Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 276

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч А.Батдорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Шуудай овогт Амаржаргалын Батдоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031893 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо, Дэнжийн 9-4086 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 15 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Шуудай овогт Амаржаргалын Батдорж /РД- ИЦ82111476/

 

Холбогдсон хэргийн талаар: А.Батдорж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Батдорж нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Ганчимэгийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээн хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

яллагдагч А.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “… тэр өдөр тэр гурван эмэгтэй манай эхнэрийг үсдэж аваад цохиод өшиглөхөөр нь би боль гээд салгатал хохирогч гээд байгаа эмэгтэй миний нүүрийг маажчихсан үед би машины багажны торос янзлах гээд гартаа бахь барьсан байсан. Тэгээд салгах гэж очоод миний нүүрийг маажсан эмэгтэйг бахьтай гараараа чих рүү нь цохичихсон юм. Би өөрт учирсан гэмтлийг шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71х/

хохирогч О.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 16 дугаар гудамж 194 тоот гэрээсээ бэр дүү Болормаа болон түүний найз Амарзаяа нарын хамтаар гарч Болормааг автобусны буудал руу дөхүүлж өгөх гээд манай доод талын гудамж буюу дэнжийн 8 дугаар гудамжинд явж байтал Энхээ араас ирж байна гээд бид гурав түр хүлээгээд зогссон. Тэр үед Амарзаяа гартаа 1 ширхэг лаазтай пиво барьчихсан уугаад зогсож байсан ба Болормаа 6 сартай хүүхдээ тэврээд зогсож байсан. Удалгүй Энхээ араас ирж бид дөрөв юм яриад зогсож байтал цэнхэр өнгийн хашаан дотроос үл таних 40 орчим насны согтуу эрэгтэй гарч ирээд энэ хавиас холд, зайл гичийнүүдээ гэх зэргээр харааж хөөж эхэлсэн. Тэгэхэд нь одоо ингэсгээд явлаа ахаа уучлаарай гэж Болормаа хэлсэн санагдаж байна. Тэгсэн тэр ах буцаад гэрлүүгээ яваад орчихсон ба удалгүй 2-3 минутын дараа эхнэрийн хамтаар хоорондоо хэрэлдээд байгаа бололтой гарч ирээд тэр ах шууд бид дөрөв дээр ирсэн. Би хамгийн урд талд зогсож байсан болохоор шууд миний зүүн талын чих рүү гартаа барьсан бахиар 2 удаа цохисон. Тэгэхээр нь би та намайг яаж байгаа юм бэ гээд согтуу эрэгтэйгийн нүүрэн тус газар нь алгадахад амных нь хажуу хэсэгт маажигдсан байсан. Тэгсэн Болормаа цагдаад дуудлага өгсөн, эхнэр нөхөр хоёр л гарч ирсэн. Өөр хүн байгаагүй …” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11х, 79х/,

гэрч Н.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүнсний захаас хоол хүнсээ цуглуулчихаад гэртээ харих замдаа хадмынхаараа дайраад гарая гэж бодоод Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хороо дэнжийн 16-194 тоотод очиж уулзсан. Тэгсэн манай нөхрийн бэр эгч Ганчимэг миний тортой юмыг бариад автобусны буудал руу дөхүүлж өгье гээд бид хоёр гэрээс нь гарахад хадмын хөрш айлын Амарзаяатай тааралдаж 3-лаа доош гудамж уруудаад явж байхад манай найз Энхээ миний утас руу залгаад дэнжийн мянгад хадмындаа ирсэн юм бол уулзчихаад яваачээ хүлээж бай гэсний дагуу дэнжийн 8 дугаар гудамжинд хүлээгээд зогсож байтал цэнхэр өнгийн хашаанаас нэг танихгүй согтуу бололтой эрэгтэй гарч ирээд шууд бид гурав луу муусайн гичиий, пизда нар гэж хараалын үг хэлж орилж хөөсөн. Тэгэхэд нь бид уучлаарай ахаа, одоо бид нар ингээд явлаа гэхэд буцаж гэрлүүгээ орчихоод удалгүй гарч ирсэн ба араас нь эхнэр нь бололтой мөн л согтуу эмэгтэй гарч ирээд Ганчимэг эгчрүү дайрсан. Тэгсэн Ганчимэг эгч миний чих сэтлээд хаячихлаа шдээ гээд орилоход нь сандраад хартал тэр ах гартаа нарийнхан урт бахь барьчихсан Ганчимэг эгчийн зүүн талын чихрүү цохиж гэмтээгээд цус гаргасан байсан. Ганчимэг эгч бид нар явлаа гэж хэлсээр байхад ямар хаашаа юм бэ, эмэгтэй хүн рүү бахь бариад дайраад байхдаа яадаг юм гээд нүүрэн хэсэгт нь 1 удаа алагдчихсан чинь тэр ахын нүүр хэсэгт жаахан маажчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64х/    

гэрч Б.Амарзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…би 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 16-192 тоот гэрээсээ гарч иртэл хөрш Ганчимэг эгч манай найз Болормаа нар тааралдсан. Тэгэхээр нь доошоо автобусны буудал руу хамт алхаж байтал араас Энхээ ирж байна гэж ярихаар нь дэнжийн 8 дугаар гудамжинд хүлээгээд зогсож байтал цэнхэр өнгийн хашаанаас нэг согтуу ах гарч ирээд одоо эндээс яв зайл гэж хөөж эхэлсэн. Тэгэхэд нь одоо ингээд явлаа ахаа, хүн хүлээж байна гэдгийг хэлэхэд гэрлүүгээ яваад орчихсон. Удалгүй буцаж гарч ирэхдээ эхнэр нь бололтой эмэгтэйгийн хамтаар гарч ирсэн. Тэр эмэгтэй бас нилээн согтуу байсан. Тэгээд л шууд Ганчимэг эгч рүү дайраад байсан ба Ганчимэг эгч миний чих сэтэрчихлээ гээд орилхоор нь харсан чинь зүүн талын чихнээс цус гарсан байдалтай тэр ахын гарт нь бахь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66х/

гэрч Я.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…миний бие Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХТ-ийн эргүүлийн офицероор ажилладаг бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хайрхан-114 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг 17 минутанд Хайрхан-10-aac Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 8 дугаар гудамжинд манай найзыг бахиар чих рүү нь цохилоо гэх дуудлаганд очиж ажиллахад тус тоотод нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-408в тоот байсан бөгөөд Батдорж гэх хүн Ганчимэгийн чих рүү бахиар цохисон байдалтай байсан. Намайг очиход Ганчимэгийн чих хэсгээс цус гарсан байдалтай байсан. Батдорж би цохичихсон юмаа гэсэн. Би болсон явдлыг тодруулахад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-408в тоотын гадна Ганчимэгийг зогсож байхад нь Батдорж гарч ирээд эндээс зайл гэх мэтчилэн хэл амаар доромжилж Ганчимэгийн чих хэсэгт бахиар цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81х/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12750 тоот дүгнэлт: “Ганчимэгийн биед зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнилах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 25х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч А.Батдоржийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгүүдэд хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргүүдийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч А.Батдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч О.Ганчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул А.Батдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Батдоржид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 46х/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шуудай овогт Амаржаргалын Батдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Батдоржид 1350 нэгж хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Батдоржийн цагдан хоригдсон нийт 120 хоногийг оногдуулсан торгох ялд дүйцүүлэн түүнийг ял эдэлсэнд тооцож, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Батдорж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ