Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2023/00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүгч Б.Өлзийхишиг, Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч В.Жаргалсайхан,

нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэнгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар Улаанбаатар хот,  Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Паркплэйс оффис, 3 давхарт байрлах Мандал Даатгал ХК-иас  хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сум хаягаар оршин суудаг *******т холбогдуулан ирүүлсэн “Гэм хорын хохиролд 2,652,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай Тээврийн хэрэгслийн даатгалын №2249000152 тоот гэрээний даатгуулагч *******ын ******* улсын дугаартай Lexus HS250H маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 сарын 20-ны өдөр ******* нь жолоодон Завхан аймаг, Тосонцэнгэл сумын Булнайн 1156 тоотын хашааны гадаа төв замаар явж байх үед нь 25-91УНР улсын дугаартай Nissan Syrphy маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.8 "Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж даатгуулагчийн эд хөрөнгөд 2,652,000.00 төгрөгийн хохирол учруулсан. Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 10 сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тодорхойлсон. Ослын улмаас даатгуулагчид учирсан 2,652,000.00 төгрөгийн хохирлыг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...", Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасны дагуу манай компани нь “Нөхөн төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэн авах гэрээ”-ний дагуу хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 499.1, 510.1-т зааснаар гэм хорын хохиролд гарсан 2,652,000.00 (хоёр сая зургаан зуун тавин хоёр мянга) төгрөгийг *******аас гаргуулж Мандал Даатгал ХК-д олгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийнхээ хамтаар шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

  1. Мандал даатгал ХК-ий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ийг төлөөлүүлэн оролцуулахаар олгосон итгэмжлэл,
  2. Мандал даатгал ХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
  4. №2249000152 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хуулбар,
  5. *******ийн 1390296 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар,
  6. LEXUS HS250h-F10 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
  7. *******ийн Мандал даатгал ХК-д гаргасан өргөдөлийн хуулбар,
  8. Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Ш.Сандагдоржийн тодорхойлолтын хуулбар,
  9. Ашид билгүүн ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2139 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтийн хуулбар,
  10. Шарууд овогт *******ын жолоочийн лавлагааны хуулбар,
  11. NISSAN SYLPHY МАРКИЙН 25-91 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
  12. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ”-ний хуулбар,
  13. Инвескор ББСБ-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №В15022040702 дугаартай зээлийн гэрээний хуулбар,
  14. Мандал даатгал ХК-иас *******ын 5077153848 тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,652,000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэрэг болно.

Нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх нь нэхэмжлэгч Мандал даатгал ХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн аваад тус шүүхийн харьяаллын хэрэг мөн, түүнчлэн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж байна гэж үзсэн учраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1162 дугаартай албан бичгээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ийг оролцуулахаар томилсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж, 35.2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж хуульчилсан бөгөөд хуулийн этгээд болох Мандал даатгал ХК-ий гүйцэтгэх удирдлагаас өөрийн байгууллагыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдээр томилж, баримтыг шүүхэд ирүүлсэн учир *******ийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Хариуцагч ******* нь Мандал Даатгал ХК-ий нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Сэрээтэржанцан овогтой Отгонбаатар нь 2022.09.20-ны өдөр *******ийн Lexus hs250h маркийн машинтай Булнай 1156 тоот хашааны гадаа төв замаар явж байхад булан тойрох үед 25-91УНР Nissan Sylphy маркийн машинтай хойд хаалга хэсгээр нь мөргөж хаалга хэсэг, доод хэсэг, багана хэсэг хонхойсон байсан. Тухайн үед цагдаа дуудаж үзүүлээд, цагдаа дээр үнэлгээ хийлгэсэн. Тухайн үед хоёулаа тохиролцож 1,000,000 төгрөг өгөөд хохиролгүй боллоо гэж гарын үсэг өгч би мөнгөө Пүрэвдоржийн эхнэрийн дансанд 10 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг хийсэн ба баримт нь байгаа. Ингэж тохиролцсон юм. Гэтэл шүүхээс бичиг ирж Мандал даатгал ХК-с 2,652,000 төгрөг нэхэмжлэх ирсэн. Миний хувьд жолооч хохирогч *******той харилцан тохиролцсон өр төлбөрөө өгөөд тооцоо дууссан байсан. Өөрөө эрхэлсэн ажилгүй, өнчин, ээж 2 охин дүүтэйгээ амьдардаг. Ээжийн тэтгэврийн зээлийг авхуулж 1,000,000 төгрөг авч өгч тооцоог дуусгасан байсан. Одоогоор нэмж өгөх ямар ч боломж байхгүй. Хийсэн ажил байхгүй улирлын чанартай рамд ажилладаг байсан. Одоогоор өрх толгойлж айл гэр болж чадаагүй байгаа. Энэ бүх амьдралын байдлыг ойлгож нэхэмжлэлээс чөлөөлж өгнө үү...” гэжээ.

Харин тайлбарынхаа хамтаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн хариу тайлбартай танилцаад нотлох баримт цуглуулж, гаргаж өгөх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийн хугацааг хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаагаар сунгасан ба хүсэлт гаргагчаас 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр *******ын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар шүүхэд ирүүлсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас нэмж нотлох баримт гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хугацаа дуусаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “...энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан...” үндэслэлээр хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Гэвч хариуцагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүйгээ тайлбарлаад хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Түүнчлэн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд шүүх хуралдаанд хүсэлт гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж дүгнэсэн учир хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Шүүх нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Хаан банк ХХК-иас *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан авч, *******аас хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдагдсан асуултуудын дагуу гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг бүрдүүлсэн.

2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч хариуцагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Даатгуулагч *******ын ******* улсын дугаартай “Lexus HS250H” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 сарын 20-ны өдөр ******* нь жолоодон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Булнайн хэсгийн 1156 тоотын хашааны гадаа төв замаар явж байх үед нь 25-91УНР улсын дугаартай “Nissan Syrphy” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь заалтыг зөрчиж даатгуулагчийн эд хөрөнгөд 2,652,000.00 төгрөгийн хохирол учруулсан. Цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон. Манай байгууллагаас даатгалын нөхөн төлбөрт 2,652,000.00 төгрөгийн олгож, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгүүдэд олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилнэ гэж заасны дагуу манай компани хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд гарсан 2,652,000.00 төгрөгийг *******аас гаргуулж “Мандал Даатгал” ХК-д гаргуулж өгнө үү. Үнэлгээгээр хохирлыг 3,215,000 төгрөг гэж тогтоосон. Харин даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3-т даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийн 80 хувийг даатгуулагчид олгож, 20 хувийг даатгуулагч өөрөө хариуцна гэсэн тохиролцоо байдаг. Үүний дагуу 3,215,000 төгрөгөөс 20 хувь буюу 643,000 төгрөгийг хасахад 2,572,000 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 80,000 төгрөгийг нэмж, хариуцагчаас 2,652,000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

Иргэдийн төлөөлөгч В.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...*******аас нэхэмжилж буй 2,652,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй...” гэв.

Шүүх хэрэгт авагдсан болон нэхэмжлэгч талын хүсэлтээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь хариуцагч *******т холбогдуулан “Гэм хорын хохиролд 2,652,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд  гаргажээ.

Хариуцагч ******* нь 2022 оны 09 сарын 20-ны өдөр 25-91УНР улсын дугаартай “Nissan Syrphy” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явах үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Булнайн хэсгийн 1156 тоотын хашааны гадаа төв зам дээр  *******ийн жолоодож явсан, *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай “Lexus HS250H” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, осол гарган эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, *******оос Мандал даатгал ХК-д гаргасан өргөдлийн хуулбар,Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд ирүүлсэн тайлбараараа өөрийн буруутай үйлдлийн улмаас *******ын эзэмшлийн автомашинд эвдрэл гэмтэл үүсгэж, эд хөрөнгийн хохирол учруулсан талаараа маргаагүй болно.

Тиймээс шүүх маргаагүй үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Иргэн ******* нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Lexus HS250H” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Мандал даатгал ХК-ий Тээврийн хэрэгслийн даатгалд 1 жилийн хугацаатайгаар даатгуулсан байх ба *******ын буруутай үйлдлийн улмаас түүнд хохирол учирсан хэдий ч даатгалын гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээгээр тогтоогдсон хохирлын 80%-тай тэнцэх нөхөн төлбөр 2,652,000 төгрөгийг Мандал даатгал ХК-иас гаргуулахаар хүсэлт гаргаж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээний дагуу *******аас хохирол нэхэмжлэх эрхийг Мандал даатгал ХК-д олгож, нөхөн төлбөрийг гаргуулан авсан болох нь *******оос Мандал даатгал ХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээний хуулбар, нөхөн төлбөр шилжүүлсэн шилжүүлгийн баримт, *******ын депозит дансны хуулга, гэрч *******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл даатгуулагч ******* болон даатгагч “Мандал даатгал” ХК-ийн хоорондын даатгалын нөхөн төлбөр буюу даатгалын тохиолдол үүссэн, түүнийг нөхөн төлсөнтэй холбоотой үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна. 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.  Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.  Энэ нөхцөлд даатгуулагчийн шаардах эрх даатгагчид шилжсэн байхаас гадна хохирол учирсан, уг хохирол нь гуравдагч этгээдийн гэм буруугийн улмаас үүссэн, шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хариуцагч ******* нь өөрийн гэм буруугийн улмаас *******ын эд хөрөнгөд хохирол учруулсан талаараа маргаагүй байх тул Мандал даатгал ХК нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлийн талаар маргаагүй, харин *******ын эд хөрөнгөд учирсан хохиролд 1,000,000 төгрөг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 2,652,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, биелүүлэхээс татгалзжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Мандал даатгал ХК, хариуцагч ******* нарын хооронд маргаант байдал үүссэн учир маргааныг шүүх шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэшигч гэм хорыг төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

2022 оны 09 сарын 20-ны өдөр 25-91УНР улсын дугаартай “Nissan Syrphy” маркийн тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан байх ба түүнийг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн, биш эсэх талаар талууд маргаагүй, холбогдох баримтыг ирүүлээгүй болно.

Энэхүү маргаагүй үйл баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Түүнчлэн Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлангаар *******д 3,215,000 төгрөгийн хохирол учирсан байх боловч энэ нь автомашины эвдэрсэн эд ангийг солих, засах, өнгөлөх үйлчилгээ, материалын үнэ, ажлын хөлс зэрэг багтсан дүн байх ба Мандал даатгал ХК-иас *******д даатгалын гэрээнд зааснаар энэ дүнгийн 80%-тай тэнцэх буюу 2,652,000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн байх тул үлдэгдэл 20% болох 563,000 төгрөгийг ******* төлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн тухайн эвдэрсэн автомашины эвдрэлийг үнэлүүлэх, засвар үйлчилгээнд хамруулах зорилгоор Улаанбаатар хот руу аваачих шатахууны зардал, үнэлгээний бодит байдлын зөрүү ч гэм хороос үүдэлтэй зардал учир ******* хариуцах хууль зүйн үндэслэлтэй юм.

Тодруулбал, хариуцагч *******ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч *******ын эд хөрөнгөд 3,215,000 төгрөгийн хохирол учирсан ба даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу уг хохирлын 80%-тай тэнцэх нөхөн төлбөрийг Мандал даатгал ХК нь иргэн *******д төлж барагдуулсан тул үлдэх 20%-ийг болон автомашиныг Улаанбаатар хот руу аваачих, засвар үйлчилгээ хийлгүүлэхэд гарахтай холбоотой бусад зардлыг ******* хариуцан арилгах үүрэгтэй.

Гэрч *******ын мэдүүлэгээр хариуцагч *******аас өөрт нь учирсан эд хөрөнгийн хохирол 563,000 төгрөг /Нийт үнэлгээ 3,215,000 төгрөг болсноос 2,652,000 төгрөгийг Мандал даатгал ХК-иас авсан/, 2 хаалга засварлахад үнэлгээний бодит байдлын зөрүү гарсан учир 100,000 төгрөг, Улаанбаатар хот руу ирж очих шатахууны зардалд 337,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг гаргуулж авсан гэх ба энэ байдал нь түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Эдгээр байдлаас дүгнэвэл гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд  *******ын Мандал даатгал ХК-иас авсан 2,652,000 төгрөг болон хариуцагч *******аас авсан 1,000,000 төгрөг нь Отгонбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас *******ын эд хөрөнгөд учируулсан хохирлыг арилгахад зарцуулагдсан байна.

Мандал даатгал ХК нь даатгалын гэрээний дагуу *******ын буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг мөнгөөр төлсөн тул ******* нь уг мөнгийг Мандал даатгал ХК-д нөхөн төлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч Мандал даатгал ХК-иас хариуцагч *******т холбогдуулан ирүүлсэн “Гэм хорын хохиролд 2,652,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч В.Жаргалсайханы “... нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2,652,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах нь зүйтэй...”  гэсэн дүгнэлтийг шүүх харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх: 

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 284,810 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хангаж буй учир уг мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 284,810 төгрөгийг гаргуулан Мандал даатгал ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 2,652,000 / хоёр сая зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал даатгал” ХК-д  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,810 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 284,810 /хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.УРТНАСАН

 

        ШҮҮГЧИД                                       Б.ӨЛЗИЙХИШИГ

 

                                                                                             Ж.ОТГОНХИШИГ