| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2023/00146/И |
| Дугаар | 103/ШШ2023/00201 |
| Огноо | 2023-04-10 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2023/00201
| 2023 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2023/00201 | Улаанбаатар хот |
2023 04 10 103/ШШ2023/00201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 57-31 тоотод оршин суух, Уйлган овгийн Самбуугийн Чулуунбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1997 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 57 дугаар байрны 31 тоотод оршин сууж байсан, одоо Хорих 0427 дугаар ангид ял эдэлж байгаа, Хунт нуур овгийн Махаянагийн Билгүүнд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Батбаатар, Индра,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Очирваань
Хариуцагч: М.Билгүүн,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Цолмон,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Оюунгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Чулаанбаатар нь хариуцагч Хунт нуур овгийн Махаянагийн Билгүүнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч С.Чулаанбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Чулуунбаатар би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч М.Билгүүнтэй Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Сүхбааатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айлын 10-18 тоот хаягт байрлах, хуучнаар 12 м.кв 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн. Гэтэл М.Билгүүн нь нэхэмжлэгч С.Чулуунбаатарын миний зээ охин Э.Нархан /10 настай байхад/-ны эсрэг бэлгийн замын халдварт өвчин халдаах байдлаар хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/715 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож, 12 жилийн хорих ялаар шийтгэгдсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж одоо хорих 427 дугаар ангид ял эдлэж байна. М.Билгүүн нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ нэхэмжлэгчийн зээ охин Э.Нарханд бэлгийн замаар халддаг бэлэг эрхтний папиллома вирус халдаасан ба тухайн бэлгийн замын халдварт өвчин нь бэлэг эрхтэн хэсгээр маш олноор ургацаг хэлбэрээр гардаг, бага насны охин тухайн халдварт өвчнийг эмчлүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн үзлэг хийлгэх, халуун шарлагаар түлүүлэх зэргээр бие махбодын болон сэтгэл санааны асар их шаналал зовиур амсаж байна. Энэ бэлгийн замын халдварт өвчин нь удаа дараа гарч хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэж байсан ч дахин, дахин гарч эмчилгээ хийлгэж байгаа. Мөн папиллома вирус нь эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч эс гэж мэргэжлийн эмч нар хэлж байгаа ба тухайн вирус болон хорт хавдар үүсгэх явцыг удаашруулах зорилгоор жил бүр үзлэг, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Энэхүү үйл явдалд хохирогч охины өвөө С.Чулуунбаатар миний бие сэтгэлийн гүн шархтай болж хариуцагчид туйлаас гомдолтой байгаа. Анх нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууц бэлэглэхдээ өөрийн эхнэрийн дүү цэргээс ирсэн гэх агуулгаар орох оронтой болог гээд бэлэглэсэн. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон, түүний зээ охины эсрэг бэлгийн замын халдварт өвчин халдаах байдлаар хүчиндэх гэмт хэрэг үйлдэж бэлэглэгчийг гомдоосон тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айлын 10-18 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Чулуунбаатарын нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бэлэглэлийн гэрээ нь 2019 онд байгуулагдсан. Хариуцагч Билгүүн нь нэхэмжлэгч болон түүний эхнэр Д.Индра нартай бага ангид байхаасаа хамт амьдардаг байсан юм билээ. Хариуцагчийг 2018 онд цэрэгт яваад цэргээс халагдаж ирэхээр нь байртай болгоё, залуу хүн байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. 2020 онд М.Билгүүн нь нэхэмжлэгчийн зээ охины эсрэг гэмт хэрэг үйлдэж бэлэглэгчийг гомдоосон учраас бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулж байраа буцаан авах шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан хоёр үндэслэл хоёулаа бүрдсэн байна гэж үзэж байгаа, яагаад гэвэл бэлэглэгчийг ноцтой гомдоосон, бэлэглэгчийн төрөл төрөгсдийн эрүүл мэнд болон амь насыг санаатай хохироохыг завдсан үйлдэл байгаа тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор зохицуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн зээ охин буюу Э.Нарханы эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4 дүгээр зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон. Тиймээс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т заасны дагуу бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид буцаан өгөх учиртай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Индра шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.Билгүүн нь миний хамгийн бага төрсөн дүү Махаянагийн ганц хүүхэд нь. Манай дүү 18 настайгаасаа эхэлж архи ууж архинд орсон учраас нөхөр бид 2 хүү М.Билгүүнийг 8 настайгаас нь авч өөрийн гар дээр өсгөсөн. Нөхөр бид хоёр үйлдвэрт ажиллаж байгаад би аваарт ороод 1993 оноос хойш хувиараа бизнес эрхэлж байгаад 100 айлд байдаг гаднаа 00-той нийтийн байрыг тэр үед хямд байхад нь авсан. 18 нас хүрч цэрэгт яваад ирэхээр нь цэрэгт яваад сайхан залуу болоод ирж гээд байраа бэлэглэсэн. М.Билгүүнээ зөв хүмүүжилтэй, зөв хүүхэд болгоё гэж их бодож байсан, бид нар ч дэмждэг байсан. Ээж нь хүүхдээ харахгүй, даарч хөрснөөс болоод өндгөвчний хорт хавдар туссан, эмнэлгээс ярихаар надаас өөр хүн байхгүй би л явдаг, манай харьяаллын Цэргийн эмнэлэгт хагалгаанд ороод манайд байдаг байсан. Манай дүү Д.Ганди доод давхарт байдаг болохоор нь би М.Билгүүнийг энд олуулаа байж байхаар Д.Ганди эгчийндээ бай гээд явуулсан, ээжийг нь би харж хандаад бие нь гайгүй болсон чинь буцаад Баянхошуу руугаа эмчилгээнээс зугтаад явсан, би хөөцөлдөж байж группт оруулсан. Сая нэг сард ээж маань өнгөрөөд Махаянаг Баянхошуунаас хайж байж ажил явдалд нь оруулсан, тэгээд ээжийн ажил явдлын дараа группыг нь сунгуулах гэсэн боловч танай дүү ерөөсөө заасан хугацаанд ирдэггүй, архи их уудаг гээд группээс нь хассан. Д.Махаяна миний хүүг авраач гээд надаас гуйдаг, би М.Билгүүний төлөө өдий хүртэл явсан, манай охин болсон явдлыг дуулаад намайг ч ална М.Билгүүнийг ч ална гэж хэлсэн, тэгэхэд М.Билгүүн цагдаад баригдсан байсан юм билээ би мэдээгүй, тэрнээс хойш манай охин, зээ, хүргэн жил шахуу манайхаар огт ирээгүй, утсаар ярих гэхээр утсаа авдаггүй байсан. Би тэр хэрэг гарснаас хойш М.Билгүүнтэй уулзаагүй, өөрөө бараг галзуурчих гээд хүүхдүүдийнхээ эв зүйг олчих гэж жил гаран болсон. Ааваас хойш Д.Ганди багш хийдэг, бас нэг эрэгтэй дүү Д.Махашири болохоор Солонгос улсад ажилладаг байсан, бусад нь архи уудаг би яаж тийм олон архи уудаг хүмүүсийг гэртээ бүгдийг байлгах юм бэ, талийгаач Д.Ананд болохоор найруулагч хийдэг байсан тэрийгээ тэр байранд байлгасан. Ананд архи уугаад гадуур яваад байхаар нь хамаатныхаа нэг хүүхдэд сарын 100,000 төгрөгөөр хөлслөөд суулгадаг байсан. Д.Ананд энийг цэрэгт явах жил зүрхний өвчнөөр нас барсан. Би одоо хүртэл зээ охин Э.Нарханыг ээж нь завгүй үед сард нэг удаа эмнэлэгт үзүүлдэг, ээж нь сар гаран уйлаад босоогүй, би зурагтаар л харж байсан болохоос ийм юм амьдрал дээр үзнэ гэж бодоогүй, ярьж хэлэхэд хүртэл хэцүү юм байна. М.Билгүүнд эмээ нь өдий хүртэл чамайг өсгөсөн ах дүүдээ битгий гомдоорой, сайн хүн болоод сайн хүмүүжээрэй гэж захиж хэлсэн шүү. Энэ гэмт хэргээс үүдэн нөхөр бид хоёр хоорондоо ярьж байгаад байраа эргүүлж авахаар шийдсэн. Байрыг ээжийн чинь нэр дээр шилжүүлээд өгч болно, даанч архи маш их хэмжээгээр уудаг учраас байрыг зарчихаж ч магадгүй. Билгүүнийг шоронд орсны дараа тэр байранд ээж нь байсан, гэтэл байрыг маань хүнд түрээслүүлээд 1,200,000 төгрөг аваад нүүгээд явчихсан байсан шүү дээ. Тэгээд байраа би олж аваад одоо хүнд түрээслүүлсэн байгаа. Одоо ээж нь Баянхошуунд Нямаа гэх эгчийн байрыг сарын 50,000 төгрөгөөр хөлслөөд түлээ нүүрсийг нь би авч өгөөд тэнд амьдарч байгаа, ээжийнхээ тал дээр санаа зовох юм байхгүй, би дүүгээ харж үзэлгүй яах вэ, би төрсөн ах дүүгээ хэзээ ч хаяж байгаагүй, хаях ёс суртахуун надад байдаггүй. Чи намайг төрсөн дүүгээ гудамжинд хаяхгүй гэдгийг маш сайн мэдэж байгаа гэв.
4.Хариуцагч М.Билгүүн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож гэмшиж байгаа, Улсын дээд шүүхэд гомдол гаргахад шүүх хуралд оролцох байх гэж бодож байсан, шүүх хуралд манай хамаатны ах Эрдэнэбат гэдэг хүн хууль ёсны төлөөлөгчөөр орсон. Шүүх хуралд Д.Индра эгчийг ирвэл гэм буруугаа хүлээж байгаа гэдгээ хэлье, уучлалт гуйя гэж бодож байсан боловч намайг оруулаагүй. Байрны хувьд ямар нэгэн эсэргүүцэж байгаа юм байхгүй, энэ байрыг буцаагаад шилжүүлээд өгч болно. Миний хамаатан садангаас надад хамгийн хайртай байсан хоёр хүн маань өнгөрлөө, багаас маань ээж намайг ээжийн хайр энхрийллээр өсгөж хүмүүжүүлээгүй ч гэсэн ээжийгээ л бодож байна, энэ байрыг ээжийн нэр дээр болгож өгөөч, ээж маань ядаж орох оронтой байгаасай гэж хүсэж байна, би залуу хүн хамаагүй 30 нас ч байна уу 35 нас ч байна уу эндээс гараад амьдарна, өөр маргаж байгаа зүйл байхгүй. Манай ээж архины хамааралтай гэдэг нь үнэн, ээж Баянхошуунд байх юм бол архи уугаад биеэ бүр өвтгөөд байх юм бол уу гэж бодож байна, эмээ маань өнгөрсөн, ээжийг минь харж ханддаг эгч нар, ээж минь хөгшрөн, хөгшрөх тусам хүний бие мууддаг бас хүнд өвчтэй тиймээс намайг гараад очиход тэр байранд амьдарч байгаасай, би гарч очоод ээжтэйгээ хамт амьдрах юмсан гэж хүсэж байна гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2514 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний хуулбар, Чулуунбаатар, М.Билгүүн нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 000764143 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ч.Золзаяа, түүний охин Э.Нархан нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/1076 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, шинжээч эмч Ч.Эрдэнэбаяр, гэрч Х.Энхдэлгэр нараас мөрдөн байцаалтын шатанд асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч С.Чулаанбаатар нь шаардлагын үндэслэлээ: М.Билгүүн нь зээ охин Э.Нарханд бэлгийн замаар халддаг бэлэг эрхтний папиллома вирус өвчин халдаасан, уг гэмт хэрэгтээ ял шийтгүүлж, хорих ял эдэлж байгаа бэлэг хүлээн авагч М.Билгүүн нь бэлэглэгч намайг ноцтой гомдоосон гэж тодорхойлсон. Харин хариуцагч М.Билгүүний хувьд Байрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, миний ээж Д.Махаяна нь С.Чулуунбаатар ахын эхнэр Д.Индра эгчийн төрсөн дүү учраас дүүгийнхээ нэр дээр байрыг шилжүүлж өгөөч гэж гуйх байна гэсэн тайлбарыг өгсөн.
3.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
а/.2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ байгуулагдаж, бэлэглэгч Самбуугийн Чулуунбаатар нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айлын 10 дугаар байрны 18 тоот 12 м2 нэг өрөө, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг өөрийн гэр бүлийн хүн болох Д.Индрагийн төрсөн дүү Д.Махаянагийн хүү М.Билгүүнд бэлэглэж, М.Билгүүн нь бэлгийг хүлээн авч, бэлэглэлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, улмаар улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг М.Билгүүний нэр дээр шилжүүлсэн үйл баримтад талууд маргаан үүсгээгүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 6-8 дугаар тал/
б/.Бэлэг хүлээн авагч М.Билгүүн нь бэлэглэгч С.Чулуунбаатарын зээ охин Э.Нарханыг 10 нас 7 сартай байхад нь 2020 оны 11 дүгээр сард 1 удаа, 2021 оны 01 дүгээр сард 1 удаа бэлэг эрхтнийг нь гараараа илэх, гуяны завсар нь бэлэг эрхтнээ хийж хөдлөх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/715 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ДШМ/1076 дугаартай магадлалаар тогтоогдсон байна. /хх-ийн 11-19 дүгээр тал/
в/. Эрүүгийн гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч Эрдэнэбатын Нархан нь нэхэмжлэгч С.Чулуунбаатарын төрсөн охин Ч.Золзаяагийн төрсөн охин болох нь Г-1213, Г-3002 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн хуулбараар тогтоогдож байгаа ба хариуцагч М.Билгүүн нь уг үйл баримтад маргаагүй. /хх-ийн 9-10 дугаар тал/
г/. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2-т Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн эсхүл бэлэглэгч түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан бол бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж зааснаар болон Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний 4.3, 4.4-т зааснаар нэхэмжлэгч С.Чулуунбаатар нь хууль, гэрээний дагуу шаардах эрхтэй байна.
д/.Бэлэг хүлээн авагч М.Билгүүн нь бэлэглэгч С.Чулуунбаатарын зээ охин Э.Нарханыг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг үйлдэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, түүний зээ охины эрүүл мэндийг санаатай хохироосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж үнэлэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2, 280.2 дахь хэсэгт заасныг баримтлан Самбуугийн Чулуунбаатар, Махаянагийн Билгүүн нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айлын 10 дугаар байрны 18 тоот 12 м2 нэг өрөө орон сууцыг Махаянагийн Билгүүний өмчлөлөөс Уйлган овгийн Самбуугийн Чулуунбаатарын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт үүрэг болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Билгүүнээс 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Чулуунбаатарт олгосугай.
3.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 103/ШЗ2023/00354 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ