Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/01861

 

 

 

 

 

 

 

 

                            2023        04          12

            101/ШШ2023/01861

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.М /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “А” ХХК /рд:/-д холбогдох,

 

7,664,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Ө.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч В.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлзийбатын М миний бие “А" ХХК 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулан Баянзүрх дүүргийн хороонд байрлах ,, хотхонд  м квадрат байрыг 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад өгөх нөхцөлтэйгөөр захиалга өгөн гэрээ байгуулж төлбөрийг графикийн дагуу тухай бүр шилжүүлэн төлж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хугацаандаа ашиглалтад өгөх боломжгүй боллоо хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс гэрээг дахин шинэчлэх шаардлагатай байна хэмээн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин байгуулан төлбөрийг 2020 оны 12 дугаар сард бүрэн гүйцэт нийт 95,626,300 төгрөгийг төлж дууссан боловч одоо байрандаа орох гэхээр зогсоолын төлбөрөө гүйцэт хийсэн тохиолдолд байр хүлээлгэж өгнө хэмээн татгалзсан хариу өгч байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Орон сууц захиалах гэрээг байгуулах байгуулахдаа зогсоолын гэрээ /20.000.000 төгрөг/-г тооцож авто зогсоол захиалах гэрээ байгуулж урьдчилгаа 2.000.000 төгрөгийг тушаан, орон сууцыг бүрэн ашиглалтад орсны дараа үлдэгдэл төлбөрийг өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компани байр хүлээлгэж өгөх боллоо хэмээн дуудсаны дагуу 2022 оны 11 дүгээр сард гүйцэтгэгч компанийн шаардлагын дагуу зогсоолын төлбөр 10.000.000 төгрөгийг нэмж төлөн байраа хүлээж авахаар очиход байрны дотор засал дутуу, сантехникийн тоноглол байхгүй, метр квадрат дутуу байгаа зэргийг тайлбарлаж үлдэгдэл 8.000.000 төгрөгийг өгөх боломжгүй хэмээхэд орон сууцыг хүлээлгэж өгөхгүй, чаддаг юм бол шүүх цагдаагаар яв гэсэн тайлбарыг борлуулалтын менежер бидэнд мэдэгдсэн. Орон сууцны гэрээг байгуулахдаа өмнөх гэрээнээс захиалагчтай зөвшилцөлгүй 3.1.5 дах заалтад дотор заслын улмаас үүссэн 2.5 м квадрат хүртэлх талбайн хэлбэлзэл үүсэж болно тэрийг захиалагч тал гомдол гаргах эрхгүй гэж заасан. Гэвч энэ нь бетонон ханаар өрсөн тохиолдолд хасаж боддог заалтыг гипсэн хана хийж захиалагчийг залилсан, мөн байрыг өөрийн биеэр очиж үзэхэд анх захиалсан хэмжээнээс бага санагдсан тул ТЗ-16-724- 19 тусгай зөвшөөрлийн дугаартай “С” ХХК-аар дахин хэмжилт хийлгэхэд 74.86 м квадрат буюу 4.44 м квадрат талбай дутуу байгаа нь Иргэний хуулийн 352.2.3, мөн орон сууц захиалгын гэрээний 3.1.2 дах заалтад заасны дагуу дутуу талбайн хэмжээнд ноогдох төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Үүнээс гадна “А" ХХК нь орон сууцны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж 2020 оны 06 дугаар сарын 30-ны дотор ашиглалтад оруулна гэсэн боловч одоо хүртэл дотор засал дутуу, сантехникийн тоноглол байхгүй /угаалтуур, холигч, дүүш, 00-н суултуур/ эдгээрийг өгөх боломжгүй өөрсдөө худалдаж аваад байрандаа ор гэсэн шаардлагыг тухайн гүйцэтгэгч компаниас тулган шаардаж байгаа нь байгуулсан гэрээ болон бусад хууль тогтоомж болон захиалагчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэн “А” ХХКомпаниас дутуу талбайн төлбөр болон өөрсдийн худалдан авч хийсэн барилгын болон сантехникийн тоноглолын зардал болох 7.664.000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргаж байна.

1а. Хариуцагчтай 2019 онд гэрээ байгуулсан. 11 сард ашиглалтад орно гээд төлбөр төлөх хуваарь гаргасан. Улмаар цар тахалтай холбоотойгоор гэрээгээ шинэчилсэн. Гэрээнд заасан хугацаанд ашиглалтад өгөхгүй байсан. Байраа хүлээж ав гэж дуудсан. Улмаар м.кв дутуу гэхээр хэмжүүлэхэд дутуу байсан. Сантехникийн зүйл дутуу байсан тул хүлээж авахгүй гэсэн. Гэтэл өөрсдөө гүйцээгээд авбал ав, боливол боль гэсэн. Орон сууц ашиглалтад ороход зогсоолын төлбөрийг төлөх байсан боловч хариуцагч хүсэлт гаргаснаар 12 саяыг төлөөд 8 саяыг төлөх үлдсэн. Тэгээд би байраа гүйцээчихвэл 8 саяыг өгнө гэхэд үгүй байрандаа орвол ор, боливол боль гэсэн. Түлхүүр өгөхдөө байрыг гүйцээж өгнө гэж хэлсэн. Байрыг хүлээж авсан шалтгаан нь тавилга захиалсан байсан бөгөөд цахилгаан бараагаа авчихсан байсан. Дараа нь 3 сард хариуцагч хаалга эвдэж ороод цоожны гол сольчихсон байсан. Хурал хойшлох болгонд надад мэдэгдэл өгдөг. Гэрээг цуцаллаа гээд бичиг явуулсан. Талбай нь 4.44 м.кв дутсан тул үүнд 5 372 400 төгрөгийг гэрээнд зааснаар тооцож байгаа юм. Сантехникийн тоноглолын зөрүүнд 2 291 600 төгрөг нэхнэ. Угаалтуур 2 ширхэг, холигч 2 ширхэг, душ 1 ширхэг, суултуур 1 ширхэг авсан юм. Эдгээр нь огт байгаагүй юм.

1б. Талбайн зөрүүг гэрээний үнийн дүнгээр тооцсон. Худалдаж авсан зүйлийн баримтыг өгсөн. Сантехникийн тоноглолгүй байр зарсан юм. Зохигчид гэрээ байгуулсан бөгөөд гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Байраа авъя  гэхэд Иргэний хуулийн 251-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой байр зарсан байсан. Нэхэмжлэгч нь доголдлыг арилгах төлбөрийн гарашийн төлбөрт тооцох санал гаргасан боловч хариуцагч зөвшөөрөөгүй юм гэв.

 

2.             Хариуцагчийн төлөөлөгч У.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ө.М нь А ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. “А” ХХК нь барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэл хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Бидний зүгээс Ө.Мыг А ХХК-аас “...орон сууц ав...” гэж “...гэрээнд гарын үсэг зур...” гэж огт тулгаж шаардсан зүйл байхгүй юм. Түүнчлэн Ө.М нь орон сууц захиалгын гэрээ, авто зогсоол захиалгын гэрээг байгуулж орон сууц, авто зогсоол захиалсан. Гэрээг байгуулах үед уншиж танилцах, хүлээн зөвшөөрөхгүй бол байгуулахгүй байх эрх нь түүнд байсан. Гэтэл шүүхэд “А” ХХК нь Ө.Мыг хүчээр гэрээнд гарын үсэг зуруулж, орон сууц түүнд худалдаад байгаа мэтээр тайлбарлах нь хэт өрөөсгөл бөгөөд бодит байдалтай огт нийцэхгүй худал тайлбар юм. Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5-д орон сууцны метр, квадратын хэмжээг хэрхэн тооцох талаар талууд тохиролцож оруулсан. Иймээс орон сууцын метр квадрат талбай дутуу гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр “А” ХХК, Ө.М нар нь орон сууц, авто зогсоолыг гүйцэтгэж өгөхөөр тохиролцсон. “А” ХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж өгсөн. Хэрэв энэхүү ажлыг доголдолтой үндэслэлгүй гэж байгаа бол хүлээн авахаас татгалзаж, ажлын гүйцэтгэлийг “А” ХХК-д буцааж өгч, мөнгөө буцааж авах нь зүйтэй юм. Ө.М нь орон сууцны эзэмшил, ашиглалтыг авахдаа компанийн ажилчдаас хүчээр булаан авсан. Мөн хэмжилт хийлгэсэн гэх этгээд нь гэрээнд заасны дагуу шалгаж хэмжиж үзсэн эсэх нь эргэлзээтэй байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан тул нийтийг хамарсан хөл хорио тогтоосон. Үүнтэй холбогдуулан барилгын материалын үнэ нэмэгдэж, төсөв нэмэгдсэн боловч манай компанийн зүгээс метр квадратын үнэ нэмээгүй. Харин давагдашгүй хүчин зүйлсийн улмаас барилгын өртөг, ажлыг гүйцэтгэх төсөв нэмэгдсэн холбогдуулан эрсдэлийг хувааж шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.             Хэргийн оролцогчоос дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгч нь зарлагын баримт /хх4/, 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн авто зогсоол захиалгын гэрээний хуулбар /хх5-9/, мөн өдрийн орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх11-16/, сууцны нийт талбайн хэмжээний дүгнэлт /хх21-23/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 7 ширхэг /хх24-27, 31-32, 39/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт 12 ширхэг /хх28-30, 33-34, 37-38, 40-44/,  дансны хуулга гэх баримт /хх35/, Хаан банкны зарлагын мэдүүлэг /хх36/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 4 ширхэг /хх45, 46, 48, 49/, Хаан банк дахь Ч.А-н дансны хуулга 2 ширхэг /хх47, 55/, “А” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн АБ-23/066 дугаар, 10-ны өдрийн АБ-23/071 дүгээр, 15-ны өдрийн АБ-23/079 дугаар албан тоотууд /хх108-112/, нэхэмжлэгч 5 ширхэг /хх113-117/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,020,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Ө.М нь орон сууцны талбай дутуу гэж 5,372,400 төгрөг, орон сууцны биет байдлын доголдолтой холбоотойгоор 2,291,600 төгрөг, нийт 7,664,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч “А” ХХК нь орон сууцны талбайг хэрхэн тооцох талаар гэрээнд заасан тул дутуу биш бөгөөд орон сууц нь биет байдлыг доголдолгүй гэж маргаж байна.

 

4.             Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Г4-Д12-3-79 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. Гэрээгээр хариуцагч нь 79.03 м.кв талбайтай 73 тоот орон сууцыг барьж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1 м.кв талбайд 1,210,000 төгрөг буюу нийт 95,626,300 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний 1.1 дэх заалт болон зохигчдын тайлбараас үзэхэд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч өөрийн болон захиалагчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ. /хх11-15/

4а. Тодруулбал, захиалагч нь хөлсийг төлснөөр ажлын үр дүнг хүлээн авах эрх, үүрэг үүснэ. Харин гүйцэтгэгч нь ажлыг биет байдлын доголдолгүй гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв доголдолтой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар доголдлыг арилгуулахаар шаардах, арилгаагүй тохиолдолд мөн зүйлийн 352.2.2-т зааснаар өөрөө арилгаж холбогдох зардлыг нөхөн төлүүлэх эрхтэй.

4б. Мөн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар ажлын тоо, хэмжээ гэрээнд заасантай тохирч байвал биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

5.             Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт өөрөө 40,000,000 төгрөг, Ч.А нь Хаан болон Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нийт 52,826,300 төгрөгийг Мын байрны төлбөр гэсэн утгаар төлсөн байна. /хх24-46, 48-49/ Мөн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн нь Хаан банк дахь Ч.А-н дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд уг төлбөр нь санхүүгийн анхан шатны баримтаар төлсөн төлбөрүүдтэй давхардаагүй. /хх47/ Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт нийт 94,826,300 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдсон.

5а. Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний дагуу төлөх ажлын хөлсний талаар маргаагүй, өөрөөр хэлбэл, төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг орон сууцтай холбогдох гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

6.             Хариуцагчийн төлөөлөгч нь орон сууцны хэмжээний талаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хэмжилтийг зөвшөөрөхгүй гэж маргаж, шинжээч томилох тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. /хх74-76/

Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн хүсэлтийг хангасан захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн  дугаар тогтоолоор дээрх  дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Иймд хариуцагч, түүний төлөөлөгч нь шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн гаргасан хэмжилтийг зөвшөөрсөн гэж үзлээ.

6а. “С” ХХК-ийн маргаж буй  тоот орон сууцанд хийсэн хэмжилтээр уг орон сууц нь нийт 74.86 м.кв талбайтай болох нь тогтоогдсон байна. /хх21-23/

Гэрээний 3.1.5-т зааснаар талууд орон сууцны талбайн хэмжээг 2.5 м.кв хэлбэлзэлтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцнэ. Улмаар гэрээний 1.1-д зааснаар орон сууц нь 79.03 м.кв талбайтай байх ёстой бөгөөд дээрх хэлбэлзлийг оруулан тооцвол орон сууцны талбай нь 1.67 м.кв дутуу байна.

6б.  Гэрээний 2.1-д зааснаар талууд 1 м.кв талбайн үнийг 1,210,000 төгрөг гэж тохиролцсон байх тул хариуцагч нь дутуу талбайн хөлс болох 2,020,700 /1.67*1,210,000/ төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих учиргүй юм. Иймд хариуцагчаас дутуу талбайн хөлсөнд 2,020,700 төгрөг гаргуулж, энэхүү шаардлагаас үлдэх 3,351,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6в. Хариуцагч нь хэрэв орон сууц захиалгын гэрээний төлбөр дутуу гэж үзвэл энэ талаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

 

7.             Нэхэмжлэгч нь орон сууцны сан техникийн тоноглол дутуу байсан тул өөрөө худалдаж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Хэргийн 4 дүгээр талд байх баримт нь хэний худалдаж авсан зүйлийн талаарх баримт болох нь тодорхойгүй, худалдагчийн тэмдэг дарагдаагүй тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Мөн хэргийн 113-117 дугаар талд байх баримтыг нэхэмжлэгч нь гарсан зардлынх бус харин нэмж хийх ажлын зардлын баримт гэж тайлбарлаж байх тул энэ хэргийн нэхэмжлэлд хамаарахгүй юм.

7а. Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг сан техникийн тоног төхөөрөмжийн хувьд биет байдлын доголдолтой байсан, цаашлаад уг доголдлыг өөрөө арилгасан гэх тайлбараа нотлоогүй тул 2,291,600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 137,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,281.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2-т зааснаар хариуцагч “А” ХХК-с 2,020,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,643,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 137,574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,281.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ГАНБОЛД