Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2023/00144

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2023/00144

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М.Д-н нэхэмжлэлтэй

хариуцагч: .... аймгийн ..... сумын Цэцэрлэгт холбогдох

ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ....... аймгийн ..... сумын иргэн М.Д нь тус сумын Цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа ажлаас үндэслэлгүйгээр халагдаж ажлаас чөлөөлөгдөж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 01-р сарын 06-ны өдрийн 00057 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 12-р сарын 19-ний Б/32 дугаартай Цэцэрлэгчийн эрхлэгчийн тушаалаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул ажилгүй байгаа хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. М.Д-н ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2022 оны 12-р сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний олговорыг ..... сумын Цэцэрлэгээс гаргуулж НД, ЭМД-н шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2022/00057 дугаар шийдвэр,

-..... аймгийн ...... сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/32 дугаар тушаал,

-М.Д-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэл.

4. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт, тайлбар: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч М.Д нь .... аймгийн .... сумын Цэцэрлэгт холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Н нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна. /хавтаст хэргийн 14 дэх тал/ Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Н нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Н-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хавтаст хэргийн 22 дахь тал/.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

4. Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүх төсвийн байгууллагад холбогдох цалин, олговор гаргуулах шаардлага бүхий хэргийг ердийн журмаар буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч  М.Д нь ......... аймгийн ........ сумын Цэцэрлэгт манаач жижүүрээр ажиллаж байгаад тус Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

6. Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч М.Д нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШШ2022/00057 дугаар шийдвэрээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....... аймгийн ...... сумын цэцэрлэг нь нэхэмжлэгч М.Д-г 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1,615,000 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 4-6 дахь тал/

7. Улмаар ........  аймгийн ....... сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар М.Д-г 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс сантехникчийн ажилд томилжээ. /хавтаст хэргийн 7 дахь тал/

8. ....... аймгийн .........сумын Цэцэрлэг нь тус шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс М.Д-г ажилд томилсон 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй нэхэмжлэгч М.Д-н хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт зааснаар “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажил олгогч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, ... ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй” гэж,

103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж,

103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.” гэж тус тус зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

10. Иймд М.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

11. Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу М.Д-н 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс түүнийг ажилд томилсон 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 10 сар 28 хоногийн олговор 4,724,446 /дөрвөн сая долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөгийг хариуцагч ...... аймгийн ....... сумын Цэцэрлэгээс гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч М.Д-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”-ыг  тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Д-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2021 оны 06, 07, 08 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн нийт тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” үндсэн үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч ...... аймгийн ...... сумын Цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4,724,446 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 90,541 төгрөгийг хариуцагч ....... аймгийн ........ сумын Цэцэрлэгээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар М.Д-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,724,446 /дөрвөн сая долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин зургаан/ төгрөгийг ...... аймгийн ........... сумын Цэцэрлэгээс гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч М.Д-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар М.Д-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ....... аймгийн ....... сумын Цэцэрлэгт үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4,724,446 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 90,541 төгрөгийг хариуцагч ........ аймгийн ......... сумын Цэцэрлэгээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ