Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/01483

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .................тоотод оршин суух, И ургийн овогтой Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. тоотод байрлах, С ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Гэрч: Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Миний бие С ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №Х7 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ээлжийн менежерийн албан тушаал дээр очсон. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг 3 сараар сунгасан. Ажиллах хугацаандаа миний бие нь ёс зүйн алдаа дутагдал болон эд хөрөнгийн дутагдал, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргалгүй ажлын цагийг баримтлан ажилдаа идэвхи, санаачлага гарган урам зоригтой ажиллаж ирсэн. Миний бие нь 2021 онд төрж бага насны хүүхэдтэй бөгөөд одоо 3 сартай жирэмсэн эмнэлгийн хяналтад байгаа болно. Гэтэл тухайн байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчин 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б-102 тоот захирлын тушаалаар намайг ажлаас үндэслэлгүй халсан болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж заасныг зөрчин жирэмсэн, бие давхар намайг гадуурхан ажлаас халсан гэж үзэж байна. Миний ажиллаж байсан ээлжийн менежерийн албан тушаал нь хөдөлмөрийн гэрээндээ 40 цаг ажиллана гэж заагдсан. Ажлын цаг өглөө ээлж 06:00-15:00, оройн ээлж 15:00-00:00, хагас сайн өдөр өглөө ээлж 06:00-14:00, орой ээлж 14:00-22:00, бүтэн сайн өдөр өглөө ээлж 08:00-15:00, орой ээлж 15:00-22:00 гэсэн үндсэн цагийн хуваариар ажилладаг. Гэвч тус компанийн удирдлагууд нь ажилчдыг ажлын цагаас нэг цагийн өмнө ирж ажиллуулдаг байсан ба /Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т илүү цагаар ажилласан ба ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно/ тус ажлын цагийг үндсэн ажлын цагт тооцон олгодог байсан. Миний ажиллаж байсан ээлжийн менежерийн ажлын байр бол тухайн байгууллагад зайлшгүй шаардлагатай үндсэн ажлын байр юм. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б ийн С ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүулэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба дараах тайлбарыг гаргаж Б.Б ийн гаргасан хүсэлт, анкет, холбогдох бусад материалыг үндэслэн түүнийг ээлжийн менежерийн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор 2022 оны 06-р сарын 27-ны өдрийн Б/69 дугаартай компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ээлжийн менежерийн албан тушаалд 3 сарын хугацаатай туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулахаар томилсон байдаг. Энэхүү тушаалын дагуу Б.Б тэй 2022 оны 06-р сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 09-р сарын 13-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Б.Б ийн ажлын байрны зорилго нь С цогцолборын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, харилцагч, үйлчлүүлэгчдийг ая тухтай нөхцөл боломжоор хангах, мэдээлэл өгөх, обьектын гадна, дотно талбайн цэвэр цэмцгэр байдлыг сахиулах, Үйлчилгзэний албаны нийт ажилтнуудын хөдөлмөррийг зөв зохистой хуваарилж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, Үйлчилүүлэгчээс авах төлбөр, тооцооны явц, бүртгэлийн ажлын явцад хяналт тавих чиг үүрэг бүхий зохион байгуулагч, хяналт, зохицуулалтын хариуцлагатай ажлыг гүйцэтгэдэг байсан. Гэвч тэрээр туршилтаар ажиллаж байх хугацаандаа төдийлөн идэвхи санаачлага гаргаж ажлаагүй, хариуцлага сул байсан тул түүнтэй харилцан тохиролцон, боломж олгох үүднээс 2022 оны 09-р сарын 13-ны өдөр түүнтэй байгуулсан 2022 оны Х07 дугаартай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж туршилтаар ажиллах гэрээний хугацааг дахин 3 сараар сунгасан гэрээг байгуулсан билээ. Б.Б нь ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 10-р сарын 10-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн менежерүүдийн хурлыг тасалсан, 2022 оны 10-р сарын 11-ний өдөр ажил үүрэг гүйцэтгэх ээлжийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн өөр ажилтантай сольсон зөрчлүүдийг гаргаж сахилгын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах шийтгэлийг хүлээлгэж байсан. Ийнхүү Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр харилцан тохиролцсон хугацаа 2022 оны 12-р сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгеед С ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12-р сарын 12-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг. Түүнийг ажлаас чөлөөлөхдөө манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж, эрхийг нь хязгаарласан үйлдэл гаргаагүй бөгөөд тухайн цаг хугацаанд Б.Б ийг жирэмсэн гэдгийг мэдээгүй, бидэнд энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байсан. Харин манай компанид 6 сарын хугацаанд туршилтаар ажиллаж байхдаа гаргасан үйлдэл, хандлага ззргзэс түүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн, ээлжийн менежерийн албан тушаалын зорилгод Б.Б нь хүрч ажиллаж чадахааргүй байсан тул, түүний туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагадаа ажиллаж байх хугацаандаа ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй, идэвхи санаачлага гарган ажиллаж байсан гэдэг нь үндэслэлгүй, жирэмсэн, 3 хүртэл насны хүүхэдтэй ганц бие эхийг ажлаас үндэслэлгүй халсан гэдэг нь өөрийнх нь бөглөж өгсөн анкетанд нөхөр, хүүхдийн хамтаар амьдардаг гэсэн байгаагаар үгүйсгэгдзх боломжгой юм. Манай компанийн зүгээс түүний анх ажилд орохдоо гаргаж өгсөн хувийн мэдээлэл, холбогдох баримтууд, туршилтаар ажиллах хугацаандаа ажил үүргээ хэрхэн гүйцэтгэдэг байсан, түүний гаргасан алдаа дутагдал, сахилгын шийтгэл хүлээж байсан гэх мэт асуудлуудад тулгуурлан түүнийг цаашид үндсэн ажилтнаар ажиллуулах боломжгүй байсан тул туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Б.Б ийн гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхзмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс Б.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3/, Б.Б ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 4/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр /хх-ийн 17/, Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 37/, С ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №Х07 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт /хх-ийн 55/, С ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/93 тоот албан бичиг /хх-ийн 56/, С ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 57/, хариуцагчаас С ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн захирлын тушаал /хх-ийн 32/, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №Х07 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 33/, Ц.Төгсжаргалын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 66/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ээлжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч жирэмсэн, бага насны хүүхэдтэй учир гадуурхаж, хууль бусаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Туршилтаар ажиллуулах гэрээний хугацаанд зөрчил гаргаж байсан бөгөөд гэрээний хугацааг сунгалгүй дуусгавар болгосон. ...Жирэмсэн гэх байдлыг мэдээгүй, ийм шалтгаанаар гэрээг цуцлаагүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан Б.Б , С ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 09 сарын 13-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, С ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/93 дугаар тушаал, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 сарын 11-ний өдрийн шийдвэр зэрэг бичмэл нотлох баримт болон шүүхэд гэрч Ц.Төгсжаргалын мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч С ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд, гэрээгээр Б.Б нь С ХХК-ийн У оффист ээлжийн мененжерээр, мөн өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд туршилтаар ажиллахаар тохиролцсон байна. Үүний дагуу С ХХК-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар Б.Б ийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс У оффист ээлжийн менежер албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилсон байна.

 

6.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг дахин 3 сараар сунгахаар харилцан тохиролцож, 2022 оны 09 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан туршилтаар ажиллах гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 сараар сунгасан байна.

 

7.С ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/93 дугаар тушаалаар Б.Б т ...2022 оны 10 сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ээлжийн ээлжийн менежерүүдийн хурал тасалсан, удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад 2022 оны 10 сарын 11 өдөр ажил үүрэг гүйцэтгэх ээлжийг өөр ажилтантай дур мэдэн сольсон зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний 8.2-т заасныг үндэслэн үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

8.С ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлд заасныг үндэслэн Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон байна.

 

9.Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 сарын 11-ний өдрийн шийдвэрээр талууд эвлэрэх боломгүйг тэмдэглэж, маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасан.

 

11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу талуудын харилцан тохиролцсоны дагуу туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуусахад 3 сар сунгасан байна.

 

12.Зохигч талууд хөдөлмөрийн гэрээг туршилтаар 3 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусахад 3 сараар сунгасан, туршилтын хугацаанд зөрчил гаргаж, сахилгын шийтгэл ногдуулсан, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр ажил олгогчоос Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон талаар маргаагүй.

 

13.Нэхэмжлэгч жирэмсэн, бага насны хүүхэдтэй учир гадуурхаж, хууль бусаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон гэж тайлбарласан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох эрхтэй. Харин мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д хүнийг Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасан.

 

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, 80.1.6-д ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон зэрэг үндэслэлийг тусгасан.

 

15.Дээрхээс дүгнэвэл хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Б.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль бус, үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

 

17.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдаагүй байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч олгох үүрэг хүлээхгүй.

 

18.Иймд хариуцагч С ХХК-д холбогдох ээлжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С ХХК-д холбогдох ээлжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР