| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2023/00101/И |
| Дугаар | 133/ШШ2023/00165 |
| Огноо | 2023-03-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 133/ШШ2023/00165
| 2023 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 133/ШШ2023/00165 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ц.О-н нэхэмжлэлтэй
хариуцагч: ........ цэргийн .............. дүгээр ангид холбогдох
...... цэргийн .......дүгээр ангиас 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: ...... цэргийн .......дүгээр ангиас 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нөхөн гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ...... цэргийн .......дүгээр ангид 2013 оны 10 сарын 01-ний өдөр санхүүгийн албанд албаны нягтлан бодогчоор ажилд томилогдсон. 2014 оны 05 сард ...... дугаар заставт ээлжийн тогооч, талхчингаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ...... аймгийн Татварын хэлтэст ...... сум хариуцсан гэрээт ажилтнаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. ...... цэргийн .......дүгээр ангиас 2018 оны 10 сар хүртэл Нийгмийн даатгал төлөгдсөн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй учир нөхөж гаргуулж өгнө үү. Төрийн албаны хуульд өөрчлөлт ороод удаан жилийг ажилласан жилээр тооцдог болсон. Үүнтэй холбоотой орсон гарсан тушаал хүний нөөцөд бүртгэгдээд цахим орчинд шивэгдэж байгаа. Орсон гарсан тушаал хэрэгтэй байна гэж хүний нөөцөөс шаардсаны дагуу ...... цэргийн .......дүгээр ангид очиж үзэхэд тушаал гараагүй байсан. Тухайн үед нягтлан бодогчид хэлсэн. Гэхдээ өргөдөл бичиж өгөөгүй. Тушаалыг гаргачихна гэж хэлсэн. Хүний нөөцөөс авдаг байсан учраас тушаал гаргасан гэж бодоод очоод авах гэтэл байхгүй байсан. Үүний дагуу нэхэмжлэл гаргасан гэв.
3. Хариуцагчийн тайлбар: Тухайн үед энэ хүн хүүхэд асрах чөлөө авсан. Хүний нөөцийн тасгийн дарга ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байгаа юм. Тухайн үед ажиллаж байсан хүний нөөцийн даргын буруу, Ц.О-н буруу гэж үзэж байгаа. Мөн тухайн татварын хэлтэс мөн буруутай гэж үзэж байгаа. Төрийн албанд ажиллаж байсан хүнийг халагдсан тушаалаа ирж аваагүй. Хүний нөөцийн дарга эргэж ажиллах талаар тодруулаагүй. Аль аль талын харилцан буруутай зүйл байгаа. Одоогийн нөхцөл байдалд тушаал нөхөж гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр гарвал шийдвэрийг үндэслээд тушаал гаргах боломжтой. Хувь хүн нягтланд хэлэх биш хүний нөөцөд хэлэх байсан. Хүний нөөцийн дарга тушаал гаргаагүй. Хүүхэд асрах чөлөө дууссан байхад тушаал гаргаагүй аль аль талдаа буруутай гэж үзэж байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-...... цэргийн .......дүгээр ангийн захирагчийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн б/134 дугаар “Ц.О-г ажилд томилох тухай” тушаал /...... цэргийн .......дүгээр ангийн хуулбар үнэн тэмдэгтэй/,
-мөн ангийн захирагчийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн б/56 дугаар “Зохицуулан томилох тухай” тушаал /...... цэргийн .......дүгээр ангийн хуулбар үнэн тэмдэгтэй/,
-мөн ангийн захирагчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн б/185 дугаар “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаал /...... цэргийн .......дүгээр ангийн хуулбар үнэн тэмдэгтэй/,
-........ аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар “Гэрээт ажилтнаар томилох тухай” тушаал / .......... аймгийн Татварын хэлтсийн хуулбар үнэн тэмдэгтэй/,
-Ц.О-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ......., ............ дугаар Төрсний бүртгэлийн лавлагаанууд.
5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.1.Нэхэмжлэгч Ц.О нь ...... цэргийн .......дүгээр ангид холбогдуулан 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “...Удаан жилийн нэмэгдэл авах, мөн цаашид өөр байгууллагад шилжиж ажиллахаар бол орсон, гарсан тушаал гэсэн шаардлага тавина. Тэгэхээр тухайн байгууллагаас тодорхойлолт авахад хэцүү. Орсон гарсан тушаал зайлшгүй шаардлагатай байгаа. Төрийн албаны хуульд өөрчлөлт ороод удаан жилийг ажилласан жилээр тооцдог болсон. Үүнтэй холбоотой орсон гарсан тушаал хүний нөөцөд бүртгэгдээд цахим орчинд шивэгдэж байгаа. Орсон гарсан тушаал хэрэгтэй байна гэж хүний нөөцөөс шаардсаны дагуу ...... цэргийн .......дүгээр ангид очиж үзэхэд тушаал гараагүй байсан...” гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч талаас “Тухайн үед ажиллаж байсан хүний нөөцийн даргын буруу, Ц.О-н буруу гэж үзэж байгаа. Мөн тухайн татварын хэлтэс мөн буруутай гэж үзэж байгаа. Төрийн албанд ажиллаж байсан хүнийг халагдсан тушаалаа ирж аваагүй. Хүний нөөцийн дарга эргэж ажиллах талаар тодруулаагүй. Аль аль талын харилцан буруутай зүйл байгаа. Одоогийн нөхцөл байдалд тушаал нөхөж гаргах эрх зүйн үндэслэл байхгүй...” гэж татгалзжээ.
4. Хэрэгт цугласан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад:
Нэхэмжлэгч Ц.О нь ...... цэргийн .......дүгээр ангид 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс санхүүгийн албаны нягтлан бодогчоор, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс ....... дугаар заставын зочид буудлын эрхлэгч, ээлжийн тогоочоор томилогдон ажиллаж байгаад тус ангийн захирагчийн тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жил хүртэл хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан болох нь ...... цэргийн .......дүгээр ангийн захирагчийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн б/134 дугаар “Ц.О-г ажилд томилох тухай” тушаал, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн б/56 дугаар “Зохицуулан томилох тухай” тушаал, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн б/185 дугаар “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалууд, Ц.О-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ц.О нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин хүүхэд төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаар Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
6. ...... цэргийн .......дүгээр анги нь Ц.О-н хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгаагүй, нэхэмжлэгч ч энэ талаар хүсэлт гаргаагүй байна.
7. Улмаар нэхэмжлэгч Ц.О нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Татварын орлогын тасгийн ....... сум хариуцсан татварын улсын байцаагчийн оронд гэрээт ажилтнаар түр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа болох нь ........... аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар “Гэрээт ажилтнаар томилох тухай” тушаал, Ц.О-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
8. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.О нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ...... цэргийн .......дүгээр ангид санхүүгийн албаны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргадаггүй болно.
9. Нэхэмжлэгч Ц.О нь ..... аймгийн Татварын хэлтэст гэрээт ажилтнаар томилогдон ажиллахдаа урьд ажиллаж байсан ...... цэргийн .......дүгээр ангид ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ зохих журмын дагуу мэдэгдээгүй, түүнчлэн хариуцагч ...... цэргийн .......дүгээр ангиас хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан байхад зохих шийдвэрийг гаргаагүй гэх үйл баримт нь хэрэгт цугласан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй шалтгаанаа “Би хүсэлт гаргана гэж мэдээгүй. Нягтлантай уулзсан. Тухайн үед хүний нөөцийн дарга байхгүй байсан. Нягтлан тушаалыг чинь гаргуулаад өгье гэж хэлсэн” гэж тайлбарлаж байна.
11. Хариуцагч талаас “Тухайн үед ажиллаж байсан хүний нөөцийн даргын буруу, Ц.О-н буруу гэж үзэж байгаа. Мөн тухайн татварын хэлтэс мөн буруутай гэж үзэж байгаа. Төрийн албанд ажиллаж байсан хүнийг халагдсан тушаалаа ирж аваагүй. Хүний нөөцийн дарга эргэж ажиллах талаар тодруулаагүй. Аль аль талын харилцан буруутай зүйл байгаа. Одоогийн нөхцөл байдалд тушаал нөхөж гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Хувь хүн нягтланд хэлэх биш хүний нөөцөд хэлэх байсан. Хүний нөөцийн дарга хүүхэд асрах чөлөө дууссан байхад тушаал гаргаагүй аль аль талдаа буруутай гэж үзэж байгаа...” гэж татгалзжээ.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд
Мөн хуулийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон”;
78.1.8-д “өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон”;
78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан тохиолдолд” хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж заажээ.
Нэхэмжлэгч тухайн үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Татварын хэлтэст гэрээт ажилтнаар томилогдохдоо хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар өмнөх ажил олгогчид мэдэгдээгүй, мөн ажил олгогч ...... цэргийн .......дүгээр ангид ч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл байгаагүй байх тул ажил олгогчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөн гаргуулахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй байна.
13. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “...Удаан жилийн нэмэгдэл авах, мөн цаашид өөр байгууллагад шилжиж ажиллахаар бол орсон, гарсан тушаал гэсэн шаардлага тавина. ...Төрийн албаны хуульд өөрчлөлт ороод удаан жилийг ажилласан жилээр тооцдог болсон. Үүнтэй холбоотой орсон гарсан тушаал хүний нөөцөд бүртгэгдээд цахим орчинд шивэгдэж байгаа. Орсон гарсан тушаал хэрэгтэй байна гэж хүний нөөцөөс шаардсан...“ гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нөхөн гаргуулах зорилго нь төрийн байгууллагад ажилласан хугацааг буюу ...... цэргийн .......дүгээр ангид тасралтгүй ажилласан болохыг тогтоолгох зорилготой байна гэж шүүх дүгнэлээ.
14. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д “төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа”-г Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцно гэж,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно:
3.3.3-д “хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацаа” гэж тус тус заажээ.
15. Ц.О-н Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод ажил олгогч ...... цэргийн .......дүгээр анги нь 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон тасралтгүй төлсөн байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажил олгогч Татварын хэлтэс болон өөрчлөгджээ.
Хэдийгээр ажил олгогч ...... цэргийн .......дүгээр анги нь Ц.О-н хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгасан талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй боловч 2018 оны 10 дугаар сарыг дуустал буюу нэхэмжлэгчийг өөр ажилд томилогдох хүртэл хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж байсан нь тухайн ажилтныг хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгасан бодит үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд ажилтны эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.
16. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасраагүй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.О нь 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан нь төрийн алба хаасан хугацаанд тооцогдох тул нэхэмжлэгчийн ажилласан хугацаа нь тасалдаагүй байна.
17. Дээрх үндэслэлээр ажил олгогчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөн гаргуулахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
18. Харин нэхэмжлэгч нь “...Төрийн албаны хуульд өөрчлөлт ороод удаан жилийг ажилласан жилээр тооцдог болсон. Үүнтэй холбоотой орсон гарсан тушаал хүний нөөцөд бүртгэгдээд цахим орчинд шивэгдэж байгаа. Орсон гарсан тушаал хэрэгтэй байна гэж хүний нөөцөөс шаардсан...” гэж тайлбарлаж байгаагаас үндэслэн ...... цэргийн .......дүгээр ангиас хамгийн сүүлд нийгмийн даатгал төлсөн хугацааг ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж цахимд оруулах боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.
19. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.О-н ...... цэргийн .......дүгээр ангид холбогдуулан 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нөхөн гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.О-н ...... цэргийн .......дүгээр ангид холбогдуулан 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нөхөн гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ