| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 1941000690183 |
| Дугаар | 2021/ДШМ/728 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ДШМ/728
2021 8 5 2021/ДШМ/728
Э.Б, Г.З нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Очбадрах,
шүүгдэгч Э.Бн өмгөөлөгч С.Батнасан, Д.Энхцэцэг,
шүүгдэгч Г.Зын өмгөөлөгч Д.Бум-Аюуш,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/965 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр Э.Б, Г.З нарт холбогдох 1941000690183 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э.Б, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Орхон аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “хххххххх-ххх” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 0, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хорооллын 00 дүгээр байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00а байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ФА00000000/,
2. Г.З, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Оросын холбооны улсад төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “хххх” ахлах сургуулийн 00 дугаар ангийн сурагч, ам бүл 0, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Өнөр хорооллын 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ШУ00000000;
Шүүгдэгч Э.Б нь насанд хүрээгүй Г.Зтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус тус Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, “хххххххххх”-ын 0 дугаар давхарын 0000 тоот хаягт байрлах “Хххх-ххх” ХХК-ийн ажлын байрнаас Ххх харьяа “Ххх”-ийн үйл ажиллагаанд ашиглагддаг Монгол Улсын иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, өвчний түүх, эрүүл мэндийн мэдээлэл зэргийг агуулдаг “H-info 3.0” нэртэй цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, улмаар өөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг “Sama” гэх бичигтэй компьютерт 65.8 GB /гигабайт/ хэмжээтэй мэдээллийг хуулбарлаж авсан гэмт хэрэгт,
Өсвөр насны шүүгдэгч Г.З нь Э.Бтэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “хххххххххххх”-ын 3 дугаар давхарын 306 тоот хаягт байрлах “Хххх-ххх” ХХК-ийн ажлын байрнаас Ххх харьяа “Ххх”-ийн үйл ажиллагаанд ашиглагддаг Монгол Улсын иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, өвчний түүх, эрүүл мэндийн мэдээлэл зэргийг агуулдаг “H-info 3.0” нэртэй цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, улмаар өөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг “Sama” гэх бичигтэй компьютерт 65.8 GB /гигабайт/ хэмжээтэй мэдээллийг хуулбарлаж авахад админ эрх нээж өгөх байдлаар дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Б, Г.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б, Г.З нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:
...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч нараас Ххх харьяа “Ххх”-ийн үйл ажиллагаанд ашиглагддаг Монгол Улсын иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, өвчний түүх, эрүүл мэндийн мэдээлэл зэргийг агуулдаг “H-info 3.0” нэртэй мэдээллийн сүлжээнд халдсан байх нөхцөл байдал байх ба тухайн хуулбарлаж авсан мэдээлэл нь чухам ямар мэдээлэл байсан, Эрүүгийн хуульд заасан “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй байна.
Тодруулбал “Н-info 3.0” нэртэй мэдээллийн сүлжээнд Монгол Улсын иргэдийн хувийн мэдээлэл, эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээллүүд агуулагдсан талаар дурдагдаж, шүүгдэгч нараас тухайн мэдээллүүдийг үзэж танилцсан, хуулбарласан талаар мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч нарын үйлдэлд дахин өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг зайлшгүй тогтоож, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох ажиллагаа хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарыг Ххх харьяа “Ххх”-ийн үйл ажиллагаанд ашиглагддаг Монгол Улсын иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, өвчний түүх, эрүүл мэндийн мэдээлэл зэргийг агуулдаг “Н-info 3.0” нэртэй цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд халдахдаа чухам ямар арга хэрэгслээр, хэрхэн яаж нэвтэрч мэдээллийг хуулбарласан байдлыг тусгай мэдлэг бүхий этгээдээр тогтоолгох шаардлагатай. Ингэснээр гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн тодруулахад ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, Ххх харьяа “Ххх”-ийн үйл ажиллагаанд ашиглагддаг “Н-info 3.0” нэртэй мэдээллийн сүлжээ нь аюулгүй байдлын хувьд хэрхэн хамгаалагдсан байсан, түүнд яаж нэвтэрсэн болохыг тодруулбал зохино.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Г.Зын сайн мэддэг хэл болох Орос хэлээр өөрийгөө илэрхийлэх боломжийг хангаж, орчуулагч, өмгөөлөгчтэй оролцуулах боломжоор хангах нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Ийнхүү шүүх дээрх нөхцөл байдлаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэрэг гарсан байдал” /яаж үйлдсэн/, мөн хууль зүйлийн 1.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг бүрэн тогтоох ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, 1 ширхэг hard disk, 1 ширхэг процессор зэргийг хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Б, өсвөр насны шүүгдэгч Г.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б нь Ххх харьяа “Эрүүл мэндийн хөгжпийн төв”-ийн үйл ажиллагаанд ашигладаг “Н-info 3.0” мэдээллийн сүлжээнд SQL injection аргыг хэрэглэж хууль бусаар халдаж нэвтэрсэн талаар мэдүүлэг өгсөн байдаг ба энэ нь мөн өсвөр насны шүүгдэгч Г.З, гэрч Н.Гантулга, Л.Мөнхбадрал нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.
Харин тухайн мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа Монгол Улсын иргэдийн овог нэр, регистрийн дугаар, өвчний түүх зэргийг агуулсан эрүүл мэндийн дата мэдээллийн баазын серверт Г.Заар админ эрх нээлгэж, түүнийгээ ашиглан тухайн мэдээллүүдийг хуулбарлан авсан нь Ххх харьяа “Ххх”-ийн үйл ажиллагаанд ашигладаг “Н-info 3.0” мэдээллийн сүлжээний хамгаалалт, аюулгүй байдалд ямар алдаа байгаа болохыг олж тогтоох зорилготой байсан ба үүнийг “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.
Шүүгдэгч нарын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг хуулбарлаж авсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч Н.Гантулга, Л.Мөнхбадрал болон өсвөр насны яллагдагч Г.З, яллагдагч Э.Б нарын мэдүүлгүүд, нэгжлэг хийсэн тусгай тэмдэглэл зэргээр Ххх харьяа “Ххх”-ийн үйл ажиллагаанд ашигладаг “Н-info 3.0” мэдээллийн сүлжээнд “Хххх-ххх” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Брау хаус”-ын 3 дугаар давхарын 306 тоотод байрлах Э.Б ашигладаг ажлын компьютерээр хууль бусаар халдаж, нэвтэрсэн болох нь тогтоогдсон байхад дахин тусгай мэдлэг бүхий шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм.
Мөн дээрх “Н-info 3.0” мэдээллийн сүлжээг Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 2013 оноос эхэлж хэрэгжүүүлсэн төсөл ба уг төслийг хэрэгжүүлсэн “Креда терра” ХХК-ийн захирал Л.Мөнхбадралаас энэ талаар дэлгэрэнгүй гэрчийн мэдүүлэг авч, шалгаж тогтоосон. Тухайн мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, хэрхэн хамгаалагдсан байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд уг “Н-info 3.0” мэдээллийн сүлжээнд бүртгэлгүй буюу ашиглах эрхгүй хүн хууль бусаар халдаж, нэвтрэн мэдээллийг хуулбарлаж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
3. Өсвөр насны яллагдагч Г.З нь хэдийгээр Оросын холбооны улсад төрсөн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ Монгол улсын ерөнхий боловсролын сургууль болох “Нест” ахлах сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг сурагч байсан ба Монгол хэл, бичиг мэдэхгүй гэх нөхцөл байдал нотлогдоогүй.
Г.Заас насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч болох төрсөн эцэг, эх нарыг оролцуулсан байдаг. Мөн түүнээс сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлэг авахдаа ч хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх болон өмгөөлөгчийг оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна. Энэ бүх ажиллагаанд оролцохдоо Монгол хэлээ сайн ойлгохгүй байгаа талаар ямар нэгэн гомдол, хүсэлтийг Г.З болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас огт гаргаж байгаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдох ба мэдүүлэг авах ажиллагааны явцад Монгол хэлээр ойлгохгүй байгаа талаар өөрийгөө илэрхийлэх боломж нээлттэй байсан байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 965 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.
Шүүгдэгч Э.Бн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцэлтэй танилцлаа. шүүгдэгч Э.Б, Г.З нарын үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгасан байдалд улсын яллагчтай санал нийлж байна. Гэмт хэргийн тухайд нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Сэдэлт, зорилго, үйлдлийн арга зэрэг нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж байгаа. Гэмт хэргийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан вэ гэдэг нь нотлогдож тогтоогдоогүй. Эдгээрийг шалгаж байж шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 965 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Э.Бн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий болсон. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 965 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Г.Зын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 965 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Ямар арга хэрэгслээр, ямар зорилгоор, яаж нэвтэрснийг нарийн мэргэжлийн хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. SQL injection аргыг хэрэглэсэн байдаг. Хэрэглэсэн нь нотлогддог. Энэ аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж прокурорын зүгээс үздэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад нарийн мэргэжлийн шинжээчээр нарийвчлан тогтоогоогүйгээс шүүхэд хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүссэн. Ямар байдал үүссэн бэ гэхлээр, SQL injection аргын талаар Э.Б, Г.З нарын мэдүүлгээр гарч ирдэг. “Н-info 3.0” мэдээллийн сүлжээнд эхлээд нэвтэрдэг. Нэвтэрсний дараа админ эрх нээж байж мэдээллийн санг хуулбарлан авах боломж үүсдэг гэсэн мэдүүлгийг Э.Б, Г.З нар өгдөг. Ххх хууль ёсны төлөөлөгч “... тухайн мэдээллийн сүлжээнд нэвтрэхдээ админ эрх нээлгэдэг. ...” гэж мэдүүлдэг. Мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Шүүхээс мэдүүлгийн зөрүүтэй байдлыг зайлшгүй мэргэжлийн хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулж байж тухайн мэдээллийн системд эхэлж нэвтэрч байж дараа нь хадгалж авах админ эрх хэрэгтэй байдаг юм уу эсвэл админ эрхээр системд нэвтэрдэг юм уу гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзээд захирамж гаргасан. Тэгэхээр, SQL injection арга нь ямар арга болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Прокурор эсэргүүцэлдээ дурдсан шинжээчийн дүгнэлтэд SQL injection аргаар нэвтэрсэн гэж байгаа болохоос биш SQL injection аргыг нэвтрэхэд хэрэглэж байна уу эсвэл нэвтэрсний дараа мэдээллийг татаж авахын тулд хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Шүүгдэгч Г.Зыг орос хэлээр мэдүүлэг өгөх боломжийг нь хангах ёстой байсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Прокуророос Г.Зыг 5 жил ерөнхий боловсролын сургуульд сурсан учраас Монгол хэл, бичгээр мэдүүлэг өгөх боломжтой нөхцөл байдал байна, хууль ёсны төлөөлөгчийг мэдүүлэг өгөхөд оролцуулсан гэж тайлбар хэлдэг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрчээр Г.З мэдүүлэг өгөхөд хууль ёсны төлөөлөгч оролцсон. Яллагдагчаар мэдүүлэг өгөхөд хууль ёсны асран хамгаалагч болон өмгөөлөгч нар оролцсон. Анх мэдүүлэг авахдаа гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авахдаа ял сонсгоогүй, яллагдагчаар татаагүй, монгол хэлээр өөрийн түвшиндөө мэдүүлэг өгсөн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Г.З нь мөрдөгчийн бичсэн зарим нэг үгийг мэдээгүй гэж тайлбар хэлдэг. Яллагдагчаар татсан мэдүүлэгт орчуулагч ороогүй. Асран хамгаалагч болон өмгөөлөгч оролцсон байдаг. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд монгол хэл мэддэг хүн эрүүгийн хариуцлага болон эрх үүрэг танилцуулахад ойлгох хэмжээний мэдлэг эзэмшсэн гэдэг нь тодорхойгүй байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 965 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б, Г.З нарт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгажээ.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой төдийгүй хууль зүйн нэр томьёо, гэмт хэргийн шинжийг тайлбарлан хэргийг шийдвэрлэх боломжтой байдаг бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтэлгээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Б, Г.З нарт холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор М.Очбадрахын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 965 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б, Г.З нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.Б, Г.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР