Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 74

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00319/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.С-т холбогдох,

          “Машины үнэ 8.500.000  төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 17 дугаар байрны 6 тоот байрны эзэмшигч С.Б- мөн болохыг тогтоолгох” тухай иргэний  хэргийг

          Нэхэмжлэгч  С.Т-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С. Т-аас:

“Ш.С- нь миний төрсөн ах С.Б-ын эзэмшилд байсан 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй Хюндай Сантафей маркийн KMJSFG7PPYU002963 арлын дугаартай 49-07 УНЯ улсын дугаартай автомашиныг Оросын холбооны улсын Эрхүү хотод аваачин бусдад худалдан борлуулсан болохыг бид нараас нууж байсныг олж мэдлээ. ...Энэ машиныг авсан эх үүсвэр нь бидний аавын ахмад дайчинд олгосон орон сууцыг худалдан борлуулан хүүхдүүддээ тараан өгсөн мөнгөөр худалдан авсан байдаг. Авто машиныг өөр хүн унаж явж байгааг нь би харсан бөгөөд ахаас тухайн үед асуухад ерөөсөө үнэнийг нь хэлдэггүй байсан. Сүүлд гэрээсээ хөөгдөж ирсний дараа миний машиныг хойно зарсан юм шиг байна. Хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна гэж хэлж машинаа олж авахыг надад даалгаж захиж байсан. Тэр машиныг миний ах өөрөө ч бараг унаж байгаагүй. Ш.С- наймаа хийх зорилгоор болон түүний охидууд унадаг байсан. Дээрх автомашиныг хил давуулан худалдахдаа хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан байх магадлалтай байна.

....Миний ах С.Б- нь Ш.С-тэй гэр бүл болоогүй хамтран амьдарч байсан нь тодорхой байна.

Миний ах нас барахаасаа өмнө надад итгэмжлэл хийж өгсөн бөгөөд энэхүү итгэмжлэлд дээрх тээврийн хэрэгслийг Ш.С-ээс шаардан авах талаар эрх олгосон байдаг. Үүнээс гадна миний бие дээрх тээврийн хэрэгслийн өвлөн авахаар хүсэлт гаргасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүссэн болно.

Иймд иргэн Ш.С-ээс 49-07 УНЯ улсын дугаартай, KMJSFG7PPYU002963 арлын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн Хюндай Сантафей маркийн автомашины үнэ болох 8,500,000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү гэв.

Хариуцагч Ш.С-ээс:

...Миний бие С.Б-тай 2010 оны 2 сараас эхлэн нас барах хүртэлх буюу 2017 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарч ирсэн. Хамтын амьдралтай байх дээрх хугацаанд С.Б- нь ходоодны хавдар өвчнөөр өвчилж сүүлийн нэг жил гаруй хугацаанд байнгын эмчилгээ сувилгаанд байж сүүлдээ химийн эмчилгээ хийлгэх болсон. Эмчилгээнд байж байгаад ходоодны хагалгаанд орох болж нэг бүрийн үнэ нь 2,700,000 төгрөгийн үнэтэй оёдол тавих аппарат 3 ширхэг шаардлагатай болоход үүнийг би авч өгч хагалгааг нь хийлгэж байсан. Мөн өдрийн 380,000 төгрөгийн үнэтэй уургийг тасралтгүй 12 хоногийн турш хийлгэж эмчлүүлж байсан. Албан ёсны гэр бүлийн баталгаагүй ч хамтын амьдралтай байсныхаа хувьд түүний эмчилгээнд би сэтгэлээсээ хандаж эмчлээд эрүүл саруул болгоод авчих юмсан гэж зүтгэсэн ч тусыг эс олж тэр маань нас барсан. Талийгаач өвдөхөөсөө өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан ч надтай хамт байсан хамтын амьдралтай байх хугацаандаа нэг ч төгрөг амьдралдаа зарцуулж байгаагүй, цалин мөнгөө ч өгч байгаагүй, би ч авъя гэдэггүй байсан.

Учир нь би насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хамт олон жил бизнес эрхэлж, дэлгүүр ажиллуулж, Солонгос улсаас удаа дараа Санта Ре маркийн машинууд Монголд оруулж ирж худалдан борлуулж байсан. Бидний энэ үйл ажиллагаанд С.Б- нь биечлэн оролцдоггүй, оролцож байгаа ч үгүй, би хүүхдүүдийн хамтаар энэ үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн. 2013 онд би оруулж ирсэн машинуудаасаа нэгийг өөрийн хэрэгцээнд унаж хэрэглэх болж С.Б-ын нэр дээр эзэмшлийн гэрчилгээг авч байсан. Өрхийн тэргүүн, эр хүн гэдэг утгаар нь машин эзэмших эрхийн гэрчилгээг түүний нэр дээр аваад 3 жил унаж ашигласан. 2016 онд Орос улсад ажил хөөцөлдөж явахад уг машин эвдэрч сэлбэг нь Оросод олдохгүй, нааш нь ачиж ирэх гэхээр машины үнэнээс илүү зардал хөрөнгө гаргах гээд байсан учир арга буюу тэнд нь зарж борлуулсан. Нэхэмжлээд байгаа машин нь 2016 онд зарагдаад мөнгийг нь эм тариа эмчилгээнд хэрэглээд дууссан байхад надаас энэ машины мөнгийг нэхэмжлээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Т- нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

...Ш.С- нь миний ахын 2012 онд Худалдаа хөгжлийн банкнаас авсан цалингийн зээлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 14 дүгээр байрны 21 тоотыг худалдан авсан. Тэр үед Ш.С- нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй учраас миний ах цаашдын хамтын амьдралаа бодон цалингийн зээл авч уг байрыг өмнөх эзэмшигч болох Цэрэндалайгаас худалдан авсан байдаг. Гэвч хожим нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг, 17 дугаар байрны 6 тоот байраар сольж энэ байрны эзэмшигчээр Ш.С-ийг бүртгүүлсэн байсан. ...Ш.С- нь миний ахын цалингийн зээлээр авсан байрнаас нь хагалгаанд ороод удаагүй байхад нь удаа дараа хөөж, туун дарамталж, өмнө салсан нөхөртэйгөө хамт амьдарч миний ахаар тохуурхан даажигнаж байсан тохиолдол ч байдаг юм. Иймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг, 17 дугаар байрны 6 тоот байрны эзэмшигч С.Б- болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ш.С- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

...Миний байрны өмчлөгч нь С.Б- биш, тус байрыг худалдан авахад түүнээс нэг ч төгрөг ороогүй. С.Б-тай гэр бүл болохдоо би өөрийн орон байртай байсан. Насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хамтаар олон дэлгүүр, лангуу ажиллуулдаг, мөн БНСУ-аас машин оруулж ирж, зарж борлуулдаг, хоёр хүүхэд маань Солонгос улсад ажиллаж амьдардаг байсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сум /Хөтөл/ дахь орон сууцыг Хас банкны зээлээр авч өөрийн ашиг орлогоороо зээлээ төлж байсан. С.Б-ыг ажилгүй байхад нь би ажилд оруулж, тэр 300,000 төгрөгийн цалин авдаг байсан хэдий ч би түүний цалин мөнгийг авдаггүй байсан. Тэр цалингаа өөртөө зарцуулж байсан. Харин ч би түүнд мөнгө төгрөг өгч Улаанбаатарын Амгаланд байсан байрыг нь өөрийн зардлаар засаж сайхан болгож өгч байсан. Хамтын амьдралтай байх хугацаандаа би тус дэм болж явсан уу гэхээс тэжээлгэж яваагүй юм. С.Б- бид хоёр сүүлийн хэсэг саруудад С.Т-аас болж муудалцаж хэсэг хугацаанд тусдаа байсан нь үнэн бөгөөд өвдөж хагалгаанд ороход нь би бүх зардлыг гаргаж эмчилгээ сувилгаа хийлгэж байсан гэдгийг мэдэх нь мэднэ. Тухайн орон сууцыг би өөрөө худалдаж авсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т-ийн хариуцагч Ш.С-т холбогдуулан гаргасан машины үнэ 8.500.000 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 17 дугаар байрны 6 тоот байрны эзэмшигч С.Б- болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:

            1. Анхан шатны шүүх “...Ш.С- нь С.Б-тай 2011 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний хамтран амьдарч байх хугацаанд буюу 2016 оны 08 сарын 07-ны өдөр талийгаач С.Б-ын эзэмшлийн 49-07 УНЯ улсын дугаартай, Hyundai Santa fe маркийн автомашин нь Алтанбулаг автозамын боомтоор гарч, бусдад худалдагдсан боловч тээврийн хэрэгслийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэхдээ тээврийн хэрэгсэл өөрөө хилээр гарч, өөрөө өөрийгөө худалдсан мэтээр дутуу дулимаг дүгнэжээ.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс дээрх үйл баримтыг тодруулах зорилгоор Алтанбулаг авто замын боомтоор гарахдаа хэрхэн гаалийн мэдүүлэг бөглөсөн, ямар горимоор хил нэвтэрсэн /түр хугацаагаар эсхүл нэг мөр хилийн чанадад гарсан/ зэргийг тодруулах зорилгоор нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх түүнийг хүлээн авахаас эрс татгалзаж нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байдаг.

Гаалийн тухай хуулийн 79.2.1, 79.2.2 дахь хэсэгт Гаалийн бүрдүүлэлтийн горимын төрлийг тодорхой хуульчилсан. Гэтэл миний бие дээрх 2 бүрдүүлэлтийн алинийг нь хийлгэсэн эсэхийг тодруулахаар шүүгчид хүсэлт гаргасан боловч шүүгч хүлээн аваагүй бөгөөд ямар мэдээлэлд тулгуурлан худалдан борлуулсан болохыг хэрхэн, яаж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна.

2. Анхан шатны шүүх “... С.Б-ыг нас барахад түүний өмчлөлд автомашин байхгүй байсан тул нэхэмжлэгч С.Т-ийг тухайн автомашиныг өвлөн авсан өвлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй...” гэж дүгнэсэн нь хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, өвлөх эрхтэй эсэх талаар маргаагүй байхад буюу нотариатын үйлдлийн зөв буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй үр дагаврыг бий болгож байна.

3. Нэхэмжлэгчийн ах С.Б- нь өөрийн цалингийн зээл /20.000.000 төгрөг/-ээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тухай өөрийн ах, эгч, хамаатан садандаа хэлж байсан.

...Ямар зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний цалингийн зээл авч, үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаанд, эсхүл өөр зүйлд зарцуулсан эсэхийг нотлох зорилгоор банкнаас авсан зээлийн талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэвч шүүх ач холбогдолгүй гэж үзэж хангахаас эрс татгалзсан.

...Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, тал бүрээс нь шинжлэн судлаагүй гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч Ш.С-т холбогдуулж өөрийн төрсөн ах С.Б-аас өвлөн авсан 49-04 УНЯ улсын дугаартай, Санта фе маркийн авто машины үнэ 8.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр багийн 17 дугаар байрны 06 тоот байрны шударга эзэмшигч С.Б- мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн харин хариуцагч Ш.С- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

С- овогтой Б- 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барсан, түүний төрсөн дүү С- овогтой Т- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тойргийн нотариатад өөрийн төрсөн ах С.Б-ын өмчилж байсан авто машиныг өвлөн авах тухай хүсэлт гаргасан бөгөөд уг авто машины өвлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Т- шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ..., ...өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй..., ... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж зааснаар талийгаач С.Б-ын өмчлөлийн машиныг хэн хэрхэн  Монгол улсын хил нэвтрүүлсэн, гаалийн бүрдүүлэлтийг хэн хэрхэн хийсэн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, мэдээлэл, баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, талийгаач С.Б-ын Худалдаа хөгжлийн банк болон ХААН банкинд эзэмшиж байсан дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй мэдээлэл, цалингийн зээлийн гэрээ, түүнтэй холбоотой баримт, хариуцагч Ш.С-ийн ХААН банкинд эзэмшиж байсан дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг гаргуулах хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 15, 2019 оны 07 дугаар 04-ний өдрүүдэд болон шүүх хуралдааны шатанд тус тус гаргасан бөгөөд шүүх эдгээр хүсэлтүүдийг хэрэгт хамаарал бүхий хүсэлт биш байна гэж дүгнээд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2418 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2904 дугаартай захирамжуудаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эдгээр хүсэлтүүд нь хэрэгт хамааралтай байхаас гадна, талууд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтанд тулгуурлан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим  нь тэгш эрхийн үндсэн дээр хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгждэг учиртай бөгөөд талуудын мэтгэлцэх зарчим алдагдсан байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр М.Билгүүн-Төгөлдөрийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2054 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, хүсэлт гаргасан этгээд болох өмгөөлөгч Л.Оюунсувд хүсэлтээсээ татгалзаагүй байхад “оршин суух хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2904 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасны дагуу өмнөх захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг өөрчилж шийдвэрлэхдээ мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан шийдвэрлэж, хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан нь буруу байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль хэрэглээний алдаа гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221.150 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ   

                                                                ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                   Л.АМАРСАНАА