Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/01248

 

 

 

 

 

2023 04 21

181/ШШ2023/01248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ш ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 297,825,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч А ХХКхолбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 267,023,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...А ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Т/511 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /цаашид Гэрээ гэх/ байгуулсан ба бид худалдан авагч талын захиалга шатахууныг цаг тухайд нийлүүлсэн.

Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Худалдан авагч нь шатахууныг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч А ХХК нь гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна.

 

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Худалдагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахууны төлбөрийг төлөх, гэрээний дагуу анз төлүүлэхээр Худалдан авагчаас шаардах эрхтэй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт Худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахууны төлбөр төлөх, үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз төлөх үүрэгтэй гэж заасан.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж тохиролцсон.

Хариуцагч А ХХК нь Гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрийн үүргээ биелүүлэлгүй 3 сар шахам болж, гэрээний үүргийн ноцтой зөрчлийг бий болгоод байна.

Хариуцагч А ХХК нь уг нэхэмжлэлийг гаргасан өдрийн байдлаар Гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 198,550,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тооцсон алданги 68,473,150 төгрөгийг тус тус төлөлгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг Хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй.

Иймд, гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 198,550,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 68,473,150 төгрөг, нийт 267,023,150 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 30,801,850 төгрөгөөр ихэсгэсэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...нэхэмжлэлийн шаардлагыг 30,801,850 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч А ХХК нь өнөөдрийн байдлаар Гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 198,550,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцсон алданги 211,429,150 төгрөгийг тус тус төлөлгүй, өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна.

Иймд, гэрээний харилцаанаас үүссэн гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн 198,550,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон, хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 99,275,000 төгрөг, нийт 297,825,000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч А ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу алдангийн хэмжээг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...А ХХК нь Улаанбаатар хотын хэмжээнд маш олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, хотын хөгжил, бүтээн байгуулалтанд багагүй хэмжээний хувь нэмэр оруулсаар байгаа билээ.

Гэвч сүүлийн жилүүдэд барилгын салбарын төлөөллүүд маань эдийн засгийн маш хүнд цаг үеийг туулж, барилгын материалын үнийн өсөлт, инфляцийн түвшин, гадаад валютын өсөлт, микро зээлийн хэмжээ зэрэг зах зээлийн борлуулалтын хэмжээнд сөрөг үр дагаврыг бий болгох хүндрэлтэй нөхцлүүдийг даван туулж ажиллаж байна. Тиймээс www.rеmах.mn-с гаргасан 2021, 2022 оны зах зээлийн борлуулалтын мэдээллийн судалгааг хүргэж байна.

Судалгаанаас харвал 2022 оны 6-9 дүгээр сар хүртэлх хугацаанд орон сууцны борлуулалтын хэмжээ өмнөх оныхоос буурч, зарим саруудад 2 дахин багассан үзүүлэлт харагдаж байна.

Бидний хувьд Ш ХХК-тай 2022 оны 7 дугаар сард Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, дараах хэмжээгээр шатахуун худалдаж авсан байна. Үүнд:

 

Шатахуун авсан огноо

Шатахууны хэмжээ

Нийт үнэ

2022.07.06

13,150

49,970,000

2022.07.06

24,950

94,810,000

2022.07.06

1,000

3,800,000

2022.07.22

13,150

49,970,000

Нийт

198,550,000

 

А ХХК нь Хан-Уул дүүргийн Мишээл экспо төвийн дэргэд River view хотхон төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжийн блок нь 2022 оны 9 дүгээр сард ашиглалтад орох төлөвтэй байсан боловч барилгын материалын үнийн өсөлт, гадаад валютын өсөлтөөс шалтгаалан хойшлогдсоны улмаас бид Ш ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйд дахин хүлцэл өчиж байна.

Түүнчлэн барилгын материалын нийлүүлэлтийн хэмжээ БНХАУ-ын эрээн хотод тогтоосон хөл хорио, Ковид-19 халдварын улмаас буурч, нийлүүлэлтийн хугацаа ихсэх, зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх гол нөхцөл болсон бөгөөд орон сууцны барилгад хамгийн их хэмжээгээр хэрэглэгддэг материал болох цемент 1 тонн нь 2022 оны эхэнд 220,000 төгрөгөөр борлуулагдаж байсан бол 2022 оны 6 дугаар сард буюу хөл хорио тогтоосноос хойш 1 тонн нь 650,000 төгрөг болж, 3 дахин нэмэгдсэн байгаа нь талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу HARDSHIP буюу төрийн эрх барих байгууллагын шийдвэр буюу экспорт, импортын хориг арга хэмжээнд хамруулан ойлгоно.

Мөн манай River view хотхоноос орон сууц худалдах, худалдан авах, захиалга өгөх гэрээ сүүлийн 6 сард 1 ч удаа байгуулагдаагүй нь манай компанийн мөнгөн урсгал, эдийн засаг, санхүүгийн чадавхид ихээхэн нөлөөлж, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэлээ.

Тиймээс энэ талаараа гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу 20-оос дээш хоногоос илүү хугацаагаар үргэлжилж, өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн хэмжээнд хил нээгдээгүй байгаа тул бидний зүгээс Ш ХХК-д албан бичиг, хүсэлтээр мэдэгдэж, төлбөрөө барагдуулах арга буюу бартерын саналаа 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр дараах байдпаар хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөлгүйгээр шүүхэд хандсанд харамсалтай байна. Үүнд:

- Төлбөр төлөгдөх ёстой өдрөөс эхлэн төлөгдөөгүй үнийн дүнд 30 хоногийн 3 хувийн хүүг тооцон, өнөөдрийг хүртэл үүссэн хүүгийн төлбөрийг нэн тэргүүнд төлөн, үүнээс хойш сар бүр тогтмол хүүг төлөн үлдэгдэл төлбөрийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах;

- Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төвийн зүүн талд баригдаж буй River view хотхоноос борлуулалтын үнээс 20 хувийн хямдралтай үнээр гэрээний төлөгдөөгүй дүнд үл хөдлөх хөрөнгө танай компанид шилжүүлэх;

Биднээс үл хамаарах шалтгаанаар үүсээд байгаа зах зээлийн сөрөг нөхцөл байдлыг ойлгож, төлбөрөө барагдуулах нөхцөл боломжийг бий болгохоор өөрсдийн боломжит хувилбарыг санал болгосон боловч тодорхой хариу өгөлгүй шүүхэд хандсан нь өндөр алдангийн хэмжээтэй холбоотой гэж ойлгож байна.

Иймд зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, 15,7 хувь өссөн инфляцийн түвшин, 3 дахин өссөн барилгын материалын үнийн өсөлт, гадаад валютын ханшийн өсөлт, импортын хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрээний дагуу тооцсон алдангийн хэмжээг бууруулж, төлбөрөө төлж барагдуулах нөхцөл боломжийг дахин бодолцож үзэхийг хичээнгүйлэн хүсье. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, А ХХК-тай байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн №Т/511 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, хавсралт №01-ийн хуулбар, А ХХК-д хүргүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн №Т/2768, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №Т/2838 дугаартай Шатахууны төлбөрийн тухай албан бичгүүдийн хуулбар, А ХХК-иас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн №013/22, 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн №016/22 дугаартай хүсэлт бүхий албан бичгүүдийн хуулбар, А ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо, 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирал Х.Өлзийбаярын иргэний үнэмлэхийн хувилсан хувиуд, тооцоо нийлсэн актын хуулбар /хх 5-22, 70, 93/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан гэх 2022 оны 7 дугаар сарын макро эдийн засгийн тойм, Монгол банкнаас гаргасан гэх 2022 оны 7, 10 дугаар саруудын Мөнгө, санхүүгийн статистик, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх 25, 31-32, 36-48, 78/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч А ХХК-иас 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан №Т511 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 3.3, 3.12, 4.3, 5.2 дахь заалтуудыг үндэслэн нийлүүлсэн шатахууны төлбөрт 198,550,000 төгрөг, алдангид 99,275,000 төгрөг, нийт 297,825,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас нийлүүлсэн шатахууны төлбөр 198,550,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 99,275,000 төгрөгийг ...тухайн цаг хугацаанд барилгын салбарт үүссэн бараа материалын хомсдол, ханшийн өсөлт, импортын хэмжээ... зэргийг харгалзан багасгаж өгөхийг хүссэн.

4. Ш ХХК нь А ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр №Т/511 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /цаашид Гэрээ гэх/-г бичгээр байгуулж, худалдагч Ш ХХК нь чанар стандартын шаардлагыг хангасан газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахуун, тос, тосолгооны материал, аккумляторыг нийлүүлэх, худалдан авагч А ХХК нь барааг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор үнийг бүрэн төлөхөөр тохиролцжээ. /хх 8-13/

 

Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5. Гэрээний дагуу Ш ХХК нь А ХХК-д 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 39,100 литр буюу 148,580,000 төгрөгийн, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 13,150 литр буюу 49,970,000 төгрөгийн нийт 52,250 литр буюу 198,550,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн болох нь талуудын маргаангүй тайлбар, нийлүүлсэн шатахууны тооцоо, тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байна. /хх 18-19, 70, 93/

 

А ХХК нь шатахууныг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Ш ХХК-ийн Хаан банк дахь 5038026973 дугаар дансанд үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч А ХХК-иас нийлүүлсэн шатахууны төлбөрт 198,550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Алдангийн тухайд;

 

Гэрээний 3.3-т Худалдагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд үнийг төлөх, гэрээний дагуу анз төлүүлэхээр худалдан авагчаас шаардах эрхтэй. ..., 3.12-т Худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд шатахуун болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй., 5.2-т Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр /шатахуун болон бүтээгдэхүүний нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно. гэж талууд тохиролцжээ.

 

А ХХК нь шатахууны үнийг төлөх үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөөгүй буюу 2022 оны 8 дугаар сарын 5, 21-ний өдрийн дотор тус тус төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Ш ХХК нь дээрх тохиролцооны дагуу алданги шаардах эрхтэй бөгөөд 198,550,000 төгрөгөөс 2022 оны 8 дугаар сарын 5, 21-нээс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг тооцоолоход нийт 211,429,150 төгрөг болж байна. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги 99,275,000 төгрөгийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Хариуцагчийн зүгээс ийнхүү хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг тухайн цаг хугацаанд барилгын салбарт үүссэн бараа материалын хомсдол, ханшийн өсөлт, импортын хэмжээтэй холбон тайлбарлах боловч энэ нь гэм буруугийн асуудлыг зөвтгөх шууд үндэслэл болохгүйн гадна, энэхүү татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан гэх 2022 оны 7 дугаар сарын макро эдийн засгийн тойм, Монгол банкнаас гаргасан гэх 2022 оны 7, 10 дугаар саруудын Мөнгө, санхүүгийн статистик, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа зэрэг нь гэм буруутай эсэхийг тогтооход хамааралтай, ач холбогдол бүхий баримт, мэдээлэл гэж үзэхээргүй байна.

 

8. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч А ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 198,550,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 99,275,000 төгрөгийн хамт шаардах эрхтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул хариуцагчаас нийт 297,825,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

9. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцүүлэн хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 297,825,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Шунхлай трейндинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,805,026 /1,493,066+311,960/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,805,026 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН