2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Ю.М нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508015031360 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт Ю-ийн М, Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, M ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг торгох ялыг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 316 дугаар тогтоолоор дуусгавар болсон.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Ю.М нь “өндөг худалдан авч Багануур орж заръя” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Т-ий 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, *** тоотод байхдаа шилжүүлсэн 2.024.800 төгрөгийг Д.Ж-ын эзэмшлийн Хаан банкны 5034*** тоот дансыг ашиглан өөрийн Хаан банкны 5059*** тоот данс руугаа шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Хохирогч Г.Т-ий “...Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, *** тоотод байхдаа 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найз Ю.М-той харилцаж өндөг худалдан авч Багануур орж заръя гэхээр нь зөвшөөрч Хаан банкны Д Ж-ын эзэмшлийн Хаан банкны 5034*** тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс өмнө 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг авсан. Надад худал хэлж нийт 3,000,000 сая төгрөг аваад одоо хүртэл өгөөгүй. Ю.М нь өндөг авч заръя гэж хэлээд надаас 2,000,000 төгрөг авчхаад өндөг зарж борлуулах талаар ямар нэг үйлдэл хийхгүй алга болсон тул намайг залилсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Ю.М-той 2014 оноос хойш найзалж байгаа. Сүүлд 2024 оны 12 дугаар сард уулзахад ямар нэг ажил хийж байгаагүй. Урьд нь найзууд болон компаниасаа мөнгө аваад залилж байсан талаар сонсож байсан. НВЦ гэх өндөгний компанид 2020-2023 оны хооронд ажиллаж байсан... Намайг Япон улсад байхад 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр найз Ю.М 1,000,000 төгрөг зээлсэн байсан энэ мөнгөө 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буцааж өгсөн. Харин 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хамтарч өндөг зарахаар тохиролцож 2,024,800 төгрөгийг өгөөгүй. Надаас авсан мөнгөөрөө покер тоглосон гэсэн. Надад одоо 2,024,800 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 53 дахь тал),

-Г.Тий Хас банкны 5005*** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Гэрч Д.Ж-ын “...Танил М 2024 оны 12 дугаар сарын эхээр 600,000 төгрөг зээлсэн. Тэгээд тухайн мөнгөө өгөхгүй яваад байж 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр холбогдоод найзаасаа мөнгө аваад чамаас зээлсэн мөнгөө өгнө. 2,000,000 орчим төгрөг орж ирнэ. Тэгээд өөрийн авах ёстой мөнгөө аваад үлдэгдэл мөнгийг нь над руу шилжүүлээрэй гэсэн. Тэгээд миний данс руу 2,024,800 төгрөгийн орлогын гүйлгээ орохоор нь өөрийн авах ёстой 400,000 төгрөгөө аваад үлдэгдэл мөнгийг нь М-ын явуулсан 5059*** тоот данс руу шилжүүлсэн. Хаана байгаа, юу хийж байгааг нь сайн мэдэхгүй. Зүгээр л танилууд болно. Ямар ч холбоогүй. Зүгээр надаас мөнгө зээлдэг байсан. Зээлээд хэлсэн хугацаандаа өгдөг байсан. Тэгээд сүүлд надад бас мөнгө өгөх ёстой байсан. Тэгээд би найзаасаа мөнгө асуугаад байя ч гэлүү. Дараа нь миний дансыг тэр найздаа өгчихлөө гээд тэр хүн нь над руу мөнгө шилжүүлээд, би тэндээс нь авах ёстой мөнгөө аваад буцаагаад үлдэгдлийг нь өөр лүү нь шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 27-нд холбогдсон. Мөнгөө аваад үлдэгдлийг нь М руу шилжүүлээд харилцаа холбоо тасарсан. Тэрнээс хойш одоо нэг ч холбоогүй. 9923**** гэсэн дугаараас залгадаг. Заримдаа фейсбүүк чатаар холбогддог. Би өндөг худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Ю.М өндөгний газар ажилладаг байсан гэж ярьж байсан. Хамтарч өндөг зарах талаар ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

-Ю.М-ын Хаан банкны 5059*** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (46-51 дэх тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, хуульд заасан аргаар хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор төгссөнд тооцогдоно.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ю.М нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор Г.Т-д “өндөг худалдан авч Багануур орж заръя” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 2.024.800 төгрөгийг Д.Ж-ын эзэмшлийн Хаан банкны 5034*** тоот дансыг ашиглан өөрийн Хаан банкны 5059*** тоот данс руугаа шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ю.М нь хохирогч Г.Т-ий эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, бодит байдлыг нуух замаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус болох нь илэрхий, тэрээр өөрийн идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ю.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ю.М-ыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.М-оос хэргийн зүйлчлэл, гэм буруу, хохирол төлбөрийн тухайд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Ю.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан 2,024,800 төгрөгийн хохирлыг хохирогч Г.Т-д төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ю.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 66 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн  71 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ю.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Ю.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ю.М-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

2.3.      Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Ю-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М-д оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.М нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ю.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР