Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2023/00161

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2023/00161

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: .... аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй

хариуцагч: Х.Х-д холбогдох

эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, прокурор Д.П, иргэдийн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хариуцагч Х.Х, түүний өмгөөлөгч М.Э нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: Х.Х нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд .... аймгийн .... сумын ..... багийн “......” нэртэй газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-тай маргалдаж улмаар түүнийг гараараа нэг удаа цохиж Х.Б-н эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Б-н мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Х.Х-н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 2116000000119 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Улмаар тус прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 110 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Х.Х холбогдох хэргийг хянан хэлэлцээд 106 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Хохирогч Х.Б нь Х.Х-н гэм буруутай үйлдлийн улмаас 2021 оны 08 дугаар сарын 29, 09 дүгээр сарын 3, 13, 10 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 336.4, 336.5 оношоор буюу гэмтлийн гаралтай өвчний улмаас өндөр өртөгтэй оношилгоо, эрчимт эмчилгээ, мэс засал, амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч Х.Б-н эрүүл мэндэд учирсан гэмтэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,190,214 төгрөг гаргуулан авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/175 дугаартай албан бичиг түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна. Тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс “гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч Х.Б-н эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг Х.Х-с гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжпэл, тайлбар, гомдол гаргана” гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д “Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжпэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно” гэсний дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжпэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Иймд Х.Х-с Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 6,190,214 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ...... сан дахь ............... дугаартай дансанд оруулж өгнө үү гэв.

 

3.Хариуцагчийн тайлбар: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 6,190,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн үед эмчилгээ сувилгааны зардлыг нөхөн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт: Биедээ гэмтэл авч эмчлүүлсэн Х.Б-н эмчилгээний төлбөрийг Х.Х гаргаж Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг хохиролгүй болгох нь зөв гэж ойлгож байна. Хууль, дүрэм журмын дагуу баримт бичгүүд нь бүрдсэн байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаар тогтоол,

-мөн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1281 дугаар албан бичиг /итгэмжлэл/,

-...... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/175 дугаар дугаар албан бичиг,

-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардлын түүх,

-.... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16/205 дугаар дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Х.Б-н эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон баримт /Health.gov.mn/,

-......... аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 415 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Х.Б-н өвчний түүх, амбулатори болон тасгаар үйлчлүүлсэн тухай программын хуулбар,

-Х.Б-н мэс ажилбартай холбогдох эмнэлгийн баримтуудынг хуулбар,

-Х.Х-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар,

-...... аймгийн .... сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт,

-2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл,

-..... аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 304 дугаар шинжээчийн дүгнэлт,

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2116000000119 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол,

-2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар яллах дүгнэлт,

-Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоол.

 

6. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. ....... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/175 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргажээ.

Уг албан хүсэлтийн үндсэн дээр Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Х.Х-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан үндэслэлээр 6,190,214 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хавтаст хэргийн 1-3 дахь тал/

3.Хариуцагч Х.Х нь тухайн үед эмчилгээ сувилгааны зардлыг нөхөн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд уг шаардах эрх нь гэм буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан байх, нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн байгууллага, бусад хуулийн этгээд нь амь нас, эрүүл мэндэд учирсантай холбогдсон төлбөр, тусламжийг хуульд заасны дагуу эсвэл харилцан тохиролцож буюу гэрээний үндсэн дээр гэм хор учирсан этгээдэд олгосон байх гэсэн урьдчилсан нөхцөлтэй байна.

Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэг хүлээнэ.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт заажээ.

5. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Х-г 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчим ..... аймгийн .... сумын .....  баг” .....” гэх газарт гэртээ хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Х.Б-г чи муу гөлөг миний эхнэрийг нуусан байна гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон хариуцагч Х.Х нь эрүүгийн хэргийн хохирогч Х.Б-н биед гэм хор учруулсан үйл баримтыг дахин нотлохгүй.

6. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-д 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэмтлийн яаралтай тусламж /S36/ үзүүлж, эрчимт эмчилгээ /S36.4/ хийлгэсэн, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэс засал /S36.40/ хийлгэсэн, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амбулаторийн үзлэг, оношлогоо шинжилгээний багц /S36.5/ үйлчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 18, 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг /S36.4/ үйлчилгээ авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Уг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт 6,190,214 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нь .... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/175 дугаар дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардлын түүх, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16/205 дугаар дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Х.Б-н эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон баримт зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

7. Хариуцагч Х.Х нь нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй бөгөөд харин тухайн үед эмчилгээ сувилгааны зардлыг нөхөн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г, 2 дугаар хавсралтаар "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг 3 дугаар хавсралтаар "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг тус тус баталжээ.

Энэхүү журам нь Хууль, дотоод хэргийн яамны эрхэлдэг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан-гийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5037 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2018 оны 18 дугаарт нийтлэгджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам нь тухайн үедээ хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан захиргааны хэм хэмжээний акт тул шүүхээс маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх эрх зүйн эх сурвалж байна.

9. "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-ний:

-519 дэх заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: яаралтай тусламж, Оношийн хамааралтай бүлгийн нэр: гэмтлийн яаралтай тусламж-шар, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S00-T98, Үйлдлийн ангилал: гэмтлийн яаралтай тусламж, Өртгийн жин: 2.353, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 200,000 төгрөг, иргэнээс төлөх дүн: - , Нийт төлбөр: 200,000 төгрөг,

-310 дахь заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: хэвтүүлэн эмчлэх, Оношийн хамааралтай бүлгийн нэр: Цээжний болон хэвлийн хөндийн эрхтэний гэмтэл, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S36, Үйлдлийн ангилал: Мэс засал, Өртгийн жин: 1.740, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 1,257,108 төгрөг, иргэнээс төлөх дүн: 221,843 төгрөг, Нийт төлбөр: 1,478,951 төгрөг,

-489 дахь заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: Хэвтүүлэн эмчлэх, Оношийн хамааралтай бүлгийн нэр:  Эрчимт эмчилгээ, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S36, Үйлдлийн ангилал: Эмийн эмчилгээ А, Өртгийн жин: 5.473, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 4,652,149 төгрөг, иргэнээс төлөх дүн: -, Нийт төлбөр: 4,652,149 төгрөг,

-491 дэх заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: Амбулатори, Оношийн хамааралтай бүлгийн нэр:  Амбулаторийн тусламж, үйлчилгээ, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S00-T98, Үйлдлийн ангилал: Өвчний учир үзлэг, оношилгоо, шинжилгээ, Өртгийн жин: 1.767, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 53,000 төгрөг, иргэнээс төлөх дүн: -, Нийт төлбөр: 53,000 төгрөг,

493 дахь заалтад Тусламж, үйлчилгээний төрөл: Амбулатори, Оношийн хамааралтай бүлгийн нэр:  Амбулаторийн тусламж, үйлчилгээ, Өвчний олон улсын 10-р ангиллын код: S00-T98, Үйлдлийн ангилал: Өвчний учир үзлэг, Өртгийн жин: 0.467, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх дүн: 14,000 төгрөг, иргэнээс төлөх дүн: -, Нийт төлбөр: 14,000 төгрөг гэжээ.

..... аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 415 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсаргасан Х.Б-н өвчний түүхэд S36.40 оношоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, амбулаториор үйлчлүүлсэн тухай программын хуулбарт түргэн тусламж болон амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдал тусгагджээ.

Хохирогч Х.Б-н эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд 6,190,214 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас ...... аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн тухай ..... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16/205 дугаар албан бичиг нь журмын дээрх заалтад нийцэж байх бөгөөд үнийн дүнгийн хувьд тохирч байна.

10. "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардлын төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээнээс даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг хасч тооцно” гэж заасны дагуу хохирогч Х.Б-н ...... аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал 6,190,214 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сан хариуцжээ.

11. Иймд нэхэмжлэгч ....... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Х.Х- эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 /зургаан сая нэг зуун ерэн мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ц.О нь “Биедээ гэмтэл авч эмчлүүлсэн Х.Б-н эмчилгээний төлбөрийг Х.Х гаргаж Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг хохиролгүй болгох нь зөв гэж ойлгож байна. Хууль, дүрэм журмын дагуу баримт бичгүүд нь бүрдсэн байна” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 6,190,214 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 113,993 /нэг зуун арван гурван мянга есөн зуун ерэн гурван/ төгрөгийг хариуцагч Х.Х-с гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ........ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлсөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Х.Х-с эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 /зургаан сая нэг зуун ерэн мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулан ..............газрын .............. сан дахь .......... тоот дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 6,190,214 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 113,993 /нэг зуун арван гурван мянга есөн зуун ерэн гурван/ төгрөгийг хариуцагч Х.Х-с гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                    

                    

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ

 

   ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН

 

   ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ