| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/03263/И |
| Дугаар | 102/ШШ2023/00777 |
| Огноо | 2023-02-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2023/00777
| 2023 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2023/00777 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч З.Доржнамжин, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэйтус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чин Ван Шагдаржавын гудамж Б Д П Г
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг Дилав хутагт Жамсранжавын гудамж өөрийн байр Б Д Н Д Х
Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо тоотод оршин суух Т овогт Ч Н
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо тоотод оршин суух Ш овогт Н Л
39,921,064 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, Г.Б, Д.У, хариуцагч Н.Л, хариуцагчийн өмгөөлөгч П.С, иргэдийн төлөөлөгч Ш.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Прокурорын газар, Б Д Н Д Х нь хариуцагч Н.Лт холбогдуулан төрд учирсан хохиролд 39,921,064 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1. Хариуцагч Н.Л нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчин хариуцагч Ч.Над үндэслэлгүй тэтгэвэр тогтоож төрд 39,921,064 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Энэхүү үйл баримтыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай улсын байцаагчийн актаар тогтоож, хохирлыг Н.Лаар төлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн акт нь шүүхийн шийдвэрээр бүхэлдээ хүчингүй болсон хэдий ч тэтгэврийг буруу тогтоосон гэдэг нь тодорхой байгаа, үүний улмаас 39,921,064 төгрөг нь очих ёсгүй хүнд олгогдсон үйл баримт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. Үүнд:
2.1. 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн актыг үндэслэн гэм хорын хохирол шаардаж байна. Уг актыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0678 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Үндэслэлгүй олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай акт, Зэвсэгт хүчний төв архивын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1337 дугаар лавлагаа, Батлан хамгаалах төв архивын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 290 тоот албан бичиг, мөн архивын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 481 дугаар лавлагаа, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1389 дугаар лавлагаа, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1427 дугаар лавлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1925 дугаар лавлагаа, тэтгэвэр тогтоолтын хуудсууд, Ч.Нын цалингийн тодорхойлолт, шимтгэл төлсөн жилийн тодорхойлолт, Ч.Нын тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, тэтгэврийн дэвтэр, Барилгын цэргийн ерөнхий газрын 1976 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар тушаал, Тэтгэвэр тогтооход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээ, хувийн хэргийг шалгасан тухай тэмдэглэл, Ч.Нын илүү авсан тэтгэврийн тооцоолол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /I-ХХ-ийн 120-160, 175-178 дугаар тал/
4. Хариуцагч Н.Лаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: Үүнд: Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8571 дугаар лавлагаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0678 дугаартай шийдвэр /I-ХХ-ийн 103, 243-247 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ч.Над Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад хариуцагч Н.Л нь тэтгэврийг буруу тогтоосны улмаас төрд 39,921,064 төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн актаар тогтоогдсон. Уг актыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон боловч Н.Лын буруутай үйлдэл тогтоогдсон. Иймд учирсан хохирол 39,921,064 төгрөгийг Н.Лаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Н.Л, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эсзөвшөөрсөн. Үүнд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0678 дугаартай шийдвэрээр маргаан бүхий 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Хариуцагч Н.Л нь Б Д Н Д Хт байцаагчаар ажиллаж байхдаа хариуцагч Ч.Ныг цэргийн албанд 21 жил 1 сар 10 хоног ажилласан үндэслэлээр 2001 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, уг тэтгэврийг Ч.Н нь 2001 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд авсан байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дугаар тушаалаар Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах ажлын хүрээнд хийсэн шалгалтаар Ч.Н нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсээгүй байсан зөрчил илэрч, уг зөрчилд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын байцаагчийн акт тогтоосон гэж нэхэмжлэгч тал тайлбарлав.
Тухайн актад “шалгалтаар: Өндөр насны тэтгэвэр авагч Ч.Нын цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлэн өгсөн Зэвсэгт хүчний төв архивын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1337 тоот лавлагааг дахин магадлахад Батлан хамгаалах яамны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0481 дугаартай лавлагаагаар цэргийн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй нь нотлогдож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудыг зөрчиж үндэслэлгүй тэтгэвэр олгосон зөрчил илэрлээ” гэжээ. Дээрх зөрчлийн үр дагавар болох Ч.Над 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тэтгэвэрт олгосон 39,921,064 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасны дагуу тухайн үед тэтгэвэр тогтоож олгосон байцаагч Н.Лаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх актыг хуульд нийцээгүй гэж үзэн Н.Л шүүхэд гомдол гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0678 дугаар шийдвэрээр маргаан бүхий актыг хуульд нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Тухайн шүүхийн шийдвэрээр “улсын байцаагч нь баримт бичгийн үнэн зөвийг нягтлах үүрэгтэй хэдий ч түүний шийдвэрийг хяналтын улсын ахлах байцаагч, хэлтсийн дарга гэх мэт албан тушаалтнууд баталгаажуулдаг байхад гагцхүү Н.Лт акт тогтоосон нь хуульд нийцэхгүй. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэжээ. Гэтэл Н.Л нь 2004 онд тэтгэвэрт гарсан байхад түүнийг тухайн байгууллагын ажилтантай адилтгаж, өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш 13 жил орчмын дараа акт ногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Ч.Над буруу олгогдсон тэтгэвэр буюу хохирлыг хариуцан төлөх гэм буруутай этгээдээр зөвхөн Н.Лыг тогтоосон нь буруу, мөн хуульд зааснаар хохирлыг хариуцвал зохих гэм буруутай албан тушаалтан мөн эсэхийг анхаараагүй гэж үзсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй. Иймд Н.Лын гэм буруугийн талаарх үйл баримтыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар зохигч маргах эрхгүй байна.
Иймд хариуцагч Н.Лт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нар нь хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Над холбогдох шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийг Б Д П Г гаргаж, уг нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн Н.Мөнгөнсүх, Д.Батзаяа нар гарын үсэг зурсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг нэхэмжлэгч Б Д П Г зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгал хэлтэс хамтран нэхэмжлэгчээр оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд “нэхэмжилсэн актыг цуцласан байна, дахин шүүх хурал болж нэхэмжлэх үндэслэл байхгүй байна” гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Хариуцагч Ч.Н, түүний төлөөлөгч Н.Э нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. Хариуцагчийн төлөөлөгч Н.Э шүүхэд мэдүүлсэн 91* дугаарын утаснаас “эзгүйд шийдэж өгнө үү” гэсэн утга бүхий бичвэрийг /зурвас/ шүүхэд ирүүлсэнийг шүүх хуралдаанд оролцохгүй болохоо мэдэгдсэн гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Лт холбогдох 39,921,064 төгрөг гаргуулах тухай Б П Г, Б Д Н Д Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч Ч.Над холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид 357,555 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Ш.ОЮУНТУУЛ