| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/77 |
| Огноо | 2025-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Лид холбогдох 2524000570085 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................., М..... овогт Ц.Л., регистрийн дугаар ИЗ*******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Л нь хохирогч Б.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Ц.Л нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед хохирогч Б.Гг ..................багт байрлах соёлын төвөөс гэр лүүгээ харихаар явганаар явж байхад нь тус багийн Ж******* хорооллын гудамжны шороон зам дээр ........... улсын дугаартай, сувдан цагаан өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслээр ар нуруу, гэдэс хүйс хэсэгт нь 2 удаагийн үйлдлээр мөргөж, Б.Ггийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Б.Ггийн “...2025 оны 5 дугаар сарын 21-нд шилжих шөнө сумын соёлын төв дээр бүжиг болж байна гэхээр нь би ганцаараа орсон. Тэгээд 01 цагийн үед бүжиг дуусаад гараад явж байтал Ц таарсан. Тэгээд би гэрийн зүг явж байтал Ц “машин ирж байна, зугтаарай.” гэж орилсон. Тэгээд нэг мэдсэн би машинд мөргүүлсэн байсан бөгөөд ахиад ухаан алдсан байсан ба гэртээ сэрсэн. ...Ц.Л намайг клубээс гараад явж байхад миний араас машинаар ирж мөргөсөн. ...2025 оны 05 дугаар сарын 20-ны орой сумын соёлын төвд бүжиг болоод тэр бүжиг дээр очсон юм. Тэгээд 05 сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд 01 цагийн орчим гэртээ харихаар сумын эмнэлгийн урд гудамжинд ганцаараа явган явж байхад миний ар талд Ц, Э гэх 2 эмэгтэй 30-35 орчим метрийн зайд замын эсрэг талд явж байсан бөгөөд хэн нь юм мэдэхгүй тэр хоёрын нэг нь араас чинь машин гэж орилсон чинь л гэнэт намайг машин ар талаас бэлхүүс, бөгс хэсэг рүү мөргөөд тэгээд би урагшаа харж газарт унаад гарт барьж явсан гар утас бас газарт унасныг аваад босож ирэхэд цагаан өнгийн prius машин намайг дайрчхаад ухрах үйлдэл хийгээд урагшлаад хажуугаар гарч яваад эргэж над руу ирэхэд нь харахад машины гэрэл нь асаалттай цагаан өнгийн prius-30 маркийн .... гэсэн дугаартай машин байсан, арын үсгийг нь бол хараагүй. Тэгээд л миний урдаас хүйс орчим дахиж мөргөөд би урд копуд дээр нь дараад хажуу тийшээ газар унаад л тэрнээс хойш яаж гэртээ харьсан энэ тэрээ огт санахгүй байгаа. Тэгээд 05 дугаар сарын 21-нд тархи толгой өвдөөд хэсгийн төлөөлөгч гэрт ирж мэдүүлэг авч, Тосонцэнгэл сум орж ирж шинжээч эмчид үзүүлсэн. ...Тухайн үед тэр гудамжинд гэрэлтүүлэггүй байсан. Тэр намайг машинаараа мөргөдөг Ц.Л машинтайгаа, түүний салсан эхнэр Ц найз Этайгаа явж байсан. Өөр ойрхон явсан хүн байгаагүй харанхуй байсан л даа. Гэхдээ бүүр таг харанхуй бол биш ойр зуурхан юм харагдаж байсан. ...Тэр өдөр соёлын төвд ахмадын бүжиг болж байхаар нь тэр соёлын төв рүү ороход Ц тэнд байсан тэгээд л мэнд мэдээд гарснаас Ц.Лтой бол тааралдаагүй. Тэр Э соёлын төвд харагдаж л байсан. Би архи дарс нээх уудаггүй, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл уугаагүй байсан. Соёлын төвд Д.Цтай тааралдахад зүгээр л харагдсан уугаагүй байсан байх. Ц.Лтой тааралдаагүй, Этай яг уулзаагүй болохоор ёстой мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22, 30-32 дугаар хуудас/,
- Гэрч Д.Цын “...Би сумын соёлын төвд бүжигт орчихоод гэр лүүгээ явж байсан. Миний урдхан талд Б.Г нь явж байсан. Гэтэл эмнэлгийн урд гудамжны хавьцаа явж байтал гэнэт цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гарч ирээд Б.Гг мөргөж унагаасан. Тэгээд Б.Г босож ирээд утсаа авах гэж тонгойх хооронд нь ахиад нэг удаа мөргөсөн. Цонхоо онгойлгохоор нь харсан чинь Ц.Л байсан. Тэгээд Б.Г нь зугтаагаад нэг мэдсэн алга болцон байсан ба би бас айгаад байсан болохоор шууд гэр лүүгээ явсан. Өөр зүйл мэдэхгүй байна. ...2025 оны 05 дугаар сарын 20-ны орой сумын соёлын төвд бүжиг болоод тэр бүжиг тараад 05 сарын 20-21-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад бүжиг тарсан гэхээр 00 цаг нэлээн өнгөрсөн 01 цагийн орчим гэртээ харих гээд явахад нэг зүгт манай дүү Эийн ангийн найз Б.Г миний урдхан замын эсрэг талд миний ард ойрхон манай нутгийн Э гэгч эгч явж байхад манай сумын эмнэлгийн урд гудамжинд цагаан өнгийн жижиг машин их хурдтай явсан шуугиад л давхиж очоод Б.Гг яг Дын эмийн сангийн урд гудамжны хашааны өнцөг арай хүрээгүй байхад нь араас нь очоод мөргөж унагасан. Тэр мөргөх үед нь Б.Ггийн хамаатны эгч юм шиг байна лээ Э эгч “машин” гэж орилоод л тэр зуурхан мөргөж унагаад цаашаа өнгөрч давиад эргэж ирээд Б.Гг газраас босоод утсаа авч байхад нь дахиад урд талаасаа ирээд урдуур нь мөргөөд Б.Г машины нь хамар дээр нь унаж харагдсан. Тэгээд над руу давиад ирэхэд нь би эмнэлгийн хашааны жаахан илүү гарсан байсан хайсан дээр гарахад намайг хаяад цаашаа манай гэрийн зүг рүү явчихаар нь би нөгөө хайснаасаа буугаад гэр лүүгээ явахад буцаад давхиж ирээд намайг мөргөх гээд хөөхөөр нь би гэрэлтүүлгийн шонг тойроод зугтсан чинь цонхоо онгойлгоод чамайг пизда минь хэзээ нэгэн цагт алнаа гэж хэлэхэд нь харахад Ц.Л байсан. Тэгээд би айж сандраад нэг харсан чинь Б.Г зугтаад байхгүй болсон. Харин нөгөө Л машинтайгаа төв хатуу хучилттай замаар өгсөөд л шуугиад яваад өгсөн. Тухайн үед тэр гудамжинд гэрэл байхгүй ч нээх ч тийм таг харанхуй биш ойрын юм харагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 40-41 дугаар хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Зав0725/223 дугаартай “...Б.Ггийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой тархи доргилт хохирол тогтоогдлоо. Уг хохирол нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Б.Ггийн эрүүл мэндэд учирсан хохирол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/
- 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/ шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.Л нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 01 цагийн үед хохирогч Б.Гг .................... багт байрлах соёлын төвөөс гэр лүүгээ харихаар явганаар явж байхад нь тус багийн Ж******* хорооллын гудамжны шороон зам дээр ..... ... улсын дугаартай, сувдан цагаан өнгийн Тоёота приус30 загварын тээврийн хэрэгслээр ар нуруу, гэдэс хүйс хэсэгт нь 2 удаагийн үйлдлээр мөргөж, Б.Ггийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Л нь хохирогч Б.Гд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3,250,000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд 3,600,000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар өгсөн байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Ц.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ц.Лийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ц.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Л нь хохирогч Б.Гд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3,250,000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлсөн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд дахин 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ