| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/06030/И |
| Дугаар | 102/ШШ2023/01459 |
| Огноо | 2023-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2023/01459
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ........................... тоотод оршин суух, Ө ургийн овогтой Д.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, .......................... тоотод оршин суух, Д А,
Хариуцагч:Баянгол дүүрэг, .............. тоотод байрлах хаягтай, А хоршоо /РД:/-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Зээлийн хугацаа сунгалтын гэрээ-г хүчингүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.А ,
Хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
Хариуцагч А хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.А, А хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоонд холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Зээлийн хугацаа сунгалтын гэрээ-г хүчингүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Д.А миний бие 2012 оны 11-р сарын 29-ны өдөр "А" хадгаламж зээлийн хоршооноос 30,000,000 төгрөгийг өөрийнхөө байрны ордерыг тавьж, эгчтэйгээ хамтарч зээлсэн. Зээлийн гэрээ 6 сарын хугацаатай байсан. 6 сарын хугацаад зээлийн хүүгээ төлсөн. Гэтэл зээлийн гэрээг сунгахдаа надад мэдэгдээгүй, ба уг сунгалтыг гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байсан. Үүнээс болж 10 жил өөрийнхөө байрны ордер авч чадахгүй байна. Зээлийн гэрээний 6 сарын хугацаанд зээлийн хүү, нэмэгдсэн хүү дээр 38,208,000 төгрөг төлөх ёстой байсан, үүнээс 6,000,000 төгрөг төлсөн. Миний гарын үсэг дурайлгаж зурагдаад цаашаа сунгагдаад 53,014,080 төгрөг илүү төлөхөөр болж, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байх тул энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би байраа буцааж авах боломжгүй болсон. Миний зөвшөөрөлгүйгээр сунгагдсан зээлийн сунгалтын гэрээний дагуу илүү мөнгө төлөх боломжгүй. Үндсэн зээл, үндсэн хүүгээ төлөөд байраа суллаж авмаар байна гэжээ.
3.Хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Д.А гэдэг хүн 2016 оны 4 дүгээр сарын 29-нд зээлийн сунгалтын гэрээг би энэ зээлийг төлнө, жаахан хугацаан нь хойшлуулаад өгөөч гэж хүсэлт гаргаад Д.А ийн өмнөөс гарын үсгийг зурсан үнэн. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.
4.Хариуцагч А хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоо нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус хоршооны зээлдэгч гишүүн Д.А Баянгол дүүргийн 19 хороо ....... тоот эзэмшилтэй 2 өрөө байраа барьцаалан 2012 оны 11 сарын 29 ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээнд сарын 3.8 хувийн хүүтэй зургаан сарын хугацаатай зээлийг олгохоор заасан байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Д.А ирж сунгалтын гэрээ хийсэн. 2012 онд зээл авсан мөөртлөө, 2016 онд сунгуулах хугацааны зээлийн төлбөр хүүгийн төлбөрийг төлүүлэн авах бололцоо боломжийн харж өгнө үү. Одоогийн байдлаар энэ зээлийн гэрээ 10 жилийн хугацаа өнгөрсөн. Тухайн үед Д.А танай зээлийг төлчихнө. Банкнаас зээл авч байгаа гэж удаа дараа хүсэлт гаргасан. Тухайн үед Д.А ийг ажилттай байгаа, ирж чадахгүй байгаа гэж хэлдэг байсан. Бид нар Д.А ийг авч ирж уулзуул гэж хэлсэн ч ирээгүй.
5.Хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн хугацаа сунгалтын гэрээ, А ХЗХ-ны зээл төлбөрийн тухай мэдэгдэл, зээлийн үндсэн өр болон хүү төлөлтийн тооцоо, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .................. дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ....................... дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, хариуцагч А ХЗХ-оос 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, зээлийн үндсэн өр болон хүү төлөлтийн тооцооны нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д.А миний бие 2012 оны 11-р сарын 29-ны өдөр "А" хадгаламж зээлийн хоршооноос 30,000,000 төгрөгийг өөрийнхөө байрныг барьцаалж, эгчтэйгээ хамтарч зээлсэн. Зээлийн гэрээ 6 сарын хугацаатай байсан. 6 сарын хугацаад зээлийн хүүгээ төлсөн. Гэтэл зээлийн гэрээг сунгахдаа надад мэдэгдээгүй, ба уг сунгалтыг гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байсан. Үүнээс болж 10 жил өөрийнхөө байраа барьцаанаас чөлөөлж авч чадахгүй байна. Зээлийн гэрээний 6 сарын хугацаанд зээлийн хүү, нэмэгдсэн хүү дээр 38,208,000 төгрөг төлөх ёстой. Гэтэл одоо 53,014,080 төгрөг илүү төлөхөөр болж, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байх тул энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарласан.
3.Хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй.
4.Хариуцагч А хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Д.А ирж сунгалтын гэрээ хийсэн. ...Д.А гэрээнд гарын үсэг зураагүй. Зээлээ төлөхийг шаардах бүр банкнаас зээл авах гэж байгаа. Зээлээ төлнө гэж тайлбарладаг байсан. Зээлийн хүүгийн хэмжээг багасгах боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтэй гэж тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.
6.Д.А , Д.А нар нь А хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоотой 2012 оны 11 сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногийн 3.8 хулийн хүү төлөхөөр харилцан тохиролцож Зээлийн гэрээ, мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Зээлийн барьцааны гэрээ-г байгуулжээ. /хх-ийн 44-46/
7.Гэрээний талууд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зээлийн хугацаа сунгалтын гэрээ-г байгуулсан байх бөгөөд тус гэрээнд Д.А гэх гарын үсэг зурагдсан байх боловч уг гарын үсгийг нэхэмжлэгч Д.А зураагүй, гэрээ байгуулахад тэрээр байгаагүй тухайд зохигч талууд маргаангүй байна.
8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан.
9.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Зээлийн хугацаа сунгалтын гэрээ-нд Д.А гарын үсэг зураагүй, бусдад гэрээ байгуулах зөвшөөрөл олгоогүй байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
10.Иймд Д.А , Д.А болон А хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны хооронд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Зээлийн хугацаа сунгалтын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
11.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,060 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлүү төлсөн 543,860 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасны дагуу Д.А , Д.А болон А хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны хооронд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Зээлийн хугацаа сунгалтын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д.А ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,060 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 543,860 төгрөг, хариуцагч Д.А, А хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооноос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР