсэн агуулга бүхий тайлбаруудыг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

9.Харин нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д Ажилтанг сэлгэн ажиллахаас татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэсэн зүйл заалтыг зөрчсөн гэх тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй тул энэ талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

10.Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар Цалин,нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хавсралтын Ч.Б-ын ур чадварын нэмэгдлийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжийн 1-р хавсралтаар сургуулийн захирлуудын цалингийн хэмжээг баталсан байх ба хавсралтын жагсаалтад 6-р сургуулийн захирал Ч.Б-ын цалингийн нэмэгдлийг тооцохдоо ур чадварын нэмэгдлийг тооцохгүй байхаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс намайг 6-р сургуулийн захиралаар шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэрт өмнө авч байсан цалин,нэмэгдлийг хэвээр олгохоор шийдвэрлэсэн, өмнө нь ур чадварын 25 хувийн нэмэгдлийг тогтмол авч байсан байхад сахилгын шийтгэлтэй гэсэн үндэслэлээр ур чадварын нэмэгдлийг хассаныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан ба хариуцагч Улаангом сумын Засаг даргаас Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэр гаргасан гэжээ.

Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаар захирамжаар Ч.Б-ыг ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилсон шийдвэрт цалингийн хэмжээг тогтоохдоо ур чадварын нэмэгдэл 25 хувиар тооцохоор шийдвэрлэсэн, Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн А/390 дугаар Сургуулийн захирал нарыг сэлгэн ажиллуулах тухай захирамжаар 2-р сургуулийн захирал Ч.Б-ыг 6-р сургуулийн захирлаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн ба захирамжийн 2 дахь заалтад захирлуудад өмнө нь олгогдож байсан цалин,нэмэгдлийг хэвээр олгохоор заасан байна.

Ч.Б-д өмнө нь ур чадварын нэмэгдэл цалингийн 25 хувиар олгогдож байсан талаар талууд маргаангүй бөгөөд цалингийн нэмэгдлийг авч байсан талаар ерөнхий боловсролын 6-р сургуулийн нягтлан бодогчийн лавлагаагаар тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 -р хавсралтаар батлагдсан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам -ын 2-д Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ гэж,  4 Энэ журмыг үндэслэн тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тогтооно гэж заасан байх ба Боловсрол,шинжлэх ухааны саыд,Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд,Сангийн сайдын хамтарсан 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/35,А/10,А/9 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулийн багш,зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийг хавсралтаар баталжээ.

Уг шалгуур үзүүлэлтийн 9 дэх хэсэгт зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын уч чадварыг үнэлж дүгнэх ажлын хэсгийн үнэлгээг харгалзан ур чадварын хэмжээг тогтоохоор байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ур чадварын нэмэгдлийг нэхэмжлэх эрхтэй.

Иймд Ч.Б-ын ур чадварын нэмэгдлийг хасч шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр холбогдох журмыг зөрчсөн үндэслэлгүй, мөн шүүхээс сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар Цалин,нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хавсралтын Ч.Б-ын ур чадварын нэмэгдлийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Б-ын ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.

11. 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн үнэлгээний урамшууллаа үндсэн цалингийн 45 хувиар тооцож,532128 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч талаас сахилгын зөрчил ногдуулсан нь үндэслэлгүй тул 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн үнэлгээний урамшууллыг олгох ёстой гэх, хариуцагчаас Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 4.11 дэх заалтад заасны дагуу урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэсэн гэх тайлбарыг гаргав.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3-р хавсралтаар Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 4.11 дэх заалтад Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана гэж заажээ.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас сургуулиудын 2022 оны гүйцэтгэлийн тайлангийн үнэлгээг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэхэд 6 гишүүний өгсөн үнэлгээг үндэслэсэн гэх тайлбартаа 5 хуудас үнэлгээний хавсаргасан байна.

Хэрэгт Улаангом сумын Засаг даргаас нэхэмжлэгч Ч.Баттогтохын 2022 оны ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг нэгтгэж дүгнэсэн баримтгүй, урамшууллын хэмжээг тогтооох нь ажил олгогчийн бүрэн эрхийн хүрээний асуудал байх тул шүүхээс 45 хувийн урамшуулал олгох тухай асуудлыг шийдвэрлэх боломжгүй,өөрөөр хэлбэл энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн үнэлгээний урамшууллаа үндсэн цалингийн 45 хувиар тооцож,532128 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчийн ажлын алба болох Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4,108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/36 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг бүхэлд нь, Улаангом сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар Цалин,нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамжийн хавсралтын Ч.Б-ын ур чадварын нэмэгдлийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Ч.Б-ын ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн үнэлгээний урамшууллаа үндсэн цалингийн 45 хувиар тооцож,532128 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчийн ажлын алба болох Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ