Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01302

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01302

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо тоотод оршин суух О С  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо  тоотод оршин суух Н О  

 

14,420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.С, хариуцагч Э.О

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Э.От холбогдуулан 14,420,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуцагч Э.От 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг зээлсэн ба зээлийг хүүгийн хамт төлж дууссан. Мөн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг хүүтэй зээлж, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өдөр бүр 160,000 төгрөгөөр төлж байгаад энэ зээлийн үлдэгдэл дээр 2,920,000 төгрөг нэмж зээлэн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн нийт дүнг 5,000,000 төгрөг болгож, сарын 10 хувийн хүү төлөхөөр тохирсон. Энэ гэрээний үндсэн төлбөр болон хүүг төлж дууссан.

 

1.2. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Энэ 2 гэрээний дүнг нэгтгэж 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сарын 10 хувийн хүү төлөхөөр тохирсон ба зээлийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгах байсан. 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 8 сард авсан зээлийн хүү 250,000 төгрөг төлсөн. Үүнээс өөр мөнгө төлөөгүй.   

 

1.3. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,600,000 төгрөгийг О.Сийн дансаар шилжүүлж авсан бөгөөд энэ гэрээг нотариатаар батлуулаагүй. Энэ гэрээний төлбөрийг сар бүр 200,000 төгрөг төлөхөөр тохирч авсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 200,000 төгрөгөөр 2,200,000 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгч О.Сээс 5,000,000 төгрөг зээлэхээр тохирсоны дагуу энэ мөнгийг эгч О.Сийн данснаас О.Сийн дансанд шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь 400,000 төгрөгийг О.Сийг ав гэсэн тул түүний дансанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,600,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 26, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээл 10,000,000 төгрөгөөс хүү төлөөгүй хугацааг 6 сараар бодож 5 хувиар хүү тооцон хүүд 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. 

 

1.4. Хариуцагч нь нийт авсан зээлээс үндсэн зээлийн эргэн төлөлтөд 5,100,000 төгрөг төлсөн тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 11,420,000 төгрөг, 6 сарын хүү 3,000,000 төгрөг нийт 14,420,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч О.Сээс 4 удаагийн зээлийн гэрээгээр 13,920,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн эргэн төлөлтөд О.Сийн дансаар 15,745,000 төгрөгийг төлж барагдуулсан. Сүүлд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авсан гэж байгаа 4,600,000 төгрөгиийг О.Сээс зээлээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа О.Сээс өөрөөс нь зээлж авсан. Энэ зээлийн төлбөрийн асуудал тусдаа бөгөөд нэхэмжлэгчээс авсан зээлд хамааралгүй.  

 

2.2. Зээлийн төлбөрийг О.Сийн дансаар төлж байхаар тохирсоны дагуу 15,745,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байгаа. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн үлдэгдэл төлбөрт 700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх 13,720,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, О.Сийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 3-4, 30-45, 56-57 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Э.Оын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 11-20, 59-86 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Г.Н-ээс гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /ХХ-ийн 92-95 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийт 5 удаагийн зээлээр 16,520,000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн үндсэн төлбөрт 5,100,000 төгрөг төлж, үлдэгдэл 11,420,000 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс сүүлийн 2 зээлийн 10,000,000 төгрөгөөс хүү төлөөгүй 6 сарын хугацаанд 5 хувийн тооцож 3,000,000 төгрөг нийт 14,420,000 төгрөг шаардаж байна гэжээ.   

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч О.Сээс 4 удаа зээлийн гэрээгээр 13,920,000 төгрөг зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтөд О.Сийн дансаар 15,745,000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлийн үлдэгдэл төлбөрт 700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх 13,720,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 16, 2022 оны 6 дугаар сарын 21, 2022 оны 7 дугаар сарын 07, 2022 оны 8 дугаар сарын 31, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн асуудлаар маргаагүй ба харин 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,600,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн эсэх асуудлаар маргаантай байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөгийг өдрийн 80,000 төгрөгийн хүүтэй зээлж, 2022 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд хүүд 320,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлийн үндсэн төлбөр 2,000,000 төгрөгийг төлж, уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдов. /ХХ-ийн 31 дүгээр тал/

 

2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг зээлж, уг зээлийн төлөлтөд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 160,000 төгрөгөөр 15 удаагийн төлөлтөөр үндсэн зээл 2,080,000 төгрөг, хүү 320,000 төгрөг нийт 2,400,000 төгрөг төлсөн байх бөгөөд тухайн зээлийн үлдэгдэл дээр 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2,920,000 төгрөг нэмж зээлэн, зээлийн үнийн дүнг 5,000,000 төгрөгөөр тогтоож, сарын 10 хувийн хүү төлөхөөр тохирчээ. Энэхүү гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүүд 500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг төлж, дуусгавар болсон байна. Мөн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нэмж 150,000 төгрөг төлсөн байх ба үүнийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хэтэрсэн 9 хоногийн хүүд төлсөн гэж тайлбарлав. /ХХ-ийн 35-37, 61 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээгээр зээлсэн мөнгө, эд хөрөнгийг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд тухайн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагыг хуульд заагаагүй. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр хүү төлөхөөр тохирсон нөхцөлд гэрээг бичгээр байгуулснаар хүү шаардах эрхтэй гэж ойлгоно.

 

Дээрх зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч хүү төлсөн нь тухайн гэрээний дагуу “хүү төлөх” үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд хүлээн зөвшөөрч биелүүлсэн үүргийн гүйцэтгэлийг буцаах үндэслэлгүйгээс гадна дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар хариуцагч маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 6 дугаар сарын 16, 2022 оны 6 дугаар сарын 21, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэв.   

 

Дээрх зээлээс гадна 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн ба 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэмж 2,500,000 төгрөг зээлж, зээлийн үнийн дүнг 5,000,000 төгрөгөөр тогтоон, уг гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бичгээр баталгаажуулсан байна. Уг гэрээгээр хариуцагч нь 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаанд нийт 6,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Хариуцагч нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний хүү болох 250,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн байх ба бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний хүүг хариуцагч хүлээн зөвшөөрч төлсөн тул үүргийн гүйцэтгэлийг буцаах үндэслэлгүй. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцохгүйг дурдах нь зүйтэй. Харин 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 125,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний үүргээс хасах үндэслэлтэй байна. /ХХ-ийн 3, 38, 40 дүгээр тал/

 

Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 5,000,000 төгрөг төлж, уг гэрээний үүрэгт 700,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбар гаргасан ба харин нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн 4,600,000 төгрөгийн зээлийн төлбөр гэж, хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4,600,000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Сээс зээлсэн, нэхэмжлэгчтэй үүссэн зээлийн харилцаанд хамааралгүй гэж маргасан байна. /ХХ-ийн 56, 63-64, 71-75, 81, 86 дугаар тал/

 

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.Сийн данснаас нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Сийн дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба мөн өдөр О.Сээс хариуцагч Э.Оын дансанд 4,600,000 төгрөгийг “Dede 28 200к” гэсэн утгаар шилжүүлжээ. О.С нь нэхэмжлэгчийн эгч бөгөөд түүний дансаар зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр талууд тохирсоны дагуу нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь тухайн дансаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон. Энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасантай нийцэж байна.       

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд энэхүү үүргээ бусад этгээдээр гүйцэтгүүлж болно. Энэхүү үүргийн гүйцэтгэлийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ гуравдагч этгээдээр буюу О.Сээр гүйцэтгүүлсэн болохоо нотлох үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.Сийн данснаас хариуцагчийн дансанд шилжүүлсэн 4,600,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болохоо нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь зээлийг О.Сийн дансаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ О.Сийн дансанд шилжүүлэх байдлаар гэрээний үүргээ гүйцэтгэж байсан атлаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.Саас О.Сд, О.Сээс Э.От 4,600,000 төгрөгийг шилжүүлэх болсон үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчийг хариуцагчид зээлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Номин-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нь Э.Оыг зээлээ төлөхгүй байгаа талаар О.С, О.С нарын өөртэй нь ярьсан ярианы талаар мэдүүлсэн байна. Энэхүү мэдүүлэг нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг нотлохгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг нь өөр бусад эргэлзээгүй баримтаар тогтоогдвол бодит үнэнд нийцсэн үнэн зөв нотлох баримт гэж үзэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй. Иймд талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,600,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн төлсөн 5,000,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцох нь зүйтэй гэж үзэв. Уг гэрээний үүрэгт хариуцагч 5,125,000 төгрөг төлсөн байх тул гүйцэтгээгүй үлдсэн 875,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 13,545,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.   

 

Талууд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сараар тооцож нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү шаардах эрхгүй. Мөн О.Сийн данснаас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн дансанд шилжсэн 4,600,000 төгрөгтэй холбоотой маргаанд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Ооос 875,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О Ст олгож, нэхэмжлэлээс 13,545,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,050 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 25,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА