| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/04305/И |
| Дугаар | 102/шш2023/01320 |
| Огноо | 2023-04-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/шш2023/01320
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 0-р баг өөрийн байранд байрлах, ХХ ШБ /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 00 дүгээр хороо,0-р хороолол, 0в байр, 0 тоотод байрлах, Б ХХК /РД:00000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 00,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З ,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,
хариуцагчийн өмгөөлөгч Ц.М
гэрч М.Ба, Д.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Б ХХК нарын хооронд БОАЖЯ000000000 дугаартай Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлын гэрээг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан. Гэрээний үүргийн дагуу гүйцэтгэгч Б ХХК нь Д-ий н ХХ эд байршилтай Өвгөн суваргын дээврийг засварлах ажлыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхэлж, 2019 оны 08 сарын 20-ны өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн.
Ингээд ажлын хэсэг байгуулагдаж тухайн ажлын дээвэр засварын ажлыг ерөнхий захиалагч буюу Байгаль орчин аялал жуулчлалын яам тухайн оны 09 сарын 13-ны өдөр хүлээж авсан байдаг бөгөөд тухайн гэрээний төлбөр дуусгавар болсон байдаг. Ингээд 9 сарын 24-ний өдөр бороо орсны улмаас гүйцэтгэсэн ажлын дээвэр дээрээс ус гоожиж эхэлсэн байдаг.
Энэ мөчөөс эхэлж нэхэмжлэгч ХХ ШБ нь Б ХХК-д хандаж албан бичгээр энэ доголдлыг арилгуулах талаар хүсэлтүүдийг гаргаж эхэлсэн байдаг. Хариуцагч Б ХХК-аас гаргаж өгсөн ажлын баталгаа гүйцэтгэх хуудаст зааснаар Барилгын тухай хуулийг үндэслээд хэрвээ зөрчил доголдол гарсан тохиолдолд өөрсдийн зардлаар төлж барагдуулах гэсний дагуу 2019 он, 2020 оны 10 сар, 2022 оны 4 сар, 2022 оны 7 сарын 6 гэсэн өдрүүдэд удаа дараалан Б ХХК буюу гүйцэтгэгч байгууллага мөн Байгаль орчны яаманд тухайн зөрчил доголдлыг арилгуулах талаар шаардахад Б ХХК нь доголдлыг арилгахыг зөвшөөрдөг ч албан бичгээр хариу ирүүлдэггүй. Харин бид нар доголдлыг арилгах боломжтой байгаа гэхдээ Ковид цар тахлын үед орон нутаг руу явах боломжгүй байна гэж явсаар байгаад цар тахлын нөхцөл байдал суларсан үе буюу 2022 оны 6 дугаар сард өөрсдөө ирж үзээд тодорхой хэмжээнд резинээр шав хийх ажлыг хийж байгаад дутуу орхисон. Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгчээс гаргасан баталгааны дагуу доголдсон, эвдрэлийг өөрийн зардлаар засварлах үүргээ биелүүлэхгүй байсан тул ХХ ээс 2022 оны 07 сарын 26-ны өдөр Бүрэн трейд девелопмент ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээврийн ус гоожиж буй хэсгийг засварлуулах ажил хийж гүйцэтгүүлсэн байх тул ажлын зардал бараа бүтээгдэхүүний зардалд 00,000,000 төгрөг зарцуулсан тул тус төлбөрийг үүрэг гүйцэтгэвэл зохих этгээд болох Б ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Намуун нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дээвэр засварын тендерт оролцоод өөрийн туршлагаараа шалгарч, дээврийн засварын ажлын /БОАЖЯ 00000000 / №000000 дугаар гэрээг Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу Д аймгийн ХХ ийн дээвэр буюу 510.3 хүчин чадал бүхий 510.3 ам метр талбай 510.3 шоо метр эзлэхүүнтэй бетонон суурь, 36 см хана, бетонон хучилттай 1 давхар барилгын дээврийн засахаар 2020 оны 07 сарын 18-ны өдөр ажил хийх газартаа ирдэг. Б ХХК нь гэрээний дагуу өгөгдсөн ажлыг ягштал биелүүлж, чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь хүлээлгэж өгсөн байдаг. Хүлээж авахад аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон барилгын инженер мөн Байгаль орчин аялал жуулчлалын мэргэжилтнүүд тухайн барилгыг хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. 2022 оны 4 сард нэхэмжлэгч талаас ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан манай байгууллага 2022 оны 5 сард очиход үзэхэд манай компанийн зассан 510.3 ам метр талбайгаас биш суваргын голд байрлалтай бөмбөгөр хэсгээс ус алдсан байсан. Тухайн хийдийг хариуцаж байсан лам н.Борхүүгийн хамт үзлэг хийхэд манай зассан талбайгаас биш голын бөөрөнхийгөөс маш их хэмжээний хөгз чийгний үнэр үнэртэж хүн орохын аргагүй нөхцөл байдал үүссэн байсан. Хэд хэдэн удаагийн үзлэгээс харахад голын бөөрөнхий хэсгээс ус алдсан байсан.
Мөн манай компани нэхэмжлэгч талтай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч нь манай компанид холбогдуулан гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, итгэмжлэл /хх-4/, Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлын гэрээ /хх-5/, Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа /хх-6/, ХХ ХХК-ийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх-7/, ХХ ХХК-ийн хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх-8/, Зарлагын баримт /хх-9/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-169-172/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/, итгэмжлэл /хх-12, 17/, хариу тайлбар /хх-18/, Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлын гэрээ /хх-19-40/, Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх ажлын даалгавар /хх-45-47/, гэрэл зураг /хх-53-59/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Барилгын хөгжлийн төвийн албан бичиг /хх-72/, Байгаль орчин, аялал жуучлалын яамны албан бичиг /хх-73, 74/, ХХ ХХК-ийн Байгаль орчин, аялал жуучлалын яаманд хүргүүлсэн хүсэлт /хх-75, 77/, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Б ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-76/, Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлын гэрээ /хх-78/, Б ХХК-ийн албан бичиг /хх-79/, Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-80/, Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлын гэрээ /хх-81-84/, Байгаль орчин, аялал жуучлалын яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал /хх-85/, Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлыг хүлээн авах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-86-87/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-88-90/, Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт /хх-91-93/, Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуучлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлын үүрэг даалгаврын биелэлт /хх-94-95/, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Б ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-96/, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас /хх-97-102/, Уур тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт /хх-103/, Дулаан /дуу/ тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт /хх-104/, Заслын ажил гүйцэтгэсэн акт /хх-105, 107/, ус тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт /хх-106/, гэрэл зураг /хх-108-125/, сертификат /хх-126/, Бетон зуурмагийн чанарын гэрчилгээ /хх-127/, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /хх-128-133/, Д аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар барилгын материалын лаборатори /хх-134/, галын лабораторийн сорилтын дүн /хх-135-136/, Бетон зуурмагийн чанарын гэрчилгээ /хх-137/, Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа /хх-138/, гэрэл зураг /хх-139-144/, хариуцагч талын хүсэлтээр Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг /хх-182/, гэрчийн мэдүүлэг /хх-188-191/, гэрч С.Борхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-192/, зэрэг баримтыг цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХ ШБ нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 00,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ХХ ШБ нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Б ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлын гэрээг байгуулсны дагуу Б ХХК нь Д-ий н ХХ эд байршилтай Өвгөн суваргын дээврийг засварлах ажлыг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхэлж, 2019 оны 08 сарын 20-ны өдөр ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, дээврийн засварын ажлыг чанарын шаардлага хангаагүй хийсний улмаас дээврээс ус гоожсон. Гүйцэтгэгч талд энэхүү ажлын доголдлоо арилгахыг шаардсан боловч хийж гүйцэтгээгүй тул бид Бүрэн трейд девелопмент ХХК-аар уг ажлын доголдлыг арилгуулж, 00,000,000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...Манай компани нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах эрхгүй, манай компан Өвган суваргын дээврийг засварласан бөгөөд дээврийн голд байсан суваргаас гоожсон байсан. Манай компани дээврээс голд байрлах суваргыг засварлаагүй. Иймд манай компанийн хийсэн ажлын доголдол биш. Мөн нэхэмжлэгч нь ус гоожсон хэсгийг засварлахад гарсан зардал гэж нэхэмжилж байх боловч ямар ямар зардал гарсан болох нь тогтоогдохгүй байна гэх агуулгаар тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:
4.1 Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Б ХХК нарын хооронд БОАЖЯ000000000 дугаартай Д аймгийн өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож хөгжүүлэх дээврийн засварын ажлын гэрээг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байна.
4.2 Дээрх гэрээнд заасны дагуу хариуцагч Б ХХК нь Д-ий н ХХ эд байршилтай Өвгөн суваргын дээвэр буюу 510.3 хүчин чадал бүхий 510.3 ам метр талбай 510.3 шоо метр эзлэхүүнтэй бетонон суурь, 36 см хана, бетонон хучилттай 1 давхар барилгын дээврийн засахаар харилцан тохиролцсон байна.
4.3 Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Б ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд нь ямар нэг доголдол байвал захиалагч нь уг доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.
7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч Б ХХК-ийн хийсэн ажлын үр дүн буюу доголдолтой холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд энэхүү шаардлагыг гаргах эрх нь дээрх хуульд зааснаар гэрээний захиалагч талд олгогдсон байна.
8. Нэхэмжлэгч ХХ ШБ нь хариуцагч Б ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хариуцагч нь Өвгөн суваргын засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулсан гэрээгээр үүрэг хүлээж, уг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Иймд Өвгөн суваргын засварын ажлын доголдолтой холбогдуулан шаардлага гаргах эрх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуулиар олгогдсон байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар захиалагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэхүү шаардах эрхээ бусдад шилжүүлж болох боловч нэхэмжлэгч ХХ ШБ-д шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ХХ ШБ-д хариуцагчаас дээрх ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.
9.Түүнчлэн Д аймгийн ХХ эд байрлалтай Өвгөн суварга нь нэхэмжлэгч ХХ ШБ-ын өмч гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ХХ ШБ-ын хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан 00,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Харин хариуцагчаас гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдуулан шаардлага гаргах эрх бүхий этгээд шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХ ШБ-ын хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан 00,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА