Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2023/00156

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2023/00156

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ....... аймгийн ........... сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

хариуцагч: Г.Т-д холбогдох

бухны үнийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хариуцагч Г.Т-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Бухны үнийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Аймгийн Засаг даргын захирамжаар 2014, 2015 онд үхэр сүргийн чанар сайжруулах арга хэмжээний хүрээнд ...... аймгийн ...... сумын ЗДТГ, ХАА тасаг, .... сумын .... багийн иргэн Г.Т нар харилцан гэрээ байгуулж Сэлэнгэ үүлдрийн үхрийн өсвөр хээлтүүлэгч олгогдсон. Сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 556 дугаар бичгээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч материал буцаагдсан. Г.Т нь ......... сангийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлөөгүй байгаа тул ................ сан /.......... банк .................тоот данс/-д төвлөрүүлж өгнө үү. Хоёр бухын үнэ 2,680,000 төгрөг байсан. 2021 онд 1,680,000 төгрөгийг мал хамгаалах сангийн дансанд төлсөн. 1,000,000 төгрөг гэдэг нь үлдэгдэл мөнгө байгаа. Г.Т ... дээр бүлэг байгуулаад тариалан эрхлэх сангаас трактор авсан гэсэн. 1,000,000 төгрөгийг тариалан эрхлэх санд төлсөн тэрийг шилжүүлж ав гэж хэлдэг. Тэр нь мал хамгаалах санд хамааралгүй байгаа. Нэг бухны үнэ 1,340,000 төгрөг, хоёр бухын үнэ 2,680,000 төгрөг төлөх ёстой. 1,680,000 төгрөгийг төлсөн учир одоо үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлүүлэх саналтай байна гэв.

 

3. Хариуцагчийн тайлбар: Миний бие Г.Т нь 2015 онд үхэр сүргийн чанар сайжруулах арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ үйлдвэрийн бухан бяруу 1 /нэгийг/ авч бух тавьсан. Мөн ...... сумын иргэн Г-с 2019 онд нэг бух авч нийт 2 бухтай болсон. Нийт 2 бухын үнэ 2,680,000 төгрөг нэхэгдээд 2016 оны 07 сарын 18-нд тариалан дэмжих санд 1,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 13-нд үлдэгдэл 1,680,000 төгрөгийг........... тоот ............ сангийн дансанд хийсэн. Бүгд 2,680,000 төгрөгийг тушаасан тул үлдэгдэлгүй болно. Шүүх хуралдаанд биеийн байдлын улмаас биеэр оролцох боломжгүй тул тайлбарыг үндэслэн хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримтууд:

-2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Өсвөр хээлтүүлэгч өсгөн бойжуулах, үржилд ашиглах гэрээ,

-Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/339 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн гүйлгээний баримт, малчдад гэрээгээр олгосон бухны эргэн төлөлтийн тайлан.

 

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримтууд:

-Д.Т-н тайлбар бүхий гар бичвэр.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч ...........  аймгийн ......... сумын Засаг дарга нь Г.Т-д холбогдуулан бухны үнийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Г.Т нь бухны үнийг төлж барагдуулсан, бүгд 2,680,000 төгрөгийг тушаасан тул үлдэгдэлгүй гэж татгалзжээ.

4.Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Өсвөр хээлтүүлэгч өсгөн бойжуулах, үржилд ашиглах гэрээгээр хариуцагч Г.Т нь “...нутгийн үхрийн сүү махан ашиг шимийг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглах бухан бярууг 2015 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд өөрийн үхэрт сайжруулагчаар ашиглаад дараагийн өрхөд хүлээлгэн өгөх буюу үр төлөөс нь стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч нэгийг бойжуулж Мал эмнэлэг үржлийн тасагт хүлээлгэн өгөхөөр” тохиролцжээ.

Мөн гэрээний хариуцлага гэх хэсэгт “Үхэж хорогдсон, алдаж үрэгдүүлсэн нөхцөлд тухайн үүлдрийн үхрийн орон нутгийн зах зээлийн үнэ ханшаар мөнгөн төлбөрөөр төлж барагдуулна” гэж заасан байна.

5. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Тодруулбал, талууд төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг /бухан бярууг/ 2 жилийн хугацаатай ашиглах, гэрээний хугацаа дуусахад тухайн эд хөрөнгийг буюу түүний үр төлөөс стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч нэгийг буцаан өгөх, хэрэв “Үхэж хорогдсон, алдаж үрэгдүүлсэн” нөхцөлд мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүрэг хүлээжээ.

6. Хариуцагч Г.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...2015 онд үхэр сүргийн чанар сайжруулах арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ үйлдвэрийн бухан бяруу 1 /нэгийг/ авч бух тавьсан. Мөн .... сумын иргэн Г-с 2019 онд нэг бух авч нийт 2 бухтай болсон. Нийт 2 бухын үнэ 2,680,000 төгрөг нэхэгдээд 2016 оны 07 сарын 18-нд тариалан дэмжих санд 1,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 13-нд үлдэгдэл 1,680,000 төгрөгийг 100050051407 тоот мал хамгаалах сангийн дансанд хийсэн. Бүгд 2,680,000 төгрөгийг тушаасан тул үлдэгдэлгүй болно...” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...1,000,000 төгрөг нь бухны мөнгөнд хамааралгүй. Тариалан эрхлэх сангаас трактор авсан. Тариалан эрхлэх сан руу орсон мөнгө байгаа. 2017 он юм уу, 2018 онд өгсөн юм шиг байсан. Одоо мал хамгаалах сангийн мөнгийг нэхэмжилж байгаа. Өнгөрсөн хугацаанд мөнгө шаардаж шаардах хуудас өгч байсан. 2021 онд 1,680,000 төгрөгийг өгсөн байгаа...” гэж тайлбарлаж байна.

8. Хариуцагч Г.Т нь 2015 онд Сэлэнгэ үйлдвэрийн бухан бяруу 1, 2019 онд .... сумын иргэн Б-с 1 бух авч нийт 2 бухтай болсон, 2 бухын үнэ 2,680,000 төгрөг нэхэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

9. Харин хариуцагч Г.Т нь 2016 оны 07 сарын 18-нд тариалан дэмжих санд 1,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 13-нд үлдэгдэл 1,680,000 төгрөгийг ............ тоот ......... сангийн дансанд хийсэн. Бүгд 2,680,000 төгрөгийг тушаасан тул үлдэгдэлгүй гэж, нэхэмжлэгч тал нь “1,000,000 төгрөгийг тариалан эрхлэх санд төлсөн тэрийг шилжүүлж ав гэж хэлдэг. Тэр нь мал хамгаалах санд хамааралгүй байгаа. Нэг бухны үнэ 1,340,000 төгрөг, хоёр бухын үнэ 2,680,000 төгрөг төлөх ёстой. 1,680,000 төгрөгийг төлсөн учир одоо үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлүүлнэ” гэж маргажээ.

Өөрөөр хэлбэл талууд 2 бухны үнэд нийт 1,680,000 төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин тариалан эрхлэлтийг дэмжих санд төлсөн гэх 1,000,000 төгрөгийг гэрээний төлбөрт тооцох эсэх нь маргааны зүйл болжээ.

10. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/339 дугаар албан бичигт “.... сумын .... тосгоны малчин Г.Т нь аймгийн Мал хамгаалах сангаас 2014 онд Сэлэнгэ үүлдрийн үхрийн өсвөр хээлтүүлэгч гэрээгээр авсан. Г.Т нь ... сумын малчин Х.Г-н бухны үнэ 1340.0 мянган төгрөг, өөрийн эзэмшлийн бухны үнэ 340,0 мянган төгрөг, нийт 1680,0 мянган төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мал хамгаалах эргэлтийн сангийн 100050051407 дансанд эргүүлэн төлсөн. Одоо Г.Т нь Мал хамгаалах эргэлтийн санд бухны үнэ 1000.0 мянган төгрөгийн хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байгаа нь үнэн болно” гээд уг албан бичигт хавсарган ирүүлсэн гүйлгээний баримтад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.Тээс 2 ширхэг бухны үнэ гэх агуулгаар 1,680,000 төгрөгийг шилжүүлжээ.

Мөн албан бичигт хавсарган ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 24-ний Үхэр сүргийн чанар сайжруулах ажлын хүрээнд малчдад гэрээгээр олгосон бухны эргэн төлөлтийн тайланд “.... сум, багийн нэр ... 2. Г.Т Төлөлт 2019 он -, Төлөлт 2021 он 340.0, төлөгдөөгүй үлдэгдэл 1,000.0, .... сум багийн нэр ...., Д.Б Х.Г Төлөлт 2019 -, Төлөлт 2021 1,340.0, төлөгдөөгүй үлдэгдэл -” гэснээс дүгнэхэд Г.Т нь 2023 оны байдлаар 1,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

11. Хариуцагч Г.Т нь 2016 оны 07 сарын 18-нд тариалан эрхлэлтийг дэмжих санд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухайлбал тариалан эрхлэлтийг дэмжих санд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх, тус сангаас зээл авч байсан эсэх, хэрэв авч байсан бол тухайн санд төлбөр тооцоотой эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

12. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Т нь бухны үнийн үлдэгдэл 1,000,000 төгрөгийг мал хамгаалах санд төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь энэхүү шаардлагыг гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байх шаардлагатай.

13. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”

2014 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Өсвөр хээлтүүлэгч өсгөн бойжуулах, үржилд ашиглах гэрээний:

Гэрээний нөхцөл гэх хэсэгт “...нутгийн үхрийн сүү махан ашиг шимийг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглах бухан бярууг 2015 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд өөрийн үхэрт сайжруулагчаар ашиглаад дараагийн өрхөд хүлээлгэн өгөх буюу үр төлөөс нь стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч нэгийг бойжуулж Мал эмнэлэг үржлийн тасагт хүлээлгэн өгөх” гэж,

Мал эмнэлэг үржлийн тасаг мэргэжилтний хүлээх үүрэг гэх хэсгийн 5 дахь заалтад “хорогдуулсан буюу алдаж үрэгдүүлсэн нөхцөлд төлүүлэх” гэж, 6 дахь заалтад “Гэрээний хугацааны сүүлийн жилийн 10-р сард багтаан дараагийн өрхөд гэрээ байгуулан шилжүүлэн өгнө” гэж тус тус зааснаас дүгнэхэд сайжруулагчаар ашиглах бухан бярууг хүлээн авсан тал 2015 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд өөрийн үхэрт сайжруулагчаар ашиглах, Мал эмнэлэг үржлийн тасаг буюу мэргэжилтэн нь 2017 оны 10 сард багтаан дараагийн өрхөд гэрээ байгуулан шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.  

14. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж,

76.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заажээ.

Тодруулбал, мал эмнэлэг үржлийн тасаг буюу мэргэжилтэн нь гэрээний сүүлийн хугацаа буюу 2017 оны 10 дугаар сард гэрээний үүрэг зөрчигдсөн буюу гэрээгээр шилжүүлэн өгсөн бухан бярууг хорогдуулсан, алдаж үрэгдүүлсэн, эсвэл үр төлөөс нь стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгчийг хүлээлгэн өгөх боломжгүй гэдгийг мэдсэн байх ёстой тул дээрх хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил тул хариуцагч Г.Т-д холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

15. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ..... аймгийн ..... сумын Засаг даргаас Г.Т-д холбогдуулан мал хамгаалах сангийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

16. Хариуцагч нь гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж,

38 дугаар зүйлийн 38.6-д “... гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ...” гэж зааснаар хариуцагчийн тайлбарт хавсарган ирүүлсэн Д.Т-н тайлбар бүхий гар бичвэр нь хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ....... аймгийн .... сумын Засаг даргаас Г.Т-д холбогдуулан мал хамгаалах сангийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ