Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/01197

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/01197

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 24 дүгээр хороо тоот “Б Т ” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо тоот “М” ХХК

 

Бетон зуурмагийн үнэ болон алданги 37,638,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: хариуцагчийн төлөөлөгч Б.Х

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч талын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б Т ” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 37,638,750 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 

1.1 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 03/009 дугаартай “Бетон зуурмаг  худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ” байгуулж, 1м.куб бетон зуурмагийн үнийг 96,000 төгрөгөөр нийлүүлэх, насост машины тээврийн зардлыг 6,500,000 төгрөгөөр тохиролцож 1000м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр тохирсон. Тухайн гэрээний дагуу хариуцагчид 1,050 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. 

 

1.2. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 25,092,500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэхүү төлбөрөө төлөхийг эрх бүхий этгээд болон компанийн ажилтанд сануулж, төлбөр барагдуулах албан бичгийг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 

 

1.3. Иймд бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 25,092,500 төгрөг, алданги 12,546,250 төгрөг нийт 37,638,750 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ. 

2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 03/009 дугаартай Бетон зуурмаг  худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулсан, энэ гэрээний дагуу хүлээн авсан бетон зуурмагийн доголдолтой холбоотой асуудлаар талуудын хооронд гэрээний үлдэгдлийн талаар яригдаж байсан.

 

2.2. Гэрээнд зааснаар сүүлийн төлбөрийг 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлөх ёстой байсан. Тухайн үедээ доголдолтой холбоотой асуудал яригдаж байсан ба 2 талын удирдлагууд гэрээг дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь 2008 оны 9 дүгээр сараас хойш ямар ч холбоогүй чимээгүй болсон. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна.

 

2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх нотлох баримт гаргаж өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт, ямар нэг баримт гаргаж өгөөгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03/009 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ, орлогын ордерын тасалбар, 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 100 дугаартай “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 100 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ, зээлээр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, “М” ХХК-д бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-3, 6-25 дугаар тал/

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. “М” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /ХХ-ийн 42-44 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бетон зуурмаг  худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 1,050 м.куб бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлсэн. Хариуцагч нь 2008 оноос хойш гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 25,092,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний үүргээ биелүүлэх талаар эрх бүхий этгээд болон компанийн ажилтанд удаа дараа сануулж, төлбөр барагдуулах албан бичиг хүргүүлж байсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд гэрээний үлдэгдэл 25,092,500 төгрөг, алданги 12,546,250 төгрөг нийт 37,638,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх нотлох баримт гаргаж өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх талаар хүсэлт, баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ. 

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.  Зохигчийн хооронд 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 03/009 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь М-250 маркийн 1000м3 бетон зуурмагийг зориулалт бүхий /насост машин/ тээврийн хэрэгслээр тээвэрлэж нийлүүлэх, хариуцагч нь гэрээний үнэ болох 102,500,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. Энэхүү гэрээний агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба тухайн гэрээг байгуулсан асуудлаар талууд маргаагүй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь 1050м3 бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн байх ба энэ талаарх баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 17-25 дугаар тал/

 

Хариуцагч нь хүлээн авсан бетон зуурмагийн хэмжээнд маргаагүй тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн 1050м3 бетон зуурмаг хүлээн авсан гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэв.

 

Талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч 102,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагчийг 1,050м3 бетон зуурмаг хүлээн авсан үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээний үнийг 107,592,500 төгрөгөөр тодорхойлсон байна. Үүнээс хариуцагчийг 82,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 25,092,500 төгрөгийг төлөөгүй гэж шаардсан ба хариуцагч нь бетон зуурмагийн доголдолтой холбоотойгоор гэрээний үлдэгдэл төлбөрийн асуудал яригдаж байсан гэсэн тайлбарыг гаргаж маргасан байна. Хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээг тодорхойлох ямар нэг баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн тодорхойлсон үлдэгдэл төлбөрийн хэмжээг үгүйсгээгүй байх тул гэрээний үнийн үлдэгдлийг 25,092,500 төгрөг гэж тодорхойлов. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Энэхүү шаардах эрхийг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх болохыг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан.     

 

Худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хуульд заагаагүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна. Уг хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэжээ. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээ үүссэн болохыг тогтоох нь ач холбогдолтой бөгөөд үүнийг тогтооход гэрээний үнийг төлөх хугацаа хамааралтай байна.

 

Гэрээний 1.4-т “Графикийн дагуу захиалга өгсөн нийт үнийн дүнг ажил эхлэхээс өмнө нийлүүлэгч талд дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлж, үйлдвэрлэлийг саадгүй явуулах, худалдан авагч талын захиалгыг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ”, 1.1-д “Гэрээний хугацаа нь 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл болно” гэжээ. Энэхүү тохиролцооноос дүгнэвэл нэхэмжлэгч нь 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн захиалгыг үндэслэн бетон зуурмагийг хэсэгчлэн нийлүүлэх, хариуцагч нь өгсөн захиалгын хэмжээгээр төлбөрийг урьдчилан төлөх үүргийг хүлээжээ. Иймд хариуцагч нь гэрээний дагуу төлбөрийг 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхээ 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрхтэй. Энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна” гэж зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-д холбогдох 37,638,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б Т ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,144 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ГАНДИЙМАА