| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/00445/И |
| Дугаар | 102/ШШ2023/01118 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2023/01118
| 2023 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2023/01118 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо тоотод оршин суух Ц С
Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо өөрийн байр У Т З
2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, тухайн хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Ц.С, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч У Т Зд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээр тогтоогоогүй байхад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй “албан тушаал бууруулах” шийтгэл ногдуулж, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн.
1.2. Дээрх тушаалыг өөрөө хүсэлт гаргаж 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээж авсан бөгөөд уг тушаалд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн ямар зүйл, заалтыг үндэслэн “ажил, албан тушаал бууруулж” байгаа талаар заагаагүй, хуульд үндэслээгүй байх тул хууль зөрчсөн гэж үзэж байна.
1.3. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд хүүхдийн сургалтын төлбөр болон бусад асуудлууд үүссэн учраас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж дуусгасан. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, тухайн хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дугаар албан бичгийн дагуу Ц.Сд арга хэмжээ авч, ажил албан тушаал бууруулах хариуцлага ногдуулсан.
2.2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/873 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
2.3. Ц.Сд холбогдох сахилга, хариуцлагын асуудлыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанд нэхэмжлэгч өөрөө оролцож, ямар асуудал хэлэлцсэн болох ямар зөрчил гаргасан болохоо мэдсэн, мөн түүнд албан тушаал бууруулах арга хэмжээ хүлээлгэхээр шийдвэрлэснийг мэдсэн.
2.4. Дээрх хуралдаанаас шийдвэрлэсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаар тушаал гарсан ба уг тушаалыг Улаанбаатар өртөөний бичиг хэргийн ажилтан Н.Т-аас нэхэмжлэгч Ц.Сн фэйсбүүк хаягаар илгээснийг хүлээн авч, танилцсан болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн гаргасан зөрчил нь гэмт хэрэг мөн болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, У Т Зын даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тушаал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/873 дугаартай шийтгэх тогтоол, Ц.С-н цалингийн зөрүү, цалингийн карт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 3-4, 9, 173-179, 183-188 дугаар тал/
4. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: У Т Зын улсын бүртгэлийн гэрчилгээ, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дугаартай албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1/01 дугаартай прокурорын мэдэгдэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ирц бүртгэлийн дэвтэр, У Т Зын даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаартай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/I/594 дугаартай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/I/522 дугаартай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/III/334 дугаартай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/894 дугаартай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/I/565 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөний 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 26/624 дугаартай албан бичиг, Ц.Солонгын гаргасан өргөдлүүд, Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/999 дугаартай тушаал, Ц.Сос Улаанбаатар төмөр замын ХНН-ийн Хүний нөөцийн албанд гаргасан хүсэлтүүд, Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 18/61 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/224 дугаартай захирамж, ажил хүлээлцэх хуудас, Санхүүгийн байдлын тайлан, бэлэн мөнгөний тооллого, үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл, бараа материалын үлдэгдлийн тайлан, Голомт банкны дансны хуулга, Төрийн банкны харилцах дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, дансны дэлгэрэнгүй, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Н.Тийн гаргасан тайлбар, дундаж цалин хөлс, цалингийн карт, хөдөлмөрийн дотоод журам, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар Татаах хэсгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 28/639 дугаартай албан тоот, цалингийн карт, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №56 дугаартай хуралдааны тэмдэглэл, хураангуй тайлан, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 23-90, 155-162, 190-193, 195-207 дугаар тал/
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Ц.Сд холбогдох 2103000460287 дугаартай эрүүгийн хэргээс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дугаартай гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссарын мэдэгдэл, тухайн мэдэгдэлд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өгсөн хариу, Ц.С-ыг яллагдагчаар татсан тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “нэмэлт ажиллагаа явуулахаар хэргийг буцаасан” тухай захирамж /ХХ-ийн 112, 124, 138-152 дугаар тал/
6. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Ц.Солонгын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Улаанбаатар төмөр замын бичиг хэргийн цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 211, 215-222 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажлаас чөлөөлөх шийдвэр гарах үед ажил олгогч нь гэм бурууг тогтоогоогүй байсан, Хөдөлмөрийн хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар шийдвэртээ заагаагүй, мөн хуульд байхгүй хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг гагцхүү шүүх тогтоох бөгөөд шүүхийн шийдвэр гараагүй байхад хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, өөр ажилд шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийг өөрөө хүсэлт гаргаж 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр олж авсан ба уг шийдвэрт Хөдөлмөрийн хуулийг үндэслээгүй, хуульд заагаагүй хариуцлагыг хүлээлгэж хуулийг илт зөрчсөн байна. Иймд урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Авлигатай тэмцэх газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дугаар албан бичгээр Ц.С-ыг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээдийн компанитай гэрээ байгуулан бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон, Улаанбаатар өртөөний даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдэж, хуулийн дагуу зохих арга хэмжээ тооцож, энэ талаар хариу мэдэгдэхийг үүрэг болгосон. Иймд энэ зөрчлийн талаар хэлэлцэж, хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газрын албан шаардлагыг хэрэгжүүлж, нэхэмжлэгчид хариуцлага тооцсон. Энэхүү арга хэмжээ үндэслэлтэй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн ажил олгогчийн шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түүний фэйсбүүк чатаар Улаанбаатар өртөөний бичиг хэргийн ажилтан Н.Тийн хаягаас хүргүүлсэн бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Үүнээс гадна Ц.С-ын өөрийнх нь хүсэлтийн дагуу Улаанбаатар татах хэсгийн тэргүүлэх нягтлан бодогчийн ажилд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс авсан. Иймд нэхэмжлэгч нь түүнд хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүлээн авсан, ямар үндэслэлээр ажил албан тушаал бууруулсан болохыг мэдсэн, үүнийг хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Ц.С нь Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэх, түүнд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин олгох үүргийг хариуцагч хүлээжээ.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж заасан. Энэхүү тохиролцоо зохигчийн хооронд хийгдсэн, энэ талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ. Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаар тушаалаар “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрийн даалгавар дээр өртөөний даргын гарын үсгийг ердийн лазер хортой хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуурамч болох нь тогтоогдсон, өөрийн хамаарал бүхий этгээдийн компанитай гэрээ байгуулан бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон” гэсэн үндэслэлийг зааж цуцласан байх ба тухайн үндэслэлээ Авлигатай тэмцэх газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дугаар албан бичгээр тогтоогдсон гэж үзжээ. Энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байх ба Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулаагүй байна. Хэдийгээр ажил олгогч нь хуульд заагаагүй хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн боловч тухайн шийдвэрээр нэхэмжлэгчийг Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулж байсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан журмаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан үндэслэлээр мөн өдрөөр шүүхэд гомдлоо гаргажээ.
Дээрх шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн фэйсбүүк чатаар илгээж, хүлээн авсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдов. Нэхэмжлэгчид илгээсэн ажил олгогчийн шийдвэрийн утга, агуулга нь хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаар тушаалын утга, агуулгатай адил, үг, үсгийн зөрүүгүй, энэ асуудлаар талууд маргаагүй. Иймд ажил олгогчийн шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг хүлээн авсан гэж үзнэ.
Авлигатай тэмцэх газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дугаар албан бичигт заасан зөрчлийн талаар хэлэлцэхээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр У Т Зын эрх бүхий этгээдүүд оролцсон хуралдааныг зохион байгуулж, уг хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулж дээрх албан бичигт дурдсан нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн талаар түүний тайлбарыг сонсож, тухайн хуралдаанаас нэхэмжлэгчид албан тушаал бууруулах хариуцлага ногдуулахаар шийдвэрлэжээ. Иймд дээрх тогтоогдсон үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр, хэзээ ажлаас халагдсан болохоо мэдсэн байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл, уг хугацааг сэргээх үндэслэл аль аль нь тогтоогдоогүй болно.
Мөн хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б/I/522 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Улаанбаатар татах хэсгийн тэргүүлэх нягтлан бодогчоор томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна. Иймд нэхэмжлэгчийг өөр ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн буюу ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Ц.Сд Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2103000460287 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/10461 дугаар албан бичигт заасан “өөрийн хамаарал бүхий этгээдийн компанитай гэрээ байгуулан бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэрэгт Ц.С-ыг гэм буруутай гэж шүүхээс үзсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгүүлсэн болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/873 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдов.
Дээрх шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч нь шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарахаас өмнө ажил олгогчийн шийдвэр гарсан нь, уг шийдвэртээ Хөдөлмөрийн хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас халж байгаа талаар заагаагүй нь тухайн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Харин ажлаас халах болсон үндэслэл тодорхой, уг үндэслэл тогтоогдсон байх нь хуульд нийцэх бөгөөд ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй болох нь шүүхийн шийдвэрээр баталгаажсан гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У Т Зд холбогдох 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/II/135 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, тухайн хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА