Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2023/01047

 

 

 

 

 

 

 

 

 

 2023       03        28                                          182/ШШ2023/01047

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Г, Э.Х нар,  

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,000,0000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Б,

Хариуцагч нарын төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Р.Г, нөхөр Э.Х нар нь 2020.01.13-ны өдөр надаас 6,000,000  төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Өмнө нь бид зээлийн гэрээний харилцаатай байсан учраас бие биедээ итгэж, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болно. Тухайн үед Р.Гын данс нь шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан тул нөхөр Э.Хын 501530**** дансаар зээлийн мөнгийг шилжүүлэн авсан. Хариуцагч нар нь зээлийг ашигласан боловч төлбөр төлөх боломжгүй байна гэж удаа дараа хүсэлт тавьснаар зээл төлөх хугацааг хойшлуулж байсан, харин өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Р.Г, Э.Х нараас зээлийн үндсэн төлбөр болох 6,000,000 төгрөг, 2020 оны 09 сараас 2021.06 сар хүртэлх 10 сарын зээлийн хүү болох 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нар, тэдний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Хын хувьд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Хэдийгээр хариуцагч нар гэр бүл боловч нөхөр Э.Хын хувьд нэхэмжлэгч Г.Бтай зээлийн гэрээний харилцаанд огт ороогүй, харин эхнэр Р.Гын зөвшөөрлөөр зээлийн мөнгийг өөрийнхөө дансаар авч өгсөн байдаг. Энэ нь уг зээлийг хариуцах ёстой гэсэн үг биш учраас Э.Хд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин хариуцагч, эхнэр Р.Гын хувьд 2020.01.13-ны өдөр нэхэмжлэгч Г.Бтай зээлийн гэрээний харилцааг үүсгэж, түүнээс 6,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй зээлсэн байх боловч 5,940,000 төгрөгийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Б нь 60,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч Р.Г өөрийн дансаар мөнгийг хүлээн авах боломжгүйн улмаас нөхөр Э.Хын дансаар хүлээн авсан байдаг. Зээл авснаас хойш нийтдээ 910,000 төгрөгийг төлсөн. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч Г.Б нь Иргэний хуулийн 282.3-т зааснаар хүү авах эрхээ алдана. Иймд хариуцагч Р.Гын хувьд зээлсэн 5,940,000 төгрөгөөс төлсөн 910,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,030,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин нэхэмжлэлээс үлдэх 3,970,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхний хуулбар, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Р.Гын иргэний үнэмлэхний хуулбар, утасны мессэж /хуулбар/ гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч нараас хариуцагч Э.Хын ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.О-н зээлийн мөнгө шилжүүлсэн тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, түүний ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Р.Г, Э.Х нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид өмнө нь зээлийн гэрээний харилцаатай байсан учраас бичгээр гэрээ байгуулаагүй, итгээд хариуцагч нарт 6,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн боловч зээлийн төлбөр төлөгдөөгүй, харин төлөх боломжгүй байна хугацаа өгөөч гэсний дагуу хэд хэдэн удаа хугацааг сунгасан, мөн зээлээ төлөөч гэж удаа дараа шаардлага тавьсан, харин зээл төлөгдөхгүй, хариуцагч нар намайг хохироож байгаа учир тэднээс зээл, хүүг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Р.Г нь миний бие нэхэмжлэгч Г.Бас 6,000,000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон боловч 5,940,000 төгрөгийг нөхөр Э.Хын дансаар шилжүүлэн авсан, үүнээс 910,000 төгрөгийг төлсөн, үлдэх 5,030,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин бусад шаардлыг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч Г.Б хүү шаардах эрхгүй гэж,

Хариуцагч Э.Х нь миний бие нэхэмжлэгч Г.Бтай ямар нэгэн зээлийн гэрээний харилцаанд ороогүй, эхнэр Р.Гын зөвшөөрснөөр өөрийн дансаар зээлийн мөнгийг шилжүүлэн авч өгсөн, энэ нь зээлийг хариуцах ёстой гэсэн үг биш учир надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Р.Г нар нь амаар харилцан тохиролцож 2020.01.13-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд, уг зээлийн гэрээгээр хариуцагч Р.Г нь нэхэмжлэгч Г.Бас 6,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй зээлж авахаар, нэхэмжлэгч Г.Б нь түүнд 6,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

 

Зохигчид зээлийн гэрээнд хүү авахаар тохиролцсон бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулах учиртай, энэхүү шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхийг алддаг онцлогтой. Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харин амаар байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцсэн байна.

 

4.Нэхэмжлэгч Г.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 6,000,000 төгрөгийг хариуцагч Р.Гд бодитоор шилжүүлэн өгөх үүрэгтэй байтал 5,940,000 төгрөгийг 2020.01.13-ны өдөр хариуцагч Р.Гын зөвшөөрснөөр түүний нөхөр гэх хариуцагч Э.Хын дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцэж байх бөгөөд зээлийн 5,940,000 төгрөгийг хариуцагч Р.Г хүлээн авсан гэж үзнэ.

 

Нөгөө талаар хариуцагч Р.Г нь Иргэний хуулийн дээр дурдсан заалтуудын дагуу зээлж авсан 5,940,000 төгрөгийг ашиглаж, тохирсон хугацаа буюу 1 сарын дотор нэхэмжлэгч Г.Бд буцаан төлөх үүрэгтэй, тэрээр 2020.01.15-ны өдөр 170,000 төгрөгөөр 2 удаа буюу 340,000 төгрөг, 2020.01.16-ны өдөр 170,000 төгрөг, 2020.01.19-ний өдөр 100,000 төгрөг, 2020.01.20-ны өдөр 100,000 төгрөг, 2021.11.15-ны өдөр 200,000 төгрөг, нийт 910,000 төгрөгийг  “gantuul” гэсэн утгаар нэхэмжлэгч Г.Б-н ХААН банк ХХК-ийн дансанд шилжүүлснээс өөр төлөлт хийгээгүй байна.

 

5.Иймд нэхэмжлэгч Г.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл, хүүг шаардах эрхтэй боловч хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү шаардах эрхээ алдсан гэж үзэх бөгөөд, хариуцагч Р.Гын хувьд авсан зээлээ төлөх үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Р.Г нь зээлж авсан 5,940,000 төгрөгөөс төлсөн 910,000 төгрөгийг хасаж, 5,030,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн түүний тооцоолол үндэслэл бүхий байх тул хариуцагч Р.Гаас 5,030,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,970,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Э.Хд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь хариуцагч Э.Х нь нэхэмжлэгч Г.Бтай зээлийн гэрээний харилцаанд ороогүй, зээлийн гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, эхнэр гэх хариуцагч Р.Гын зөвшөөрснөөр зээлийн 5,940,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь түүнийг хариуцагч гэж үзэх үндэслэл болохгүй, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар уг зээлийн мөнгийг хариуцагч Р.Г хүлээн авсан болохыг дээр нэгэнт дүгнэсэн болно. Иймд хариуцагч Э.Хд холбогдох шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 

6.Нэхэмжлэгч Г.Б-н 2022.11.17-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Гаас 95,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Р.Гаас 5,030,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,970,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Э.Хд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-н тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Гаас 95,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА