| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/01550/И |
| Дугаар | 102/ШШ2023/01527 |
| Огноо | 2023-04-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/01527
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ..., өөрийн байранд байрлах, У... ТӨХК Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эрэгтэй, О...ийн Ц...,
Нэхэмжлэлийн шаардлага:238 109 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т..., хариуцагч О.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
Нэхэмжлэгч У... ТӨХК Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь О.Ц...д холбогдуулан 238 109 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дугаартай, .. кодтой хэрэглэгч О.Ц... цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлөөгүйн улмаас 238 109 төгрөгийг төлөлгүй Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний /АХУЙ-2.2.9/, /ААН-2.2.11/-т заасныг зөрчиж хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний ... дугаартай 3049740 кодтой хэрэглэгч О.Ц...гоос цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 238 109 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэрээнд О.Ц...гийн нэрийг бичсэн байна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би Баянгол дүүргийн ... тоотод 2003-2006 онд гэр бүлийн хамт амьдарч байсан бөгөөд 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны 20 тоотод шилжин амьдарсан.Би 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5 жилийн хугацаатай гэрээ хийгээгүй, энэ гэрээнд би гарын үсэг зураагүй байна.Харин би 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ хийсэн, мөн 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2 сарын хугацаатай гэрээ хийсэн, нэхэмжлэгч байгууллага нь энэ төлбөрийг надаас нэг ч удаа нэхэж байгаагүй, би зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: О.Ц... нь 2009-2018 оны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлөөгүй байх тул 238 109 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би Баянгол дүүргийн ... тоотод 2003-2006 онд амьдарсан, би 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5 жилийн хугацаатай гэрээ хийгээгүй, би гарын үсэг зураагүй, надаас мөнгө нэхэж байгаагүй, зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ахуйн хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний захиалга, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хэрэглээний дансны дэлгэрэнгүй тайлан, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнүүд, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын Олон улсын тээвэр зуучлалын төвийн тодорхойлолт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч О.Ц...той 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ахуйн хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан болох нь нотлогдохгүй байх бөгөөд уг гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц...гийн нэрийг бичсэн байна гэж тайлбарласнаас үзэхэд талуудын хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас 2008 онд байгуулсан гэх цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэг шаардаж байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага шаардах эрхгүй байна.
Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх баримт нэхэмжлэгч байгууллагаас ирүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар хариуцагч О.Ц... нь 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн ... тоотод амьдарч байсан болох нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан үндэслэлгүй байх тул О.Ц...гоос 238 109 /хоёр зуун гучин найман мянга нэг зуун есөн/ төгрөг гаргуулах тухай У... ТӨХК Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7793 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН