Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 75

 

П.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00391/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  07 дугаар сарын 18-ны өдрийн 671 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч П.Э-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч С.Т-д холбогдох

"Хүүхдийн асрамж өөрчлүүлэн, өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч С.Т-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч С.Т-, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч П.Э-өөс:

2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2006 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Г-ийг эх С.Т-гийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрлэлт цуцлахаас өмнө тусдаа амьдарч байхад би хүүтэйгээ аав ээжийн хамт амьдарч байсан. Шүүх хурлаас хойш ч гэсэн С.Т- хүүгээ өөр дээрээ аваагүй, эргэж тойрдоггүй бөгөөд би хүүгээ асрамждаа байлгаж хамт амьдарч байна. Гэтэл С.Т- нь шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэгт сар бүр миний цалин дээрээс мөнгө суутгуулан, 20.000 төгрөгийг ч өөрөө авч байна. Хүүхдийн тэтгэлэгт 2019 оны 03 сарын 18-ны өдрийн байдлаар нийт 5.600.270 төгрөгийг төлсөн. Гэвч энэ авсан мөнгөнөөсөө хүүд нэг ч төгрөг зарцуулдаггүй, өөрөө хэрэглээд явж байна. Энэ бол шударга бус явдал гэж үзэж байна. Иймээс нэгэнт хүү маань миний асрамжид одоог хүртэл байгаа тул хүүхдийн асрамжийг өөрчилж, хүү Э.Г-ийг өөрийн асрамжид авч, эх С.Т-гаас тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.Т-гаас:

Тус шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн шийдвэрээр хүүхдийг маань миний асрамжид үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар болсон. Би сүүлийн 2 жил хүүхэдтэйгээ уулзаагүй. Урд нь хүүхэдтэйгээ уулзаж баяр наадмаар хувцас хичээлийн хэрэглэл авч өгч байсан. Хүүхэд маань П.Э- дээр байдаггүй. Эцэг эх дээр нь байдаг байсан. Шүүхийн шийдвэр гарсан эхний жил П.Э-ийн ээж ... чи ээлжийн ажилтай орой ээлжинд гарахаар хүүхдийг чинь хэн харах юм бэ? нэгэнт шүүхийн шийдвэр чиний асрамжид гарсан юм чинь бид хараад тэтгэлгийг өгөөд явж байя гэж байсан. Би ч хүүхэд харах хүнгүй байсан болохоор зөвшөөрөөд харуулж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдийг маань надтай уулзуулахгүй, уулзах гээд очихоор надаас нуугаад, хүүхдэд үг зааж өгдөг болсон. Эмээ нь бүр яриулдаггүй. Би хүссэн бүх зүйлийг нь авч өгдөг байсан. Манай ээж хүртэл залгаад ярихад ээжийг маань загнасан байсан. П.Э- надад хэлэхгүйгээр улсын бүртгэлийн хүнтэй нь яриад хүүхдийн төрсний гэрчилгээг солиулж, миний нэрээр овоглодог байсныг нь сольсон байсан. Би хүүхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авах гэтэл хүүхэд албадан авах шийдвэр байхгүй байна гээд хүүхдээ авч чадаагүй. Хүүхдийн тэтгэлэг бол надад биш хүүхдийн данс руу ордог. Эд нар хүүхдийг надтай уулзуулахгүй зугтаалгаад байдаг. Би хүүхдээ 7 нас хүртэл нь өөрөө өсгөсөн. Дархан руу шилжиж ирээд албан тушаал ахисан. Хүүхдээ энд сургуульд сургаж, хэлний дамжаанд явуулах хүсэлтэй байгаа. П.Э- одоо тусдаа амьдралтай болоод дундаасаа төрсөн 2 хүүхэдтэй. Миний хүүг өөрийнхөө асрамжид байлгадаггүй. Эмээ өвөө дээр нь байлгадаг. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 671 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 02-ны өдрийн 783 дугаартай шийдвэрээр тогтоосон асрамжийг өөрчилж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Г-ийг эцэг П.Э-ийн асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2006 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Г-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх С.Т-гаас тэтгэлэг гаргуулж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-гаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Э-д, нэг жилд ногдох тэтгэлгийн хэмжээнээс тооцож, 50.873 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Т- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. П.Э- хүүхдээ 3-4 жилийн хугацаанд аав ээж дээрээ байлгая хоёр хөгшнийг хямралд оруулаад яах вэ дассан хичээл сургуулиас нь хөндийрүүлэхгүй байлгая гэж гуйгаад байлгасан. Шүүхийн шийдвэрийн дагуу миний асрамжинд хүүхдийг түүний зөв бус үйлдлээс болж үлдээгээгүй байж асрамжийг өөрчилсөн нь үндэслэлгүй юм.

2. 783 дугаар шийдвэрийг биелүүлж хүүхдийг миний асрамжинд авчирч ирээгүй шүүхийн шийдвэр бүрэн гүйцэд биелүүлээгүй байхад асрамжийг өөрчилсөн нь үндэслэлгүй нэг ёсондоо П.Э- нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн.

3. П.Э- хүүхдийг өөрөө асарч хүмүүжүүлдэггүй аав ээж дээрээ байлгадаг. Эхнэрийнх нь нэг хүүхэд мөн дундаас нь гарсан цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй болохоор П.Э- эхээс нь илүү анхаарал хандуулна гэдэгт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ байдал нь хүүхдийг биш зөвхөн өөрийгөө болон аав ээжийгээ бодсон тэжээн тэтгэх тэтгэвэр төлөхөөс зайлсхийх арга болгож хүүхдийн асрамжийг өөрчлөх санаа харагддаг. П.Э- шүүх хурал дээр хүүхдийн бүрэн тэтгэвэр төлөх болоод ирэхээр надад хүнд болж ирсэн гэж хүртэл ярьж байснаас ойлгогдоно.

4. Хүүхдийг аавдаа илүү ээнэгшсэн гэж дүгнэжээ. Энэ нь эцэг нь хүүхдэдээ үг зааж хүүхдийг бага настайгаар нь далимдуулж ээжтэй нь уулзуулахгүй аавынх нь ноцтой алдаа юм мөн гэрлэлт цуцалсны дараа миний зөвшөөрөлгүй хүүхдийн овог нэрийг мөн танил талаа ашиглан өөрчилсөн байдаг.

5. П.Э- нь хүүхдийг надад авчирч өгч байлгах болохоор шийдвэр гүйцэтгэгчид хүүхдийг минь авчирч өгөөч гэхэд шүүхийн 783 тоот шийдвэрт П.Э-өөс хүүхдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авчрах заалт байхгүй учраас боломжгүй гэсэн хариуг авсан. Шүүхэд хүүхдээ дэргэдээ авах талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хүлээж аваагүй нэг талийг барьж намайг хүүхдээ дэргэдээ авах ямар ч хуулийн гаргалгаа гаргаж өгөөгүй.

6. Би одоог хүртэл ганцаараа амьдарч хүүхдээ архи дарс уудаг хүний гарт оруулж хойд эцгийн барааг харуулахгүйг боддог. Гэтэл П. Э- нь надаас салаагүй байхдаа хүнтэй явалдаж, гэр орон үймүүлж салахад хүрч хүүхдийг өнчрүүлэхэд хүргэсэн хүн. Одоо болохоор хүүхэд 11 нас хүрч бүрэн тэтгэвэр төлөх болохоор хүүхдээ авна гэж арга заль гаргаж яваа хүн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж П.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж зохигчдын дунд үүссэн маргаантай харилцаанд Гэр бүлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж үзлээ.

            Хэргийн зохигчид буюу П.Э- С.Т- нар нь 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Дархан-уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхээр гэрлэлтээ цуцлуулахад 2006 оны 7 дугаар  сарын 3-ны өдөр төрсөн хүү Э.Г-ийг эх С.Т-гийн асрамжинд үлдээж эцэг П.Э-өөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэжээ.

П.Э- нь шүүхэд хүүхдийн асрамжийг өөрчилж өөр дээрээ авах мөн эх С.Т-гаас тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж  үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

1. Хүү Э.Г- 2010 оноос хойш байнга надтай  эцгийнхээ асрамжинд, хамт амьдарч байгаа.

2.С.Т- хүүхдийн тэтгэлэгт төлсөн мөнгийг хүүхдэд зарцуулдаггүй миний цалингаас суутгуулж авдаг нийт 5.600.270 төгрөг  хүүхдийн тэтгэлэгт төлсөн гэжээ.

Дээрх байдлыг нотлохоор Шарын гол сумын Хайрхан багийн хамтарсан нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, Шарын гол сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт, “Шарын гол” ХК-ны гаргасан хүүхдийн тэтгэврийн суутгалын жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хүүхдийн асрамжийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өөрчилж асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн дээд эрх ашгийн үүднээс хандах ёстой.

Хүүхдийг эцэг эхийн хэнийх нь асрамжинд үлдээхийг шийдвэрлэхэд эх эцгийн тэжээн тэтгэх, орон байраар тогтвортой хангах, аюулгүй эрүүл орчинд хүүхдийг амьдруулах нөхцөлөөс гадна хүүхдийн дассан орчин дассан ойр дотны хүмүүсийн харилцаа чухал юм.

Хэргийн баримтаас үзэхэд хүү Э.Г-ийн асрамжийг шүүх 2014 онд эх С.Т-гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн боловч шүүхийн дээрх шийдвэрийг гарахаас өмнө болон хойно одоог хүртэл хүүхэд эцэг эх /хойд/ болон дүү нарын хамт амьдарч эмээ, өвөөтэйгөө байнга харилцаатай байсан болох нь  нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл бодит байдал дээр Э.Г- нь эцгийнхээ асрамжинд сүүлийн жилүүдэд амьдарч байсан бөгөөд эх С.Т-тай харилцаагүй байсан болох нь хариуцагчийн “... сүүлийн 2 жил уулзаагүй” гэх тайлбар болон хүү Э.Г-ийн “... намайг жаахан байхад тав зургаан жилийн өмнө Шарын голд манайд ирж надтай уулзаж байсан тэрнээс хойш  ерөөсөө уулзаагүй, утсаар ч ярьдаггүй, ямар ч холбоо харилцаагүй байдаг ...” гэсэн  тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газраас ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн  шинжээчийн “...хүүхдийн зүгээс эцэг эхдээ хандах хандлага ээнэгшлийн хувьд эцгийн талд талтай байна...” гэсэн дүгнэлт болон хүүхдийн эцэгтэйгээ амьдрах хүсэлтэй байна гэсэн саналыг харгалзан хүүхдийн асрамжийг хууль зүйн хувьд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Эцэг эхийн гэрлэлтээ цуцлуулснаар тэдний хэн алинтай нь хамт амьдрах боломжоор хязгаарлагдсан хүүхдийн хувьд түүнийг дассан орчноос ээж /хойд/ дүү нар болон бусад төрөл төрөгсдөөс нь мөн дассан сургууль багш, найз нөхдөөс нь салгах нь тухай насны хүүхдийн хувьд сэтгэл санааны хямралд орж сурлага хүмүүжил эрүүл мэндэд нь сөрөг нөлөөлөл үүсэх боломжтой юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж үүрэг хүлээх тул хүүхдийг асрамжиндаа авсан тал хүүхдийг ээжтэйгээ уулзах, харилцаатай байх түүнээс тусламж дэмжлэг авахад ямар нэгэн байдлаар хориглох, хязгаарлах  нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйл явдал тул эцэг П.Э-д энэ талаар үүрэг болгосон заалтыг магадлалд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Т-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 26.2-т заасан заалтыг хэрэгжүүлэх С.Т-гийн  аливаа хууль ёсны үйлдлийг хязгаарлахгүй байхыг П.Э-д даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

                                                      ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                         О.НАРАНГЭРЭЛ