Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/30

 

*******эд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг

Прокурор                                                   Д.Ганчимэг

Өмгөөлөгч                                                 Ө.Батболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор *******эд холбогдох эрүүгийн 2021004550143 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 12 дугаар сарын 11ий өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод гэртээ эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун, зүүн гаран тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ө.Батболд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолын 2, 3 дахь хэсэгт заасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

*******ийн хувьд хэл ярианы 100 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр С.Балжинням ч мөн адил 100 хувийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Амьдрал ахуй дээр тулгарч буй маргааны буюу 6 настай хүүхэддээ хоол хийж өгөөгүй гэх асуудлаас болж хэрэлдэж маргалдсан байдаг. Сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс хоорондоо харилцахдаа нүүр нүүрээ харж дохионы хэлээр ярилцдаг ямар нэгэн хийсвэр сэтгэхүй хөгжөөгүйгээрээ бусад хүмүүсээс онцлогтой нэгэн бодгаль юм. Хэрүүл маргаан болоход өөр рүүгээ харуулах зорилгоор татсан байхаас гадна түүний биед уурлан гараараа цохисон талаараа ч мөн адил чин шударгаар мэдүүлдэг. Гэмтэл учруулснаа, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй боловч Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” торгох ялаас чөлөөлж өгнө үү. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэсүгэй гэснийг торгох ялаас чөлөөлсүгэй гэж өөрчлөн 3 дахь хэсэгт заасан заалтыг хасаж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: ...*******ийн хувьд биднээс ялгаатай шинж нь хэл ярианы хөгжлийн бэршээлтэй, ямар нэг хийсвэр сэтгэлгээ байдаггүй. Тухайн өдөр 6 настай хүүхэддээ хоол хийж өгөөгүй асуудлаас болж маргасан. Ийм төрлийн хүмүүс дохио зангаагаар харьцдаг тул өөр рүүгээ харуулах гэж татсан. Мөн уурандаа цохисон гэдгээ анхнаасаа илэрхийлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ял халдааж болохгүй. Торгох ял шийтгэлээс чөлөөлөх ёстой. Ямар нэг архи дарс ууж хэрүүл маргаан өдсөн зүйл байхгүй. Хохирогч ч тэр, шүүгдэгч ч тэр 100 хувийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Тиймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: ...******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байсан. Анхан шатны шүүхээс харин ч хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулсан. Ингэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзсэн гэж харж байна. ...Тиймээс анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 157 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод гэртээ эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун, зүүн гаран тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч ******* нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 535 тоот дүгнэлт бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг дэх торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ нь шүүгчид заавал хэрэглэхийг үүрэг болгоогүй, хэрэглэх эсэх нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал учраас энэ заалтыг хэрэглээгүй гэж шүүгчийг буруутгах, шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын “...Шүүгдэгч *******ийг торгох ялаас чөлөөлж өгнө үү.гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11ий өдрийн 2021/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНБАЯР

             ШҮҮГЧИД                                                            З.ЭНХЦЭЦЭГ

                                                                         Ж.ДОЛГОРМАА