| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1733/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2337 |
| Огноо | 2025-10-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503003160673 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Н-ын О , Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Р ХХК-д үйлдвэрийн оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо товчооны зам Оргил супермаркетын зүүн урд замд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Toyota Prius маркийн *** УКС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1. явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Б-ийг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, улмаар цааш явж Toyota Prius маркийн *** УБК, Kia Bongo маркийн *** ТӨН, Toyota Harrier маркийн *** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж эвдрэл, гэмтэл учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:
- 102 лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 4 дэх тал),
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 5-12 дахь тал),
- Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт (1-р хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- Хохирогч Б.Б-ийн “...би 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатараас Эрдэнэт хот орох гээд Sonata 8 маркийн *** ОРН улсын дугаартай автомашиныг жолоодон 15 цагийн орчимд Сансараас Эрдэнэт явах 2 хүнтэй хөдөлсөн. замдаа Их Наядын ойролцоогоос нэг хүн, 5 шар орчмоос нэг хүн аваад цааш явсан. 18 цагийн үед Моносын уулзвараар гараад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байгаад Оргил худалдааны төвийн ойролцоо байдаг тос, масло зардаг ТҮЦ-ний орчим машинаа зогсоочхоод замын эсрэг талаас дайвар авах гээд явган хүний гарцаар хойноос урагш гараад дайвраа авчхаад буцаад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах үед 1 машин ирээд мөргөсөн. Цааш юу болсныг санахгүй байна. Гадаа цагаан гэгээ тасарч байсан. Замын хөдөлгөөн хотын төв рүү чиглээд түгжирсэн, хотоос гарах чиглэл сийрэг, замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын “... Би 2025 оны 03 дугаар сарын 25-ны орой 18 цаг 30 минутын орчимд Андууд Финанс ББСБ-н эзэмшлийн Kia Bongo маркийн *** ТӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 22 товчооноос хотын төв орох гээд баруунаас зүүн чиглэлийн замын 3-р эгнээнд түгжрээд зогсож байсан юм. Эсрэг урсгал чөлөөтэй байсан. Машиндаа сууж байхад түг гэх чимээ гарахаар нь хартал эсрэг урсгалаас ирж байсан машин явган хүний гарцаар гараад дуусаж явсан шахуу хүнийг мөргөөд нааш яваад миний урд түгжирч байсан хар өнгийн Приус машиныг мөргөөд буцаж баруун гар луугаа хашлага тал руу дараад эргээд миний жолоодож явсан машиныг мөргөсөн. Тэгээд л цаашлахдаа баруун гар талд зэрэгцээд зогсож байсан Харриер маркийн машиныг мөргөсөн. Намайг ирж мөргөсөн хар өнгийн Приус машин миний урд талд буцаж хараад зогссон юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Миний биед гэмтэл учраагүй. Машины зүүн хаалга, зүүн купер хагарсан, зүүн шал дотогш цөмөрч хонхойсон, баруун талын хаалга Харриер луу шахагдаж мөргөх үед хонхойсон зэрэг гэмтлүүд учирсан. Би машины хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 23 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 25-ны орой 18 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн Toyota Prius 40 маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлын залуу Г-оор жолоодуулан 22-н товчооноос 1-р хороолол орох гээд баруунаас зүүн чиглэлийн замын 3-р эгнээнд түгжрээд зогсож байсан юм. Тухайн үед би хойд суудалд суугаад гар утсаа оролдоод явж байсан болохоор хаанаас юу ирж мөргөснийг хараагүй. Дараа нь машинаасаа буугаад машинаа харахад машины зүүн гар талын урд дугуй хагарчихсан алцайчихсан байдалтай урд гэрэл, крило, хаалга, купер, толь, хагарч зурагдаж гэмтсэн байсан. Тэгээд Г цагдаа дуудчихсан болохоор нь хүлээгээд байж байсан. Сүүлд нь харахад явган хүн машинд мөргүүлсэн гэдгийг ойлгосон. Манай машиныг мөргөсөн машин хойд талд зогсож байсан машиныг мөргөсөн байсан. Би машины хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 28 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч С.Ц-ын “... Би 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Toyota Harrier маркийн *** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу урд суудал дээр суун нөхөр Г-ийн хамтаар Зүүнхараагаас Улаанбаатар хот руу орох гээд 22-н товчооны замаар баруунаас зүүн зүгт чиглэн явж байсан юм. Тэгээд Оргил супермаркетын урд замын 2-р эгнээнд түгжрээд зогсож байтал гэнэт л машины чийхрах дуу чимээ гараад л миний зүүн гар талд зогсож байсан цагаан өнгийн ачааны машин мөргөөд орж ирсэн. Мөргөлдөх үед би толгойгоороо хаалганыхаа цонхны шилийг толгойгоороо мөргөсөн тэгээд хэсэг хугацаанд гайхаж шокийн байдалтай байж байсан. Тэгээд манай нөхөр машинаас буугаад эргэж ирэхдээ осол болчхож хүн мөргүүлчхэж 2-3 машин мөргөлдсөн байна гэж хэлсэн. Би машинаас буух гэхэд хаалга онгойхгүй байсан тул жолооч талын хаалгаар буугаад машины хойд суудал дээр суучихсан юм. Тэгээд цагдаа нар иртэл би машинаас буугаагүй. Миний охин А-ийн нэр дээр байдаг машин байгаа юм. Миний охин А одоо Франц улсад ажиллаж амьдарч байгаа. Би хараагүй гэнэт л машины тоормослох юм уу мөргөлдөх гэх чимээ гараад л хажуу талын машин манай машиныг мөргөөд зогссон юм. Ослын улмаас миний биед тухайн үед дотор муухайрч байсан. 2-3 өдөр зүрх өвдөж тавгүй байдалтай байсан. Тэр оройгоо 103 дуудаж үзүүлсэн. Бид 2 хоёулаа хамгаалах бүс зүүсэн байсан. Би гомдолтой байна машиныхаа хохирлыг төлж барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 32 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Би 2025 оны 03 сарын 25-ны өдөр Toyota harrier маркийн *** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Зүүнхараагаас Улаанбаатар хот руу орох гээд 22-н замаар явж байсан юм. Тэгээд Оргил супермаркетын урд замаар баруунаас зүүн чиглэн замын 2-р эгнээнд түгжрээд зогсож байтал нэг машин тоормослох шиг дуу гараад л 3-р эгнээнд зэрэгцээ зогсож байсан цагаан өнгийн Бонго машин хөдлөөд л миний жолоодож явсан машины зүүн гар талаас мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад харахад Бонго машины урд талд хар приус машин мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Цаашаа яваад мөргөсөн хар машины хажууд очиход нэг эрэгтэй хүн жолооч талын суудал дээр сууж байсан. Нөгөө цагаан Бонго машины жолооч нь тэр хар өнгийн приус машины жолооч дээр очоод машиных нь түлхүүрийг нь аваад байх шиг байсан. Цааш хартал зүүнээс баруун чиглэлийн 1-р эгнээнд нэг хүн хэвтэж байгаа харагдсан. ...Миний төрсөн охин А-ийн нэр дээр байдаг машин байгаа юм. Манай охин А одоо Франц улсад ажиллаж амьдарч байгаа. Би түгжирч байсан машинуудын голд нь байсан. Осол болсны дараа машинаас буугаад хүн мөргүүлсэн байна гэдгийг мэдсэн юм. Миний жолоодож явсан машинд зүүн гар талын кирло цөмөрсөн, зүүн урд хаалга гажсан, зүүн толины суурь хагарсан, зүүн гар, амортизатор гулзайсан. Жолооны хүрдний аппарат дуу орсон чичгэнээд байдаг болчихсон. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би эхнэр Ц-ын хамтаар явж байсан. Би жолоо бариад Ц урд суудал дээр сууж явсан. Бид 2 хоёулаа хамгаалах бүс зүүсэн байсан. Би гомдолтой байна. Машиныхаа хохирлыг гаргуулж авмаар байна. Би үнэлгээгээ хийлгээд өгсөн тухайн үнэлгээнд заасан хохирлыг барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 36 дахь тал),
- Гэрч Б.Г-ийн “... Би 2025 оны 03 сарын 25-ны 18 цагийн орчимд Toyota Prius маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 22-н товчооноос 1-р хороолол орох гээд баруунаас зүүн тийш чиглэлийн замын 3-р эгнээгээр явж байгаад түгжрээд зогсож байтал нэг машин ирээд л мөргөчхөөд хажуугаар гараад явсан. Би машинаа зогсоох араанд нь хийчхээд аваараа дараад буухад эсрэг урсгал дээр явган хүний мөргүүлсэн хүн газарт явган хүний гарцын харалдаа хэвтсэн байдалтай, нөгөө миний машиныг мөргөсөн хүн цааш явж миний ард талд байсан Бонго машиныг мөргөөд тэр Бонго нь хажуу эгнээнд явж байсан машиныг мөргөсөн байдалтай, миний машиныг мөргөсөн машин Бонго машины урд талд эргээд харчихсан бид нарын эгнээнд орчихсон зогсож байсан. ...Гадаа нартай тэнгэр цэлмэг байсан. Хөдөлгөөн ихтэй байсан. Миний явж байсан урсгал түгжирсэн эсрэг урсгал чөлөөтэй байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн 4851 дугаартай дүгнэлтээр “...1. Б.Б-ийн биед өвчүү ясны зөрүүгүй, баруун ухархайн гадна, доод хана, хоншоор ясны доод ханын цөмөрсөн, баруун хацрын нум, эрүү, ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй, далд хугарал, элэгний эдийн няцрал, баруун хацар, эрүүнд няцарсан шарх, зулгаралт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун шилбэ, шагайн үенд цус хуралт, дух, баруун шилбэ, шагайн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 49-53 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн 758 дугаартай дүгнэлтээр “... 1. Шинжээч эмч Э.Б-ын гаргасан ЕГО725/4851 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Б-ийн биед баруун талын 3,4,5,6,7-р хавирга зөрүүтэй, 5-р хавирга зөрүүгүй, зүүн 6,7-р хавирга зөрүүгүй хугарал, өвчүү ясны зөрүүгүй, баруун ухархайн гадна, доод хана, хоншоор ясны доод ханын цөмөрсөн, баруун хацрын нум, эрүү, ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй, далд хугарал, элэгний эдийн няцрал, баруун хацар, эрүүнд няцарсан шарх, зулгаралт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу. баруун шилбэ, шагайн үенд цус хуралт, дух, баруун шилбэ, шагайн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. 4. 5. Б.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн зам тээврийн ослын улмаас буюу 2025 оны 03 сарын 25-ны өдөр зам тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шидэгдэх, унах үед үүсгэгдэх боломжтой. 6. Б.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 58-63 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн 1460 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” дүгнэлтээр “...1. Б-н Б /РД: ***/-ийн сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. (1-р хавтаст хэргийн 99-101 дэх тал),
- Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтээр “...Toyota Prius Alpha маркийн *** УБК...үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,841,500 төгрөг...” гэх (1-р хавтаст хэргийн 110-111 дэх тал),
- Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт “...Toyota Harrier маркийн *** УБЦ...үнэлгээний дүн 2,990,000 төгрөг...” гэх (1-р хавтаст хэргийн 135-136 дахь тал),
- Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтээр “...Kia Bongo маркийн *** ТӨН...2,057,500 төгрөг...” гэх (1-р хавтаст хэргийн 121-123 дахь тал),
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 789 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “...Жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.
Жолооч Б.Г, Г.Б, Д.Г нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх (1-р хавтаст хэргийн 142-143 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн 758 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зургаар шүүгдэгч Н.О-ын амьсгал дахь спиртийн агууламж 1.963 промиль байсан нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Н.О-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо товчооны зам Оргил супермаркетын зүүн урд замд Тoyota Prius маркийн *** УКС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Б-ийг мөргөж биед нь "баруун талын 3,4,5,6,7-р хавирга зөрүүтэй, 5-р хавирга зөрүүгүй, зүүн 6,7-р хавирга зөрүүгүй хугарал, өвчүү ясны зөрүүгүй, баруун ухархайн гадна, доод хана, хоншоор ясны доод ханын цөмөрсөн, баруун хацрын нум, эрүү, ясны зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй, далд хугарал, элэгний эдийн няцрал, баруун хацар, эрүүнд няцарсан шарх, зулгаралт, баруун дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, баруун шилбэ, шагайн үенд цус хуралт, дух, баруун шилбэ, шагайн үенд зулгаралт" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, улмаар цааш явж Toyota Prius маркийн *** УБК, Kia Bongo маркийн *** TӨH, Toyota Harrier маркийн *** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж эвдрэл, гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэлийг, мөн иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Б-ээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2,999,023 төгрөг нэхэмжилснээс Гандэнтэгчэнлин хийдэд ном уншуулсан баримт, гар утасны төлбөр төлсөн баримт, хувцас, сойз, оймс, гар утасны төлбөр зэрэг нийт 512,650 төгрөгийн баримтыг хасч тооцон, үлдэх 2,486,373 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ." гэж тус тус заасан.
Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргаж болох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэрэг хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1460 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч Б.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг гуравдугаар зэрэглэл гэж тогтоосон.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-д сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ.
Шүүхээс хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж байдал /олон тооны гэмтэл учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай/, гэмтлийн улмаас хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгч Н.О нь хөнгөн ангиллын болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,200,000 төгрөгөөр тогтоов.
Хэрэгт авагдсан Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Toyota Prius Alpha маркийн *** УБК...үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,841,500 төгрөг...” гэж дүгнэсэн ба машин тээвэрлэлтийн зардалд 720,000 төгрөгийн баримт авагдсан байх тул иргэний нэхэмжлэгч Б.Б-д нийт 7,561,500 төгрөгийг,
Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Toyota Harrier маркийн *** УБЦ ...үнэлгээний дүн 2,990,000 төгрөг...” гэж дүгнэсэн ба үнэлгээ гаргуулах зардалд 225,600 төгрөгийг төлсөн байх тул иргэний нэхэмжлэгч Д.Г, С.Ц нарт 3,215,600 төгрөгийг,
Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Kia Bongo маркийн *** ТӨН ..2,057,500 төгрөг...” гэж дүгнэсэн ба даатгалын үнэлгээний зардалд 158,000 төгрөгийг төлсөн байх тул иргэний нэхэмжлэгч Г.Б-т нийт 2,215,500 төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.
Дээрхээс дүгнэхэд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.О-аас 28,678,973 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т 15,686,373 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Б-т 2,215,500 төгрөгийг, Б.Б-д 7,561,500 төгрөгийг, Д.Г, С.Ц нарт 3,215,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Н.О-ыг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөрийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд хохирогч Б.Б-т 15,700,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Н.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүхээс тогтоосон эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж байна. Гэвч хохирогчийн хувьд гомдолтой хэвээрээ байгаа. Түүний бие эрүүл мэндэд учирсан хохирол арилаагүй. Энэ осолд өртсөнөөс хойш 6 сарын дараа 9 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоож, 1 жилийн хугацаанд группэд орсон. Энэ 6 сарын хугацаанд ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй, ямар нэгэн орлогогүй байсан. Шүүх хуралдаан болсноор хохирол төлбөр авч нүдний шил хийлгэсэн. Харааны байдал муудсан. Хуучин -1.5-тай байсан бол одоо -2.25 болсон. Ийм нөхцөл байдлаар биеийн эрүүл мэнд нь муудсан. Энэ осол хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгдсэн боловч шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолтын зэрэглэл өндөр байгаа. Согтууруулах ундааны зүйл тийм их хэрэглэчхээд шүүх хурал дээр 1 пиво уусан гэж яриад байна. Тийм бага хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол яагаад тийм хэмжээний согтолтын зэрэгтэй гарсан юм бэ? тэр үед өөрийгөө хянах чадваргүй байсан. Хохирогчийг мөргөчхөөд ямар ч зогсоох арга хэмжээ аваалгүй цаашаа гурван машин мөргөж байж зогссон. Эмнэлэгт очсон үе, хагалгааны өмнөх үед эмч нарын үзлэгээр биеийн байдал хүнд гэж тодорхойлогдож байсан. Энэ хүн амьд үлдэж чадах бол уу? эмчилгээ авч чадах бол уу гээд ар гэрийнхэн нь ганданд ном уншуулсан. Миний буруутай байдлаас болоод энэ хүн яаж хохирсон бэ? ямар байдалд амь нас нь дээсэн дөрөөн дээр очиж байсан бэ гэж нэг ч удаа дүгнэлт хийгээгүй. Шүүх хуралдаан хүртэл хохирогчтой нэг ч уулзаж биеийн байдлыг нь асуугаагүй. Хохирогчийн ар гэрийнхэн нь маш их гомдолтой байгаа. Энэ шалтгаанаа шүүгдэгч тайлбарлахдаа би айсан гэж хэлж байна. Хохирогчийн талаас хэн ч энэ хүнийг айлгаагүй, хэн ч энэ хүн рүү утасдаж дарамт шахалт үзүүлээгүй, тусламж дэмжлэг гуйгаагүй. Энэ хохирлыг төллөө гээд хохирогчийн биеийн байдал сайжрахгүй. Ял шийтгэлийн хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.
Хохирогч: “...Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодно гэдэг бол зэвсэг бариад хүн хороох гээд явж байгаатай адил үйлдэл. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Би гомдолтой байгаа. Хүнийхээ хувьд хүн чанар гаргаад нэг удаа уучлалт гуйгаасай гэж хүссэн. Өчигдөр залгаад мөнгийг чинь хийсэн шүү гэж хэлсэн. Би дансаа харчхаад орсон байна гэж хэлэнгүүт шууд утсаа тасалсан. Хүн хоорондын харилцаа явж байж нийгэм сайн сайхан зүйл рүү явдаг юм...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн байр суурийг сонслоо. Эрүүгийн хуулийн 6.5 дээр Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан байдаг. Хохирлын тухайд дахиад тодорхой хэмжээний эмчилгээний зардал гараад тэр баримтаа бүрдүүлээд ирвэл төлөхөө илэрхийлж байгаа. Шүүхээс шийдсэн хохирлын хүрээнд хохирлыг төлсөн. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад тодорхой дэмжлэг үзүүлсэн байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан байдаг. Нэмэлт хэсэг дээр нь энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж заасан байдаг. Улсын яллагчийн санал болгож байгаа 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт дээр маргахгүй байгаа. Энэ зүйл хэсэгт 2 санкц байгаа. 1-3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 1-3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкц байгаа. 6.7 дугаар зүйлийг хэрэглээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөр төлсөн. Хязгаарлалтын бүсийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгөөч гэж хүсэж байна. Иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 223 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 150 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 151 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 152-154 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 155 дахь тал), , гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 156 дахь тал), автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа (1-р хавтаст хэргийн 158 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Н.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, явган хүний гарцаар зам хөдлөн гарч байсан хохирогч Б.Б-ийг мөргөж, тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй эсрэг урсгалд орж бусад тээврийн хэрэгслүүдийг мөргөснөөр тээврийн хэрэгсэл нь зогссон буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэг боломжгүй шүүхээс үзсэн ба түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч, Б овогт Н-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.О-аас 12,992,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 7,561,500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Б-т 2,215,500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Г, С.Ц нарт 3,215,000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн түүний эдлэх ялын хугацааг тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР