| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2023/00117/И |
| Дугаар | 156/ШШ2023/00165 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 156/ШШ2023/00165
2023 4 04 156/ШШ2023/00165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00117/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....................... тоотод оршин суух, рд: ., Хоргой овогт А. Ц.,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, . оршин суух, рд: ...................................................................., Боржигин овогт Дашцэрэнгийн Болдбаатар,
Нэхэмжлэлийн шаардлага: 2.530.000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.Цэ. /онлайнаар/,
Хариуцагч Д.Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ц. нь хариуцагч Д.Б.т холбогдуулан 2.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие өөрийн танил Д.Б.тай 2022 оны 5 дугаар сард утсаар ярьж өвөл идэшэнд хэрэглэх бяруу мэдэж байгаарай гэтэл Д.Б. надруу яриад бяруу олсон, мөнгө явуул гэсэн. Үүний дагуу 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэг бяруу 500,000 төгрөгийн үнэтэй гэж тооцож 3 бярууны мөнгө шилжүүлсэн юм. Уг гурван бярууг намар идэшний үед авахаар болсон, хариулганы мөнгө тохиролцоогүй. Мөн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д.Б. нь эхнэрийн бие муудаад байна, хагалгаанд орох шаардлагатай болсон гээд 1,000,000 төгрөг зээлээч гэхээр нь Хаан банкны . тоот дансанд мөн шилжүүлсэн. Дараа нь 3 бяруу ачих машины зардал 30.000 төгрөгийг шилжүүл гэхэд нь шилжүүлсэн. Намар болоход 2 бярууг нядлаж замын унаагаар явуулсан байх боловч тэр нь бярууны мах биш жижиг, тугалын мах байсан. Өөрөө ч авчирч өгөөгүй, замын танихгүй хүнээр өгүүлсөн байсан. Тэр махыг нь би идээгүй, зах дээр хуушуурны маханд өгсөн. Би энэ талаар Д.Б.тай ярих гэхээр миний утсыг авахгүй байсан. Нэг бяруу нь туранхай байна, идэшэнд хэрэглэх боломжгүй, амьдын гарз гэж хэлж байсан. Иймд намайг хохироож байгаа тул гурван бярууны үнэ 1,500,000 төгрөг, надаас зээлсэн 1,000,000 төгрөг, бензины мөнгө 30,000 төгрөг, нийт 2,530,000 төгрөгийг хариуцагч Д.Б.аас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Д.Б.нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр А.Ц.ээс 5935330463 тоот дансаар 1,500,000 төгрөгийг бяруу худалдаж авч өгөх зорилготойгоор авсан нь үнэн. Тухайн үед нэг бярууг 500,000 төгрөгөөр бодож 3 бяруу худалдаж авсан. 2022 оны 5 дугаар сараас эхлэн гурван бярууг нь би А.Ц.г идэш авах хүртэл маллаж тэжээж байсан. 2022 оны 12 дугаар сарын эхээр идэш бэлдэнэ гэж А.Ц. утсаар ярьсан. Өөрөө ирж идэшээ хийхгүй, Н.Б.р нядлуулаад явуулчих гэсэн. Би 2 бярууг нядлуулаад /ажиллаад/ өгч явуулсан. Явуулснаас хойш 2, 3 хоногийн дараа өгч явуулсан 2 бярууны махыг жижиг байна гэж ярьж маргаан эхэлсэн. Тэгээд дахин холбогдоогүй. 2 бярууны махыг авч хэрэглэчихээд яагаад надаас мөнгийг нь гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Одоогийн байдлаар А.Ц.д авч өгсөн 1 бяруу нь малын суурьт байгаа. Тухайн үед бяруу хариулсаны хөлсийг тохиролцоогүй боловч А.Ц. нь шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан үүссэн тул би түүнд өгөх мөнгөнөөс хариулганы хөлсийг тооцно. Бяруу алга болбол би өөрөө төлөх байсан тул харилганы хөлсийг 750,000 төгрөгөөр тооцож байна. Түүнээс авсан 30,000 төгрөгийн хувьд түүний худалдан авсан бярууг би өөр хүнээс худалдаж авсан. Ингэхдээ машинаар ачиж авсан тул бензины 30,000 төгрөгийг авсан.
Одоо А.Ц.н нэхэмжилж буй 2,530,000 төгрөгөөс нэг бярууны үнэ болох 500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сард зээлсэн 1,000,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг өгөх ёстойгоос бярууны хариулганы хөлс 750,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2 дугаар тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 дугаар тал/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-5 дугаар тал/, фэйсбүүк мессенжерээр харилцсан зураг /хх-ийн 6 дугаар тал/ зэргийг баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар /хх-ийн 13-14 дүгээр тал/, Хаан банкны ..............тоот дансны хуулга /хх-ийн 15-16 дугаар тал/ зэргийг баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ц.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,030,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Д.Б.т өвлийн идэшинд хэрэглэхээр 3 тооны бярууны үнэ болох 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн боловч маш жижиг, бараг тугалын мах гэж хэлэхээр 2 малын мах явуулсан байсан. Мөн эхнэрийн бие муудаад байна, хагалгаанд орох шаардлагатай болсон гээд 1,000,000 төгрөг зээлээч гэхээр нь шилжүүлсэн. 3 тооны бяруу ачих машины зардал 30,000 төгрөгийг шилжүүл гэхэд нь шилжүүлсэн. Иймд нийт 2,530,000 төгрөгийг Д.Б.т өгсөн, энэ төлбөрийг шаардаж байна гэж,
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Би нэхэмжлэгчээс зээлсэн 1,000,000 төгрөг болон нэг бярууны үнэ 500,000 төгрөгийг өгнө. Харин А.Ц.д 2 тооны бярууны мах явуулсан, уг махыг тэр өөрөө хэрэглэсэн. Мөн 30,000 төгрөгийг түүнд худалдан авч өгсөн 3 тооны бярууг машинаар ачиж, зөөхөд хэрэглэсэн. Иймд 1,500,000 төгрөг өгөх ёстойгоос 3 бярууг хариулсаны хөлс 750,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төгрөгийг төлнө гэж тайлбарлалаа.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч А.Ц. нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Д.Б.р идэшинд хэрэглэхээр 3 тооны бяруу худалдан авахуулахаар, 1 бярууг 500,000 төгрөгөөр тооцож түүний ХААН банк дахь ..................тоот дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д.Б.ыг мөнгө зээлээч гэх хүсэлтийн дагуу 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, худалдан авахаар болсон 3 тооны бярууг машинаар тээвэрлэхэд зориулж 30,000 төгрөгийг мөн шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банк дахь Д.Б. ын нэр дээрх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15-16 дугаар тал/-аар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
5. Харин нэхэмжлэгч А.Цэ. нь хариуцагч Д.Б.ын идэшний цагаар явуулсан 2 тооны бярууны мах нь маш жижиг байсан тул би идэшиндээ хэрэглээгүй гэж, хариуцагч Д.Б. нь монгол бяруу угаасаа жижиг биетэй байдаг, 2 тооны бярууны мах явуулсан, түүнд өгөх мөнгөнөөс 3 тооны бярууг хавраас намар хүртэл хариулсаны хөлсийг хасаж тооцно гэж маргасан.
6.Дээрх үйл явдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн байна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
7.Хариуцагч Д.Б. нь нэхэмжлэгч А.Ц.ийн хэлснээр 2 тооны бярууг Н.Б.т хүлээлгэн өгсөн, Н.Б. нь уг 2 тооны бярууг нядлан махыг нь хүнээр А.Цэ.д хүргүүлсэн болох нь шүүх хуралдаанд өгсөн гэрч Н.Б.н ...би Д.Б.аас яг ижил 3 тооны бяруу аваад нэгийг нь би өөрөө хүнсэнд хэрэглэсэн. Хоёрыг нь нядлаад хүргэнээрээ А.Цэ.үд хүргүүлсэн гэх мэдүүлгээр, уг 2 тооны бярууны махыг нэхэмжлэгч А.Ц. нь хүлээн авч хэрэглэсэн болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн ...би зам дээр тосож байгаад жолоочид нь 70,000 төгрөг өгч махыг авсан. Уг 2 бярууны мах нь маш жижиг бараг тугалын мах гэж хэлэхээр байсан учир хүнсэндээ хэрэглээгүй, зах дээр аваачиж хуушуурны маханд өгсөн, ...мөнгийг нь би хэрэглэсэн гэх тайлбараар нотлогдож байна. Иймд 2 тооны бярууны мах нь нэхэмжлэгч А.Ц.н санаанд нийцээгүй боловч тэрээр өөрөө хэрэглэсэн байх тул 2 тооны бярууны үнэ 1,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б.ас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч А.Ц. нь 3 тооны бярууг машинаар зөөвөрлөхөд бензиний мөнгө гэж хариуцагч Д.Б.т 30,000 төгрөг шилжүүлсэн, энэ мөнгөө нэхэмжилж байна гэх боловч энэ нь уг бяруунуудыг зөөвөрлөхөд зарцуулагдсан болох нь хариуцагч Д.Б.ын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч Д.Б.ын тайлбарыг нэхэмжлэгч А.Ц. нь няцаагаагүй, бяруунуудыг машинаар зөөвөрлөсөн эсэх тал дээр талууд маргаагүй тул уг 30,000 төгрөг нь зориулалтын дагуу зарцуулагдсан байх бөгөөд хариуцагч Д.Б. нь төлөх үүрэггүй байна.
9. Хариуцагч нь үлдсэн 1 тооны бярууны үнэ 500,000 төгрөг, зээлсэн 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч 3 тооны бярууг хавраас намар хүртэл хариулсаны төлбөрийг суутгана гэж тайлбарлах боловч талууд анх энэ талаар тохиролцоогүй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар анх бяруу худалдан авахдаа нэхэмжлэгч нь хариулганы хөлсийн талаар ярилцаагүй гэж, харин хариуцагч нь ...тэгж байгаад болно доо гэж хэлсэн, хариулганы хөлс авахгүй гэж хэлээгүй гэх боловч талууд 3 тооны бярууг анх хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийг хүртэл хэдэн төгрөгөөр хариулж байхаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн хариуцагч нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.
10. Хариуцагч Д.Б. нь нэхэмжлэгч А.Ц.ээс 1,000,000 төгрөг зээлсэн, төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ц. нь хариуцагч Д.Б.аас зээл 1,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
11. Иймд хариуцагч Д.Б.ас 1 тооны бярууны үнэ 500,000 төгрөг, зээл 1,000,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц.д олгож, үлдэх 2 тооны бярууны үнэ 1,000,000 төгрөг, бярууг машинаар зөөвөрлөхөд зарцуулсан бензиний үнэ 30,000 төгрөг, нийт 1,030,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,430 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц.д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б.аас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц.д олгож, үлдэх 1,030,000 /нэг сая гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,430 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА