| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0167/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/180 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/180
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ш.Наранчимэг,
Шүүгдэгч С.Б,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн С-ийн Б-т холбогдох 2528002540250 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт байхдаа “Шийдэл финанс ББСБ” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбараас алдаатай гүйлгээ хийж, андуурч шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Анх мөнгөний хэрэг гараад газраа барьцаалаад “Шийдэл финанс” ББСБ-аас 7,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн өдрийн орой нь дахиад 7,000,000 төгрөг миний дансанд орсон байсан. Тухайн мөнгийг татаад авчих байх гэж бодоод хэрэглэхгүй 20 гаруй хоног дансандаа байлгаж байгаад тухайн үед миний эрхэлдэг бизнес нэлээн асуудалтай байсан учраас хэрэглэе гэж бодсон. Тухайн газар над руу холбогдохгүй болохоор ингээд андуураад надад өгчихдөг юм байхдаа гэж бодсон. Тэгээд гэнэт нэг өдөр “Шийдэл финанс” ББСБ-аас залгаад тань руу гүйлгээ андуурч хийсэн байна гэхээр нь харин тийм ээ над руу хийсэн нь үнэн гэж хэлсэн. Надад одоо өгөх боломж алга, манай ажил амарсан байгаа. Би 09 дүгээр сард амжихгүй бол 10 дугаар сард шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд чимээгүй болчихоор нь болсон юм бодоод явж байгаад 08 дугаар сард зээл аваад өөрөө авсан 7,000,000 төгрөг болон андуурагдаж орсон мөнгө хоёрыг хоёуланг нь 08 дугаар сард шилжүүлсэн. Тэгсэн аль хэдийн хэрэг үүсгэсэн байсан. Тэгээд “Шийдэл финанс” ББСБ дээр очоод танайх гомдолгүй гээд хэлээд өгөөч гээд үнэн учраа ярьсан чинь шүүх рүү шилжсэн учраас ямар ч боломжгүй гэж хэлсэн. Тухайн байгууллагыг хохиролгүй болгосон байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Санжаа овогтой Б гэх иргэн нь манай байгууллага болох “Шийдэл финанс ББСБ” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар 1-ээс 260125013002 гэсэн дугаартай зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн зээл авсан байгаа. Уг иргэний Хаан банкны 5946164683 тоот данс руу манай байгууллагаас эхлээд 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тэгсэн манай байгууллагын нэг ажилтнаас болоод уг иргэний зээл авах данс руу дахиад 7,000,000 төгрөгийг андуураад шилжүүлсэн байгаа. Бид энэ асуудлын талаар хагас жилийн тайлан дээр мэдсэн бөгөөд тайлан тооцоогоо шалгатал уг иргэний зээлийг давхардуулж олгосон байсан. Тэгээд тухайн үед уг иргэн болох С.Б-тэй манай байгууллагын ажилтан холбогдсон бөгөөд тэр үед Б нь одоогоор уг илүү хийсэн мөнгийг төлөх боломж байхгүй, 9, 10 сараас ажил эхлэхээр төлж болох уу гэсэн юм ярьсан. Тэгэхээр нь манай байгууллагад таны авсан 7,000,000 төгрөгийн зээл дээр нэмээд гэрээ байгуулъя гэсэн боловч уг иргэн нь байгуулахгүй гэсэн бөгөөд би урьд өмнө хүн рүү данс андуурч 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгөө одоо болтол олж авч чадаагүй, та нар явдаг газраараа яваад олж аваарай гэж хэлсэн гэж манай байгууллагын Б тэгж хэлсэн байгаа. Тэгээд манай байгууллагаас уг иргэний талаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр С.Б, Г.Ба нар манай “Шийдэл Финанс ББСБ” ХХК-аас газар барьцаалан 7,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед манай байгууллагын төв оффисоос зээл олголтын гүйлгээ хийхдээ 2 удаагийн гүйлгээгээр нийт 14,000,000 төгрөгийг С.Бийн Хаан банкны 5946164683 тоот дансанд шилжүүлсэн, С.Б, Г.Ба нар нь манай “Шийдэл Финанс ББСБ” ХХК-тай гэрээ хийхдээ газраа барьцаалан 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Тэгсэн боловч манай төв оффисоос зээл олголтын гүйлгээ хийхдээ 2 удаагийн гүйлгээгээр нийт 14,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээс сарын 31-ний өдөр шилжүүлсэн байсан. Манай байгууллага уг асуудлыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хагас жилийн тайлан мэдээ гарах үед мэдсэн. Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Б-тэй холбоо авч энэ асуудлыг тодруулж хэлж асуусан. Тэгэхэд С.Б нь тухайн үед дахин 7,000,000 төгрөг орсон байсныг мэдэж байсан, тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учраас үрчихсэн, одоогоор санхүүгийн асуудалтай байгаа учраас давхардуулж өгсөн 7,000,000 төгрөгийг барагдуулах боломж байхгүй. Үндсэн зээл болох 7,000,000 төгрөгийн төлөлтөө хийнэ 2025 оны 10, 11 дүгээр сараас давхардуулж хийсэн 7,000,000 төгрөгийн төлөлтийг хийх боломжтой гэж хариу өгсөн. Тэгээд тухайн үед манай байгууллагаас нэмэлт зээлийн гэрээ хийх санал тавьсан, тэгэхэд С.Б нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ирж уулзана гэж хэлчхээд ирээгүй, одоог хүртэл утсаа авахгүй байгаа.” (хавтаст хэргийн 37-39 дэх тал)
“Шийдэл финанс ББСБ” ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 7 дахь тал)
С.Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 50 дахь тал)
2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ (хавтаст хэргийн 14-18 дахь тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 88 дахь тал),
Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 80 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 89 дэх тал)
Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 80 дугаартай санал (хавтаст хэргийн 90-91 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч С.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт байхдаа “Шийдэл финанс ББСБ” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбараас алдаатай гүйлгээ хийж, андуурч шилжүүлсэн 7,000,000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), гэрч Ж.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал), “Шийдэл финанс ББСБ” ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 7 дахь тал), С.Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 50 дахь тал), 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ (хавтаст хэргийн 14-18 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч С.Б нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ... төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь энэхүү хуульд заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан ба шүүгдэгч С.Б-ийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол болох 300,000 төгрөгөөс дээш 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохоор байх тул энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Э.Д-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Өмнөговь аймгийн Прокурорын газарт “...С.Б нь 20025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирлын 7,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” (хавтаст хэргийн 83 дахь тал) гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,00 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Б-ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Шийдэл финанс ББСБ” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарт 7,000,000 (долоон сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн С-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Шийдэл финанс ББСБ” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарт 7,000,000 (долоон сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ