Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 71

 

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00348/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 19-ний өдрийн 563 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б-,

Б.Х- нарт холбогдох

"Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 31.754.864,71 төгрөг, зээлийн хүү 2.802.568,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.568,17 төгрөг, нийт 34.573.001,10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Г.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайхан, Т.Золбоо, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Б-, Б.Х- нар нь 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус банктай “Орон сууцны зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан, 42.000.000 төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 1 дүгээр байрны 8 тоотод байрлах, Ү-2003000995 улсын бүртгэлийн дугаартай, 40,5 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу банкны зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бүрэн үндэслэлтэй. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 31.754.864,71 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2.802.568,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.568,17 төгрөг, нийт 34.573.001,10 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 34.576.001,10 төгрөгийг хариуцагч Г.Б-, Б.Х- нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 42.000.000 төгрөгийн орон сууцны зээлээр Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 1 дүгээр байрны 08 тоот байрыг авсан бөгөөд гэрээ байгуулсан үеэс эхлэн гэрээний дагуу сар бүр графикийн дагуу төлөлт хийж байсан. 2018 оноос эхлэн бизнес эрсдэлд орон, сар бүрийн төлөлтөө хугацаа алдан сүүлийн саруудын төлөлтийг хийгээгүй байгаа бөгөөд 2018 оноос хойш байгуулахаар хөөцөлдөж байгаа бизнесийн гэрээ маань тун удахгүй хийгдэж компанийн маань санхүүжилт орж ирэх шатандаа байгаа тул цаашид гэрээнд заагдсаны дагуу сар бүрийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөх бүрэн боломжтой болох тул барьцааны гэрээг бүхэлд нь дуусгавар болгож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа дуусах болоогүй. Нэгэнт гэрээний хугацаа дуусаагүй тохиолдолд гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан байдаг. Тухайлбал, Иргэний хуулийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж татгалзах эрхийг заасан. Гэрээнээс татгалзах нэмэлт хугацаа тогтоосон, гэрээнээс татгалзах асуудлаар мэдэгдэж байсан эсэх нь нотлох баримтаас харагдахгүй байна. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 онд шаардаж байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь гэрээнээс татгалзах тухай биш зээлээ төлөхийг шаардаж байсан шаардлага байгаа. Тухай бүрт нь зээлээ төлөөд зөрчлийг арилгаж байсан. 2018, 2019 онд ийм шаардлага гаргаж байгаагүй. Гэрээнээс татгалзах үндэслэлийг Иргэний хуулийн 225.5-д зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй илт байвал, үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байхад гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Гэрээнээс татгалзаж байгаа бол 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоох ёстой байдаг. Үүнийг Иргэний хуулийн 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно” гэсэн байдаг. Энэ хугацаанд гэрээнээс татгалзах талаар дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан. Үүнээс харахад гэрээнээс татгалзаж байгаа тал нь гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа нөгөө талдаа дор хаяж хоёр удаа мэдэгдэх ёстой гэж харагдаж байна. Иймд Худалдаа, хөгжлийн банк нь Иргэний хуулийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдсан байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 225.2-т зааснаар гэрээ болон гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн байна гэж харахаар байна. Жишээлбэл, 2019 оны 04 сарын 07-ний өдрийн байдлаар 31.754.000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Гэтэл графикийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 30.182.406 төгрөгийн үлдэгдэлтэй байхаар байна. Энэ нь үндсэн зээлийн үлдэгдэл 1.600.000 орчим төгрөгийн зөрчилтэй байна. Үүнийг төлөөд цааш зээлийг графикийн дагуу үргэлжлүүлээд явах боломжтой. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 563 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 -д тус тус заасныг баримтлан “Худалдаа, хөгжлийн  банк” ХХК, Г.Б-, Б.Х- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 01 сарын 31-ний өдрийн 13/32 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Г.Б-, Б.Х- нараас зээлийн үндсэн төлбөр 31.754.864,71 төгрөг, зээлийн хүү 2.802.568,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.568,17 төгрөг, нийт 34.573.001,10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 1 дүгээр байрны 8 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2003000995 дугаартай, 40,5 м.кв талбай бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330.815 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-, Б.Х- нараас улсын тэмдэгтийн хураамжид 330.815 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцээд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны тус тус баримтлан хэргийн зохигч нарын хооронд байгуулсан гэрээг цуцалж хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 31.754.864,71 төгрөг, зээлийн хүү 2.802.568,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.568,17 төгрөг, нийт 34.573.001,10 төгрөгийг гаргуулах, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэхдээ барьцаалагч тал болох нэхэмжлэгчийн эрх ашгийг хэт дөвийлгөн үнэлж барьцааны гэрээний харилцааг нарийвчлан зохицуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийг хэрэглээгүй нь үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчийн эрхийг дордуулж шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д барьцаалагч нь энэ хуулийн 41.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа барьцаалагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ гэж заасныг зөрчин барьцаалагч тал нь барьцаалуулагч талд бичгээр мэдэгдсэн баримт хэргийн материалд байхгүй байхад мөн уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д барьцаалагч болон үүрэг гүйцэтгэгч мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгөөгүй бол барьцаалагч нь энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж барьцаалуулагч болон тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухайгаа бичгээр мэдэгдэнэ, 42 дугаар зүйлийн 42.3-д энэ хуулийн 42.2-т заасан мэдэгдэлд 30 хоногийн дотор барьцаалагч хариу өгөөгүй буюу үүрэг биелүүлээгүй бол барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах ажиллагааг эхлүүлнэ, 42 дугаар зүйлийн 42.3-д энэ хуулийн 42.2-т заасан мэдэгдлийн маягт болон мэдэгдлийг хүргүүлэх журмыг бүртгэлийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална гэж заасныг зөрчин шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд хандсаныг хүлээн авч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн барьцаалуулагчийн эрхийг дордуулсан шүүхийн шийдвэрт тухайн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Г.Б- Б.Х- нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үүссэн өр болох зээл, хүү нэмэгдүүлсэн хүү нийт 34.573.001,10 төгрөгийг нэхэмжилж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, хүү төлөх хуваарийг баримтлаагүй бөгөөд үүнтэй холбоотой зээлийн гэрээг цуцлах мэдэгдлийг зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа өгч байсан тул зээлийн гэрээг цуцалж гэрээний үүргийг шаардаж байна гэжээ.

            Хариуцагч тал татгалзалдаа 2013 оноос хойш тус банктай байгуулсан гэрээний дагуу зээлийн төлбөрийг сар бүр төлөх гэрээний үүргээ зохих журмын дагуу биелүүлж явсан 2018 оноос бизнес эрсдэлд орсон тул сар бүрийн төлөлтөө хугацаа алдаж төлсөн, цаашид санхүүгийн байдал сайжрах тул тасралтгүй төлөх бүрэн боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдолдоо... шүүх хэргийн оролцогчийн буюу банкны эрх ашгийг хэт дөвийлгөн  банкны зээл, хүү гаргуулах болон барьцааны зүйлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шийдвэр гаргахдаа барьцааны гэрээний  харилцааг нарийвчлан зохицуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн  барьцааны тухай  хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4 дэх хэсгүүдийг зөрчсөн нь үүрэг гүйцэтгэгч болон  барьцаалуулагчийн эрхийг дордуулан шийдвэрлэсэн тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч байна... гэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцлах талаар зээлдэгч талд мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээг үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байжээ.  Гэвч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл өгсөөр байхад гэрээний үүргээ тухайлбал хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь  банкны удаа дараагийн мэдэгдлүүдээр нотлогдож байна.

Иймд гэрээний нэг тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн зохицуулалд нийцэх бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн гаргасан зөрчлийг тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй болох нь хэргийн 25-28 дугаар талуудад авагдсан үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай болон мэдэгдэл хүргүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байна.

            Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн  барьцааны тухай гэрээний 7.3-т “талууд барьцаагаар хангагдах шаардлага үүссэн  тохиолдолд гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны зүйлийг шүүхийн бус аргаар худалдан борлуулахыг харилцан зөвшөөрөв” гэжээ.

            Дээрх заалтыг хэрэгжүүлэлгүй барьцааны зүйлээр шаардлага хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн үйлдлийг хариуцагч давж заалдах гомдлын үндэслэл болгосон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар банк  буюу зээлдэгч  барьцааны зүйлийг шүүхийн бус замаар худалдан борлуулах тухай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйл болон энэ талаар тохиролцсон гэрээний заалтуудыг хэрэгжүүлсэн талаарх баримт  хэрэгт байхгүй байна.

Гэсэн хэдий ч  шүүх хариуцагчийн гомдолд дурдсан барьцааны зүйлийг шүүхийн бус замаар худалдан борлуулж  нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаарх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн  заалт болон энэ талаар тохиролцсон  гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүй юм.

            Талууд хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах тухай асуудалд нэгдсэн байр суурийг баримталж зөвшилцөлд хүрээгүй байх бөгөөд зээлдүүлэгч талын гэрээ цуцлах саналыг  зээлдэгч тал хүлээн зөвшөөрөөгүй байна.

            Иймд банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, гаргасан нэхэмжлэлээ тодруулж тайлбарлахдаа гэрээ цуцлалт хүчин төгөлдөр болоогүй тул зээл зээлийн хүүг нэхэмжлэх нь шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар үргэлжилнэ гэж тайлбарласан байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзахдаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журмыг баримтлаагүй гэж маргасан байна.

            Банктай байгуулсан зээлийн гэрээндээ  гэрээг биелүүлэхтэй холбогдсон аливаа санал зөрөлдөөн маргааныг талууд зөвшилцөх замаар шийднэ гэж гэрээний 10.1-т заасан бөгөөд хэрэв талууд 10.1-т  заасан аргаар маргааныг шийдвэрлэж чадахгүй бол  Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэжээ.

Мөн барьцааны гэрээний 8.6-д зээлийн гэрээ болон энэхүү гэрээний хооронд зөрүүтэй зүйл гарвал зээлийн гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 19-ний өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.Б-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330.815 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                       ШҮҮГЧИД                                      Л.АМАРСАНАА

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ