| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2023/00866/И |
| Дугаар | 184/ШШ2023/01570 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2023/01570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Голомт банк /РД: 2075377/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, “Голомт банк” ны төв байр.
Хариуцагч: Боржигин овогт Базарсадын Мөнхбаяр /РД: МЮ83092210/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 31 дугаар хороо, Дунд наран 13 дугаар гудамж, 386а тоот
Хариуцагч: Халх овогт Тогоогийн Буянхишиг /РД: ЗЖ77050617/. Хаяг: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 9 дүгээр гудамж, 181 тоот
Зээлийн гэрээний үүрэгт 21,599,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Б.Мөнхбаяр, Т.Буянхишиг, нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхбаяр, Т.Буянхишиг нар нь 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Голомт банктай ЗГ1905128620 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Цар тахлын үед харилцагчийн хүсэлтийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1905128620-Б тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хугацааг 8 сараар сунгуулж, үндсэн төлөлт 3 сараар хойшлуулж зээлийн гэрээний хавсралт 1-т нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нар нь ЗГ1905128620, ЗГ1905128620-Б тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 514 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 16,992,531 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,238,033 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 129,258 төгрөг нийт 21,359,822 төгрөг, мөн Б.Мөнбаяр нь 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Голомт банктай ЗГ1905140766 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Цар тахлын үед харилцагчийн хүсэлтийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1905140766-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хугацааг 5 сараар сунгуулж, үндсэн төлөлт сараар, хүүгийн төлөлт 1 сараар хойшлуулж зээлийн гэрээний хавсралт №1-т нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Б.Мөнхбаяр нь ЗГ1905140766, ЗГ1905140766-А тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 154 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 221,532 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 16,766 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,687 төгрөг нийт 239,985 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч Б.Мөнхбаяр, Т.Буянхишиг нараас Голомт банктай байгуулсан зээлийн эрээний үүрэгт нийт 21,359,822 төгрөг, Б.Мөнхбаяраас 239,985 төгрөгийн тус тус гаргуулж өгнө үү.
Хариуцагч Б.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Голомт банкнаас зээл авсан нь үнэн. Ковид-19 цар тахлын улмаас ажилгүй болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. 2022 онд УБТЗ-д ажилд орж банкнаас авсан зээлээ төлөх боломжтой болсон тул зээл төлж байсан хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Т.Буянхишиг нь надад туслах зорилгоор гарын үсэг зурсан, зээлээс авч хэрэглээгүй тул би дангаар хариуцан төлөх саналтай байна.
Хариуцагч Т.Буянхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай хүүхдийн биеийн байдал муу байгаа. Би өөрөө зээл авч хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай байна. Хариуцагч Б.Мөнхбаярын зээлийн асуудлаас болж би зээл авах боломжгүй болсон. Би ажлын газраасаа тусламж хүсээд явж байна. 2018 онд Б.Мөнхбаяр зээл авахдаа машин авах гэж байгаа, 6 сарын дотор ээжийг ирэхээр зээлдэгчээс чөлөөлж өгнө гэж надаас гуйж байсан. Б.Мөнхбаяр зээл нэмэлтээр аваад машин авах гэж байгаа гэж гуйсан учраас тусалсан. “Голомт банк” ХХК-д хамтран зээлдэгчээс хасуулах хүсэлтийг гаргаж байсан. Б.Мөнхбаярын ээжийг хамтран зээлдэгчээр оруулахаар очсон боловч цалингийн хэмжээ хүрэхгүй байна гэж тайлбарласан. Цар тахлын үед гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Зээлийг түр хугацаагаар хойшлуулж, цар тахлын байдлыг харгалзан үзэж гэрээ хийх хэрэгтэй байна. Та 2 хар жагсаалтад орох гэж байна, ирж гарын үсэг зур гэж хэлсэн учраас очиж гарын үсэг зурсан. Голомт банкны зээлийн эдийн засагч Монгол банкны хар жагсаалтад орох эрсдэлтэй байна гэж тайлбарлаж өгсөн учраас гарын үсэг зурсан. Тухайн зээлээр автомашины урьдчилгаа болох 5,000,000 орчим төгрөг авсан, 25,000,000 төгрөгийн зээлийг хамтран хариуцахаар тохироогүй тул нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 0304 дугаартай итгэмжлэл, Голомт банкны гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1905128620 дугаартай зээл болон барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт, 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, ЗГ1905140766-А дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Чингэлтэй дүүрэг дэр Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8585 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 08158 дугаартай шийдвэр, зээлийн дансны хуулга, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ1905103530 дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905125621 дугаартай зээл болон барьцааны гэрээ, “Голомт банк” ХХК-ийн дансны хуулга, хариуцагч Т.Буянхишигээс дүрс оношилгооны шинжилгээний дүгнэлт зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Б.Мөнхбаяр, Т.Буянхишиг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,599,807 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1,693,000 төгрөгөөр багасгаж 19,906,806 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Голомт банктай 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ЗГ1905128620 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон байна. Зээлийн гэрээг зээлдэгчдийн хүсэлтийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1905128620-Б тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хугацааг 8 сараар сунгаж, үндсэн төлөлтийг 3 сараар хойшлуулсан байна. /хх-ийн 7-10/
Хариуцагч Б.Мөнхбаяр нь 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Голомт банктай ЗГ1905140766 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авчээ.
Нэхэмжлэгч банк шаардлагын үндэслэлээ хариуцагч нар авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд тохирсон хуваарийн дагуу төлөөгүй, тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж, хариуцагч Б.Мөнхбаяр дээр дурдсан 2 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж, хариуцагч Т.Буянхишиг зээлийн гэрээгээр авсан мөнгийг хэрэглээгүй, энэ мөнгөөр хариуцагч Б.Мөнхбаяр өмнө авсан зээлийн төлбөрөө төлсөн тул хариуцахгүй гэж маргаж байна.
ЗГ1905128620 тоот зээлийн гэрээ, түүний сунгалтад зээлдэгч талыг төлөөлж үндсэн зээлдэгч Б.Мөнхбаяр, хамтран зээлдэгч Т.Буянхишиг нар, ЗГ1905140766 зээлийн гэрээнд хариуцагч Б.Мөнхбаяр гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага ЗГ1905128620 тоот зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлээ гаргажээ.
Хариуцагч Б.Мөнхбаяр нь нэхэмжлэгч Голомт банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ1905103530 тоот зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905125621 тоот зээлийн гэрээгээр 21,500,000 төгрөгийг 60 сарын хугацаатай авсан байна.
Дээр дурдсан гэрээнүүдэд хамтран зээлдэгчгүй, хариуцагч Б.Мөнхбаяр дангаар гарын үсэг зурсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ЗГ1905128620 тоот зээлийн гэрээгээр Голомт банк 3,500,000 төгрөг зээлийг нэмж олгосон, өмнөх зээлийн үлдэгдлийг оруулж 25,000,000 төгрөг олгосон мэтээр шинээр гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдоно.
Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн зээл, хүү тооцооллын хүснэгт гэх баримтаас үзэхэд хариуцагч Б.Мөнхбаяр нь ЗГ1905128620 тоот зээлийн гэрээний төлбөрт 16,194,740 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 21,359,822 төгрөг, ЗГ1905140766 тоот гэрээний төлбөрт 1,077,185 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 239,984 төгрөг, нийт 21,599,822 төгрөг төлөөгүй нь тогтоогдох бөгөөд хариуцагч зээлийн үлдэгдэл, хүү тооцооллын тухайд маргаагүй. /хх-ийн 12, 17/
Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Б.Мөнхбаяр 1,693,000 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ 19,906,806 төгрөг болсон байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилсэн нь хуульд нийцжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх, зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах, олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй байхаар заажээ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Харин нэхэмжлэгч байгууллага хамтран зээлдэгч Т.Буянхишигийг гэрээний үүргийг хамтран хариуцах ёстой, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэх боловч 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ЗГ1905128620 тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг олгоогүй, хариуцагч Б.Мөнхбаярын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905125621 тоот зээлийн гэрээгээр 60 сарын хугацаатай авсан 21,500,000 төгрөгийг суутгасан байна. /хх-ийн 11/
Хариуцагч Т.Буянхишиг нь хариуцагч Б.Мөнхбаярын өмнө авсан 21,500,000 төгрөгийн зээлийг төлөх, хамтран хариуцах хүсэл зориг байсан гэж үзэх нь эргэлзээтэй төдийгүй тухайн гэрээг хэрхэн цуцалсан нь тодорхойгүй, зээлийг дахин зээл олгох замаар хаасан нь үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч нарыг тухайн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулах, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Б.Мөнхбаяраас 19,906,806 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, нэхэмжлэлээс хариуцагч Т.Буянхишигт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.Мөнхбаяраас 19,906,806 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож, нэхэмжлэлээс хариуцагч Т.Буянхишигт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мөнхбаяраас 257,484 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ