Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/01159

 

 

 

 

 

 

 

 

 2023        04         11                                           182/ШШ2023/01159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 1,400,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагч Н.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022.07.25-ны өдөр Н.Атай түрээсийн гэрээ байгуулан, үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, **-1-06  тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 2023.07.25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэхээр болсон. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтаар миний түрээсэлсэн объект нь угаасаа өмчлөх эрхийн гэрчилгээгүй болох нь тогтоогдсон, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайн үед 1 сарын түрээсийн төлбөр 1,400,000 төгрөг байсан ба барьцаа 1,400,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг Н.Агийн ажилтан гэх нягтлан бодогчийн хэлсэн ХААН банк ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Бид түрээсийн объектод Н.Агийн зөвшөөрөлтэйгөөр бага зэргийн засвар хийж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл бидний хувьд байрлалаа сайн судлаагүй, тооцоолоогүйгээс болоод үйл ажиллагаа эхэлснээс хойш 10 гаруй хоноход хүн орж ирэхгүй байсан учир Н.А-д огт хүн орж ирэхгүй, ашиггүй байгаа талаар, мөн тухайн орон сууцыг түрээслэхээ болих талаараа хэлж, сарын түрээсээ авахгүйгээр барьцаа болох 1,400,000 төгрөгөө аваад түрээсийн харилцаагаа дуусгах талаар хэлсэн. Гэтэл миний хүсэлтийг хүлээж авахгүй байж байгаад 1 сар болоод 2022.08.25-ны өдөр бид албан ёсоор түрээсийн объектыг нь буцаагаад ажилтан гэх эмэгтэйд хүлээлгэн өгсөн.

          Энэ үед ямар нэгэн эвдрэл, гэмтэл огт үүсээгүй, хэвийн байсан. Хариуцагч бидний буруугаас засвар хийсэн мэтээр буруу тайлбар бичсэн байна лээ. Ашиглалтын зардлын хувьд гэрээнд заагаагүй боловч төлөх талаар амаар тохиролцсон. Би түрээсэлсэн 1 сарын хугацааны ашиглалтын зардлыг төлөөгүй, хариуцагчийн ирүүлсэн баримтаас үзвэл зарим нь надад хамааралгүй сарын мөнгө байсан. Тэгээд ч 198,755 төгрөг болохгүй, хэт өндөр байна лээ. Харин хариуцагч Н.Агаас барьцаанд өгсөн 1,400,000 төгрөгөө буцааж авья гэтэл өгөхгүй, янз бүрийн шалтаг хэлж өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч Н.Агаас 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022.07.21-ний өдрийн 134 дугаартай ажлын талбайн түрээсийн гэрээг 2 талаас харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулан гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь уг талбайн түрээсийн гэрээний хэд хэдэн зүйл, заалтыг зөрчсөн. Үүнд: 1.4, 4.2, 2.4, 3.5, 4.5, 5.1, 5.2, 5.5, 6.1 гэх мэт заалтууд хамаарна. ...Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээний заалтуудыг нэхэмжлэгч нь зөрчсөн, барьцааны 1,400,000 төгрөгийг буцаан олгохгүй гэсэн гэрээний тохиролцоог мэдсээр байж гэрээг өөрийн хүсэл сонирхлоор цуцалсан. Мөн түрээсийн талбайн ханыг түрээслүүлэгч болох манай талаас зөвшөөрөлгүй нүх гарган цоолсныг барилгын хэрэглэгдэхүүн болон ажилчдын хөлс 1,302,000 төгрөгийн зардал гаргаж янзлан хэвийн болгож авсан мөн ашиглалт, хэрэглээний зардлын төлбөр болох 198,755 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг цуцалсан тул барьцаа мөнгийг буцаан олгох боломжгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нь 2022.07.21-ний өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ, 2022.07.25-ны өдрийн түрээсийн объектыг харуулсан гэрэл зургууд, түрээсийн зүйлийг хүлээлцсэн актыг баримтжуулсан гэрэл зургууд, 2022.07.21, 23-ны өдрүүдийн зарлагын баримтууд, ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.  

 

4.Хариуцагч нь 2022.09.05-ны өдрийн зарлагын баримт, ХҮТ-6 төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Төрийн банк ХХК дахь УБЦТС ХК-ийн цахилгааны баримт, гэрэл зургууд гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023.03.06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл,

2023.03.07-ны өдрийн 2993 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 2023.03.15-ны өдрийн ХААН банк ХХК-ийн лавлагаа, 2023.03.20-ны өдрийн 378 тоот Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Н.А-д холбогдуулж түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би түрээсийн гэрээний дагуу 1 сарын төлбөрт 1,400,000 төгрөг, барьцаанд 1,400,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, харин 1 сар ажиллаад цааш үйл ажиллагаа явуулах боломжгүй, ашиггүй болсон учраас түрээсийн гэрээг цуцалсан, түрээсийн байрыг ямар нэгэн гэмтэлгүй, бүрэн бүтэн, хэвийн байдлаар хариуцагчид буцаан өгсөн байхад барьцаа болгон төлсөн 1,400,000 төгрөгийг өгөхгүй, намайг хохироож байна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь “... нэхэмжлэгч нь гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн, барьцааны 1,400,000 төгрөгийг буцаан олгохгүй гэсэн гэрээний тохиролцоог мэдсээр байж өөрийн хүсэл сонирхлоор гэрээг цуцалсан. Бид түрээсийн талбайг засварлаж, ажилчдын хөлс 1,302,000 төгрөг төлж, өөрөөсөө зардал гаргасан, мөн ашиглалт, хэрэглээний зардлын төлбөр болох 198,755 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч гэрээг цуцалсан учир барьцааны мөнгийг буцаан өгөх боломжгүй...” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

3.Зохигчдын хооронд 2022.07.21-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Н.Агийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн * дугаар  хороо, **-1-06  тоотод байрлах 45 м.кв объектыг үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2023.07.21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэн ашиглаж, сард 1,400,000 төгрөг, барьцаанд 1,400,000 төгрөг, сар бүрийн ашиглалтын зардлыг тус тус төлөх, хариуцагч Н.А нь түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2-т заасан шаардлагад нийцэж байх бөгөөд хуулийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг онцлогтой.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Уг шаардлагыг хангаагүй гэрээ нь мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна” гэсэн зохицуулалтаас үзвэл, тухайн түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлтэй байхыг шаардаж байна. Харин түрээсийн зүйл болсон дээр дурдсан объект нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Чингэлтэй дүүргийн 2023.03.20-ны өдрийн 378 тоот албан бичгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан “... түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус...” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

          4.Хариуцагч Н.А нь түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2,

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар түрээсийн зүйл болсон 45 м.кв объектыг, түүнд хамаарах эд зүйлсийн хамт 2022.07.28-ны өдөр нэхэмжлэгч Ж.Од хүлээлгэн өгсөн,  

          нэхэмжлэгч Ж.О нь мөн хуулийн заалт, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу түрээсийн талбайг хүлээн авч, өөрийн үйл ажиллагаанд зориулж засвар хийн, зохих журмын дагуу ашиглаж, 2022.07.28-ны өдрөөс 2022.08.25-ны өдрийг хүртэл 1 сарын төлбөрт 1,400,000 төгрөг, барьцаанд 1,400,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг 2022.07.20-ны өдөр 900,000 төгрөг, 2022.07.21-ний өдөр 1,900,000 төгрөгөөр ХААН банк ХХК-ийн 5011349588 тоот дансанд шилжүүлэн төлсөн байна.

 

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Оийн ХААН банк ХХК-ийн дансны хуулга, ХААН банк ХХК-иас шүүхэд ирүүлсэн албан бичгээс үзвэл, ХААН банк ХХК-ийн 5011349588 тоот дансыг Д.Н гэх хүн эзэмшдэг байх боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар хариуцагч Н.А 2,800,000 төгрөгийг Д.Нгийн дансаар дамжуулан нэхэмжлэгч Ж.Оээс хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч энэ талаар маргаагүй болно.

 

          5.Нэхэмжлэгч Ж.О нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байхдаа “...түрээсийн объектыг анхнаасаа сайн судлаагүй байсан байна, байршил муутай, ажиллаад 10 гаруй хоног болоход хүн орохгүй, өдөр тутмын орлогогүй, цаашид урт хугацаагаар түрээслэх боломжгүй байна, гэрээгээ цуцалъя гэсэн...” саналыг амаар болон бичгээр гаргасныг хариуцагч Н.А хүлээн авсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, 2022.08.25-ны өдөр нэхэмжлэгч Ж.О нь түрээсийн объектыг хариуцагч Н.А-д буюу түүний ажилтан гэх нягтлан бодогч Доржсүрэнд бүрэн бүтэн буцаан хүлээлгэн өгсөн, түрээсийн объектод ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, орон сууцанд хамрагдах эд зүйлс хүлээлцэх акт, түрээсийн объектыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн үеийн акт, бичлэгт буюу нэхэмжлэгч Ж.Оийн гар утсанд шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан зургуудаар тогтоогдсон.

 

          Иймд Иргэний хуулийн 22* дугаар  зүйлийн 225.1, түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар түрээсийн гэрээ нь 2022.08.25-ны өдөр хугацаанаасаа өмнө цуцлагдсан байх бөгөөд түрээсийн гэрээ цуцлагдсанаар талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3-т зааснаар дуусгавар болсон гэж үзнэ. Улмаар нэхэмжлэгч Ж.О нь түрээсийн гэрээ болон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 29* дугаар  зүйлийн 295.1, 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар түрээсийн объектыг ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон хариуцагч Н.А-д бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ биелүүлсэн байна.

 

6.Талууд түрээсийн гэрээний 6 дугаар зүйлд барьцааны талаар зохицуулсан байх боловч энэ нь “барьцаа” гэхээс илүүтэйгээр Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ” гэж тодорхойлсон заалттай агуулгын хувьд нийцэхээр болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.О нь түрээсийн объектыг 1 жилийн хугацаатай түрээсэлсэн байх боловч 2022.07.28-ны өдрөөс 2022.08.25-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд ашиглаж, энэ хугацааны түрээсийн төлбөрт 1,400,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч Ж.Оийн санал болгосноор түрээсийн гэрээ 2022.08.25-ны өдөр нэгэнт цуцлагдсан, тэрээр түрээсийн объектыг хариуцагч Н.А-д бүрэн бүтэн буцаан өгсөн байх тул нэхэмжлэгч Ж.О нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар төлсөн 1,400,000 төгрөгийг хариуцагч Н.Агаас шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч Н.А нь уг 1,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Од буцаан өгөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч талын гаргасан “... нэхэмжлэгч нь гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн, барьцааны 1,400,000 төгрөгийг буцаан олгохгүй гэсэн гэрээний тохиролцоог мэдсээр байж өөрийн хүсэл сонирхлоор гэрээг цуцалсан. Бид түрээсийн талбайг засварлаж, ажилчдын хөлс 1,302,000 төгрөг төлж, өөрөөсөө зардал гаргасан, мөн ашиглалт, хэрэглээний зардлын төлбөр болох 198,755 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч гэрээг цуцалсан учир барьцааны мөнгийг буцаан өгөх боломжгүй...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

7.Хариуцагч Н.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...бид түрээсийн талбайг засварлаж, ажилчдын хөлс 1,302,000 төгрөг төлж, өөрөөсөө зардал гаргасан, мөн ашиглалт, хэрэглээний зардлын төлбөр болох 198,755 төгрөгийг төлсөн...” учир энэхүү зардлыг нэмж нэхэмжилж байна гэж бичиж, холбогдох баримтуудыг хавсаргасан байх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байдлаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Иймд хариуцагч Н.Агаас 1,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Нэхэмжлэгч Ж.Оийн 2022.08.25-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Агаас 37,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар  зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар хариуцагч Н.Агаас 1,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оийн тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Агаас 37,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА