Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 268

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

иргэдийн төлөөлөгч Ж.Галаарав,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батмөнх

шүүгдэгч Ц.Амартүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам /¹0650/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 201625031702 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто агрегат мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг 4-290 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 469 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46 дугаар Шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хассан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогтын Амартүвшин /РД- УК91061631/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Амартүвшин нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Амартүвшин нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлтээр 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 50 минутаас 21 цаг 58 минутын хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "Акума эрин” ХХК-ний Авто засварын газрын сэлбэгийн дэлгүүрийн цонхны шилийг тусгайлан бэлтгэсэн газу багажаар хагалан хууль бусаар нэвтэрч, 2 давхарт байрлах худалдагчийн ширээний дээд талын шургуулганаас орлогын 4.876.170 төгрөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг: Акумагийн хохиролын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна сая л 4.876.170 төгрөг гэдгийг мэдэж байна. Би яг 2.810.000 төгрөг л авсан. Надад өмгөөлөгч байхгүй байхад мэдүүлэг авсан, мэдүүлэг авсаныхаа дараа нэг өмгөөлөгч оруулж ирж гарын үсэг зуруулсан. Тэр өмгөөлөгчийг би танихгүй, байцаалт өгөхөд хажууд байгаагүй. Дууссаны дараа гарын үсэг зураал явсан. Кола кембабын хувьд бол би зөвхөн найзыгаа л өмөөрсөн. Нилээн хэдэн залуус нийлээд зодоод байхаар нь хаяж явж чадаагүй юм. Хутга байгаагүй архины шилний хагархай байсан гэв.,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батмөнх мэдүүлэхдээ: Амартүвшин манайд харуулаар ажилладаг байсан. 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед чөлөө гуйгаад 3 цаг гэхэд би ирчихнээ гэхээр нь чөлөө өгөөд явуулсан. За ажилаа зохицуулчаад ирээрэй гэсэн. Би миний дүүгээс ялгаа юу байхав гээд сайн ханддаг байсан. Тэгээд 3 цаг болоход ирээгүй, буух ёстой харуул нь буугаагүй байсан. Тэгэхээр нь би нөгөө харуулаа шинэ харуул байсан чи улираад гарчих Амартүвшин маргааш ирнэ гэж хэлсэн. Амартүвшинг ирүүл над руу яриарай. Орой хүрээд ирүүл өглөө ир гэж хэлээрэй гээд явсан. Бүтэн сайн өдөр байсан болохоор 7.30 гээд ажлаасаа гараад явсан. 10 цагийн үед захирал яриад гэрэл асахгүй байна. Харуул хэн байгаа вэ гээд ярьсан. Би шинэ хүн байгаа би очье гэсэн. Тэгээд очиход хаалга цоожтой байсан. Цонхнуудыг түлхэхэд дотроосоо цоожлоогүй сул байсан. Тэрүүгээр ороод тойроод харахад тэнд байсан том шилийг хагалаад орсон байсан. Гаазуугаар цонхыг хагалсан байсан. Ингээд би шууд цагдаа дуудсан. Цагдаа ирээд камер шалгахад Амартүвшин харагдсан. Цагдаа тийшээ орохоосоо өмнө кассанд чинь хэдэн төгрөг байсан бэ гэсэн. Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 21-ний орлогоо тушаагаагүй ойролцоогоор 4-5 сая төгрөг байсан гэж хэлсэн. Харуулдаа чи яагаад над руу яриагүй юм бэ гэхэд Амартүвшин явж бай гээд утас авсан гэж хэлсэн. Тэгээд худалдагчаа дуудаад тооцоо хийсэн. Угаалгыг бол сарын эцэст тооцоо хийдэг. Дэлгүүрийн бараа бол баримттай би гарын үсэг зурж авдаг. 4.876.170 төгрөгийн хохирол дээр 139.000 төгрөгөөр хагарсан шилийг шиллүүлсэн энэ мөнгө нэмэгдэж 5.015.170 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 50 минутаас 22 цагийн хооронд хэрэг үйлдэгдсэн байдаг. Тухайн үед Акума төвийн ерөнхий захирал Баттулга над руу орой 21 цагийн үед залгаад Акума төвийн гаднах гэрэл асаагүй байна гэж надад хэлсэн, тухайн үед Баттулга дарга 31-ын Акума төвий хажуугаар өнгөрч явахдаа гэрэл асаагүй болохоор над руу хэлсэн байсан. Тэгээд би шинээр орсон манаач О.Бямбасүрэнгийн 88167016 дугаарын утас руу залгаж хэлэхэд "одоо асаалаа" гэж хэлсэн. Би тухайн үед гадуур явж байгаад гэр лүүгээ харьчихаад гэртээ байхдаа нэг л сонин санагдаад байхаар нь ажил руугаа явсан. Ажил дээрээ иртэл манаач О.Бямбасүрэн байхгүй, хаалгаа тайлахгүй байхаар нь 1 давхарын угаалгын цонхоор очиж хараад цонхоо түлхэж үзэхэд онгорхой байсан, тэгэхлээр нь уг цонхоороо ороод дотор талыг шалгатал 2 давхарын том масло зардаг дэлгүүрийн шилэн цонхыг хагалан хулгайч орсон байсан. Хулгай орсон байна гэдгийг мэдээд шууд цагдаагийн байгууллагад хандсан. Би эрүүгийн төлөөлөгчийн хамт хяналтын камерийг шалгахад манайд ажилладаг Ц.Амартүвшин гэх залуу О.Бямбасүрэнгээс ажил хүлээж аваад уг хэргийг үйлдсэн байсан. 2 давхарын кассын ширээнд байсан бэлэн 4.876.170 төгрөг алдагдсан байсан. 2016 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед Ц.Амартүвшин нь ажил дээрээ ирээд ажлаа хүлээж авч байсан, тэгээд 11 цагийн үед Ц.Амартүвшин надтай ирж уулзаад "би цагдаагийн газарт нэг асуудалтай болсон, очиж уулзчихаад ирье, 15 цаг хүртэл чөлөө өгөөч" гэж хэлэхээр нь би чөлөө өгөөд явуулсан. Оронд нь шинээр орсон ажилтан Бямбасүрэнг гаргуулсан. 15 цагийн үед Амартүвшингийн утас холбогдох боломжгүй байсан учраас Бямбасүрэн манаачид өнөөдөртөө улираад гарчих гэж хэлсэн. Бямбасүрэнд "Ц.Амартүвшинг ирэх юм бол маргааш ирж ээлжээ аваарай" гэж үүрэгжүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би урд долоо хоногийн орлогыг төв оффис дээрээ очиж тушаасан, тэгээд уг 8 дугаар сарын 15-наас хойш орлого тушаагаагүй байсан юм. 8 дугаар сараас 15-наас 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 8.516.120 төгрөгний орлого байсан. Уг орлогоноос 2.000.000 төгрөгийг угаалгын бүтээгдэхүүн, авто сэлбэг зэрэг авах зориулалтаар бэлэн мөнгө авсан. Мөн бэлэн бусаар картаар орсон орлого нь 2.349.950 төгрөг байсан юм. Бэлэн мөнгөөр 4.876.170 төгрөг байсан. Уг бэлэн мөнгийг Ц.Амартүвшин нь ширээний шургуулгыг татаж эвдээд бүгдийг нь авч байсан. Мөн манаач О.Бямбасүрэнгийн гар утсыг нь авч үлдээд О.Бямбасүрэнг гэрлүү нь явуулсан байсан. Тухайн үед О.Бямбасүрэн менежер лүү хэлж мэдэгдье гэхэд Ц.Амартүвшин өөрөө би хэлчихсэн байгаа гэж худал хэлсэн байсан. Тухайн үед О.Бямбасүрэн над руу ярих гэсэн боловч харуулын утсанд нэгж байгаагүй. Ц.Амартүвшин нь О.Бямбасүрэнг гутлаа өгчих гэж хэлсэн байсан, О.Бямбасүрэн гутлаа өгөөгүй, О.Бямбасүрэнгийн хувьд Ц.Амартүвшинд цуг хонъё гэж хэлж байсан. Ц.Амартувшин нь О.Бямбасүрэнг цуг байлгахгүй яв гэсээр байгаад явуулсан байсан..." гэх мэдүүэг /хх-ийн 71-72х/

Гэрч Ч.Элбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 09 цагийн үед би ажил дээрээ ирж, ажлаа хийсэн. Тухайн үед Ц.Амартүвшин нь ээлжтэй байж байгаад менежер Батмөнхөөс чөлөө аваад явсан. Ц.Амартүвшингийн оронд шинээр орсон манаач Бямбасүрэн гарсан. Тэгээд орой ажил 19 цагийн үед тарахад О.Бямбасүрэн манаачаар үлдсэн. Тухайн өдөр ажил ихтэй байснаас болоод орлогоо тушаахгүй кассны ширээний шүүгээнд үлдээгээд явсан. Би гэртээ хариад амраад байж байтал 23 цагийн орчимд менежер Батмөнх над руу залгаад "дэлгүүрт хулгай орчихоод байна, хүрээд ир" гэж дуудахаар нь би яваад очсон. Дэлгүүр дээр иртэл цагдаагийн албан хаагч нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тухайн үед цагдаагийн алба хаагч хэдэн төгрөг байсан талаар асуусан би хэлэхдээ 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи 8 дугаар сарын 21-ний өдрийн хүртэлх орлого байсан. Яг тоог нь санахгүй байна гэж хэлсэн. Тухайн үед урьдчилсан байдлаар ойролцоогоор 5.000.000 төгрөг байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд яг өдөр өдрөөр нь тооцоогоо хийгээд үзтэл:

2016 оны 08-р сарын 15-ны өдөр 876.350 төгрөгний орлого,

2016 оны 08-р сарын 16-ны өдөр 1.706.000 төгрөгний орлого,

2016 оны 08-р сарын 17-ны өдөр 1.387.320 төгрөгний орлого,

2016 оны 08-р сарын 18-ны өдөр 984.000 төгрөгний орлого,

2016 оны 08-р сарын 19-ны өдөр 2.069.200 төгрөгний орлого,

2016 оны 08-р сарын 20-ны өдөр 366.250 төгрөгний орлого,

2016 оны 08-р сарын 21-ний өдөр 1.127.000 төгрөгний орлого орсон байсан, тэгээд нийтдээ 8.516.120 төгрөгний орлого байсан. Үүнээс бэлэн бус буюу картаар 2.349.950 төгрөгний орлого байсан. 2016 оны 8 дугаар сарын 17-ны орой менежер Батмөнхөд бэлнээр 2.000.000 төгрөг бараа авахаар өгсөн, зарлагын баримт үйлдэж өгсөн. Харин 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр 4.876.170 төгрөг кассын ширээний шургуулганд байсан юм. Уг мөнгийг бүгдийг нь алдсан байсан. Уг кассын ширээ нь 3 ширхэг шургуулгатай, би хамгийн дээд талын шургуулганд мөнгөө хийж үлдээсэн байсан. Уг шургуулганд 20-т, 10-т-ийн дэвсгэртээр нь ялгаад сул өрөөд тавьчихсан байсан. Би хяналтын камерын бичлэгийг үзсэн. Камерийн бичлэгэн дээрх хүнийг танина. Манайд ажилладаг Амартүвшин байсан. Уг бичлэг дээр явж байгаа хүн нь Авто засварын хэсэгт байх камер луу харсан байсан, уг хүн нь Ц.Амартүвшин болохыг шууд таньсан. Ц.Амартүвшин нь эхнэр, охинтой гэж ярьж байсан. хааяа эхнэр нь ажил дээр ирдэг байсан. Би дэлгүүрийнхээ хаалгыг түгжээд гарсан, тэгээд манаач О.Бямбасүрэн манаачийн өрөөндөө үлдсэн, хамгийн сүүлд Батмөнх бид 2-ыг гаргаад гадна хаалгыг түгжээд үлдсэн. Тухайн үед менежер Батмөнх манаач О.Бямбасүрэнд хандаж "Ц.Амартүвшинг ирвэл битгий гаргаарай, над руу утасдаарай, маргааш Ц.Амартүвшинг гаргана" гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 74-75х/   

Гэрч Х.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “… Би урд өдөр нь өөрийн хамаатаны ах Саруулбуянгийн гэрт нь хоночихоод 2016 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 06:00 цагийн орчимд манай ах Саруулбуян Хөлөгөөтэй уулзаад Акума луу очиж Амартүвшинтэй уулзана гэхээр нь би Амартүвшин ахаас 30.000 төгрөг авах авлагатай байсан болохоор хамт уулзахаар гарсан. Тэгээд гэрээсээ гараад шууд Баянхошуу ороод Хөлөгөөгийн гэрт нь очоод Хөлөгөөг аваад Акума дээр ирээд Амартүвшинтэй уулзсан. Тэгэхэд ажил цуглачихсан байсан. Тэгээд 'Акума"-ийн гадаа Амартүвшинтэй уулзтал Амартүвшин хүлээж бай би ороод Батмөнх ахтай уулзаад ирье гээд орчихоор нь бид нар машиндаа хүлээж байтал удалгүй Амартүвшин гарч ирээд бид нар машинтай 32-ын дэлгүүр лүү ороод 4 ширхэг том савтай пиво зээлж авч гарч ирээд түүнийг нь аваад замаараа Дэнжийн 1000-аас Амартүвшингийн найз хүүхэн болох Отгончимэгийг аваад тэгээд шууд баруун салаанд байдаг Хөлөгөөгийн ахын гэрт нь очоод хоол унд хийж идээд пивоо ууж байгаад орой 18:00 цагийн үед тэр айлаас гараад шууд Баянхошуунд Хөлөгөөгийн гэрт нь иртэл Амартүвшин эхнэртэйгээ хамт харина гээд орой 19:00-19:30 цагийн орчимд алхаад явсан. Тэгэхээр нь Буянаа ах Хөлөгөө бид нар Амартүвшинг гэртээ очсон байна уу? үгүй юу? гэдгийг нь мэдэх гээд гараад Амартүвшингийн гэрт нь очиход Амартүвшин гэртээ ирээгүй байсан болохоор нь Хөлөгөө утас луу нь залгаад асуухад алхаад гэр лүүгээ очиж байна гэхээр нь бид нар урдаас нь тосож очиж уулзсан. Тэгээд гэрт нь ирээд Отгончимэг түрүүлээд гэр лүүгээ орсон ба бид нар хэсэг машин дотор суусан. Тэгэхэд Амартүвшин Бөмбөгөрийн тэнд манай Даяар Монголын нэг ах байгаа. Би тэрэнтэй уулзаж мөнгө авна гэж ярьж байсан. Ингээд хэсэг байж байгаад Амартүвшин тэр ахтайгаа уулзана гээд машинаар хүргэж өгөхөөр явсан ба замаараа Акума ороод хувцас авна гэхээр нь тэнд машинтай очиход Аматүвшин ороод 20-30 орчим болоод буцаж гарч ирээд тэгээд Бөмбөгөрийн Орон зай луу хүргүүлсэн. Тэнд очоод Амартүвшин гарч яваад хэсэг байж байгаад ирсэнээ

Хөлөгөөгийн өр шүү гээд Саруулбуян ахад 200.000 төгрөг өгсөн. Тэгээд Хөлөгөөг дагуулаад буугаад ирэхгүй нилээд удсан ба бараг 2-3 цаг болсоны дараа Хөлөгөө ганцаараа ирээд Саруулбуян ах бид хоёр Хөлөгөөг гэрт нь хүргэж өгсөн. Ийм л асуудал болсон юм. Би Амартүвшийг хулгай хийснийг мэдээгүй..." гэх мэдүүлэг /2xx-ийн 127-129х/

Хэргийг орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн дэлгүүрийн цонхыг хагалан үйлдснийг нотлох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-16х/,

Ц.Амартүвшин орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн дэлгүүрийн цонхыг хагалан үйлдсэн болохыг нотлох Камерийн бичлэгт үзлэг хийсэн "...2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 56 минутанд "АКУМА" төвийн нэг давхарын хэсэгт ертөнцийн зүгээр хойноосоо урд зүг рүү эрэгтэй хүн явах дүрс харагдах ба удалгүй буцаж ирж ямар нэгэн эд зүйл хайж байх дүрс харагдана. Уг этгээд нь толгойдоо саравчтай малгайтай, цээж хэсгээрээ хар өнгийн мэт савхин куртиктэй, доод хэсгээрээ цайвар өнгийн биеийн тамирын өмдтэй, хар цагаан өнгийн пүүз мэт гуталтай байв. 21:57:31 минутанд уг сэжигтэй этгээд нь хяналтын камер луу харж байгаа дүрс бичигдсэн байв. 21:58 минутанд уг этгээд нь нэг давхарын заалнаас дээш 2 давхар луу гарч харагдав. ...2 давхрын хяналтын камерийг үзэхэд 21:53:03 минутанд гарч ирэх ба шууд худалдагчийн ширээ рүү явж, ширээний шургуулга татаж байгаа дүрс харагдав. ...3 шургуулга онгойлгох ба хамгийн дээд талын шургуулгыг татаж онгойлгоход дотор нь мөнгөн дэвсгэрт харагдах ба уг мөнгөн дэвсгэртийг сэжигтэй этгээд түүж авч цуглуулан савхийн куртикний халаасанд хийж ирсэн тал руугаа буцаж явав. ... 11 дугаартай гадна талын хяналтын камерийн бичлэгийг үзэхэд АКУМА төвийн урд хэсэг буюу гүүр мэт зүйл харагдах ба сэжигтэй этгээд нь цонхоор шургаж гарч ирж ертөнцийн дүгээр урд зүг рүү явав... хохирогч Ч.Батмөнх нь ...сэжигтэй этгээд нь "манай байгууллагад ажилладаг Цогт овогтой Амартүвшин мөн байна, өглөө ирэхдээ өмсөж байсан хувцастайгаа явж байна" гэх хэлснийг тэмдэглэн авав..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,

 

2. Шүүгдэгч Ц.Амартүвшин нь 2016 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кола кебаб" хоолны газрын гадна иргэн А.Анхтулга, Т.Болор-Эрдэнэ нарыг цаасны хутгыг зэвсгийн чанартай ашиглан зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02 цаг 3 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах "SS" баарны галч, манаачийн өрөөнд Н.Ганбаатартай архидан согтуурч байхдаа улмаар түүнийг ямар нэг шалтгаангүйгээр архины шил, гутлын үдээс зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цаг 30 минутийн үед би гал түлээд галлагааны өрөөнд байж байхад гаднаас манай манай "SS" бааранд зөөгчөөр ажилд ороод удаагүй байсан залуу болох Ганаа гэх залуу ганцаараа арх уусан байдалтай орж ирсэн ба надтай юм ярьж байгаад ахаа 2-уулаа ганц пиво хуваагаад уучихъя гэхээр нь ах нь ажилтай байна гэхэд өнөөдөр уумаар байна 2-уулаа яваад ганц пиво аваад ирье гээд бид 2 хөх чулуут дэлгүүр хүртэл алхсан ба дэлгүүр хаалттай байсан учир хөх чулуут дэлгүүрийн үүднээс нэг Соната-6 машин таксигаар аваад Гомбын дэлгүүр орж нэг том боргио авсан: ингээд шууд баар луу хүргүүлж буугаад галлагааны өрөөнд орж байгаад авсан пивыг хувааж ууж дуусгасан гэтэл гарчихаад ирье гэж хэлээд тэр залуу гарч яваад 10 орчим минут болоод 0,5 граммын Улаанбаатар архи тал шилийг барьсан орж ирсэн. Тухайн үед ханаас архи авчирсныг огт асуугаагүй, авчирсан архийг би уугаагүй учир нь архи авч орж ирээд өөртөө хийж нэг татаад надад хандаж татаж үзсэн үү гэж асуухаар нь би үзээгүй гэхэд улаан шонхор гэх тамхинд хар тахины хольц байдаг юм гэж хэлээд улаан шонхор тамхи гаргаж ирж татаад надад өгч татуулсан ба татахад зүгээр л байсан "тамхи татаад хар тамхи нь надад мэдэгдэхгүй байна даа" гэж хэлэхэд яагаад мэдэгдэхгүй юм гэж хэлээд гэнэт л учир зүггүй надад уурлаад гартаа барьсан байсан архины шилийг пааранд цохиж хагалаад хагархайг гартаа барьж над руу дайраад миний зүүн энгэр хэсэг рүү хатгаж шилээрээ цохисон, миний цамц хүрэм нэвтрээд цээж хэсгээс цус гарсан, мөн уруулын дээд хэсгийг шилээр цохиж сэтэлсэн зүссэн би өөдөөс нь ноцолдоод арай хийж шилийг гараас нь тавиулахад миний нүүр лүү гараараа цохиж намайг шалан дээр унагаад дээрээс дарж байгаад өөрийнхөө гуталны үдээсийг тайлж аваад намайг боож ална гээд хүзүүгээр үдээсээрээ ороогоод хойш татах үед нь би гараа оруулаад хойлоогоо боолгохгүй хамгаалаад үдээсийг хоолойноос дээш болгож мултлах гэхэд улам хүчтэй татаад үдээс нь амаар ороход хойш хүчтэй татаад миний уруулыг баруун тийш нь үдээсээрээ зүссэн ам их өвдсөн би арай хийж ноцолдож байгаад амнаасаа үдээсийг нь авахад намайг дахиж цохиж унагаад дээрээс дарж байгаад миний гуталны 2 үдээсийг аваад миний 2 хөлийг уяад гарыг маань уях гэхээр нь уяулахгүй өөдөөс нь ноцолдоход гарыг уяж чадахгүй намайг зөндөө олон удаа өшиглөж цохиод сандал дээр байсан гар утас, түлхүүрийг маань аваад гарч, гар утсаар ярьж байгаад буцаж орж ирээд чамайг ална шүү чимээгүй байгаарай хүн амьтанд хэлэх юм бол дамий шүү чамайг алчихаад явчих юмсан гэхээр нь ахыгаа алаад хэрэггүй ээ гэж гуйхад чамайг жоохон байж байгаад орж ирээд ална гэж хэлээд хэд өшиглөж байгаад цоожоор гаднаас цоожлоод гар утас аваад явсан. Би уяагаа тайлах гээд ноцолдож байхад баарны цонх хагарч дуугарч байсан галлагааны өрөөний хажууханд байдаг юм...намайг түгжээд гарч явахад нь хөлний уяагаа арай хийж тасдаад уяаг шууд гал руу хийж шатаасан, намайг боосон үдээсийг хүртэл шатаасан. Миний хувьд тэр хүүхэдтэй хэрүүл маргаан огт үүсгээгүй миний хүү шиг жаахан хүүхэд байсан. Гэнэт л учир зүггүй уурлаад архины шилийг пааранд цохиж хагалаад над руу дайрсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 206-207х/

"...Амартүвшингийн үүргийг харлаа, энэ хүн бол манай бааранд Ганболд нэрээр ажиллаж байсан, намайг зодож гэмтээсэн хүн мөн байна. Намайг ганцаараа зодсон. Хэргийн газраас хураагдсан чихэвчийг Амартүвшингийн өөрийн нь, байнга л чихэндээ зүүчихсэн явж байдаг байсан. Би гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 208х/

Гэрч Б.Энхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...намайг ажилд орсоноос хойш 2 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бааранд зөөгчөөр Ганболд гэж өөрийгөө танилцуулсан 20 гаран насны залуу ажилд орсон, явцын дунд өөрийгөө Амартүвшин гэж хэлээд байсан ба найзууд маань намайг Амараа гэж дууддаг юм гээд байсан их л худлаа ярьдаг залуу байсан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 55 минутанд манай захирал Баасанхүү баараа хаасан, тэгэхэд ажил дээр Ганболд эхнэртэйгээ хамт мөн захирал бид нар байсан. ингээд баар хаагаад би гэр лүүгээ харьсан ба маргааш нь манай захирал над руу залгаад хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд намайг ирэхэд галын өрөөний цонх хагарчихсан текен дэр байсан архи пиво алга болчихсон байсан. манай галч Ганбаатарыг Ганболд зодоод манай баарнаас юм хулгайлаад явсан байсан. Ц.Амартүвшингийн зургийг харахад манай бааранд Ганболд нэрээр 8 хоног ДЖ-гээр ажиллаж байсан залуу мөн байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 212-213х/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 177-185х/

Хүний биед үзлэг хийсэн болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 186-195х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №466 дугаартай Д.Ганбаатарын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 219х/

Криминалистикийн шинжээчийн №69 дугаартай дүгнэлт, Криминалистикийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 518 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн биологийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 224-229х/,

 

Хохирогч Т.Болор-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед байхаа би найз залуу Анхтулга, найз Цэндбаяр, Цэндбаярын ажлын газрын хүн гэж Мягмарсүрэн, Ганхишиг нарын хамт БГД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр Кола Кебаб гэдэг нэртэй зоогийн газар луу ороод бид нар суусан ба нэг өндөр биетэй залуу бид нарын араас дагаад л хаашаа явна тийшээ яваад л байхаар нь бид нар хоолоо дуусгаад явах гэтэл тэр том биетэй залуу гадаа гарсан чинь тэр залуу бид нар дээр хүрч ирэхээр нь Цэндбаяр тэр залууг яасан хөгшөөн гэхэд тэр залуу манайхаан наашаа хүрээд ир энэ хэдийг алъя гээд орилсон чинь машинаас гарч ирсэн үү би хараагүй нэг мэдэхэд 7-8 залуучууд хүрч ирээд манай хэдийг зодоод байхаар нь би тэр том биетэй залууг тэгж болохгүй гээд тэвэрсэн чинь тэр залуу намайг аваад шидсэн ба би болиулах гэтэл тэр хэд болиулах гээд цагаад дуудлаа гээд орилсон. ...тэр хэдийг болиулах гээд болихгүй байхаар нь салгах гэхэд намайг бүх бие нь шивээс болсон залуу өшиглөөд үсдээд зодсон юм..."

"...Анх Батцэнгэлийг Мягмар ахтай маргалдаад эхлээд барилцаад авахад нь би салгах гээд дундуу нь ортол Батцэнгэл намайг Мягмар ахтай барилцсан чигээрээ түлхтэл би газар унасан юм. надад учруулсан гэмтлийг бол Амартүвшин нь учруулсан юм. Харин Амартүвшин нь Анхтулгыг зодож байхад би араас нь салгах гээд очоод тэврэхэд миний баруун гараасс барьж татаад хутгаараа дух руу зүсээд түлхэж унагаасан. Тэгэхэд надад гэмтэл учирсан байх. Анхтулгад учирсан гэмтлийг бол Амартүвшин гэдэг тэр нүүрэндээ шивээстэй залуу ганцаараа учруулсан. ...Амартүвшин гартаа цаасны хутганы төмөр ирэнд бариул хийгээд скочидсон байсан. Би түүнийг нь барьж аваад гараа зүсүүлсэн болохоор сайн харсан. Ямарч байсан цаасны хутганы запас ир байсан. Амартүвшинд гомдолтой байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 56-59х/

Хохирогч А.Анхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 8 дугаар сарын 16-ны орой 23-00 цагийн үед байхаа Кола кебаб хоолны газар луу 5-уулаа ороод кебаб захиалаад идэлгүйгээр уутанд хийгээд аваад гарсан. Ингээд гадаа үүдэнд нь гараад Мягмар ах, Цэндбаяр бид 3 тамхи татаад Болор-Эрдэнэ, Ганхишиг бид нарын хажууд юм яриад зогсож өндөрдүү биетэй залуу бид нарын яг хажууд гарч ирчихсэн зогсож байснаа бид нараас тамхи гал байна уу гэж асуухаар нь 1 ширхэг тамхи өгсөн. Тэгтэл тэр залуу цаашаа яваад буцаж ирээд гал асуусан ба тэгээд юунаас болсон юм үл ойлголцоод тэгтэл тэр залуу манайхаан хүрээд ир, эд нарыг алъ гэж хэлтэл зам дээрээс нилээд хэдэн хүн гүйж гарч ирээд зодоон болсон. Ямарч байсан нөгөө хэрүүл өдсөн залуу Мягмар ах дараад хэвтчихсэн байсан ба нүүрэндээ угалзарсан шивээстэй намхандуу биетэй залуу шууд гүйж гарч ирээд миний нүүр лүү үгийн зөрүүгүй цохиод миний хамраас цус гарсан ба цаашаа холдож байгаад буцаж машин тойрч ирээд ар талаас дагз руу мөн гараараа нилээн хүчтэй цохьсон. Тэгэхээр нь би тэр залууд яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд дөхөөд очтол за хөгшөөн эвээр яръя гээд баруун талын 9-н давхар байрны доошоо орохоор нь би араас нь дагаад очтол шууд чирээд доошоо авч ороод намайг маш олон удаа гараар цохиж зодсон. Тэгтэл араас гэнэт Болор-Эрдэнэ гүйж орж ирээд тэр залууг араас нь тэврээд Анхтулгаа зугтаагаарай гэхээр нь би арай гэж зугтаагаад дээшээ зам руу гараад хартал миний бүх бие нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Миний ар нуруу болон нүүр, хүзүү, гүрээ хэсэгт маш олон тооны шарх үүссэн цус их хэмжээгээр алдаж байсан тэгээд миний ухаан балартаад толгой эргээд зам дээр өвдөглөөд сөхрөөд сууж байхад цагдаагийн машин ирээд нөгөө Мягмар ахын дээрээс дараад хэвтэж байсан залууг нь аваад явсан. Би болор-Эрдэнэ болон нөгөө 3-тайгаа гэмтэл дээр очиж оёдол тавиулж эмнэлгийн тусламж авсан. тэр залуу Болор-Эрдэний духыг мөн зүсэж гэмтээсэн байсан. гэмтлийн эмч нар цаасны хутга болон бритва зэрэг иртэй зүйлээр зүссэн байна гэж хэлж байсан. Миний биед учирсан гэмтлийг нүрэндээ содон шивээстэй залуу нь учруулсан, өөр хүн учруулаагүй. Болор-Эрдэнэ тэр залууг цаасны хутганы ир шиг зүйлийг ард нь бариул хийгээд барьсан байсан гэж хэлсэн. Тэр Амартүвшин гэдэг залуу надаас гарсан цусыг хараад бүр улайраад намайг "пиздаг алчихъя" гээд дайраад байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 63-65х/

Гэрч Т.Цэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 8 дугаар сарын 16-ны орой Анхтулга, Мягмар ах болон Ганхишиг, Болор-Эрдэнэ бид нар хороололд караокед орж нэг шил архи хувааж уугаад нэг цаг дуулаад тэгээд гараад шөнө 00:00 цаг өнгөрч байх үед хажуу талд нь байдаг Кола кебаб хоолны газар луу хоол идэхээр орсон. Тэгээд хоолоо идэлгүй уутанд хийлгэж авчихаад гараад гадаа нь бүгдээрээ тамхи татаад зогсож байтал дотор байсан нэг өндөр биетэй залуу гарч ирээд бид нараас тамхи нэхээд тамхи өгтөл дахин ирээд гал нэхээд түүнээс болоод маргалдсан. Маргалдахдаа тэр залуутай би маргапдаад байж байтал нөгөө өндөр залуу манайхаан нааш ир гээд дуудтал зам дээрээс 2 залуу гарч ирээд шууд л нэг намхан биетэй нүүрэндээ шивээстэй залуу нь манай найз Анхтулгыг үгийн зөрөөгүй нүүр лүү нь цохиод тэгээд цаашаа зугтаагаад буцаж ирж цохиод зодоон эхэлсэн. Харин хамт ирсэн мөн жижиг биетэй залуу нь надтай маргалдсан. Гэхдээ намайг бол зодож цохиогүй. Тэгээд нэг мэдэхэд нөгөө нүүрэндээ шивээстэй залуу Анхтулгыг аваад харанхуй луу орчихсон ба би нөгөө залуутай нь гадаа хэрэлдээд зогсож байтап Анхтулга нэг их удалгүй нөгөө харанхуй булангаас нүүр ам цээжин бие нь нил цус болчихсон гүйгээд гараад ирсэн. Тэгтэл хаанаас ч юм машинтай цагдаа нар ирээд нөгөө өндөр залууг аваад явсан. Надтай маргалдаж байсан залуу бол гэнэт хаашаа ч юм бужигнаж байхад зугтаачихсан байсан. Харин Мягмар ах бол нөгөө өндөр залууг нь зугтаалгахгүй гээд газар унагаад дээрээс дараад байж байсан. Ингээд тэр өндөр залууг цагдаа нар ирээд аваад явсаны дараа бид нар гэмтлийн эмнэлэг ороод Анхтулга, Болор-Эрдэнэ хоёрыг үзүүлж оёдол тавиулсан. Тэр нүүрэндээ шивээстэй залуу Болор-Эрдэнийн нүүрийг нь мөн зүсээд гэмтээчихсэн байсан. Дараа нь цагдаа дээр шалгагдаж байхад тэр өндөр залууг нь Батцэнгэл гэдэг нэртэй болохыг нь мэдсэн. Мөн тэр шивээстэй залууг Амартүвшин гэдэг, надтай хэрэлдээд байсан залууг нь Мөнхцогт гэдэг болохыг БГД-ийн ЦХ дээр шапгуулж байхдаа Батцэнгэлээс олж мэдсэн. Ямар ч байсан дараа нь гэмтлийн эмнэлэг дээр очиход иртэй зүйлээр зүсэж гэмтээсэн байна гэж эмч нь хэлж байсан. Тэр үед бид нар бол тавуулаа байсан. Харин тэд нар гурвуулаа байсан. Мөн тэнд нилээд олон залуучууд гэнэт гараад ирсэн байсан. Гэхдээ тэд нар бол явуулын хүмүүс байсан байх. Мягмар ах Батцэнгэлийг явуулахгүй зугтаалгахгүй гээд газар унагаад дараад хэвтэж байсан. Тэгэхдээ энэ гэмтлийг учруулсан байж магадгүй. Ямарч байсан санаатайгаар зодож уг гэмтлийг учруулаагүй. Үүнийг Мягмар ахын эхнэр Ганхишиг сайн мэднэ. Яг хажууд нь хараад байж байсан юм..." гэх мэдүүлэг /2хх-ийн 69-71х/

Гэрч Г.Ганхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би бол тэр хоолны газраас тооцоог нь хийгээд араас нь хэсэг удаад гарсан чинь гадаа зодоон болж байсан. Ямар ч байсан намайг гарахад манай нөхөр Мягмар өндөр биетэй залуутай маргалдаж байтал гэнэт мөн 2-3 запуу гарч ирээд маш түргэн хугацаанд бужигналдаад явчихсан. Тэгээд би сандраад яах учраа олохгүй байж байтал манай нөхөр нөгөө залууг зугтаалгахгүй гээд газар унагаад дээрээс нь дараад хэвтсэн. Анхтулга, Болор-Эрдэнэ хоёр харанхуй мухар луу нэг намхан залуутай нь хэрэлдээд орсон. Цэндбаяр нэг залуутай нь маргалдаад байсан. Тэгж байгаад тэр харанхуй булангаас Анхтулга гүйгээд гараад ирсэн. Гарч ирэхэд нь харахад Анхтулгын нүүр ам нь битүү зүсэгдчихсэн нил цус болчихсон байсан. Тэгээд мөн араас нь Болор-Эрдэнэ гараад ирсэн ба мөн л нүүрнээс нь цус гарч байсан. Тэгээд нөгөө хоёр залуу зугтаачихсан ба удалгүй цагдаа ирээд манай нөхрийн дарж байсан залууг манай нөхөртэй хамт аваад явсан. Бид нар үлдээд Анхтулга, Болороо хоёрыг такси бариад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Ийм л асуудал болсон юм. Бид нар тэр үед бол бага зэргийн согтолттой байсан. Би Амартүвшингий зургийг үзлээ. Энэ залуу бол Анхтулга, Болор-Эрдэнэ нарыг зодож гэмтэл учруулсан запуу яг мөн байна. Амартүвшинг хохирогч нарын биед ямар зйүлээр зүсэж гэмтэл учруулсныг бол хараагүй болохоор мэдэхгүй, дараа нь гэмтлийн эмнэлэг дээр очиход иртэй зүйлээр зүсэж гэмтээсэн байна гэж эмч нь хэлж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 72-74х/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 11512 дугаартай "...Т.Болор-Эрдэний биед тархи доргилт, духанд шарх, баруун хацарт зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /2хх-ийн 76х/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 11511 дугаартай "...А.Анхтулгын биед тархи доргилт зүүн чихний урд баруун хацрын төвгөр, зүүн мөр, баруун бугалганд шарх, баруун нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шарх гэмтлүүд нь ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /2хх-ийн 78х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Амартүвшингийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгүүдэд хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргүүдийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Амартүвшинг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Амртүвшинд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг, хоёр, түүнээс дээш удаа үйлдснийг,...” гэж заасныг үндэслэн түүний хэд хэдэн гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч Ц.Амартүвшингийн урьд шүүхээр шийтгүүлж хорих ял эдэлж байсан /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 88х// хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Амартүвшин болон түүний өмгөөлөгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэж авсан бэлэн мөнгө нь 2.810.000 төгрөг байсан гэж маргасан хэдий ч үүнийг нь нотолсон бичгийн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй, тэдгээрээс уг мөнгөн дүнг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно. Тиймээс 1 дүгээр хавтас хэргийн 49-61 дүгээр хуудсанд байгаа хохиролын баримтыг үндэслэн улсын яллагчийн хулгайн гэмт хэргийн гэм хорын хохиролыг 4.876.170 төгрөг гэж тогтоосныг зөв гэж шүүх үзэв. Мөн “Акума эрин” ХХК-ний төлөөлөгч Ч.Батмөнхийн хагарсан цонхыг шиллүүлсэн гэж нэхэмжилж буй 139.300 төгрөгийг Ц.Амартүвшингээс гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Ц.Амартүвшингээс 5.015.470 төгрөгийг гаргуулж “Акума эрин” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч Д.Ганбаатар, Т.Болор-Эрдэнэ, А.Анхтулга нарт учирсан гэм хорын хохиролын талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул тэдгээр нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цогтын Амартүвшинг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтрэн орж, эд хөрөнгө хулгайлсан,

мөн хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Ц.Амартүвшинд 5 /тав/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан Ц.Амартүвшинд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн нийт 90 хоногийн хорих ялаар тооцож, түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил, 90 /ер/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Амартүвшинд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Амартүвшингийн цагдан хоригдсон нийт 239 /хоёр зуун гучин ес/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Амартүвшингээс нийт 5.015.470 /таван сая арван таван мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, “Акума эрин” ХХК-д олгосугай.

 

7. Хохирогч Д.Ганбаатар, Т.Болор-Эрдэнэ, А.Анхтулга нар нь өөрт урчирсан гэм хорын хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Акума” авто засвар төвийн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархай, гар утасны 1 ширхэг хар чихэвч зэргийг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Амартүвшинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ