Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа

            Шүүгдэгч Д.Нямхүү түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар  Дашдаваа овогтой Нямхүүд холбогдох эрүүгийн 201725031160 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

1.Монгол улсын иргэн, 1988 оны 01 сарын 24нд Увс аймагт төрсөн, 29 настай эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 1 ганцаараа Увс аймаг, Улаангом сум 1 баг 1-8 тоотод суух бүртгэлтэй боловч одоогоор оршин суух тодорхой хаяггүй, танил найз нөхдийн гэрээр амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй ял шийтгэл 2007 оны 03 сарын 28-ны өдөр Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны  07 сарын 30-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2004 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 02 жил 05 хоног хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 06 дугаар сарын 23-нд Өршөөлийн хуулиар суллагдсан, 2012 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 хэсэгт зааснаар 03 жил 05 сар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 07 сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Балжинням овгийн Дашдаваа овогтой Нямхүү, /РД:ОЮ88012430/

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

              Шүүгдэгч Д.Нямхүү нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан сангийн 1-3 тоотод найз Ганболдын Намнансэлэнгийн гэрт очихдоо түүний ээж П.Хандаагийн Элко нэртэй 32 инчийн ЛСД зурагт, МНВС кабелийн төхөөрөмж хулгайлж нийт 360,000 төгрөгний бага бус хэмжээний  хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Нямхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч П.Хандаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:Би 2017 оны 5 сарын 21 ний өдөр ажил дээрээ байж байсан чинь 15цагийн үед манай охин Ганчимэг минний ажил дээр ирсэн бөгөөд Ганчимэгийн араас удалгүй зээ хүү Энхсайхан ганцаараа хүрч ирээд “Отгоо ах 100 грамм аваад ир гэсэн. Хурдлаарай гэсэн гэхээр нь би гэрт хэн байгаа юм бэ? Юу яриад байгаа юм бэ чи гэртээ харьж бай” гээд явуулсан бөгөөд Ганчимэг ч гэсэн гэрлүүгээ явсан. Гэтэл удалгүй охин Ганчимэг ирээд гэрт байсан зурагт байхгүй болчихсон байна гэсэн. Тэгэхээр нь Энхсайханаас юу болсныг асуусан чинь Ганчимэгийг гэрээс гарсны дараа Отгоо гэдэг залуу 1000 төгрөг Энхсайханд өгөөд “миний дүү гараад дэлгүүр ороод чихэр аваад ид” гэсэн байсан. Энхсайхан гарахгүй байсан чинь Отгоо  нь ахынх нь толгой өвдөөд хагарлаа чи Ээгий эгчийнхээ араас гараад 100 грамм аваад ир гээд  хэлчих “ гэж хэлээд Энхсайхныг явуулаад гэрт ганцаара үлдсэн байсан . Манай охин Ганчимэгийг багаас нь Ээгий гэж дууддаг юм. Тэгээд буцаад гэрт ирсэн чинь зурагт алга болсон байсан тул цагдаад хандсан юмаа. Бид нар бол Отгоо гэдэг нэрээр нь мэддэг байсан юм. Гэтэл Нямхүү гэдэг нэртэй залуу  байсан юм билээ. Иргэний үнэмлэхний лавлагаагаа манай гэрт үлдээсэн байсан. Нямхүү нь бид нартай хамаатан садан бол биш бөгөөд манай хүү Намнансэлэнгийг дагаж гэрт хэд хэдэн удаа ирж байсан. 1-2 жилийн өмнөөс л манай гэрт хааяа ирдэг байсан юм.Өөр зүйл мэдэхгүй. Манай гэрийн эд зүйл бөгөөд гэрээс ЭЛКО гэсэн бичигтэй ЛСД 32 инчийн зурагт кабелийн төхөөрөмж алдагдсан байсан. Зурагтаа 5-6 жилийн өмнө 480,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд энэ үнээр үнэлнэ. Кабелийн төхөөрөмжийг 2017 оны 04 сард 116,000 төгрөгөөр авч суурилуулсан байсан. Эд зүйлүүдээ энэ үнээр үнэлнэ. Нямхүү нь хаа юу хийдэг талаар мэдэхгүй. Утасны дугаарыг мэдэхгүй хааяа л гэрт ирчихээд явдаг байсан болохоор янз бүрийн мэдээлэл мэдэхгүй байна. Нямхүү, Намнансэлэнг нар бие биенээ л таньдаг юм шиг байсан. Хааяа манай хүүг дагаад манайд 2-3 удаа ирж байсан. Би бол зүс танихаас өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй. Нямхүү ч гэж нэрийг нь мэддэггүй байсан. Отгоо гэж дууддаг байсан. Манай хүү Намнансэлэнгэ нь Нямхүүг зурагт хулгайлаад явах үед хөдөө явчихсан байсан. Гэрээс зурагт алга болчихсон үед би Намнансэлэнг рүү залгаад хэлсэн чинь “арай ч тэгмээргүй юмдаа “ гээд хаана юу хийдэгийг хэлж мэдэхгүй байсан. Нямхүү нь өмнө нь манай гэрт ирж байхад  эд зүйл алдагдаж байгаагүй. Зурагт , кабелийн төхөөрөмжөө авмаар байна. Бүрэн бүтэн байвал хүлээж авна, эвдэрч хэмхэрсэн тохиолдолд төлүүлнэ. Харин зурагт олдохгүй байх юмуу эвдэрсэн хүлээж авах боломжгүй болсон байвал үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Би үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээгээр буюу 250,000 төгрөгөөр хаанаас ч зурагт авахгүй шүү дээ. Би зурагтаа 450,000 төгрөгөөр үнэлнэ. Кабелийн төхөөрөмжийг үнэлгээг бол хүлээн зөвшөөр ч байна гэх мэдүүлэг (ХХ-ийн 18-19 )

 

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017оны 05 сарын 20 хэдний үед л байсан юм,бүтэн сайн өдөр байсан бөгөөд би ганцаараа 13-14 цагийн үед байсан байх, 100 айлын шинэ замын хажуугийн ломбарданд өөрийн ашиглаж байсан Huwai PS LETE маркийн гар утсандаа 200,000 төгрөгөөр ломбордаад гэртээ зурагт авах зорилготой ломбардуудаар явсан чинь авчихаар олигтой зурагт байгаагүй. Тэгээд эгнээ  ломбарднуудын үүдэнд зурагт тэвэрсэн эрэгтэйтээ таарсан бөгөөд би та зурагтаа зарах гэж байгаа юмуу гэсэн чинь тэр эрэгтэй “үгүй ломбарданд тавих гэж байгаа юм гэхээр нь би зөрөөд явсан чинь араас дуудаад энэ зурагтыг авахаар бол аваа 250,000 төгрөгөөр ав гэхээр нь би надад 200,000 төгрөг байна гэж хэлсэн чинь за за тэгвэл 200,000 аваа  ломбарданд 160,000 төгрөгөөр авна гээд байна гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэй наад зурагтыг чинь буцааж авна 2дахь өдөр цалин буухаар авна. Манай хүүхэд хүүхэлдэйн кино үздэг юм. Танай гэрт чинь очиж үзнэ гэж хэлээд такси бариад цугтаа манай гэрт ирсэн. Тэгээд тэр эрэгтэй миний утасны дугаар , иргэний үнэмлэх зэргийг үзэж бичиж авчихаад 200,000  төгрөг өгөөд явсан. Гэтэл маргааш өглөө нь нөгөө эрэгтэй гэрт хүрч ирээд “би эхнэртэй загнуулаад” та надад 50000 төгрөг нэмээд өгчих тэгээд наад зурагтаа бүүр ав “ гэхээр нь би үгүй ээ  надад нэмж өгөх 50000 төгрөг байхгүй “гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш нөгөө эрэгтэй дахиж манай гэрт ирээгүй. Манай зурагтны дэлгэц хагарчихаад хүүхдүүд үзэх зураггүй болчихоор нь би өөрийнхөө гар утсыг ломбардаад зурагт авахаар ломбардуудаар явж байсан юм. Ломбарданд арай хямдхан зурагт байдаг байх гэж бодсон. Гэхдээ энэ зурагтыг хулгайн зурагт гэж мэдээгүй. Тэр эрэгтэй өөрийнхөө зурагтыг гэж хэлсэн бөгөөд хүүхэд нь 39-р суваг дээр хүүхэлдэй үздэг гэж хэлээд буцааж зурагтаа авна гээд манай гэрт 2 удаа ирж миний утасны дугаар иргэний үнэмлэх зэргийг үзэж цаасан дээр бичиж байгаад явсан. Тиймээс би хулгайн эд зүйл гэж бодоогүй, мэдээгүй. Бараан хар царайтай туранхай биетэй 30 гаруй насны эрэгтэй байсан бөгөөд уг эрэгтэй  ганцаараа явж байсан өөрийн нэрийг бол хэлээгүй. Барилга дээр ажилладаг 2 дахад цалин буухаар ирж авна гэж хэлсэн. 2016 оны 10 сараас хойш энэ хаяган дээрээ амьдарч байгаа бөгөөд энэ хашааны эзэн хятад хүн байдаг.  Манай нөхөр уг Хятад хүнтэй хамтарч ажилладаг болохоор манайх хашаанд нь гэр бариад амьдарч байна. Би зурагтаа авахад ломбардсан гар утсаа 2017 оны 6 сарын 18-ны өдөр ажлын байранд алдсан бөгөөд тэр талаараа ЧД-ийн Цагдаагийн 1-р хэлтэсийн ахмад Мишигбаатарт өргөдөл гарган шалгуулж байгаа. Би энэ зурагтыг хулгайн зураг гэж мэдээгүй тул өөрт учирсан 200,000 төгрөгөө олж авмаар байна. Би давхар, давхар хохироод байна. 200,000 нэхэмжилнэ. Картын дугаар гэж өгөөгүй. Картыг нь бол цэнэглээгүй. Манай өөрийн антень 16 суваг гардаг байсан болохоор кабелийн төхөөрөмжийг огт ашиглаагүй байсан гэх мэдүүлэг

 

Гэрч Г.Намнамсэлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2010 онд Гандангийн хажууд байдаг биллярдны газарт Нямхүүтэй танилцаж байсан бөгөөд түүнээс хойш танилын холбоотой болсон. Манай гэрт надтай цуг ирээд түүнээс хойш найз эмэгтэйтээгээ болон ганцаараа 2-3 удаа ирж байсан. Би Нямхүүтэй найз нөхөд юм  уу дотно холбоо байхгүй ээ. 2017 оны 5 сарын 21 ний өдөр би Сайншанд суманд барилга дээр ажиллаж байсан чинь манай эгч Ганчимэг надруу 17 цагийн үед яриад “манай гэрээр орж гардаг танай найз Нямхүү чинь гэрээс зурагт хулгай хийгээд аваад явчихлаа хаана байдаг юм бэ юу хийдэг юм бэ гэж асуухаар нь би Нямхүүгийн найз охины аав нь Гандангийн хойд талын гутал засварт ажилладаг, ааваас нь асуугаад үз” гэж хэлээд Нямхүүгийн 88689111 гэсэн дугаарлуу залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан. Үүнээс хойш би Нямхүүтэй уулзаагүй яриагүй. Нямхүү манай гэрт очиж хонож байгаагүй. Анх надтай цуг манай гэрт ирсэн бөгөөд түүнээс хойш нэг удаа найз эмэгтэйтэйгээ 2-3 удаа ирж байсан. Гэхдээ гэрт хонож байгаагүй.  Манай гэрийнхэн Нямхүүг зүс таньдаг байсан бөгөөд Нямхүү өмнө нь манай гэрт ирж байхад гэрээс эд зүйл алга болж байгаагүй. Нямхүү нь надад ярихдаа ээжтэйгээ хамт амьдардаг  гэж хэлж байсан бөгөөд ээж нь Увс аймагт байдаг  гэж ярьдаг байсан. Гэхдээ ээжтэй нь бол уулзаж байгаагүй. Ээж нь 2016 оны 12-р сард байсан байх нас барсан гэж хэлж байсан. Айлын ганц хүү л юм шиг байсан. Хамаатан садан гээд байдаг хүн байдаггүй юм шиг байсан. Нямхүүтэй би хамгийн сүүлд хөдөө явхаасаа өмнө  буюу 2017 оны 4 сард л таарсан чинь “барилга дээр армотур хийж  байгаа гэж хэлсэн. Тогтсон ажил бол байдаггүй байх. Нямхүүгийн найз эмэгтэйг Өлзий гэдэг миний мэдэхийн сүүлийн 2-3 жил энэ эмэгтэйтэй хамт байгаа. Найз эмэгтэйгийнх нь гэр нь Дарь эхэд байдаг. Би 2 удаа очиж байсан. Манай гэрээс Нямхүү зурагт  хулгай хийснээс хойш найз эмэгтэйг Өлзийгийндөө очихгүй байгаа гэж найз эмэгтэй нь хэлж байсан. Нямхүү ер нь яриа хөөртэй, гайгүй л залуу шиг санагддаг юм. Би уг нь хулгай хийчихнэ гэж бодоогүй. Би 2012 онд анхныхаа цалингаар ээждээ уг алдсан зурагтыг авч өгсөн бөгөөд 450,000 худалдан авч байсан. Харин кабелийн төхөөрөмжийн шинээр солиулж тавьсан юм билээ. Ах эгч нар гэж хүмүүс тоодоггүй айлын ганц хүү л гэж надад хэлсэн. Би Нямхүүгийн нийлдэг найз нөхдийг нь мэдэхгүй. Нямхүү нь өөрийгөө Отгоо гэж танилцуулдаг болохоор манай гэрийнхэн Нямхүү гэдгээр нь биш Отгоо гэдгээр нь дууддаг юм гэх мэдүүлэг  (ХХ-ийн 26-р)

 

Гэрч Г.Ганчимэг мөрдөн байцаалтанд өгсөн: Нямхүү нь миний төрсөн дүү Намнансэлэнгийн  найз гээд манай гэрт сүүлийн 2-3 жил манай гэрээр хааяа ирээд явдаг байсан. Зүс танихаас өөр ямар нэгэн холбоо байхгүй. Тэр өдөр би гэртээ найз залуу болох Амаржаргал болон зээ дүү Энхсайхан нарын хамтаар байж байсан чинь 14цаг өнгөрч байхад Нямхүү буюу бид нар Отгоо гэж дууддаг залуу ганцаараа согтуу манай гэрт орж ирсэн бөгөөд гэрт орж ирчихээд манай дүү Намнансэлэнгийг асуугаад байсан. Тэгэхээр нь би “хөдөө явчихсан “ гэж хэлчихээд найз залуу Амаржаргалын хамтаар ээж дээр очиж ломбардны бичиг авч сунгуулахаар гараад автобусны буудал орох гээд явж байсан чинь араас манай дүү Энхсайхан ганцаараа гүйж ирээд “Отгоо ах таныг архи аваад ир гэнээ” гэхээр нь би юу яриад байгаан  чи яахаараа архи авч өгдөг юм” гэж хэлээд дүү Энхсайханыг буцаагаад гэрлүү явуулсан. Би ээжийн ажил дээр очоод ломбардны бичиг аваад гараад явж байсан чинь Энхсайхан дахин гүйж ирээд  “Отгоо ах зурагт аваад явчихсан байна”гэхээр нь би очсон чинь гэрийн хоймор хэсэгт байх шүүгээн дээр байсан зурагт МBS кабелийн төхөөрөмжийн хамтаар аваад явчихсан байсан. Тэгээд ээжид очиж хэлээд цагдаад хандсан юм. 2-3 жилийн өмнөөс л манай дүү Намнамсэлэнгэтэй хамт ирдэг байсан.Нямхүү манай гэрт ганцаараа бол үлдэж байгаагүй. Гэрт байж байгаад явдаг байсан.Манай дүү Намнансэлэнгэ ажилтай явчихсан байхад бол манай гэрт бол ирээд байдаггүй байсан.Нямхүүг гэртээ ганцааранг нь бол үлдээж байгаагүй ээ. Нямхүү согтуу манай гэрт ганцаараа ирсэн бөгөөд би гараад явчихсан чинь манай дүү Энхсайханыг толгой өвдөөд байна эгчээсээ 100 грамм аваад ир гээд гаргаад явуулчихсан байсан. Манай гэр болон автобусны зай ойрхон байдаг болохоор Нямхүүгээс өөр хүн гэрт орж зурагт авах боломж байгаагүй. Манай дүү Энхсайхан нь над дээр ирээд архи аваад өг гэнээ гэхээр нь би “яахаараа авч өгдөг юм” гэж хэлээд буцаад явуулсан. Тэгээд дүүг очиход Нямхүү ч байхгүй зурагт төхөөрөмж байхгүй байсан. Нямхүү согтуу байсан болохоор архи авч уух гэж л хулгайлсан байх гэж бодож байна. Зурагт нь манайд 3-4 жил ашиглагдаж байсан бөгөөд хар өнгийн зурагт байсан. Зурагт болон кабелийн төхөөрөмжийн үнэлгээг манай ээж мэднэ. Гэрээс өөр эд зүйл алга болоогүй. Тэр өдөр зурагт алга болсон байхад Отгоо нь иргэний үнэмлэхний лавлагаа ломбардны бичиг 2-ыг үлдээгээд явчихсан байсан. Тэгээд л Отгоо биш Нямхүү гэдгийг мэдсэн. Нямхүү нь манай гэрт орж ирчихээд надад нэг ломбардны бичиг үзүүлээд байсан бөгөөд “май чи энийг авах уу, Нөүт-2 маркийн гар утас ломбардчихсан байгаа, чи надад 10,000 төгрөг нэмээд өгчих ,тэгээд энэ утсыг ломбарднаас очоод авчих, би яг үхэх гээд байна” гээд тэр ломбардны бичгийг үзүүлээд байсан бөгөөд зурагт хулгай хийх үедээ нөгөө ломбардны бичгээ үлдээсэн байсныг би цагдаад өгсөн юм. Нямхүү хаана юу хийдэг хаана амьдардаг зэргийг мэдэхгүй байна. Би сайн мэдэхгүй ээ гэх мэдүүлэг (ХХ-ийн 27), хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл хх-5-9, эд зүйлийн үнэлгээ хх-16, 17, ял шалгах хуудас хх-43, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-59 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Нямхүү нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан сангийн 1-3 тоотод найз Ганболдын Намнансэлэнгийн гэрт очихдоо түүний ээж П.Хандаагийн Элко нэртэй 32 инчийн ЛСД зурагт, МНВС кабелийн төхөөрөмж хулгайлж нийт 360,000 төгрөгний бага бус хэмжээний  хохирол учруулсан болох нь…хохирогч П.Хандаагийн өгсөн… бид нар бол Отгоо гэдэг нэрээр нь мэддэг байсан юм…гэтэл Нямхүү гэдэг нэртэй залуу  байсан юм билээ…иргэний үнэмлэхний лавлагаагаа манай гэрт үлдээсэн байсан…Нямхүү нь бид нартай хамаатан садан бол биш бөгөөд манай хүү Намнансэлэнгийг дагаж гэрт хэд хэдэн удаа ирж байсан…1-2 жилийн өмнөөс л манай гэрт хааяа ирдэг байсан юм…өөр зүйл мэдэхгүй…манай гэрийн эд зүйл бөгөөд гэрээс ЭЛКО гэсэн бичигтэй ЛСД 32 инчийн зурагт кабелийн төхөөрөмж алдагдсан байсан...зурагтаа 5-6 жилийн өмнө 480,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд энэ үнээр үнэлнэ…кабелийн төхөөрөмжийг 2017 оны 04сард 116,000 төгрөгөөр авч суурилуулсан байсан…эд зүйлүүдээ энэ үнээр үнэлнэ гэсэн мэдүүлэг хх-18-19, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг хх-21-27, эд зүйлийн үнэлгээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

 Прокуророос шүүгдэгч Д.Нямхүүг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт…Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно,

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Д.Нямхүүд холбогдох хэрэг 2017 оны 5 дугаар сарын 21-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Д.Нямхүүгээс 200.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөнцэцэгт олгохоор шийдвэрлэв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар…цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно гэж заасны дагуу шүүгдэгч Д.Нямхүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 44 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгож түүний 44 хоног цагдан хоригдосныг торгох ялд дүйцүүлэн хасч шийдвэрлэв.