Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2023/01171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: хаягт байрлах Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт оршин суугч С.А-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,298,626.60 төгрөг гаргуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хулан,

Хариуцагч С.А-,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Сүхээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С.А-т холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,298,626.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч О.Хулан шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.А- нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Гтай ЗГ/КР/ 161124009 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1,800,000.00 төгрөгийг, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч С.А- нь ЗГ/КР/161124009 дугаарт Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчсөн, үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээл төлөлт огт хийгдээгүй, 2163 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч С.А-ээс ЗГ/КР/161124009 дугаарт Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Зээлийн үндсэн төлбөр 1,474,719.43 төгрөг, зээлийн хүүний төлбөр 3,396,353.98 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 1,948,199.40 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1,479,353.79 төгрөг нийт 8,298,626.60 төгрөгийг гаргуулна. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын  24-ний өдрийн 28 л-2в/7142 тоот албан бичиг ирүүлсэн. Үүнээс өмнө банк С.А-ийн хаягийг тогтоосон эсэх, ямар ажиллагаа хийж байгаа талаар лавлаж байгаагүй гэв.

2.Хариуцагч С.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Намайг цагдаагийн газраас 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эрэн сурвалжилж олсон. Уг хугацаанаас хойш 3 жилийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл шаардлага гаргаагүйн улмаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрэн сурвалжлах тасагт мэдүүлгээ өгөөд түр оршин сууж буй хаяг, холбоо барих утасны дугаараа бүртгүүлээд Гтай очиж уулзах зөвлөмж авсан. Ингээд тус банкны 32 тойргийн салбарт очиж өр барагдуулах албаны мэргэжилтэн залуутай уулзаж “санхүүгийн боломж муу тул зээлийн хүүг зогсоох талаар шийдвэрлэж өгөөч” гэх тайлбар бичиж, хүсэлт гаргаж өгсөн. Гэвч надтай дахиж холбогдоогүй. Энэ хугацаанд би оргон зайлсан, оршин суугаа хаяг болон утасны дугаараа өөрчилсөн зүйлгүй. Мөн энэ хугацаанд цар тахал, хөл хорио гэх мэт хүчин зүйлсийн улмаас би эрхэлсэн ажилгүй, түр оршин суугаа хаяг дээрээ амьдарч байна. Иймээс намайг оргон зайлсан, зугтсан гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн зээлийн хугацаа хэтрүүлсэн төлбөр болон зээлийн эрх хэтрүүлсэн төлбөр гэж хуульд байхгүй төлбөр шаардаж байна. 2019 оны 07 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл Гнаас надтай огт холбогдоогүй бөгөөд миний 2019 онд гаргасан хүсэлтийг хүндэтгэн үзээд Гны эрсдэлийн сангаас уг зээлийг хүчингүй болгосон гэж ойлгож байсан. Иймд Гны кредит картын зээлийг 2019 оны 07 дугаар сарын тооцоогоор 3,938,251,04 төгрөгийг төлж барагдуулна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Кредит карт эзэмшигчтэй байгуулах  гэрээ, Кредит картын тооцооллын хүснэгт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гүйцэтгэх захирлын тушаал, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02243 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын  24-ний өдрийн 28 л-2в/7142 тоот албан бичиг, Анхааруулах захидал, хариуцагчаас хариу тайлбар шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,938,251,04 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4,360,375.56 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С.А-т холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,298,626.60 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага  гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлав.  

 

2.Хариуцагч С.А- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.   Үүнд: 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эрэн сурвалжилж хаяг тогтоосон тул 3,938,251,04 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Эрэн сурвалжлуулах шийдвэр гарснаас хойш 4 жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Кредит карт эзэмшигчтэй байгуулах  гэрээ, Кредит картын тооцооллын хүснэгт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гүйцэтгэх захирлын тушаал, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02243 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын  24-ний өдрийн 28 л-2в/7142 тоот албан бичиг, Анхааруулах захидал, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С.А-тэй 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Гтай ЗГ/КР/ 161124009 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулж 1,800,000.00 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгожээ.

 

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

 

5.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С.А-ийг зээл авсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 150,000 төгрөгийг төлсөн, уг гэрээний зээлийн үндсэн төлбөр 1,474,719.43 төгрөг, зээлийн хүүний төлбөр 3,396,353.98 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 1,948,199.40 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1,479,353.79 төгрөг нийт 8,298,626.60 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гарган нэхэмжилсэн байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан тухайд хариуцагч маргаагүй. /хавтаст хэргийн 5-6 дахь тал/  

 

6.Нэхэмжлэгч Г ХХК-ийн зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 1,948,199.40 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1,479,353.79 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү гэж шаардана гэх тайлбар үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг заасан “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэх зохицуулалттай нийцээгүй байна.  

 

7.Хариуцагч С.А- нь 8,298,626.60 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гаргаснаас 3,938,251,04 төгрөгийн төлбөр төлөхийг зөвшөөрч, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эрэн сурвалжилж хаяг тогтоосон гэж мэтгэлцэв.

 

8.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй гэрээ байгуулж 1,800,000 төгрөгийн эрх олгож, үүнээс зээлдэгч С.А- нь  бэлэн гүйлгээгээр 1,341,500 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 211,380 төгрөг нийт 1,552,880 төгрөг авч, 150,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж хариуцагч маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

9.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 24 сарын хугацаатай зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусчээ.

 

10.Зээлдүүлэгч Г ХХК-ийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02243 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх ба түүнээс хойших 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 4 жил 3 сарын хугацаанд хугацаанд зээлдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан, Мэдэгдэл хүргүүлсэн талаарх баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

11.Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хулангийн шүүх хуралдаанд гаргасан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын  24-ний өдрийн 28 л-2в/7142 тоот албан бичиг ирүүлсэн. Үүнээс өмнө банк С.А-ийн хаягийг тогтоосон эсэх, ямар ажиллагаа хийж байгаа талаар лавлаж байгаагүй гэх тайлбараар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээргүй байна.

 

12.Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар үүрэг гүйцэтгэгч тал гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөгдөхгүй, харин үүргийн гүйцэтгэлийг албадлагын журмаар хэрэгжүүлэх боломжгүй болох боловч зээл авсан үйл баримтыг шууд үгүйсгэх нөхцөл болохгүй.

 

13.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.А- нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй хэдий ч тэрээр 3,938,251,04 төгрөг төлнө гэж тайлбарласан тул түүний зөвшөөрсөн хэмжээгээр 3,938,251,04 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх болон иргэний эрх зүйн диспозитив зарчимтай нийцнэ.

 

14.Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3,938,251,04 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,360,375.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,729 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,962 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А-ээс 3,938,251,04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,360,375.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,729 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид  77,962  төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ