Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/727

 

 

 

 

     2021           8               5                                         2021/ДШМ/727

 

Б.Б, Т.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэхийг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЗ/1020 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Т.Т нарт холбогдох 2110000320032 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Б, 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто засварын ажил хийдэг, ам бүл-0, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ДМ00000000/;

2. Т.Т, 0000 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00-000 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: УУ0000000/;

Шүүгдэгч Б.Б, Т.Т нар нь бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 1 хорооллын замын урд талын авто зогсоолд байсан иргэн Б.Оийн “Тоёота Приус-20” маркийн 57-46 УНС улсын дугаар бүхий автомашины зөөлөн янданг,

мөн 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 86 дугаар байрны авто зогсоолд байсан иргэн Д.Гын “Тоёота Приус-20” маркийн 68-62 УНУ улсын дугаар бүхий автомашины зөөлөн янданг тус тус тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б, Т.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хэний өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан эсэхийг тогтоох, улмаар тээврийн хэрэгслийг битүүмжлэх, зохих эрх бүхий байгууллагаар үнэлгээг хийлгэж тогтоох нь зүйтэй байна.

Дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ “машин механизм ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалган тогтоосны эцэст гэмт хэргийн шинж, зүйлчлэлийг зөв тогтоож ирүүлэх нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч ингэхдээ хулгайлах гэмт хэргийг “тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг ашигласан” гэдгээр яллах дүгнэлт үйлдсэн, шүүх “машин механизм ашигласан” гэх гэмт хэргийн шинжээр хүндрүүлэх боломжгүй юм.

Нөгөө талаар Эрүүгийн хуульд “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэсэн үгээр гэмт хэргийн шинжийг хуульчилсан байхад прокуророос “тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг ашиглан” үйлдсэн гэж хуулийн бус үг хэллэгээр яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан яллах дүгнэлт үйлдэх хуулийн шаардлагад нийцүүлээгүй, зөрчилтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах, эсхүл үнийг гаргуулах талаар хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд “эд мөрийн баримт”-д гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл уналга ...”-ыг тооцно” гэж заасан бөгөөд дээрх хуулиудын зохицуулалтыг ч мөн шүүх хэрэглэх хуулийн нөхцөл хангагдаагүй байна.

Иймээс зөрчлүүдийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Б, Т.Т нарт холбогдох эрүүгийн 2110000320032 дугаартай хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Очбадар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгчийн хувьд шүүхээс хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан бөгөөд үндэслэлгүйгээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгүүлэхээр прокурорт буцаасан гэж үзэж байна. Үүнд:

1. Т.Т яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Б.Бтай ...Таван шар дээр уулзсан. Б.Бын Тоёота Сайг өмнө нь яндан авсан цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоолд оруулж тавиад, ... хэдэн байр өнгөрөөд машинаа нэг газар үлдээгээд цааш явган явсан. Тайлж авсан яндангаа нөгөө машинаас цаах нь аваачиж нууж тавиад өөрийнхөө машин дээр очсон. Тэндээсээ Б.Бын машин дээр ирээд сольж унаад нөгөө газраасаа нилээн зайтай тавиад, яндан нуусан газраасаа алхаж очиж аваад Б.Бын машинд хийгээд авч явсан” /хх 162-163/,

Б.Б нь яллагдагчаар мэдүүлэхдээ “...найз Т.Ттэй “Таван шар”-д уулзаад ... хоёулаа Нисэх рүү хүн суулгаад явсан. Хүмүүсээ буулгачихаад буудал дээр нь уулзсан. Замын уулзвар дээр машинаа тавиад хэсэг машиндаа сууж байгаад машинаасаа 14-ийн түлхүүр, 14-ийн дорцов болон данхрат аваад нөгөө улаан приус 20 дээр алхаж очсон. ...” /хх 165-166/ тус тус гэжээ.

Дээрх мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд, шүүгдэгч нар нь приус машины янданг хулгайлахдаа явган алхан очиж, автомашинаас нь өдөр тутамд хэрэглэгддэг ердийн хэрэглээний багаж ашиглаж яданг тайлж авч явсан нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглаагүй бөгөөд янданг тайлж авч явснаар гэмт хэрэг төгссөн, хохирогч нарын өмчлөлөөс гарч Б.Б, Т.Т нарын хувьд захиран зарцуулах боломжтой болсон үүссэн гэж үзэж байна.

Харин хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа янданг өөрсдийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл рүү аваачин ачиж, гэмт хэрэг үйлдсэн газраасаа явжээ. Түүнчлэн шүүгдэгч нарын хувьд анхнаасаа хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглахаар жолоодон яваагүй ба тэдний хувьд цар тахал, хорио цээрийн үед иргэдэд таксины үйлчилгээ үзүүлэн орлого олж, гэр бүлээ тэжээн тэтгэх, банкнаас авсан хэрэглээний зээлээ төлөх зорилготой байсан болохоо ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан болно.

Тиймээс шүүхээс хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн эсэхийг шалгуулахаар буцаасан үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “...тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжтэйгээр зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, автомашиндаа ердийн журмаар тогтмол хэрэглэж ашигладаг өргөгч багаж /домакрат/, 14-ийн хэмжээтэй эрэг, боолт тайлах зориулалтай түлхүүр, багаж зэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл гэж үзэж байгаа нь ойлгомжгүй болно.

Учир нь, өмгөөлөгч миний бие “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг хэрхэн ойлгож, Эрүүгийн хуулийг нэг мөр хэрэглэх талаар хуульд заасан тайлбар болон Монгол хэлний тайлбар толь, холбогдох бусад хууль тогтоомжийг харьцуулан судалж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан ...“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгох”-оор тайлбарлажээ.

Тиймээс өмгөөлөгч миний бие 1964 онд Монгол Улсын Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний товч тайлбар толь” /Я.Цэвэл/, 2015 онд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан “Монгол хэлний их тайлбар толь” зэргийг судлахад “Тусгайлах” гэдэг үг нь онцгой байлгах, онцгойлон авч үзэх гэсэн агуулгаар тайлбарлагджээ.

Түүнчлэн “Бэлтгэх” гэдэг үг нь бэлэн болгож зэхэх, ажилд хэрэглэгдэх зүйлээ урьдаар бэлтгэх гэсэн агуулгаар,

“Засах” гэдэг үг нь юмыг санал зорилгод нийцүүлэн тохируулах гэсэн агуулгаар,

“Тохируулах” гэдэг үг нь санаанд тохируулан нийцүүлэх, нөхцөл байдалд тохируулах гэсэн агуулгаар тус тус тайлбарлагджээ.

Дээрх Эрүүгийн хуулийн заалт, Монгол хэлний тайлбар толь зэрэгт үгсийг тайлбарласнаас үзвэл Б.Б, Т.Т нарын хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийхдээ, ямарваа нэг багажийг гэмт үйлдэлдээ ашиглахын тулд урьдаар бэлтгээгүй, багажны үндсэн зориулалт, иж бүрдэл, шинж чанарыг гэмт хэрэг үйлдэхдээ зориудаар тохируулж, нийцүүлээгүй, харин өдөр тутамд хэрэглэгдэх автомшиндаа байсан багажуудыг ашигласан. Үүнийг тусгайлан бэлтгэсэн эд зүйл, хэрэгсэл ашигласан гэх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийг нэг мөр зөв ойлгож, үгчлэн агуулгаар тайлбарлан хэрэглэхэд Монгол хэлний тайлбар толиудыг ашиглах зайлшгүй шаардлагатай байсан болно.

2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Хэлний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий монгол хэл шинжлэлийн хүрээлэн /цаашид “эрх бүхий судалгааны байгууллага” гэх/ ажиллахаар заасан.

Тэгвэл дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.4 дэх хэсэгт зааснаар “Хэлний бодлогын зөвлөл” нь энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийн толь, үгийн сангийн толь болон бусад холбогдох толь бичгийг хэлэлцэн батлахаар хуульчилсан.

Энэ эрхийнхээ хүрээнд 2015 онд “Монгол хэлний их тайлбар толь” батлан гаргаж, Монгол хэлний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлигийг Шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд гардуулан өгсөн байдаг.

Тиймээс хуулийн дагуу батлагдаж, хэрэглэгдэж буй дээрх тайлбарыг миний зүгээс хуулийн нэр томьёог зөв ойлгож хэрэглэхдээ ашиглах нь хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад шууд нөлөөлнө гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.

Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхээс хууль зүйн болоод шинжлэх ухааны тайлбар зэргийг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгч нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар гомдол гаргаж байна. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Т.Т нарт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгажээ.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой төдийгүй хууль зүйн нэр томьёо, гэмт хэргийн шинжийг тайлбарлан хэргийг шийдвэрлэх боломжтой байдаг бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтэлгээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Хулгайлах гэмт хэргийн хувьд, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл, хэсэг, заалтын шинжийг хангаж байгаа эсэхийг хянахдаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж, төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон үеийг тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.

Нөгөөтэйгүүр, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдоогүй бол хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүйг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Б, Т.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Очбадарын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Т.Т нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Б, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР